Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 152/ШШ2025/00003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Ж.Ц би 1964 оны 11 дүгээр сарын 03-нд төрсөн 60 настай. Би Увс Хархираа амралтын даргын 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 23-р тушаалаар Хархираа амралтад ээлжийн манаачаар ажилд ороод цэргийн албанд татагдаж 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 33-р тушаалаар ажлаас чөлөөлөгдөж Барилгын цэргийн 166-р ангид 1984оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 17-ны хугацаанд цэргийн алба хааж ирээд Увс Хархираа амралтын даргын 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 56 тоот тушаалаар 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-нд хугацаанд ээлжийн манаачаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1992 онд Хархираа амралт Хархираа пионерын зуслан болж өөрчлөгдөхөд манаачаар шилжин 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуусах хүртэл хугацаанд ажилласан. Тухайн үед намайг ажиллаж байсныг тодорхойлох хөдөлмөрийн дэвтэр баярын бичиг ажилд орсон гарсан тушаал миний хувийн архивд байгаа боловч зарим нэг тушаал, цалингийн тодорхойлолт болон Увс аймгийн Хархираа амралтын баримт Увс аймгийн ЗДТГ-ын архивд шилжээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд намайг Хархираа амралтын газарт ээлжийн манаачаар 1983оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн, 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01 хүртэл Хархираа пионерын зусланд 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд манаачаар ажилласан жил сэргээн тогтоож өгнө үү. М.А-г хамт ажиллаж байсныг гэрчлэх гэрчээр оролцуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ц нь Увс аймгийн Хархираа амралтын даргын 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 23-р тушаалаар Хархираа амралтад ээлжийн манаачаар ажилд ороод цэргийн албанд татагдаж 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 33-р тушаалаар ажлаас чөлөөлөгдөж Барилгын цэргийн 166-р ангид 1984оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 17-ны хугацаанд цэргийн алба хааж ирээд Увс аймгийн Хархираа амралтын даргын 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 56 тоот тушаалаар 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-нд хугацаанд ээлжийн манаачаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1992 онд Хархираа амралт Хархираа пионерын зуслан болж өөрчлөгдөхөд манаачаар шилжин 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуусах хүртэл хугацаанд ажилласан. Тухайн үед ажиллаж байсныг тодорхойлох хөдөлмөрийн дэвтэр, баярын бичиг ажилд орсон гарсан тушаал архивд байгаа боловч зарим нэг тушаал, цалингийн тодорхойлолт болон Увс аймгийн Хархираа амралтын баримт Увс аймгийн ЗДТГ-ын архивд шилжээгүй тул шүүхэд хандсан. Ж.Ц нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил эрхэлж байсан учраас хуулийн зохицуулалтаар 5 жилийн ажилгүй байсны тэтгэмж авсан. Иймд Ж.Ц-н 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хархираа амралтын газарт ээлжийн манаачаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01 хүртэл Увс аймгийн Хархираа амралтын газарт ээлжийн манаачаар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Хархираа пионерын зусланд манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан тодорхойлолт, Увс аймгийн Хархираа амралтын даргын 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай Ж.Ц-г 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн амралтанд ээлжийн манаачаар авч ажиллуулав гэх тушаалын хуулбар, Увс аймгийн Хархираа амралтын даргын 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаартай Ж.Ц-г 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ардын цэргийн албанд явах болсон тул манаачийн ажлаас чөлөөлөв гэх тушаалын хуулбар, Увс аймгийн Хархираа амралтын даргын 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаартай Ж.Ц-г 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн амралтанд ээлжийн манаачаар авч ажиллуулав гэх тушаалын хуулбар, Ж.Ц-н бүрэн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хархираа амралтын захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шагнасан баярын бичиг, Хархираа амралтын захиргаанаас 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шагнасан баярын бичиг, Аймгийн ҮЭ-ийн зөвлөлөөс 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шагнасан баярын бичиг, М.А-н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 730 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч М.Анхбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ц-н Увс аймгийн Хархираа амралтын газарт 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ээлжийн манаачаар, Увс аймгийн Хархираа амралтын газарт 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01 хүртэл ээлжийн манаачаар, Увс аймгийн Хархираа пионерын зусланд 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Ц- н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Ц нь ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Ж.Ц нь БХЯ-ны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/216 дугаартай тушаалаар цэргийн албанд татагдаж 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдөр халагдсан болох нь Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар нотлогджээ.

3. Ж.Ц-д 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээсэн 1. 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдөр амралтанд ээлжийн манаачаар авч ажиллуулав, 2. 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ардын цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлөв, 3. 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр амралтанд ээлжийн манаачаар авч ажиллуулав, 4. 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр амралтын манаачаас чөлөөлж Хархираа пионерын зусланд манаачаар шилжүүлэв, 5. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр улсад ажилласан хугацааг 11 жил, 07 сар, 24 хоногоор тооцов хэмээн бичилт хийгдэж тамга дарагдсан байх тул үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Увс аймгийн Хархираа амралтын даргын 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай тушаалын хуулбарт Ж.Ц-н 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн амралтанд ээлжийн манаачаар авч ажиллуулав гэжээ.

Увс аймгийн Хархираа амралтын даргын 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаартай тушаалын хуулбарт Ж.Ц 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ардын цэргийн албанд явах болсон тул манаачийн ажлаас чөлөөлөв гэжээ. Увс аймгийн Хархираа амралтын даргын 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаартай тушаалын хуулбарт Ж.Ц 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн амралтанд ээлжийн манаачаар авч ажиллуулав гэжээ.

Ж.Ц нь ажиллаж байх хугацаандаа буюу Хархираа амралтын захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баярын бичиг, Хархираа амралтын захиргаанаас 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баярын бичиг, Аймгийн ҮЭ-ийн зөвлөлөөс 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шагнасан баярын бичгээр тус тус шагнуулжээ.

БНМАУ-ын хүн амын регистрийн картад Хархираа амралтад 1987 онд ажилд орсон, эрхэлдэг ажил нядлагч гэж бүртгэгджээ.

3.1. Шүүхээс гэрч М.А-с мэдүүлэг авсан бөгөөд гэрч М.А Би 1986-1998 онд хүртэл Хархираа зусланг хариуцан ажиллаж байсан. Би зааварлагч буюу хариуцан ажиллаж байсан 1986 онд Улсын багшийн сургууль төгсөж ирэхэд Ж.Ц нь манаачаар ажиллаж байсан. Би 1998 онд ажлаасаа гарахад Хархираа зусланд Ж.Ц нь манаачаар ажиллаж байсан. Намайг халагдсанаас хойш Ж.Ц нь Хархираа зуслан хувьчлагдсаны дараа бас ажиллаж байсан. Би хэдэн онд Хархираа зуслан нь хувьчлагдсаныг мэдэхгүй байна. Энэ хүн нь насаараа манаачаар ажиллаж байсан, Ж.Ц нь манаач болон нядлагчаар бас ажиллаж байсан. Хархираа зуслангийн хүүхдүүдийн хоолны малын нядалдаг байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн ХЗЭ-ийн хороонд сургууль пионерын ажил хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Ж.Ц нь Увс аймгийн Хархираа амралтын газарт 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ээлжийн манаачаар, Увс аймгийн Хархираа амралтын газарт 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01 хүртэл ээлжийн манаачаар, Увс аймгийн Хархираа пионерын зусланд 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Хархираа амралтын даргын 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаартай Ж.Ц1983 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн амралтанд ээлжийн манаачаар авч ажиллуулав гэх тушаалын хуулбар, Увс аймгийн Хархираа амралтын даргын 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаартай Ж.Ц1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ардын цэргийн албанд явах болсон тул манаачийн ажлаас чөлөөлөв гэх тушаалын хуулбар, Увс аймгийн Хархираа амралтын даргын 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 56 дугаартай Ж.Ц1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн амралтанд ээлжийн манаачаар авч ажиллуулав гэх тушаалын хуулбар, Ж.Ц-н бүрэн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажиллаж байхдаа Хархираа амралтын захиргаанаас 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шагнасан баярын бичиг, Хархираа амралтын захиргаанаас 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шагнасан баярын бичиг, Аймгийн ҮЭ-ийн зөвлөлөөс 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шагнасан баярын бичиг, Хархираа амралтад 1987 онд ажилд орсон, эрхэлдэг ажил нядлагч гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, гэрч М.А-н мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ж.Ц Увс аймгийн Хархираа амралтын газарт 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ээлжийн манаачаар, Увс аймгийн Хархираа амралтын газарт 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01 хүртэл ээлжийн манаачаар, Увс аймгийн Хархираа пионерын зусланд 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Ж.Ц Увс аймгийн Хархираа амралтын газарт 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ээлжийн манаачаар, Увс аймгийн Хархираа амралтын газарт 1987 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 01 хүртэл ээлжийн манаачаар, Увс аймгийн Хархираа пионерын зусланд 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР