| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00592/И |
| Дугаар | 152/ШШ2024/00588 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 152/ШШ2024/00588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Ц,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие нь 1969 онд Увс аймгийн ****** суманд төрсөн 55 настай, эмэгтэй. Би 1989 оны оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд цэвэрлэгчээр ажилд орсон. Миний бие нь Г.Ч-н 4 дэх хүүхэд болон төрсөн. Би Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1991 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Архивын тасгаас шүүлгэж үзэхэд ажилд орсон тушаал байхгүй цалингийн баримт байхгүй тул лавлагаа авсан. Иймд намайг Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1989 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан архивын лавлааа, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан тодорхойлолт, баталгаажилтын хуудас, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай тушаал, Т.Л-н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.У-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 701 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, гэрлэснийг бүртгэх анкет №0040, гэрч Т.Л , С.У нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ц-гийн Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1989 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ч.Ц-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Ц нь хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилсон тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай тушаалаар Ч.Ц-г 1991 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажлаас нь чөлөөлжээ.
1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн гэрлэснийг бүртгэх анкетад Хяргас нуур нэгдэлд ажилладаг гэж тэмдэглэжээ.
3.1. Шүүхээс гэрч Т.Л , С.У нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Л Би 1977-1983 оны хооронд Увс аймгийн Завхан суманд малын их эмч, 1983-1984 онд Малчин суманд малын их эмч, 1484-1987 онд Увс аймгийн Монгол ардын хувьсгалт намын хороонд зохион байгуулагч, 1987-1990 онд Өлгий сумын намын хорооны дарга, 1990-1993 онд Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн дарга, компанийн захирал, 1993-1998 онд Зэл ХХК-д менежер, 1998-2005 онд хүртэл Увс хүнс ХК гүйцэтгэх захирал, 2005-2008 онд Дэлхийн зөн ОУБ-ын төслийн багийн ахлагч, 2008-2012 онд Увс аймгийн Засаг даргын зөвлөх, 2012-2023 онд Бодь даатгал ХК-ын Увс аймаг дахь салбарын захирал зэргээр тус тус ажиллаж байсан. Би 1990 онд Хяргас нуур нэгдлийн даргаар ажиллаж байхаас эхлээд Ч.Цг танина. Намайг Хяргас нуур нэгдэлд ажилд томилогдоход Ч.Ц нэгдлийн үйлчлэгч ажилтай байсан. Ч.Ц Хяргас сумын тэр үед Хөшөөт бригадын харьяа хүн байсан. Аав нь нэгдлийн мал малладаг Гэлэгийн Чулуунбаатар гэх хүн байсан. Ч.Ц Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэл 1991 он хүртэл ажилласан... гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар,
гэрч С.У Би 1975 онд Хяргас сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, 1975 онд илгээлтээр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд малчнаар ажилд орж 1992 он хүртэл ажилласан. Ч.Ц-гийн аав ээжийг сайн мэднэ. Аав нь Г.Ч гэж Хөшөөт бригадын харьяа нэгдлийн мал малладаг хүн байсан. Манайхтай айл хөрш байсан тул Ч.Ц-г танина. Ч.Ц 1985 оноос Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд үйлчлэгчээр ажилд орж 1991 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Ч.Ц нь Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1989 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн Хяргас нуур нэгдэлд ажилладаг гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай тушаал, гэрч Т.Л , С.У нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ч.Ц-гийн Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1989 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Ч.Ц Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1989 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР