| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00685/И |
| Дугаар | 152/ШШ2025/00002 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 152/ШШ2025/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Ч.Б,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1970 онд төрсөн 55 настай. 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Дараа нь 1990 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс туслах тогоочоор томилогдсон. Мөн асрагчаар 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан. Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа болно. Мөн хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон тушаал байхгүй тул шүүхэд хандсан. Иймд миний Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл асрагч, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тодорхойлолт, Тэс сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар Түр ажилчин авах тухай тушаал, Увс аймгийн Тэс сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр Түр ажилчин авах тухай тушаал, Увс аймгийн Тэс сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр түр тушаал, Ж.Ч-н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 792 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Ж.Ч-н мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б-гийн Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл асрагч, туслах тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ч.Б-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Б нь хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Тэс сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар Түр ажилчин авах тухай тушаалаар Ч.Б-г 10 сарын 17-ны өдрөөс асрагчаар томилжээ.
Увс аймгийн Тэс сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр Түр ажилчин авах тухай тушаалаар Ч.Б-г 5 дугаар сарын 03-ны өдрөөс туслах тогоочоор томилжээ.
Увс аймгийн Тэс сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр түр тушаалаар асрагч Б шилжсэн тул Г.Д-г 9 сарын 27-ны өдрөөс асрагчаар томилжээ.
3.1. Шүүхээс гэрч Ж.Ч-с мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Ч Би 1982 онд Анагаах ухааны их сургуулийг эрүүл ахуйч бага эмчээр төгсөж ирээд Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Би 1997 оны 8 дугаар сар хүртэл Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт эрүүл ахуйч бага эмчээр ажиллаж байгаад Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр бригадын эмчийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ч.Б нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт асрагч, угаагч, тогооч зэрэг янз бүрийн ажил хийдэг байсан. Ч.Б нь Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт чөлөөтэй ажилчны оронд сэлгэн ажиллаж янз бүрийн ажил хийдэг байсан. Намайг 1997 оноос Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр бригад руу шилжихэд Ч.Б нь ажиллаад үлдсэн. Түүнээс хойш хэдэн он хүртэл ажиллаж байсныг нь мэдэхгүй байна гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын сум дундын эмнэлэгт ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Ч.Б нь Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл асрагч, туслах тогоочоор ажиллаж байсан болох нь Тэс сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар Түр ажилчин авах тухай тушаал, Увс аймгийн Тэс сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр Түр ажилчин авах тухай тушаал, Увс аймгийн Тэс сумын сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр түр тушаал, гэрч Ж.Ч-н мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ч.Б-гийн Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл асрагч, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Б Увс аймгийн Тэс сумын нэгдсэн эмнэлэгт 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл асрагч, туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР