Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 123/ШШ2024/0061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бугат овогт Магсаржаламын Пүрэвдорж,

 

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, гуравдагч этгээд А.Алтантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгалан, гуравдагч этгээд Н.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч талаас Төв аймгийн Баянчандмань Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/424 дугаар Иргэн М.Пүрэвдоржид газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжаар тус сумын Чандмань 1 дүгээр багийн нутагт байршилтай 49.7 га газрыг орон сууцны зориулалтаар эзэмшдэг 20 иргэний өмчлөлийн газар давхцалтай байгаа талбайгаа хасч 45.4 га болгож орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн 49.7 га газрыг 45.4 га гэж хэсэгчлэн хүчингүй болгожээ.[1]

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

Нэхэмжлэгч М.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Баянчандмань сумын төв наадмын талбайн хойд талд Си Ди Кэй ХХК-ийн орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан 49.9 га газрыг /РД:901904134/ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, холбогдох бусад баримт бичгийн хамт тус сумын Засаг дарга, газрын даамал нарт 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргаж өгсөн. Гэтэл хуульд заасан хугацаанд эрх шилжүүлэх захирамж гаргаж өгөхгүй олон удаа явуулж чирэгдэл учруулсан тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 123/ШШ2018/0033 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч М.Пүрэвдорж миний нэхэмжлэлийг хангаж, ...Төв аймгийн Баянчандмань сумын төвийн наадмын хойд талд орон сууцны хорооллын зориулалт бүхий 49.9 га газрыг нэхэмжлэгч М.Пүрэвдоржийн нэр дээр шилжүүлсэн шийдвэр гаргахгүй байгаа хариуцагч Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн 50 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Пүрэвдоржийн нэр дээр шилжүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Засаг дарга Ц.Энхжаргал А/424 дугаар захирамжаар М.Пүрэвдорж надад 49.7 га газрыг орон сууцны хороолол барих зориулалтаар 15 жилийн хугацаатай газрын эрх шилжүүлэх захирамж гаргаж, кадастрын зураг хийлгэх, зураглалыг мэдээллийн санд бүртгэх, гэрээ байгуулах, гэрчилгээжүүлэхийг газрын даамалд даалгаж шийдвэрлэсэн. Сумын Засаг даргын А/424 дүгээр захирамж гарснаас хойш газрын М.Алтантуяа газрын гэрчилгээ бичиж өгөхгүй хууль бус ажиллагаа явуулж, 2020 оны эхээр гэрээ хийснээр би газрын төлбөрөө төлж эхэлсэн. Миний бие эрх шилжүүлэх захирамж гаргуулах гэж 2017 оны 8 дугаар сараас 2020 он хүртэл 3 жил гарангын хугацаанд Улаанбаатар хот, Төв аймаг, Төв аймгийн Баянчандмань сумын хооронд маш олон удаа явсан. Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын А/424 дугаартай захирамж, түүнийг үндэслэн гаргасан гэрээ, гэрчилгээг үндэслэн 49.7 га газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн. Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаартай Газар эзэмших захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийн 1 дэх хэсэгт М.Пүрэвдоржийн ... дугаартай 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 тоот захирамжаар ... 452147 метр квадрат газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захирамжид заасан зориулалтын дагуу 4 жил ашиглаагүй тул хүчингүй болгосугай гэжээ. Миний бие өөрийн газрыг өнөөдрийг хүртэл 49.7 га гэж ойлгож байгаа бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаартай захирамж гарсан эсэхийг сая л олж мэдлээ...Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нэгдсэн сангийн мэдээллээс авсан албан ёсны газрын байршлын кадастрын зурагт 4999989 квадрат метр гэж санд орсон байдаг. Эрх шилжүүлсэн захирамж гарсантай холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын www.egazar.gov.mn сайтад иргэн М.Пүрэвдорж би өөрийн эрхээр орж шалгахад ... Төв аймгийн Баянчандмань сум Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 452147 м2 газрын бичиг баримтууд нь Баянчандмань сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаартай захирамж орсон байсан. Гэтэл иргэний газар эзэмших эрхийн 0000174513 дугаартай гэрчилгээнд сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/424 дугаартай шийдвэрийг үндэслэн ... гэж хуучнаараа бичигдсэн байсан. Нэгж талбарын 4116037228 дугаартай гэж надад байгаагаас өөр нэгж талбарын дугаараар кадастрын зураг орсон байсан. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст М.Пүрэвдорж нь Баянчандмань сум Чандмань 1 дүгээр багт газар эзэмшдэг болохыг тодорхойлсон бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, М.Алтантуяатай байгуулсан газар эзэмшүүлэх тухай 04137-2018/20229 дугаартай гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/424 дугаартай шийдвэрийг үндэслэн 04137-А424/2018 тоот дугаартай гэрээг байгуулан мэдээллийн санд газрын даамал оруулсан байдаг. Дээрх баримтуудаас харахад Засаг даргын газрын хэмжээг өөрчилсөн гэх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй... 0000174513 дугаартай газрын гэрчилгээнд Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/424 дугаар захирамжийн дугаар бичигдсэн атлаа Засаг дарга Г.Ариунболд А/545 дугаар захирамж гаргахдаа www.egazar.gov.mn сайтын мэдээллийн санд ороогүй хууль бус захирамжийг хүчингүй болгосугай гэж дурдсан нь хууль бус захирамж гаргаснаа өөрөө нотолж байна гэж ойлгож байна. www.egazar.gov.mn сайтын мэдээллийн санд орсон 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн гэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-т газрын хэмжээг өөрчилсөн талаар дурдаж иргэн М.Пүрэвдорж намайг зөвшөөрсөн мэтээр гарыг үсэг зурсан байгааг шалгуулах шаардлагатай. Учир нь М.Пүрэвдорж би дээрх цаг хугацаанд газрын даамал М.Алтантуяатай газрын хэмжээг 452147 м2 болгон өөрчлөх талаар биечлэн уулзаагүй, бичгээр болон аман хүсэлт гаргаж байгаагүй мэдүүлэгт гарын үсэг зураагүй болно. Газрын төлбөрөө www.egazar.gov.mn сайтад ирсэн нэхэмжлэхийн дугаараар 2020 он, 2021 он, 2022 онуудад бүрэн төлсөн. Иймд тус сумын Засаг даргын хууль бус захирамжийг үндэслэн газар эзэмшигч надад ямар нэг урьдчилан мэдэгдэлгүйгээр 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, М.Пүрэвдорж миний хуулийн дагуу буюу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Засаг даргын шийдвэрээр эзэмшиж байгаа газрын эрхийг сэргээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянчандмань сумын Засаг дарга н.Энхжаргалын А/424 дугаартай захирамжаар 49,7 га газрыг орон сууцын хороолол барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлэх захирамж гарсан. Уг захирамж дээр болбол кадастрын зураг хийлгэх зураглалыг мэдүүлгийн санд бүртгэх, гэрээ байгуулах гэрчилгээг өгөхөөр Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл энэ газрын гэрээ гэрчилгээг хийхгүй явсаар байгаад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг өөрчилчихсөн байдаг. Уг газрыг хэмжээг өөрчилснийхөө дараа мөн 2024 оны 06 дугаар дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаартай захирамжаар газар эзэмших гэрээг хүчингүй болгуулсныг үндэслэл болгон нэхэмжлэл Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Пүрэвдоржийн Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай газрыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 123/ШШ2018/0033 тоот шийдвэрийн дагуу Си Ди Эм Кэй ХХК-аас 49.7 га газрыг 2018 оны 12 дугаар сарын 26 өдрийн А/424 дүгээр захирамжаар шилжүүлсэн. Уг шилжүүлсэн газар нь иргэдийн өмчилсөн газартай давхцалтай байсан тул 2019 оны 06 дугаар сарын 13 өдрийн А/350 дугаар сумын Засаг даргын захирамжаар өөрчлөн 45.4 га-г эзэмшүүлсэн. Иргэн М.Пүрэвдорж нь 2018 оноос хойш газар дээрээ зориулалтын дагуу газар дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй. Мөн иргэн М.Пүрэвдоржид 2023 оны 02 дугаар сарын 16 өдрийн 01/64 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Иймд газар эзэмших шийдвэрүүдийг сэргээх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан байгаа. Маргаан бүхий 2 захирамжтай холбоотой нэхэмжлэл гаргасан. Уг 2019 оны 06 сарын 13-ны өдрийн А/350 дугаартай захирамжийг би мэдээгүй гэж М.Пүрэвдорж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Энэ асуудлаар маргаан үүсгэснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр М.Пүрэвдорж өөрийн биеэр 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга танаа гээд хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтдээ мэдээллийн санд анх уг шилжүүлэн авч буй газрыг олгосон 2012 оноос өмнө газарт өмчлөх болон эзэмших эрхтэй болсон иргэдийн 20 гаруй газартай давхцаж буй хэсгээр нь хасаж тус хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож гэрээг байгуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан иргэн Магсаржаламыг Пүрэвдорж /утасны дугаар 99998161/ гээд ийм хүсэлт өгчихсөн байдаг юм. Өнөөдрийг хүртэл энэ хүсэлтийг өгсөн өгөөгүй гэдэг маргаан бол байхгүй. М.Пүрэвдорж өмнөх хурал дээр бол би бичсэн гэж хэлсэн байдаг. Тэгэхлээр энэ бичгийг бичиж өгчхөөд дараа нь яг энэ хүсэлтийнх нь дагуу А/350 гээд захирамж гарчхаад байхад энийг мэдээгүй байна гэж үзэх үндэслэлгүй. Энэ захирамжийг гарахад үндэслэсэн хүсэлтийг өөрөө бичгээр гаргаж өгсөн. Уг хүсэлт, захирамж 2 салшгүй холбоотой. Энэ А/350 захирамж нь 2019 онд гарсан байхад 2023 онд нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй мөн захирамж гарсны мэдээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Яагаад мэдээгүй гэж үзэх гээд байгаа юм бэ гэхээр 2020 оны эхний саруудад гэрээ хийж, газрынхаа төлбөрөө төлж эхэлсэн гээд өөрөө нэхэмжлэлдээ дурдчихсан байгаа. 2020 онд гэрээ хийгээд газрынхаа төлбөрөө 2020, 2021 2022 онуудад төлсөн гээд байгаа юм бол 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 захирамжтай тухайн үед маргах эрх бол үүсчихсэн байсан. Гэхдээ тухайн үедээ маргаагүй учраас А/350 захирамжтай одоо маргах үндэслэл байхгүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Өөрөө газрыг багасгаж өгнө үү гээд хүсэлтээ өгчихсөн, өөрөө 2020 онд гэрээгээ хийгээд, төлбөрөө төлчихсөн учраас би энэ бүгдийг мэдэж байсан гэдгээ илэрхийлсэн байна. Тийм учраас А/350 дугаар захирамжийн хувьд нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү. Мөн маргаан бүхий захирамж 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаартай захирамжийн хувьд бол нэхэмжлэгч М.Пүрэвдорж нь ийм захирамж гарсныг мэдээгүй, дараа нь би Viber аппликейшнаар авсан гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан байгаа 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/64 гэсэн албан бичиг дээр иргэн М.Пүрэвдорж танаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т зааснаар Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд хугацаатай мэдэгдэл хүргүүлж байна гээд албан бичиг бол тухайн үедээ гарсан байдаг. Уг албан бичгийг М.Пүрэвдорж аваагүй гэдэг М.Алтанчимэг бол авсан гэж тайлбарладаг. Үүнийг гэрчийн мэдүүлгээрээ өгсөн байгаа. Гэхдээ утсаар харилцсан гэдгийг чухам ямар утсаар харилцсаныг мэдэхгүй байгаа учраас нотолж чадахгүй байгаа асуудал бий. Гэхдээ энэ захирамжийн агуулга нь 2020 оноос хойш М.Пүрэвдорж мэдсэн юм бол 3 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг шүүхийн үзлэгээр нотлогдон тогтоогдоно. Хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд байгаа 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хашаа байхгүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй, газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй гэсэн энэ үндэслэлд хамаарч байна. М.Пүрэвдоржид захиргааны байгууллага мэдэгдэх үүрэгтэй гэдэг агуулга яригдаад байгаа. М.Пүрэвдорж өөрөө дуудахад ирсэн үү, ирээгүй юу, өөрөө Viber аппликейшнаар албан бичгийг харсан уу гэдэг асуудлыг бид тодруулаад байгаа. утсаар бол мэдэгдсэн гэдэг, гэхдээ мэдэгдэхтэй холбоотой нэг асуудал нь агуулгаараа энэ хүн үнэхээр тус газар дээрээ хийсэн юм уу, юм хийх гэж явсан юм уу, тухайлбал 2023 он хүртэл зураг төслөө гаргасан юм уу юу хийсэн юм бэ гэдэг л асуудал яригдана. Бид нар энэ талаар өмнөх хурал дээр ярихад тухайн газар дээрээ юу ч хийгээгүй байдаг. Тухайлбал тэр зураг төслөө хянуулах, дэд бүтцийн асуудлууд гээд нэг ч зүйлийг хийгээгүй, цахилгааны зөвшөөрөл аваагүй, дэд бүтцийн зөвшөөрөл аваагүй, сум орон нутагтай барилга барих асуудлаар огт харьцаагүй, барилгын зураг төсөл ч байдаггүй. Өмнөх хурлын дараа баримт өгсөн боловч тухайн материалд дээр өмнөх компанийн хөөцөлдөж байсан зүйлүүд байдаг. М.Пүрэвдорж гэдэг хүн тухайн газар дээр юу хийсэн юм бэ гэхээр энэ газрыг аваад хадгалж байсан юу ч хийгээгүй. Тэгэхлээр Баянчандмань сумын Засаг даргын гаргасан захирамж маань өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг зарчмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Пүрэвдорж нь тухайн газраа юу ч хийгээгүй, ирж уулздаггүй, харьцдаггүй байсаар 2 жилийн хугацаа нь болсон. Гэхдээ Баянчандмань сумын газрын даамал М.Алтантуяатай харьцдаг байсан гэдэг нь өөрсдийнх нь ирүүлсэн материалаар нотлогдож байгаа. Яагаад гэхлээр хүчингүй болгосон захирамжийг бол Viber аппликейшн авчхаад байгаа харин бусдыг нь бол аваагүй гэж хэлээд байгаа. Тэгэхлээр Viber аппликейшнаар юм уу, утсаар харилцаж байсан нь нотлогдож байгаа. Иймд А/545 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Агуулгаараа М.Пүрэвдорж тус өмчлөлийн газраа юу ч хийгээгүй, шүүхийн үзлэг ч хийсэн байгаа, бусад байдлаараа бол тус газар ямар нэгэн барилга байгууламж барих хүсэл, зориг бол байгаагүй. Ийм учраас газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд А.Алтантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн эрх ашиг 2019 оны 06 сарын 13-ны өдрийн А/350 дугаартай маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор эрх ашиг хөндөгдөж байгаа. Маргаан бүхий акт дурдсан газар дээр бол огт хашаа, хороо, цахилгаан ямар ч юм хийгдээгүй. Маргаан бүхий акт дээр бол хэд хэдэн зүйлийг Баянчандмань сумын Засаг дарга бол үүрэг болгосон байдаг. Жишээ нь: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон. 2018 оноос 2022 онуудад бол нэг ч тийм сөрөг нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй, газар дээр мөн хашаа хороо баригдаагүй. Дараа нь газрын хэмжээ өөрчлөгдөж А/350 дугаар захирамж гарснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх буюу 4 жилийн хугацаанд мөн ялгаагүй ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байгаа. Миний зүгээс юу гэж үзээд байна вэ гэхээр вэ тухайн бодит байдалд байгаа нөхцөл байдлыг бол шүүхийн үзлэгээр бүрэн тогтоочихсон байгаа гэж үзэж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар маргаан бүхий актын хөөн хэлэлцэх хугацааны хувьд бол 2019 онд уг захирамж гарсан. Гэхдээ 2019 гарсан уг захирамж гарсныг мэдээгүй гэж шүүхэд хандаж байгаа. Энэ хугацаа нь 2019 оноос 2023 он гэхээр 4 жилийн хугацаа байгаа. Бид нар нарийвчлаад бас хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьсан байгаа. 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг бол цахим хэлбэрээр байгуулсан байгаа. Энэнтэй холбоотой яг хэзээ байгуулсан гэдгийг нь тогтоохын тулд бид нар газрын албанаас тодорхойлсон баталгаажуулах гэрээ байгуулсан огноо гэх зүйлсийг нотлох баримтаар татуулаад авчихсан болохоор би энийг цааш ярих шаардлагагүй гэж үзэж байгаа. 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаагаа хөөж үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан байдаг. 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн гэж байгаа бол уг хугацаа дээр 3 сарыг нэмэхээр 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгаа. Нэхэмжлэгч М.Пүрэвдорж шүүхэд хандахдаа 34 хоногийн дараа гаргасан. Ийм учраа нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааны асуудал бол дуусчихсан байхад нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой тайлбарыг авахаар шүүх хурлыг хойшлуулж байсан. Үүнийг нэхэмжлэгч тайлбар дээрээ хүлээн зөвшөөрсөн учраас би цааш ярих шаардлага байхгүй. Гэрээ байгуулсан өдрийн маргаан бүхий акт дээр дурдагдсан 45м2 талбай гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Маргаан бүхий 2 акттай холбоотой ямар байр суурьтай байгаа юм бэ гэхээр нэгт хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Хоёрдугаарт бодит нөхцөл байдалд ямар байсан юм бэ гэдгийг энэ маргаан бүхий актууд зөв тодорхойлсон гэж үзэж байгаа юм. Зорилгодоо нийцсэн акт гаргасан юм гэж харж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах гэдэг нэг ойлголт байгаад байгаа. Энэ дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах гэсэн зүйл тогтоогдож гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн гэдгээ ямар нэгэн байдлаар нотлох баримтаар тогтоосон үйл баримт тогтоогдохгүй байгаа гэж үзэж байгаа. Сүүлд гарсан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаар маргаан бүхий акт дээр мөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн үйл ажиллагааны зарчим гэсэн заалт дээр аливаа нэгэн захиргааны актууд бодит байдал, нөхцөлд тохирсон ийм шийдвэр нь үндэслэл бүхий байна гэдэг ийм үндсэн зарчим байгаа юм. Үндсэн зарчмыг хэрэгт цугларсан баримтуудаар бол тогтоогдож байгаа бодит нөхцөл байдалд тохирсон эрх зүйн хувьд бол үндэслэл бүхий байгаа учраас гаргаж байгаа энэ 2 нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь бол зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэв.

Гуравдагч этгээд Н.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд А.Алтантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч талаас зориулалтын дагуу ашиглаж, тухайн газартай холбоотой татвар, төлбөрийг цаг хугацаанд нь журмын дагуу ажиллаж ирсэн. Дэлхий нийтээр 2020 оноос ковид-19 цар тахал тархсаны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй Сүүлд гарсан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А545 дугаартай захирамжийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-т заасан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан. Ингэж цуцлахдаа нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгсөн боловч газрын төлбөр нь тухайн үед хэдэн төгрөг байсан, хэдийг нь төлөөгүй энэ талаар тайлбарлаагүй. Хэрвээ сонсох ажиллагаа хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Гэтэл сонсох ажиллагаа явуулахгүйгээр, мэдэгдэхгүйгээр газрын эзэмших эрхийг нь хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа учраас Баянчандмань сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 350 дугаартай захирамж, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А545 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж,

2.2. Хариуцагч талаас Иргэн М.Пүрэвдорж нь 2018 оноос хойш газар дээрээ зориулалтын дагуу газар дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй. Мөн иргэн М.Пүрэвдоржид 2023 оны 02 дугаар сарын 16 өдрийн 01/64 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Иймд газар эзэмших шийдвэрүүдийг сэргээх боломжгүй гэж маргаж байна.

2.3. Гуравдагч этгээд А.Алтантуяа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй... нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

2.3.1. Гуравдагч этгээд Н.Даваадорж нь миний нэр дээрх өмчлөлийн газар гэж маргаж байна.

Гурав. Маргааны үйл баримтын талаар:

3.1. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн М.Пүрэвдоржид газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/424 дугаар захирамжаар тус сумын Чандмань 1 дүгээр багийн нутагт байршилтай 50 га газар эзэмшигч Си Ди Эм Кэй ХХК нь газар эзэмших эрхийг Бугат овогт Магсаржаламын Пүрэвдоржид 49.7 га газрыг орон сууцны хороолол барих зориулалтаар 15 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлжээ.[2]

3.2. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Иргэн М.Пүрэвдоржид газрын хэмжээ өөрчилж газар эзэмшүүлэх тухай А/350 дугаар захирамжаар М.Пүрэвдорж нь Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бичил хороонд байршилтай 49.7 га орон сууцны зориулалттай газар эзэмшдэг 20 иргэний өмчлөлийн газар давхцалтай байгаа талбайгаас хасч 45.4 га болгож орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж[3]

Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/424 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутагт 452147 га нэгж талбарын 4116037228 дугаар бүхий 452147 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 0000174513 дугаартай гэрчилгээг олгосон.[4]

3.3. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар Иргэн М.Пүрэвдоржид газрын хэмжээ өөрчилж газар эзэмшүүлэх тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтын тус тус үндэслэн Магсаржав овогтой Пүрэвдорж /ВЮ80061213/ нь Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бичил хороонд байршилтай 49.7 га орон сууцны зориулалтаар газар эзэмшдэг 20 иргэний өмчлөлийн газар давхцалтай байгаа талбайгаас хасч 45.4 га болгож орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй[5] гэж заажээ.

3.4. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаар Иргэн М.Пүрэвдоржийн газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын тус тус үндэслэн иргэн М.Пүрэвдорж нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 тоот захирамжаар Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цаг уурт байршилтай Амины орон сууцны зориулалттай 452147 м.кв газрыг эрх шилжүүлэн эзэмшсэн газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 4 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгож,

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар захирамж, 0000174513 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна. /2-р хх-9/

4. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хувьд

4.1. Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж, 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гэж, 48.2.1-т хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, 48.2.5-т нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж, 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж, мөн 98 дугаар зүйлийн 98.1-д Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана гэж, 98.2-т Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заажээ.

4.2. Төв аймгийн Баянчандмань Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар Иргэн М.Пүрэвдоржид газрын хэмжээ өөрчилж газар эзэмшүүлэх тухай захирамжийг мэдээгүй тул хүчингүй болгуулна гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

4.3. Иймд Төв аймгийн Баянчандмань Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаар Иргэн М.Пүрэвдоржийн газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд

5.1. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээний хүрээнд Төв аймгийн Баянчандмань Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байх ба хариуцагчаас захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус хуульчилсны дагуу бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагааг хийх үүргийг хариуцагч захиргааны байгууллага өөрөө хүлээж байна.

5.2. Нэхэмжлэгч М.Пүрэвдорж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.3. Учир нь маргаан бүхий эрх зүйн акт 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсан хэдий ч Монгол улсад Ковид цар тахал 2019 онд гарч, Монгол улсын Засгийн газраас 2020-2021 оны хооронд хөл хорио тогтоож байсан үйл баримтыг бүх нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж дүгнэлээ.

5.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 23023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хэвлэж авсан гэдгээ 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлдэг.

 

6. Иймд нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын зарим хэсгийг хангаж Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төв аймгийн Баянчандмань Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/545 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төв аймгийн Баянчандмань Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/350 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Пүрэвдоржид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР