| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2023/01566/И |
| Дугаар | 142/ШШ2025/00036 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2025/00036
2024 12 30 142/ШШ2025/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ******* тоотод оршин суух, *******,******* хүсэлттэй,
Төрөөс Хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохирол 1 920 000 төгрөг, цагдан хоригдож байх хугацааны цалин 2 787 396 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 18 720 000 төгрөг, эрүүгийн хэргийн хохиролд тооцож өгсөн хашаа байшингийн анхны үнэлгээ 35 720 800 төгрөгөөр тооцож, нийт 61 648 196 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч *******
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Болортуяа
Төрийн төлөөлж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ /цахимаар/,
Иргэдийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шаардлагын үндэслэлээ: ...******* миний бие одоо 52 настай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Орхон аймгийн Авто тээврийн төвд үйлчлэгч ажилтай. Иргэн ******* миний бие 2015 оны 12 сараас хойш өнөөдрийг хүртэл маш их хохирч сэтгэл санааны хямралаас болж элэгний хавдар өвчтэй болсон. Учир гэвэл иргэн Зандарьяагийн гомдлоор 2015 оны 12 сараас хойш Орхон аймгийн Цагдаагийн газарт Залилах гэмт хэрэг үйлдсэн гэх байдлаар шалгагдаж 2017.08.16-ны өдрөөс хойш 64 хоног цагдан хоригдож 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар бусадтай бүлэглэн хохирчихоод онц их хэмжээний хохирол учруулан залилсан хэмээн буруутгагдаж байсан. Гэвч Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны өдрийн 119 тоот тогтоолоор ******* намайг шүүгдэгч Г.Ганзулын бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх үйлдэлд санаатай хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй, *******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож цагаатгасан юмаа. Иймд нэхэмжлэгч ******* миний бие Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтын дагуу төрөөс дараах хохирлыг нэхэмжилж байна. Хууль бусаар хоригдсон 64 хоног 64*30000 = 1.920.000 төгрөг, тухайн үед буюу 2017.08.16-ны өдрөөс 2017.10.18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 2.787.396 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, 2015.10.21-нээс Эрүүгийн хэрэг үүсгэж 2016.02.24-нөөс таслан сэргийлэх арга хэмжээ авч 2018.10.21-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гардан автал таслан сэргийлэн арга хэмжээтэй З жил болсноос үүссэн сэтгэл санааны хохирол 36сар*520,000₮=18.720.000₮, эрүүгийн хэргийн хохиролд тооцож өгсөн хашаа байшингийн анхны үнэлгээ 35 720 800 төгрөгөөр тооцож, нийт 61 648 196 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ням-Очир хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч нь хууль бусаар цагдан хоригдсон хоногт 1.920.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны төлбөрт 2.787.396 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 2.500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 18.720.000 төгрөг, нийт 25.927.396 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй байхаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авсан, мөн байгуулсан гэрээг хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлон ирүүлсэн гэх боловч гэрээгээр тохиролцсон хөлсийг төлсөн баримт байхгүй, сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, бусад нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд "Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана. гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: *******д сэтгэл зүйн хохирол болох мөнгийг төрөөс гаргах нь зүйтэй. Бусад нэхэмжлэл шаардлага хангахгүй гэж үзэж байгаа тул олгох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
4. Хүсэлт гаргагчаас: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 2023.09.08-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт /хх3/, Орхон аймгийн Автотээврийн төвийн 2023.08.28-ны өдрийн 5013 дугаартай албан тоот /хх4/, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, Нийгмийн даатгалын 000271396 дугаартай дэвтрийн хуулбар /хх6-7/, Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ /хх8/, Орхон аймгийн Прокурорын газрын 2015.10.21-ний өдрийн 201514000500 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоолын хуулбар /хх9/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх10-11/, 2016.02.24-ний өдрийн хувийн батлан даалтын баримт /хх-ийн 12/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолын хуулбар /хх-ийн 13/, П.Тэгшбаярын иргэний үнэмлэхийн хуулбар /хх14/, Б.Буянбатын иргэний үнэмлэхийн хуулбар болон төрсний гэрчилгээний хуулбар /хх15/, Медипас эмнэлгийн шинжилгээний хариу /хх16-17/, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.13-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаартай магадлалын хуулбар /хх18-27/, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх28-45/, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.18-ны өдрийн 100 дугаартай магадлалын хуулбар /хх46-51/, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.16-ны өдрийн 224 дугаартай тогтоолын хуулбар /хх 52-64/, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2018.10.02-ны өдрийн 127 дугаартай Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай захирамжийн хуулбар /хх65-67/, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамжийг танилцуулсан буюу гардуулсан тухай баримтын хуулбар /хх68/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх147/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх147-148/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх149/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.02-ны өдрийн 142/ШЗ2022/03245 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар /хх150-151/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.14-ний өдрийн 142/ШЗ2022/05652 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар /хх152-153/, Орхон аймгийн Прокурорын газрын 2015.10.21-ний өдрийн 201514000500 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоолын хуулбар /хх154-155/, улсын яллагдагчийн дүгнэлт /хх156-160/, Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхэд 2017.10.16-ны өдрийн Хохирол барагдуулсан тухай хүсэлтийн хуулбар /хх161/, Далайван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын хөрөнгийн үнэлгээний товч тайлан /хх163-167/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.05.04-ний өдрийн 207/МА2023/00041 дугаартай магадлалын хуулбар /хх168-173/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн 142/ШЗ2023/00182 дугаартай шийдвэрийн хуулбар /хх174-179/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.07.06-ны өдрийн 851 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 180/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газраас: итгэмжлэл /хх93-94/, хариу тайлбар /хх126/, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6. Шүүхээс: Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024.01.29-ний өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх97-98/, Орхон аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх194-195/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* Хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохирол 1 920 000 төгрөг, цагдан хоригдож байх хугацааны цалин 2 787 396 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 18 720 000 төгрөг, эрүүгийн хэргийн хохиролд тооцож өгсөн хашаа байшингийн анхны үнэлгээ 35 720 800 төгрөгөөр тооцож, нийт 61 648 196 төгрөг төрөөс гаргуулах хүсэлтийн шаардлага гаргажээ.
2. Шүүх хуралдаан дээр ******* нь хууль бусаар цагдан хоригдсон гэж нэхэмжилсэн 1 920 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.
3. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтээ дараах байдлаар тодорхойлсон: Зандарьяагийн гомдлоор 2015 оны 12 дугаар сараас хойш Орхон аймгийн Цагдаагийн газарт Залилах гэмт хэрэг үйлдсэн гэх байдлаар шалгагдаж, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 64 хоног цагдан хоригдож, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар бусадтай бүлэглэн хохирогчид онц их хэмжээний хохирол учруулан залилсан хэмээн буруутгагдаж байсан. Гэвч Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 тоот тогтоолоор ******* намайг шүүгдэгч Г.Ганзулын бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх үйлдэлд санаатай хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй, *******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Иймд нэхэмжлэгч ******* миний бие Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу төрөөс дараах хохирлыг нэхэмжилж байна. Хууль бусаар хоригдсон 64 хоног 64*30 000 = 1.920.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 2.787.396 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 21-нээс Эрүүгийн хэрэг үүсгэж 2016 оны 02 дугаар сарын 24-нөөс таслан сэргийлэх арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гардан автал таслан сэргийлэн арга хэмжээтэй З жил болсноос үүссэн сэтгэл санааны хохирол 36 сар*520,000₮=18.720.000₮, эрүүгийн хэргийн хохиролд тооцож өгсөн хашаа байшингийн анхны үнэлгээ 35 720 800 төгрөг, нийт 61 648 196 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй байхаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авсан, мөн байгуулсан гэрээг хавтаст хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотлон ирүүлсэн гэх боловч гэрээгээр тохиролцсон хөлсийг төлсөн баримт байхгүй, сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, бусад нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд "Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана. гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн тайлбар гаргасан.
5. Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор ...Нэхэмжлэгч *******г Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дугаартай тогтоолоор хорих ял оногдуулж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаартай магадлалаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. *******г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх үйлдэлд санаатай хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 119 дугаар шийтгэх тогтоол болон Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаар магадлалаар цагаатгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч оролцуулсан нь тогтоогддог боловч эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Шинэбаяр өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг энэ хэрэгт өгөхдөө үнийн дүнг гараар бичиж өгсөн, мөн өмгөөллийн хөлс гэж шилжүүлсэн гэх баримт байхгүй байна. Иймд өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн мөнгөн дүнг багасгах эсвэл хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. ******* нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажил хийгээгүй нь нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар тогтоогддог боловч ажилгүй байсан хугацааны цалинг яаж тооцсон нь үндэслэл муутай байна. Сэтгэл санааны хохирол 18.720.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хэрэгт холбогдуулан шалгаж таслан сэргийлэх, цагдан хоригдсон арга хэмжээ авагдсан тогтоогдож байгаа учир сэтгэл санааны хохирол болох 18.720.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хашаа байшин гээд байгаа үл хөдлөх хөрөнгө нь эрүүгийн хэрэг болон цагдан хоригдсонтой хамааралгүй зүйл учир нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай байна... гэх тайлбар гаргасан.
6. *******гийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харьяалагдаж байна.
