Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 123/ШШ2024/0062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингис овогт Дашдондогийн Энхжаргал,

Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Зочдын өргөө ХХК нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Энхжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Ялалт,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Өлзийзаяа /цахимаар/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан Д.Энхжаргалын өмчлөлийн газрын орц, гарцыг тойруулан барьсан 110118 м.кв хашааг буулгах, Д.Энхжаргалын хашааны хаалгыг хааж нийтийн эзэмшил дээр баригдсан барилгын 411 м.кв суурийг чөлөөлүүлэх, түүний өмчлөлийн газрын баруун хэсэгт цутгасан 0.4 метр гэрийн суурийг албадан чөлөөлж, Д.Энхжаргалын өмчлөлийн газартаа нэвтрэх орц, гарцыг тодорхойлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон. [1]

2. Нэхэмжлэгч тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад хандан Батсүмбэр сумын 3 дугаар багт байрлах 4,000 м.кв газарт Зочдын өргөө ХХК Монгол Улсын Газрын тухай хууль, Иргэний хууль тогтоомжийг зөрчин өөрийн өмчлөлийн газраа хэтрүүлэн ойн болон усан сангийн газар хашаалсан, ... орц гарцын асуудлаар тавьсан зохих шаардлагыг биелүүлээгүй зэрэг асуудлын хүрээнд зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэх хүсэлт гаргахад, хариуцагч Батсүмбэр сумын Засаг дарга Г.Мөнгөнхазаараас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05/337 тоот албан бичгээр Зочдын өргөө ХХК-д илүү хашсан хашаагаа буулгаж, орц, гарц гаргах албан мэдэгдлийг удаа дараа өгч ажиллаж байна. Сүүлд өгсөн албан мэдэгдлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Заасан хугацаанд илүү хашсан хашаа буулгаж, орц гарцыг нээж нийтийн эзэмшлийн гудамж, талбай чөлөөлөхгүй бол сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд ажлын хэсэг томилон газар чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллах болно гэсэн хариу өгсөн. [2]

4. Төв аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1933 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Д.Энхжаргалд хандан ... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан аймгийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн хүрээнд 20.2.7-д газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах, гэж заасан бөгөөд 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймд Зочдын өргөө ХХК-тай холбогдон үүссэн газрын маргааныг Хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгчээ. [3]

5. Гуравдагч этгээд Зочдын өргөө ХХК-д хандан Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05/304 дугаар албан бичгээр ... газар дээрх талбайн хэмжээ кадастрын зургийн хэмжээнээс зөрүүтэй байна... 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 10 хоногийн хугацаанд чөлөөлөхийг албан ёсоор мэдэгдэж байна гэж мэдэгдэл хүргүүлсэн. [4]

6. Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/797 дугаар албан бичиг ... Д.Энхжаргалын өмчилсөн 0.4 га газрыг тойруулан хашаа барьж, орох, гарах гарцыг хаасан мөн ойн сан болон усан сангийн газрыг хашаалсан байна. Иргэн Д.Энхжаргалын өмчилсөн газар голын эргээс 25 метрийн зайтай байгаа тул ... 50 метр онцгой хамгаалалтын бүсээс өмчилсөн газрын хил заагийг гаргаж байршил өөрчлөн шилжүүлэх... 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбаруудыг нийлүүлж хашаалсан хашааг буулгуулан нэгж талбар тус бүрээр хашаа бариулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг мэдэгдэж байна гэх чиглэл хүргүүлсэн. [5]

7. Нэхэмжлэгчээс Зочдын өргөө ХХК-д холбогдуулан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. [6]

8. Нэхэмжлэгч Д.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Энхжаргал нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/317 тоот Газар өмчлүүлэх тухай захирамжаар Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Баянгол дунд гарам өндрийн ар 1 дүгээр гудамж, 3 тоот, 4000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчилсөн. Харин Буянт Оюу ХХК /Зочдын өргөө ХХК-ийн толгой компани/ нь Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/342 тоот захирамжаар газар олгосон байна. Гэтэл уг Зочдын өргөө ХХК-ийн Зочны тохой амралтын газар нь өөрийн эзэмшлийн газраасаа хэтрүүлэн ойн болон усан сангийн газар мөн бусдын /Д.Энхжаргалын/ орц болон гарцыг хааж хашаалсан хууль бус үйлдэл гаргасан. Мөн тус компани нь миний өмчлөлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр, эзгүй байх хооронд хашаалсан хашааг дур мэдэн буулгаж бетон суурьтай гэрүүдийг хэтрүүлэн барьсан, мөн байшингийн суурь хэтрүүлэн цутгаж барьсан байна. Иймээс миний зүгээс 2023 оны 06 дугаар сард Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга үүссэн маргааныг хянан шийдвэрлэн гэж заасны дагуу дээр дурдсан асуудлаар хүсэлт өгсөн. Үүний дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05/304 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотоор Зочдын өргөө ХХК-д Өндрийн ард байрлах газрыг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 10 хоногийн хугацаанд чөлөөлөхийг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн байна. Мөн Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/797 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан тоотоор Батсүмбэр сумын Засаг дарга, газрын даамал нарт ... нийлүүлж хашаалсан хашааг буулгуулан нэгж талбар тус бүрээр хашаа бариулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг мэдэгдэж байна гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлсэн байна. Гэвч уг мэдэгдэлд дурдсан арга хэмжээг Зочдын өргөө ХХК нь сайн дураар биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах гэж заасны дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын албадан нүүлгэх шийдвэрийн дагуу холбогдох байгууллага уг албадан чөлөөлөх ажиллагааг хийж гүйцэтгэхээр тусгажээ. Зочдын өргөө ХХК-ийн Зочны тохой амралтын газар нь миний өмчлөлийн газрын орц, гарцыг хааж хашаалж, гэр барьж, байшингийн суурь тавьснаас үүдэн би өөрийн өмчлөлийн газартаа орж гарахад хүндрэл учирч байна. Тодруулбал газар эзэмших эрхээ хэтрүүлэн 10 орчим га газрыг хашаалан тул тойроод ч орох нөхцөл байхгүй. Зочдын өргөө ХХК-ийн Зочны тохой амралтын газрын хашаагаар дамжин ороход ч хүндрэлтэй байгаа юм. Зочдын өргөө ХХК-д чиглэл хүргүүлээд 22 сарын хугацаа өнгөрсөн атал дорвитой арга хэмжээ авагдаагүй байх тул миний бие 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад Мэдэгдэл хүргүүлэх тухай хүсэлтээ Зочдын өргөө ХХК сайн дураар газраа чөлөөлөхгүй нь тодорхой болсон тул албадан чөлөөлөх арга хэмжээ авч өгнө үү гэх агуулгаар гаргасан. Миний зүгээс дахин 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Газар өмчлөх эрхийг хязгаарласан, халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөвтгүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай гомдол өгсөн. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 05/337 тоот хариу өгсөн. Уг хариундаа ... Сүүлд өгсөн албан мэдэгдлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусна. Заасан хугацаанд илүү хашсан хашаа буулгаж, орц, гарцыг нээж нийтийн эзэмшлийн гудамж талбай чөлөөлөхгүй бол сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд ажлын хэсэг томилон газар чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллах болно гэж тусгасан хэдий боловч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өнгөрөөд удсан байхад тодорхой арга хэмжээ аваагүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг удаа дараа хүсэж дурдсан хариу мэдэгдэлд заасан хугацаа дуусаад удсан гэдгийг нь сануулж байсан хэдий огт арга хэмжээ аваагүй. Амаар арга хэмжээ авна гэж ярьдаг боловч бодит байдал дээр огт хэрэгжүүлдэггүй. Миний өргөдлийн дагуу хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдсэн хэдий боловч бодит байдал дээр хэрэгжүүлдэггүй тул энэ эс үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Нэгэнт Зочдын өргөө ХХК-д чиглэл хүргүүлээд 22 сарын хугацаа өнгөрсөн атал Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тул Засаг даргын хариуг эс зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийн хариуг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1933 тоот албан тоотоор ... Зочдын өргөө ХХК-д холбогдон үүссэн газрын маргааныг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэх агуулгатайгаар өгсөн. Түүнчлэн Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2022/04470 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар өмчлөлийн газрыг тойруулан хашаа барьсан асуудал, мөн газар дээр зөвшөөрөлгүй гэр, байшингийн суурь барьсан зэрэг асуудлыг холбогдох Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх ёстой талаар дүгнэлт хийж, Засаг даргадаа хандаж шийдвэрлүүлээгүй нөхцөлд Иргэний хэргийн шүүх хүлээн авахгүй гэж үзсэн болно. Иймээс миний зүгээс Засаг даргад удаа дараа хандах болсон. Иймд миний бие уг хариуг эс зөвшөөрч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Д.Энхжаргалын өмчлөлийн газрын орц, гарцыг хааж тойруулан барьсан хашааг буулгах, газрын орц болон гарцыг чөлөөлүүлэх, түүний газар дээр зөвшөөрөлгүй барьсан гэр байшингийн суурь зэргийг албадан чөлөөлж, нүүлгэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг даалгах өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь 2014 онд тухайн газрыг өмчилж авсан. 2015 онд Буянт-Оюу ХХК-тай газар давхцуулж олгосон байсныг Зочдын өргөө ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн. Зочдын өргөө ХХК-д газар шилжүүлсэнтэй холбоотой газрын давхцалыг арилгах тухай Засаг даргын захирамж гарч захиргааны хэргийн маргаан үүссэн. Нэгдүгээрт өмчлөх эрхтэй 4000 м.кв газрыг Зочдын өргөө ХХК тойруулан 11 га газар хашаа барьсан. Д.Энхжаргалыг өмчлөх эрхтэй газартаа нэвтэрч орох эрхэд нь халдаж гэрийн суурь барьсан. Мөн орох болон гарах гарцыг хааж, үүд хэсэгт байшингийн суурь цутгасан байдаг. Зочдын өргөө ХХК нь эхлээд нэхэмжлэгч Д.Энхжаргалын өмчлөх эрхэд халдсан, өмчлөх эрхтэй газар дээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэр барьсан. Шинжээчийн дүгнэлтээр тухайн газрын баруун хэсэгт 0,4 метр нэвтэрсэн, гэр барьсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр тухайн гэрийн суурийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Хоёрдугаарт маргаан бүхий газар нь өөрөө 3 талаараа голоор хүрээлэгдсэн. Нэг тал нь гарах гарцтай, орох, гарах гарц хашааных нь үүд хэсгийг нь хаагаад байшингийн суурь барьчихсан суурь нь нийтдээ 400 орчим м.кв хашааны гарах хэсгийн 10,9 метр хэсгийг хаасан. Зочдын өргөө ХХК нь өөрийнхөө эзэмших эрхтэй газраас хэтрүүлэн газрын суурь цутгасан нь яг гарах гарцыг нь хааж байгаа. Тэгэхээр суурийг чөлөөлүүлэхгүйгээр орж, гарах боломжгүй болсон. Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэсэн шаардлагууд тавигдаж байгаа. Мөн хамгийн гол асуудал эхний шаардлага дээр газрын орц, гарцыг чөлөөлүүлэх гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Уг шаардлагаа тодруулаад өмчлөлийн газартаа нэвтрэх болон гол гарцыг тодорхойлуулах гэсэн агуулгатай шаардлага болгож тодруулсан. Яагаад ийм шаардлага гаргаад байна вэ гэхээр 2014 онд өмчлөх эрхтэй газар авсны дараа тэр хэсэг газар ганцхан өмчлөгчтэй өөр газар өмчлөх өмчлөгч болон ашиглагч байхгүй байсан. 2015 онд Буянт-Оюу ХХК-д газар эзэмших эрх олгохдоо давхцуулж олгосны дараагаар Зочдын өргөө ХХК-д газраа шилжүүлсэн. Гэхдээ газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам 2008 онд батлагдаж 2021 онд шинэчлэгдсэн байдаг. Энэ журмаар хэд хэдэн өмчлөх эрхтэй болон эзэмших эрхтэй газрыг өмчлөгчтэй зэрэгцүүлж олгохоор газар дээр нь судалгаа хийх ёстой. Иймд орох болон гарах гарцыг тодорхойлох ёстой байгаа юм. Хамгийн сүүлд Зочдын өргөө ХХК нь тухайн газрыг олгохдоо орох болон гарах гарцыг тодорхойлж өгч байж газар олгох асуудлыг шийдвэрлэх ёстой. Бидний зүгээс удаа дараа Батсүмбэр сумын Засаг даргад хандаад байгаа нь 2020 оны 08 дугаар сард Зочдын өргөө ХХК-д газрыг олгохдоо Зочдын өргөө ХХК болон нэхэмжлэгч Д.Энхжаргал нарын орох болон гарах гарцыг яаж тодорхойлж өгсөн юм бэ гэдэг асуудал юм. Ерөнхийдөө нийтийн эзэмшлийн замыг дайруулаад тодорхой хэсгүүдээр нь Зочдын өргөө ХХК-ийн газар оруулаад газар олголт хийчихсэн. Нөгөө хашаатай талд гол ойрхон, замтай талд намаг байдаг учраас орох болон гарцын асуудлыг хариуцагч тодорхойлж өгөх ёстой. Бидний зүгээс энэ талаар удаа дараа орц гарцыг хэрхэн тодорхойлж өгсөн юм бэ гэдэг асуудлаар хүсэлтүүдийг тавьж байсан боловч сумын Засаг даргаас хариу өгдөггүй. Анх хэрхэн төлөвлөсөн, хаагуур явна гэж төлөвлөж байсан юм гэдгийг тодорхойлох байх. Хэрэв орц, гарц тодорхойлогдоогүй гэж үзэж байгаа бол орц гарцыг тодорхойлохыг шүүхээс хариуцагчид даалгаж өгнө үү. Нэхэмжлэгчээс Зочдын өргөө ХХК-ийн тойруулан барьсан 11 га газрын хашааг буулгуулах, өмчлөлийн газартаа нэвтрэх болон гарах гарцыг тодорхойлуулах, нэвтэрч орсон хэсгийг чөлөөлүүлэх гэсэн 4 агуулгаар гаргасан. Батсүмбэр сумын Засаг даргад Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж зааснаар хандаж байсан боловч хүлээж аваагүй. Мөн дээд шатны байгууллагад мөн гомдол гаргасан. Тэгэхээр Засаг даргын эс үйлдлүүдийг хууль бус болохыг тогтоож, шаардлага авч хэрэгжүүлэхийг хариуцагч талд даалгаж өгнө үү. Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй иргэний хэргийн маргаан дээр яг энэ агуулгатай маргаанууд яваад шинжээч томилогдоод, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь Засаг даргад хандаад шийдвэрлүүлэх боломжтой маргаан байна гэсэн үндэслэл байсан. Захиргааны журмаар шийдвэрлэх, Захиргааны шүүхэд хандаад шийдвэрлүүлэх бүрэн эрх нь байна гэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжтай байдаг. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу манай зүгээс Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад хандаад Засаг дарга манай хүсэлтийн дагуу хариу албан бичгийг хүргүүлсэн. Зочдын өргөө ХХК бол яг тухайн үед ямар албан бичгээр шаардлага тавьсан гэдгийг мэдээгүй байж байгаад шүүх дээр ирээд мэдсэн. Ерөнхий агуулга бол газар эзэмшигчийн газар эзэмшүүлэх гэрээний заалтын үүргээ зөрчсөн байгаа учраас энэ зөрчлийг арилга, арилгахгүй бол газрыг хүчингүй болгоно гэсэн агуулгатай шаардлага хүргүүлсэн гэсэн. Нэхэмжлэгч талд газар чөлөөлүүлэх талаар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор чөлөөлүүлэх шаардлагуудыг хариуцагч талд тавьчихсан гэсэн мэдэгдэл ирсэн. Энэ шаардлагыг тодорхой хугацаанд хүлээсэн ч тодорхой арга хэмжээ бол аваагүй, чөлөөлүүлээгүй, хэвээр байсан. Ийм учраас хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх болсон гэжээ.

10. Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч шүүхээс газар албадан чөлөөлөхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Энхжаргалд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянголын Зүүнт гармын 1-3 тоот хаягт 18636359384258 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газрыг өмчлөх эрхтэйгээр олгосон. Зочдын өргөө ХХК-тай байгуулсан орчны бүсдээ хяналт тавих, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх гэрээнд хашаа болон бусад байгууламж барих тухай огт дурдаагүй бөгөөд өөрийн эзэмшлийн газраасаа илүү гарган усны сав бүхий онцгой хамгаалалтын бүсэд байшин, гэр мөн байшингийн суурь, хашаа барьсан. Иймд Зочдын өргөө ХХК нь хууль бус хашаа барьсан бусдын өмчлөлийн газрын орц гарцыг хааж хашсан мөн усны сав бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд байшингийн суурь гэрүүд хашаа барьсан байгаа нь хууль зөрчиж байгааг тогтоон хашааг албадан буулгах шийдвэр гаргаж, эзэмшлийн газрын кадастрын зургийн дагуу хашаалах барилга байгууламжийг зөөлгөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

12. Гуравдагч этгээд Зочдын өргөө ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.Энхжаргалаас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдуулан түүний өмчлөлийн газар дээрх Зочдын өргөө ХХК-ийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй эс үйлдэхүйг тогтоолгох, эрх зөрчсөн үйлдлийг хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэл нь үндэслэлгүй, шаардах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байгаа тул энэхүү хариу тайлбарыг хүргүүлж байна.

Зочдын өргөө ХХК нь 4112043476 нэгж талбарын дугаартай 4 га газрыг амралтын газрын зориулалтаар эзэмшиж байсан ба уг газрын байршил нь усан сан бүхий газрын 50 метрийн онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байсан тул хуульд заасан үндэслэлээр байршил өөрчлүүлэх хүсэлт гаргаснаар 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Газрын хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах тухай Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын А/374 дугаартай захирамж гарч нэгж талбарын 4112044013 дугаартай 15027 м, нэгж талбарын 4112044014 дугаартай 16799м, нэгж талбарын 4112044015 дугаартай 8172 м газар болгон хуульд нийцүүлэн тус тус өөрчилсөн.

Энэхүү өөрчилсөн Засаг даргын захирамжийг үндэслэн Монгол улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1-д заасан үндэслэлээр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15 жилийн хугацаатай байгуулсан.

Зочдын өргөө ХХК ийн эзэмшиж буй газрын дунд аливаа байдлаар давхцаагүй байдлаар иргэн Д.Энхжаргалын 4000 м.кв өмчлөлийн газар оршдог бөгөөд Зочдын өргөө ХХК болон Төв аймгийн эрх бүхий байгууллагын зүгээс иргэн Д.Энхжаргалын газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд аливаа байдлаар халдсан үйлдэл байхгүй бөгөөд үүнийг Төв аймгийн Захиргааны хэргийн болон сум дундын Иргэний хэргийн шүүхээс тогтоож шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон.

