Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

 

 

 

 

2023            3            09                                                    2023/ДШМ/14                      

 

С.Б, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Д.Дэлгэрсүрэн,

            Шүүгдэгч /С.Б, Б.Г/ нарын өмгөөлөгч Б.Баярмагнай,

            Шүүгдэгч /С.Б/-ийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

            Шүүгдэгч /Б.Г/-ийн өмгөөлөгч Ш.Ганбат,

            Шүүгдэгч С.Б, Б.Г,

            Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Б, Б.Г нарын өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.-Гын өмгөөлөгч Ш.Ганбат, шүүгдэгч Б.Г нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2134001200436 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              С Б, 1973 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-54 тоотод тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

              Б Г, 1980 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 1, Төв аймгийн Заамар сумын Төстийн 2 дугаар баг, “Бор булан” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

Шүүгдэгч С.Б нь “Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 24-ний өдрийг хүртэл тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан RST-01742 дугаартай кодтой тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж, 1366,08 м/кв талбайг ухаж экологи эдийн засагт 6,596,945 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь С.Б-тэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18,066,240 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б нь Б.Г-тай бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18,066,240 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С Б-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг,

Шүүгдэгч С Б-г Б Г-тай бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б Г-ыг С Б-тэй бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гөөс экологи эдийн засагт учирсан хохирлын 42,824,417 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 7,673,871 төгрөг, нийт 50,498,388 төгрөгийг,

         шүүгдэгч Б.Г-аас экологи эдийн засагт учирсан хохирлын 27,957,200 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1,721,250 төгрөг, нийт 29,678,450 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г, С.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.М эзэмшлийн “Hongyan” маркийн “70-13 ӨВО” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 18,000,000 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүр 9,000,000 төгрөгийг, “42-55 ӨВО” улсын дугаартай “Beiben North benz” загварын өөрөө буулгагч үнэ болох 18,000,000 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүр 9,000,000 төгрөгийг, Б.Ч эзэмшлийн “Hyundai Robex2900 LC7” маркийн “45-92 УН” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 19,224,000 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүр 9,612,000 төгрөгийг, “35-45 УН” улсын дугаартай “Sem650b” тээврийн хэрэгслийн үнэ болох 21,054,000 төгрөгийг хувь тэнцүүлж тус бүр 10,527,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г, С.Б нараас гаргуулж улсын орлого тус тус болгож, шүүгдэгч С.Б-гийн эзэмшлийн 10,203,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмжийг, 10,150,000 төгрөгийн үнэлгээ бүхий “ZIL-50” маркийн ковшийг тус тус улсын орлого болгож,

         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2134001200436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 22.3 грамм хар өнгийн зүйлтэй холимог шаргал өнгийн металлыг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 тоот прокурорын тогтоолоор “алт угаах төхөөрөмж”, 10,150,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Zl-50” маркийн улсын дугааргүй ковшийг битүүмжлэлийг,  2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч М.М эзэмшлийн 70-13 ӨВА улсын дугаартай Hongyan маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Б.Ч эзэмшлийн 35-45 УН улсын дугаартай Sem650b маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч О.А эзэмшлийн 45-92 УН улсын дугаартай Hyundai Robex3000 LC-7 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн иргэний нэхэмжлэгч М.М эзэмшлийн 42-55 ӨВО улсын дугаартай Beiben North benz маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч С.Б, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг болохыг тус тус дурдаж,

         Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

         Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдолдоо: “ Шүүгдэгч С.Б, Б.Г нарт холбогдох Эрүүгийн 2134001200436 дугаартай хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хянан ...шийдвэрлэсэн тогтоолд дараах байдлаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заасан байдаг. Шүүгдэгч С.Б, Б.Г нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, хор уршгаа арилгах талаар удаа дараа хүсэл зоригоо илэрхийлж байсан. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг заасан байдаг. Тухайлбал шүүгдэгч С.Б, Б.Г нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдон харагддаг.

2. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүн сайн дураараа гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тэр ч бүү хэл ялаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч шийдвэрлэж болох талаар хуульчилсан байна. Хэдийгээр анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй байсан боловч шүүгдэгч С.Б нь хохирол болох 42,824,417 төгрөг, хор уршгийг арилгах зардал /нөхөн сэргээлтийн/ 7,673, 871 төгрөг нийт 50,498,388 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна Мөн шүүгдэгч Б.Г нь хохирол болох 27,957,200 төгрөг, хор уршгийг арилгах зардал /нөхөн сэргээлтийн/ 1,721,250 төгрөг нийт 29,678,450 төгрөгийг тус тус улсын төсөвт бүрэн төлж хохирлоо барагдуулж хор уршгийг арилгах мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн арга хэмжээг тус тус авсан болохыг энэхүү гомдолд хавсаргав.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэг бөгөөд торгох, хорих ялаар тус тус шийтгэх сонгох санкцтай эсхүл тэнсэх албадлагын арга хэмжээг ч хэрэглэж болохоор хууль тогтоогч хуульчилсан байдаг. Дээрх ял албадлагын арга хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх бүх л үйл баримтыг харгалздаг байна. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэгсэн нөхцөл байдал хохирол хор уршиг зэргийг харгалзаад хорих ялыг торгох ялаар сольж өршөөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байгаа бөгөөд ингэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал болон шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсч байгаа юм. Тухайлбал шүүгдэгч С.Б нь торгуулийн ялыг төлж барагдуулж чадахаа илэрхийлсэн, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, шүүгдэгч Б.Г нь мөн торгуулийн ялыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн мал хөрөнгийн лавлагааг давж заалдах гомдолд хавсарган өгөв.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч С.Б, Б.Г нарыг торгох ялаар тус тус шийтгэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал гаргасан давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгч Ж.Тэгшмандал би С.Б-гийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч доорх гомдлыг гаргаж байна. Шүүх С.Бгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүйд гомдолтой. С.Б нь гэм буруугийн талаар маргалгүй хэргийн мөрдөгч, шинжээч нартай хамтран ажиллаж гарсан зардлыг хариуцан төлж, бусдын өмчийн тээврийн хэрэгслүүдэд хохирол үүсгэлгүй эздэд нь гаргуулан өгч ямар нэгэн хохирлыг хүмүүст учруулаагүй.

Байгаль, эдийн засагт учирсан хохирлыг төлөхөө байнга илэрхийлж ирсэн бөгөөд энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэдэн төгрөгийн хохирлыг ямар дансаар хийх нь тодорхой болвол төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн.

Үүний баталгаа нь хэлсэн үгэндээ эзэн болж хохирлоо барагдуулсан явдал юм. Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг эрх зүйн байдлын хувьд дээрдсэн ба тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг С.Б-д тус тус хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсүүлэх хүсэлтийг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй ба гомдолд дурдагдаагүй үлдсэн зүйл байвал хурал дээр нэмж тайлбарлая. Иймд С.Б-д 2 жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Б-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Ганбат гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ш.Ганбат би С.Б нарт холбогдох эрүүгийн 2134001200436 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх Б. Г-т ял шийтгэл оногдуулахдаа ". Шүүгдэгч     Б.Г-ын хувьд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Хэдийгээр миний үйлчлүүлэгч Б. Г түүний өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцсэн боловч шүүхээс Б.Гыг гэм буруутай гэж дүгнэхэд өөрийн гэм буруу дээрээ дүгнэлт хийн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий боллоо гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Миний үйлчлүүлэгч шүүхэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгана. Хохирлыг төлнө гэж баталж илэрхийлж байсны баталгаа болгож хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болохоор зохицуулалтыг хуульчилж өгсөн.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Г-ыг ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г миний бие нь 2023 оны 1 дүгээр сарын 05-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдан нэг жил гурван сарын хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлхээр, мөн 29,678,450 төгрөгийг байгаль экологийн тэнцвэрт байдалд учруулсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний бие 1998 оноос 2018 он хүртэл уул уурхайн салбарт ажилласан. Улс орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон гэм бурууг ухамсарлан ойлгож улсад учруулсан хохирлыг хуулийн дагуу төлсөн бөгөөд дахин хууль бус үйлдэлд оролцохгүй гэж ухамсартайгаар шийдсэн билээ. Иймд миний хувийн байдлыг шүүх харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.

Миний хувийн байдлын тухайд миний бие нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүйн дээр өөрийн 4 хүүхдийн аж амьдрал, сурч боловсрох хэрэгцээг хангахын төлөө ажилладаг. Мөн өөрийн төрсөн ээж Ц.Нэргүйг асран халамжилдаг билээ. Ээж маань 70 гаран насны өндөр настай үе мөчний хэрэх гэдэг өвчтэй хүн байдаг. Эмчилгээний явц удаан байнгын асаргаа сувилгаанд байдаг бөгөөд өвчин нь сүүлийн буюу хүндрэх шатанд орсон тул амьдралын сүүлийн өдрүүдэд нь асарч халамжлах хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг хүнлэг энэрэнгүй сэтгэлийн үүднээс шүүх хүлээн авч миний гэм буруутай үйлдэлд хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дэлгэрсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Б-гийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж С.Б-г 5,400,000 төгрөгөөр торгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22,3 грамм металлыг улсын орлого болгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.Г-т хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа гүнээ ухамсарлан ойлгож хохирлоо нөхөн төлсөн. Улаанбаатар хотод зүрхний хагалгаа нэн даруй хийлгэх шаардлагатай байгаа. Давж заалдах шатны шүүхээс хүнлэг, энэрэнгүй хандаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсье. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч С.Б, Б.Г нарын өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Ганбат, шүүгдэгч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч С.Б нь “Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 24-ний өдрийг хүртэл тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан RST-01742 дугаартай кодтой тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж, 1366,08 м/кв талбайг ухаж экологи эдийн засагт 6,596,945 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь С.Б-тэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18,066,240 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч С.Б нь Б.Гтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл ашиглаж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 18,066,240 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

-Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын “...“Нутгийн хишиг” гэх нөхөрлөл нь манайхтай ус ашиглах гэрээ хийгээгүй, дүгнэлт гаргуулж зөвшөөрөл аваагүй. Энэ хүнийг танихгүй, ...шинжээчийн дүгнэлт болон хэргийн газрын үзлэгийн материалтай танилцахад манайхаас усны дүгнэлт гаргуулж зөвшөөрөл аваагүй ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан байна. ...Заамар суманд учирсан хохирол төлбөрийг нөхөн төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна...” гэх /1хх 55-57/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Чинзоригийн “...Би энэ хэрэгт хамтран оролцоогүй зөвхөн техникүүдээ түрээслүүлсэн. Би хувь авна гэж тохироогүй, би өөрийнхөө 2 операторыг явуулсан бөгөөд сарын 2,000,000 төгрөг тус бүрд нь өгч экскаватороо сарын 14 сая төгрөгөөр түрээслүүлсэн юм..” гэх /1хх 59-61/,

-Иргэний нэхэмжлэгч Г.Амбасэлмаагийн “...Нийт 4 техникийн үнэлгээ гаргасан бөгөөд үнэлгээ гаргасан зардал нь нийт 320,000 төгрөг болсон тухайн зардлаа холбогдогч этгээдүүдээс нэхэмжилж байна...” гэх /2хх 83-84/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Дашдаваагийн “...Төв аймаг дахь Цагдаагийн газраас “Эко шим мандал” ХХК-ийн дансанд байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэсэн нийт зардал 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн зардлыг холбогдох этгээдүүдээс нэхэмжилж байна...” гэх /2хх 88-89/,

-Гэрч Х.Баттогоогийн “...Би 2021 оны 5 дугаар сарын 07-ноос 08-ны өдрийн хооронд ...ажиллахаар болоод энэ оны 5 дугаар сарын 08-ны өдөр ...ирсэн. ...Тэгээд би 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл экскаватор янзалсан. Харин ...2021 оны 5 дугаар сарын 20-ны 22 цагт экскаваторын жолооч алттай шороо хово маркийн машинд ачдаг байсан. Дандаа орой 22 цагт эхэлж маргааш өглөөний 07 цагт дуусдаг байсан. Би алттай шороо ачих ажилд нийт 3 хоног буюу 21-ний өдрөөс 24-ний өглөөний 07 цаг хүртэл ажилласан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх /1хх 67-68/,

-Гэрч Ц.Нэргүйгийн “...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ...ирсэн. Ирээд 6 хоног ажилчдын хоолыг хийж байгаа. Энэ газарт уурхайн дарга С.Б, ковшын жолооч н.Сайханцэнгэл, экскаваторын жолооч н.Баттогоо, Ховоны жолооч н.Болдоо, усан буучин н.Мөнхзул, засварчин н.Энхбат, тэгээд надтай нийлээд 7 хүн ажиллаж байгаа. Би гал тогоонд нь хоол хийдэг, гадуур явагдаж байгаа ажлын талаар мэдэхгүй...” /1хх 71/,

...Би Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багт н.Өлзий гэдэг хүний уурхай дээр 2021 оны 6 дугаар сарын эхээр ирээд 11 хоног орчим ажиллаад, хүүхэд өвдөөд буцаж яваад 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ирээд 10 орчим хоног ажиллаад буцаад 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хавьцаа ирээд буцаж яваад 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хот явсан. Би энэ уурхай дээр тогооч хийдэг ажилтай...” гэх /2хх 59-60/,

-Гэрч Ц.Мөнхзулын “...Хойд жалганаас шороо ачиж зөөгөөд усан буугаар буудаж угааж боловсруулах үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээ хийгээгүй сард 1 сая төгрөг авч байхаар тохирсон. Одоогийн байдлаар цалин аваагүй байгаа...” /1хх 72-73/,

Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Ар сайр” гэх газарт ... 2021 оны 7 дугаар сард ирж усан бууны засварын ажил 10 гаран хоног хийж байгаад буцсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 12-ны үед ирж тэрнээс хойш усан буучингаар ажиллаж байна... Манай нөхөрлөлийн ахлагчийг С.Б гэдэг. Б.Г гэдэг хүн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ирээд ажиллуулж байгаа дарга нь байгаа юм...” /2хх 37-38/,

...Уг мэдүүлгийг би өөрөө бас ...өмгөөлөгчөөр дахин уншууллаа, ойлгож мэдлээ. Миний өгсөн мэдүүлгийг үнэ зөвөөр тусгаж бичсэн байна. Миний хэлснээр өөрөөр бичигдсэн буюу агуулга өөрчлөгдсөн зүйл алга. Би мөн адил тухайн үед үсэглэж байгаад мэдүүлгийг уншаад ойлгосны үндсэн дээр гарын үсэг зурсан. Харин нэмж хэлэхэд миний ажиллаж байсан уурхайн дарга нь С.Б, харин Б.Г нь С.Бг түр хугацаанд Улаанбаатар явсан хойгуур бид нарын хариуцаад ажиллуулж байсан хүн гэдгийг бас тайлбарлан хэлмээр байна. Б.Г уурхай дээр ирээд 2 л хоног болсон байх гэж би санаж байна...” гэх /3хх 188/,

-Гэрч Ц.Мөнхжаргалын “...н.Мөнх-Эрдэнэ гэх хүн намайг сарын 1,500,000 төгрөгөөр цалинжуулж байгаа юм. Өдөрт 10 цаг ажилладаг бөгөөд 1 цагт 1 рейс хийдэг гэж бодохоор өдөрт 10 рейс хийдэг юм. Энд ирээд 2 өдөр ажилласан. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, амаар тохироод л аваад гараад ирсэн юм. Цар тахал гээд уулзалдаагүй байна. Ирснээсээ хойш удаагүй болохоор цалин хөлсөө аваагүй байна...” гэх /1хх 74-75/,

-Гэрч Ч.Энхбатын “...Би экскаваторын стачер эвдэрсэн байхаар нь тэрийг янзалсан. Тэгээд тэнд байж байсан. Засварчин гагнуурчин хийдэг, техникт эвдрэл учирвал би янзалдаг. Ямар нэгэн гэрээ хийгээгүй, цалин аваагүй байгаа...” /1хх 76-77/,

...Би Улаанбаатар хотод байсан. Тэгээд шуурхай зар мэдээ гээд сонин уншиж байгаад манаач ажилд авна гэсэн зар байсан. Тэгээд залгаад ярьсан чинь С.Б гэдэг хүн байсан. Ярьсан чинь манаач авна цалин 800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийн хооронд өгнө, ар гэрт асуудал байгаа юу гэсэн. Тэгээд би ...2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр энд ирсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллаж эхлээд ойр зуурын ажил хийгээд кемп, эд зүйлсээ хардаг...” гэх /2хх 46-47/,

-Гэрч Б.Сайханцэнгэлийн “...Би ковш барьж авч ирсэн шороог усан буунд түрж хийж байсан. Би ковш л барьдаг өөр зүйл хийдэггүй байсан. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй байгаа. Цалин аваагүй, амаар ярьж тохирцгоосон байгаа...” /1хх 78-79/,

Би 2020 оноос эхэлж н.Өлзий гэх хүний уурхай дээр ажиллаж байна. Би ковш барьдаг. 2021 онд 6 дугаар сард засвар хийгээд наадмын дараа ирээд буцаж байгаад 10 хоносон. Эдгээр өдрүүдэд дан техник засварын ажил хийсэн. 8 дугаар сард хальт ирж байж байгаад явсан. Намайг байх үед дан засвар хийж байсан...” гэх /2хх 62-63/,

-Гэрч М.Мөнх-Эрдэнийн “...Заамар суманд очоод байж байхад С.Б нь дахин утсаар яриад ховогоо надтай холбогдуулаад явуулчих гэсэн. Ховоны жолооч н.Болдбаатараар бариулаад явуулсан. Тэрнээс хойш С.Бгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх газар нь очиход ажил нь эхлээгүй байсан ба би гэрээ хийчихээд буцаад явсан. ...Миний хувьд С.Бтэй гэрээ хийхээр уурхай дээр нь очиж байсан болохоор ажиллаж байсан хүмүүс нь намайг хамтардаг гэж ойлгосон байж магадгүй. Миний хувьд хамтарч ажилладаг зүйл байхгүй...” /1хх 81/,

...42-55 ӨВО”, “70-13 ӨВО” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... Би тухайн тээврийн хэрэгслүүдийг С.Б гэх хүнд 1 тээврийн хэрэгслийг 1 сарын 5,000,000 төгрөгөөр түрээсэлдэг. Нийлээд 1 сард 2 тээврийн хэрэгслээсээ 10,000,000 төгрөг авдаг. С.Б гэх хүн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж түрээсэлсэн. С.Б гэрээ байгуулж ажиллаж байгаа...” гэх /2хх 65-66/,

-Гэрч Д.Баттогтохын “...Хүргэн дүү н.Болдбаатарын оронд ажиллаж байгаа. Энд ирээд 7 хонож байна. Би хово барьж шороо зөөдөг. 2 юм уу, 3 хоног зөөж байгаад машин эвдрээд янзалж дуусаад өнөөдөр зөөж байсан. Тэгээд л цагдаагийн алба хаагч нар ирээд зогсоосон...” гэх /2хх 40-41/,

-Гэрч Г.Баярсайханы “...манай нэг танил над руу залгаад миний оронд хэд хоног ажиллаадах гээд залгаж аваад одоо энэ ажиллаж байгаа уурхайд ирээд 3 хонож байна. Уурхай дээр ирээд улаан шар өнгийн норд маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. гэх /2хх 42-43/,

-Гэрч Б.Даваацэрэнгийн “...Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Ар сайр” гэх газарт ...7 хоног гаруй ажиллаж байна... Намайг авч ирсэн хүн н.Өлзий гээд ах байсан. 99061717 гээд утасны дугаартай байсан. Үйл ажиллагааг нь хэн гэдэг хүн явуулж байгаа талаар тодорхой мэдэхгүй байна. Миний харж байгаагаар Б.Г байх гэж бодож байна...” гэх /2хх 49-51/,

-Гэрч Б.Болдбаатарын “...Би өмнө нь энэ уурхайд 2 хоног л ажиллаж үзсэн. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. ...Тэгээд би энэ уурхайд “70-13 ӨВР” дугаартай машин засвар үйлчилгээ хийхээр 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн. Тэгээд засвар үйлчилгээгээ өдөр нь хийж дуусаад 20 цагийн үед хоол идчихээд тэндээ амарч байсан... Тухайн үед уурхайг н.Сүхтөмөр гэдэг хүн хариуцаж ажилладаг байсан...” гэх /2хх 53 тал/,

-Шүүгдэгч С.Бгийн гэрчээр өгсөн “...Б.Г нь манай эхнэрийн ах байгаа юм. 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр намайг байхгүй үед уурхай хариуцаад байж бай гээд би Улаанбаатар хот явсан... Тухайн газарт ажиллах зөвшөөрөл байхгүй. Тухайн газар эрүүл газар биш. Би өөрөө тухайн газрыг ухуулах үед Улаанбаатар хотод байсан, миний бие газрыг ухуулсан...” гэх /2хх 55-57/,

-Гэрч Б.Чинзоригийн “...“45-92 УН”, “35-45 УН” улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь миний эзэмшлийн техник байгаа юм. ...Би тухайн тээврийн хэрэгслүүдийг С.Б гэх хүнтэй гэрээ байгуулж 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээгээр ажиллуулж байгаа. Экскаватороо 1 сарын 8,000,000 төгрөгөөр, ковшоо 1 сарын 5,000,000 төгрөгөөр түрээсэлж байгаа...” гэх /2хх 68-69/,

-Гэрч О.Амгаланбаатарын “...Манай хуурай дүү Б.Чинзориг буюу 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би хөдөө байна, та очоод нэр шилжүүлээд аваадах гээд хэлсэн. Тэгсэн өөрийнх нь худалдаж авсан “45-92 УН” экскаватор миний нэр дээр шилжсэн. Одоо дүү Б.Чинзоригтой уулзсан учир буцаагаад нэрийг нь шилжүүлж өгнө өө...” гэх /2хх 71-72/ мэдүүлгүүд,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 7, 2хх 2/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 8-15, 2хх 4-12/,

-Эд мөрийн баримтаар тооцох 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай тухай мөрдөгчийн тогтоол /1хх 18/,

-2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн санал /1хх 19/,

-2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол /1хх 20-21/,

-2021 оны 09 дүгээр сарын 15, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл” /1хх 22, 2хх 13-32/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 07/379 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 27-48/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 90-95/,

-“Говь-Эко” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №211 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 98-162/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №3275 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 19.8 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 19.8 грамм металлын сорьц болон цэвэр жинг тогтоох боломжгүй. Монгол Улсын нэршил-Алт, олон улсын нэршил-Gold, химийн элементийн томъёо-Au79. Алтны өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн 19.8 грамм металлаас төмрийн металл илэрч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 182-183/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 07/278 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 99-122/,

-“Эко үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /2хх 130-221/,

-2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл /2хх 240-245/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2778 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн зүйлтэй холимог шаргал өнгийн металл нь 22.3 грамм жинтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3хх 202-203/,

-“Эко үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №2022/15 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 215-219/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх ба анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

Шүүгдэгч С.Б, Б.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-гийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хохирлыг хэрхэн төлөх нь тодорхойгүй, нөхөн төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй,  шүүгдэгч Б.Гын хувьд  гэм буруугийн талаар маргаж мэтгэлцдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй гэсэн үндэслэлүүдээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “ Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах, торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Б Г-т 1 /нэг/ жил 3 / гурав / сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас экологи, эдийн засагт учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 50,498,388 төгрөгийг шүүгдэгч С.Б,  29,957,200 төгрөгийг шүүгдэгч Б.Г нар тус тус төлсөн байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байх учиртай.

 

Шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, С.Б, Б.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцоо зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтайгаар шүүгдэгч С.Б-д 27,000,000/хорин долоон сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.-Гт 20,000,000/хорин долоон сая/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Г, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан “ оногдуулсан хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэх утга бүхий давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Ганбат, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын гаргасан гомдлын зарим хэсэг болох “шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү” гэснийг хангаж “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С Б-г 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Г-ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг   “...“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаан сахиус овогт Б.Г-ыг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 3 дугаар заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Г нарын 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 62 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож 930,000  /есөн зуун гучин мянга/ төгрөгийг тэдэнд оногдуулсан торгох ялаас хасаж шүүгдэгч С.Б-гийн биечлэн эдлэх  ялыг 26,070,000 /хорин зургаан сая далан мянга/ төгрөгөөр, шүүгдэгч С.Г-ын биечлэн эдлэх ялыг 19,070,000 /арван есөн сая далан мянга/ төгрөгөөр тус тус тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгасугай.” гэж,

- 6 дугаар заалтад “...Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2134001200436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 22.3 грамм хар өнгийн зүйлтэй холимог шаргал өнгийн металлыг,...” гэснийг “...Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2134001200436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 22.3 грамм хар өнгийн зүйлтэй холимог шаргал өнгийн металлыг улсын орлогод оруулж, ...” гэж,

- 7 дугаар заалтад “...Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.” гэснийг “...Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ш.Ганбат, шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарын гаргасан гомдлын зарим хэсгийг ханган шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Г нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3.Шүүгдэгч С.Б, Б.Г нар нийт 62 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4.Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө уг гэмт хэргийн улмаас экологи, эдийн засагт учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 50,498,388/тавин сая дөрвөн зуун ерэн найман мянга гурван зуун наян найман/ төгрөгийг шүүгдэгч С.Б,  29,957,200/хорин есөн сая есөн зуун тавин долоон мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгдэгч Б.Г нар тус тус төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

5.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

 

                            ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

 

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