7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.1. Орхон аймгийн Прокурорын газраас хүсэлт гаргагч *******д 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн /хх9/, улмаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү хэргийг шилжүүлэн, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар ...шүүгдэгч *******г 2 жилийн хугацаагаар хорих ялаар... шийтгэсэн, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаартай магадлалаар ...дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, /хх46-63/
7.2. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр Шийтгэх тогтоолоор ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Солгой овгийн *******д холбогдох эрүүгийн хэргийг, шүүгдэгч Г.Ганзулын хохирогч ******* Булган аймгийн нутаг дэвсгэрт байх Бүрэнбүст амралтын газарт зуслангийн газар авч өгнө гээд 2 айлын хашаа бариагүй газрыг үзүүлээд 7 500 000 төгрөг, Зуун айл худалдааны төвийн хойд талд 300 м2 газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж 18 000 000 төгрөг, энэ газрыг сунгаж гэрчилгээ гаргаж өгнө гэж 40 000 000 төгрөг, Дөмөг худалдааны төвийн зүүн талд байрлах 400 м2 газрын гэрчилгээн дээр нэмж 350 м2 газар сунгаж өгнө гэж 10 000 000 төгрөгийг тус тус залилан авсан гэх үйлдлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгасан..., Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаартай магадлалаар ...*******г цагаатгасныг хэвээр үлдээж... шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
7.3. Мөн шийтгэх тогтоолд *******... нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож, *******г нийт 64 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
8. Тухайн эрүүгийн хэрэг маргааныг шалгаж, шүүхээр хэлэлцүүлэн 2 жилийн хорих ял авсны улмаас цагдан хоригдсон, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны хүртэл ажилгүй, орлогогүй, цалин хөлс аваагүй болох нь тогтоогдож байна.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй., 45.2 дугаар зүйлд Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана, 45.2 дугаар зүйлийн 2.2-т тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан гэж тус тус заасан байна.
10. Иймд хүсэлт гаргагч ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана. гэж зааснаар эд хөрөнгийн хохирлыг төрөөс шаардах эрхтэй байна.
11. Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5013 дугаар албан бичигт *******г 17 дахь жилдээ үйлчлэгчээр ажиллаж байна гэж тодорхойлсон, мөн түүний нийгмийн даатгалын дэвтэр хэрэгт ирсэн бөгөөд /хх7/ 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хоорондох хугацааны цалинг түүний ажиллаж байх хугацааны сүүлийн 3 сарын дунджаас тооцоход 758 583 төгрөг байх ба 2 сарын хугацааны цалин 1 517 166 төгрөгийг төрөөс гаргуулах үндэслэлтэй байна.
12. Шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШЗ/00216 дугаар тогтоолоор *******г цагдан хоригдсонтой холбоотойгоор түүний сэтгэцэд учирсан хор уршиг, гэм хорын хэмжээг тогтоохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 69 дүгээр шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна.
Гэсэн хэдий ч, уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн *******д учирсан сэтгэцийн гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй, тодруулбал Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээг, мөн 40.1.-д ямар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгах талаар хуульчилсан ч, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд мөн өдрөөс өмнө болсон үйл баримтад шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх тул энэ хуулийн дагуу хохирлыг гаргуулах боломжгүй байна.
Иймд нэгэнт ******* нь цагдан хоригдож, 2015 оны 10 дугаар сарын 21-нээс цагаатгах шийдвэр гарч хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдож байх тул энэ хугацаанд тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сарын хугацаанд олгох хохирлын хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2015-2016 онд 192 000 төгрөг, 2017-2018 онд 240 000 төгрөг байсан байх ба 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг дуустал 14 сар 10 хоногийг 192 000 төгрөгөөр тооцоход 2 752 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21 хүртэл 21 сар 20 хоногийг 240 000 төгрөгөөр тооцоход 5 208 000 төгрөг, нийт 7 960 000 төгрөг дээр, 2 сарын цалин 1 517 166 төгрөгийг нэмж нийт 9 477 166 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид мөнгө шилжүүлсэн нь нотлогдоогүй, эрүүгийн хэрэгт авагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд мөнгөн дүн тавигдаагүй, иргэний хэрэгт ирүүлсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд төлбөр 2 500 000 төгрөг гэж бичигдсэн нь эргэлзээтэй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн ******* нь эрүүгийн хэргийн хохиролд тооцон ******* шилжүүлсэн гэх хашаа байшинг анхны үнэлгээгээр тооцож хохирол гаргуулна гэж шаардаж байгаа бөгөөд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 207/МА2023/00041 дугаар магадлалаар /хх168-173/ Б.Буянбатаас И.Сувдаад шилжүүлэн өгсөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зүүн дэнжийн 5 дугаар гудамж 6б тоот газар, хашаа байшинг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2023/00182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул энэ шаардлага үндэслэлгүй гэж үзэв.
15. Иймд дээрх үндэслэлүүдээр хүсэлт гаргагч *******д төрөөс 9 477 166 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 52 171 030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16. Шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон С.Батсуурийн *******д сэтгэл зүйн хохирол болох мөнгийг төрөөс гаргах нь зүйтэй. Бусад нэхэмжлэл шаардлага хангахгүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг үндэслэсэн болно.
17. Тухайн хүсэлт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд 9 477 166 /есөн сая дөрвөн зуун далан долоон мянга нэг зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Солгой овогт *******д олгож, хүсэлтийн шаардлагаас үлдэх 52 171 030 /тавин хоёр сая, нэг зуун далан нэгэн мянга гучин/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Б.НАРМАНДАХ