Мөн иргэн Д.Энхжаргалын Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/317 тоот захирамжаар Баянгол 3 дугаар багт 4000 м.кв Зочдын өргөө ХХК-ийн эзэмшлийн газрын хажууд гэр бүлийн зориулалтаар өмчилдөг газар нь Монгол улсын газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.1, 5 дугаар зүйл 5.1.2-т заасныг зөрчиж байгаа, Усны тухай хуулийн 22 дугаар зүйл 22.2, 22.3-д заасан онцгой хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүстэй давхцаж байгаа нь тус тус холбогдох хууль зөрчиж байгаа тул Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад хуульд нийцүүлэн байршил өөрчлүүлэх ажиллагааг хэрэгжүүлж өгөхийг хүсэж өргөдөл, гомдол гаргаж байсан болно. Иймд иргэн Д.Энхжаргалын нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Д.Энхжаргалын зүгээс Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, орц, гарцыг бий болгохыг даалгах, нийтийн эзэмшлийн хэсэг дээр Зочдын өргөө ХХК-ийн орсон суурийг чөлөөлүүлэх, гэрийн суурийг албадан чөлөөлөх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэдэг асуудал дээр Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас аливаа нэгэн байдлаар эс үйлдэхүй гаргасан гэдэг асуудал бол яригдаагүй гэж үзэж байгаа. Учир нь Д.Энхжаргалын зүгээс тухайн газрын орц гарцыг нээж өгнө үү гэдэг байдлаар удаа дараа хүсэлт тавьсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байдаг боловч үүнд нэг асуудал байгаа юм. Энэ нь өнөөдрийн байдлаар тухайн орц гарцын асуудлуудыг нээж өгнө үү гэдэг асуудал яригдаж байгаа боловч тухайн газрыг 2014 онд өмчилж авахдаа тухайн орц гарцын асуудлаа тогтоогоогүйгээр өмчилж авсан зүйл байгаа. Газраа 2014 онд өмчилж авчхаад одоо гэнэт орц гарцаа тогтоолгоё гэдэг ийм агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага орж ирж байна. Дараагийн асуудал нь Д.Энхжаргалын өмчлөлийн газар нь өөрөө Усны тухай хууль болон Газрын тухай хуулиа зөрччихсөн нөхцөл байдал тогтоогдоод аймгийн Барилга хот байгуулалтын газраас тухайн газрыг шилжүүлэх даалгавар ирчихсэн байдаг. Энэ шилжүүлэх тухай даалгавар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газраас тухайн газар нь өөрөө одоо хууль бус, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.3-т Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж тус тус заасныг зөрччихсөн, онцгой хамгаалалтын бүсэд нэвтэрчихсэн учраас тухайн Д.Энхжаргалын өмчлөлийн газрыг нүүлгэн шилжүүлж өөр газар олго гэсэн асуудал гарсан. Ийм асуудлууд байгаа учраас Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас уг асуудал дээр ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа хийх боломжгүй. Уг асуудлыг Иргэдийн төллөгчдийн хурлаараа хэрхэн хэлэлцээд, яаж шилжүүлэх вэ, хаана шилжүүлэх вэ, хаана өмчлөлийн газар олгох вэ гэдэг ийм л асуудал яригдах ёстой юм. Тэгэхээр энэ асуудал дээр нэхэмжлэлийн шаардлага тавигдаагүй учраас энд эс үйлдэхүй хууль бус болгохыг тогтоолгох гэдэг асуудал яригдахгүй гэж үзэж байгаа юм. Орц гарцыг албадан чөлөөлүүлэх гэдэг дээр Д.Энхжаргалын өмчлөлийн газрын орц гарц нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй учраас хэрхэн яаж орц гарцаа тогтоох вэ гэдэг асуудал тавигдаж байгаа. Тэгэхээр орц гарцаа тогтоогоогүй юм чинь аль хэсгийг нь чөлөөлүүлэх юм бэ гэдэг асуудал яригдана. Өнөөдөр Зочдын өргөө ХХК-ийн хувьд нэгэнт олгосон газрынхаа хүрээнд орц гарцаа бий болгоод явчихсан. Манай зүгээс энэ орц гарцаар нэвтрээд асуудлуудаа шийдэж болно. Энэ дээр маргах шалтгаан нь 7,000,000 төгрөгөөр засаж, сайжруулсан учраас хоёулаа асуудлаа шийдээд явъя гэхээр нэхэмжлэгч талаас мөнгө төлөхгүй гээд талууд маргадаг. Тэгвэл өөрсдөө орох гарах асуудлаа шийдье гэхээр нэхэмжлэгч талаас би заавал энүүгээр орох ёстой гэдэг асуудал тавьдаг юм. Иймд орц гарцынхаа асуудлыг тодорхойлоогүй байж миний орц, гарц энэ гэдэг асуудал гардаг. Энэ нь нөгөө даалгах гэдэг асуудал маань өөрөө юуг даалгах гээд байгаа вэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн 2021 оны журам дээр судалгаа шинжилгээгээ хийсэн эсэх, судалгаа шинжилгээний дагуу орц гарцаа тодорхойлсон эсэх нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй, энэ журмыг хэрэгжүүлээгүй байна. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө энэ журмаа хэрэгжүүлээ гэдэг асуудлаа тавьсан бол нэг өөр асуудал. Нэхэмжлэлийн шаардлагад өөр асуудал байгаад байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

1. Нэхэмжлэгчээс Д.Энхжаргалын өмчлөлийн газрын орц, гарцыг тойруулан барьсан 110118 м.кв хашааг буулгах, Д.Энхжаргалын хашааны хаалгыг хааж нийтийн эзэмшил дээр баригдсан барилгын 411 м.кв суурийг чөлөөлүүлэх, түүний өмчлөлийн газрын баруун хэсэгт цутгасан 0.4 метр гэрийн суурийг албадан чөлөөлж, Д.Энхжаргалын өмчлөлийн газартаа нэвтрэх орц, гарцыг тодорхойлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засаг даргад даалгах гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Нэхэмжлэгч Д.Энхжаргалд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/317 дугаар Газар өмчлүүлэх тухай захирамжаар тус сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Дунд гарам өндрийн ар 1 дүгээр гудамж, 3 тоотод 4000 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, газрын кадастрын санд бүртгэсэн, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 000283520 дугаар, Г-1403001651 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. /1-р хх-8-10/

3. Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/342 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар дуудлага худалдаанд шалгарсан гэсэн үндэслэлээр Буянт-Оюу ХХК-д тус сумын Баянгол 3 дугаар баг Зочны тохойд 4 га газрыг амралт сувиллын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. /1-р хх-136-138/

4. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ ирүүлсэн гэж Буянт-Оюу ХХК-ийн 4000 м.кв газрыг Зочдын өргөө ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн 000011425 дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар олгосон.

5. "Зочдын өргөө" ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Батсүмбэр сумын Засаг дарга, газрын даамал нарт хандан 4112043476 нэгж талбарын дугаар бүхий газрын кадастрын зургийг шинэчлэн мэдээллийн санд оруулах хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг Батсүмбэр сумын Засаг дарга хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн "Зочдын өргөө" ХХК-д эзэмшүүлсэн 4000 м.кв газрын байршлыг өөрчлөн 3 өөр байршилд 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбарт тус тус хувааж 16700 м.кв, 15029 м.кв, 8172 м.кв талбайтайгаар "Зочдын өргөө" ХХК-д эзэмшүүлж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

6. Хэдийгээр Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05/337 дугаар албан бичгээр "Зочдын өргөө" ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн талаар дурдсан боловч бодит байдал дээр хэрэгжээгүй байна. /1-р хх-18/

7. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээд Зочдын өргөө ХХК нь иргэн Д.Энхжаргалын өмчлөлийн газрын баруун талын гэрийн буурь 0.4 метр оруулан цутгасан, гэрийн 2 буурь нийтийн эзэмшил дээр, барилгын суурь 563 м.кв байгаагаас 152 м.кв нь Зочдын өргөө ХХК-ийн эзэмшил дээр, 411 м.кв нь нийтийн эзэмшил дээр, Д.Энхжаргалын өмчлөлийн газрын урд хэсэгт баруун талаас 50.8 м.кв Зочдын өргөө ХХК-ийн эзэмшил газрын кадастртай залгаа орц гарцны 10.9 метр хэсгийг хааж барилгын суурь цутгасан, мөн Зочдын өргөө ХХК нь Д.Энхжаргалын өмчлөлийн газрын хашааг тойруулан 110118 м.кв буюу 11 га газрыг хашаалсан, Зочдын өргөө ХХК-ийн хашааны үүд хэсэгт байрлах эзэмшлийн газрын үзүүрийн цэгээс гол хүртэл 45 метр болох нь тус тус тогтоогдож байна гэжээ. /2-р хх-53-54/

8. Дээрх шинжээчийн дүгнэлт болон маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэлээс үзвэл "Зочдын өргөө" ХХК нь Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 3 өөр байршилд байрлах 4112044013, 4112044014, 4112044015 нэгж талбар бүхий газруудыг нийлүүлж, нийтийн эзэмшлийн газарт хашаа барьснаас, мөн усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд Засаг дарга "Зочдын өргөө" ХХК-д газар эзэмшүүлснээс, Д.Энхжаргалын өмчлөлийн газрын хашааны үүдэнд байшингийн суурь цутгаснаас болж, нэхэмжлэгч Д.Энхжаргалын өмчлөлийн газарт орох гарах гарцыг хаасан нөхцөл байдал тогтоогдлоо. /2-р хх-53-54, 60-61/

9. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү эрх зөрчигджээ.

10. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж тус тус заасны дагуу Д.Энхжаргалын өмчлөлийн газарт "Зочдын өргөө" ХХК-иас цутгасан гэрийн суурь болон хашааны хаалгыг таглаж нийтийн эзэмшлийн газарт барьсан байшингийн суурь, хашааг буулгах, орц гарцыг тогтоож өгөхгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

11. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг дараах байдлаар тогтоов. Үүнд:

11.1. Т.Энхжаргалын өмчлөлийн газрын баруун талыг оруулан цутгасан 0.4 метр хэмжээтэй гэрийн буурийг авч, чөлөөлөх

11.2. Д.Энхжаргалын өмчлөлийн газрын хашааны урд байрлах, нийтийн эзэмшлийн 411 м.кв дээр баригдсан барилгын суурийг нурааж, газрыг чөлөөлөх

11.3. Д.Энхжаргалын өмчлөлийн газар болон нийтийн эзэмшлийн газрыг тойруулан барьсан 110118 м.кв хашааг нурааж, газрыг чөлөөлөх.

11.4. Зочдын өргөө ХХК-ийн хашааны үүдний гадна талд нийтийн эзэмшлийн талбай болох зам дээгүүр, голын онцгой хамгаалалтын бүсэд орсон газрыг Засаг дарга нь Зочдын өргөө ХХК-д тухайн газрыг эзэмшүүлсэн захирамжид өөрчлөлт оруулах, улмаар кадастрын зурагт өөрчлөлт оруулах, газрын нэгдмэл санд оруулах замаар орц, гарцыг чөлөөлөх,

11.5. Д.Энхжаргалын өмчлөлийн газар луу нэвтрэх орц, гарцыг тодорхой болгохын тулд төв замаас Д.Энхжаргалын газар луу орох хэсэг газарт Зочдын өргөө ХХК-ийн эзэмшлийн зам дагуу байрлалтай хэсгийг жижиг хашаа барих замаар нийтийн эзэмшлийн талбайг тодорхойлж, хувийн эзэмшлийн газрыг нийтийн эзэмшлийн газраас зааглах.

11.6. Дээрх арга хэмжээнүүдийг /10.4 дэх заалтаас бусад/ Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга эхний удаад Зочдын өргөө ХХК-д хугацаатай мэдэгдэл өгөх замаар хэрэгжүүлэх бөгөөд хэрэв заасан хугацаанд биелүүлэхгүй бол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй.

12. Энэхүү шүүхийн шийдвэр нь байнгын шинжтэй болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч Д.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлага болох Д.Энхжаргалын өмчлөлийн газрын орц, гарцыг тойруулан барьсан 110118 м.кв хашааг буулгах, Д.Энхжаргалын хашааны хаалгыг хааж нийтийн эзэмшил дээр баригдсан барилгын 411 м.кв суурийг чөлөөлүүлэх, түүний өмчлөлийн газрын баруун хэсэгт цутгасан 0.4 метр гэрийн суурийг албадан чөлөөлж, Д.Энхжаргалын өмчлөлийн газартаа нэвтрэх орц, гарцыг тодорхойлох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, холбогдох арга хэмжээ авахыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:

2.1. Т.Энхжаргалын өмчлөлийн газрын баруун талын хэсгийг оруулан цутгасан 0.4 метр хэмжээтэй гэрийн буурийг авч, чөлөөлөх

2.2. Д.Энхжаргалын өмчлөлийн газрын хашааны урд байрлах, нийтийн эзэмшлийн 411 м.кв талбай дээр баригдсан барилгын суурийг нурааж, газрыг чөлөөлөх

2.3. Д.Энхжаргалын өмчлөлийн газар болон нийтийн эзэмшлийн газрыг тойруулан барьсан 110118 м.кв хашааг нурааж, газрыг чөлөөлөх.

2.4. Зочдын өргөө ХХК-ийн хашааны үүдний гадна талд нийтийн эзэмшлийн талбай болох зам дээгүүр, голын онцгой хамгаалалтын бүсэд орсон газрыг Засаг дарга нь Зочдын өргөө ХХК-д тухайн газрыг эзэмшүүлсэн захирамжид өөрчлөлт оруулах, улмаар кадастрын зурагт өөрчлөлт оруулах, газрын нэгдмэл санд оруулах замаар орц, гарцыг чөлөөлөх,

2.5. Д.Энхжаргалын өмчлөлийн газар луу нэвтрэх орц, гарцыг тодорхой болгохын тулд төв замаас Д.Энхжаргалын газар луу орох хэсэг газарт Зочдын өргөө ХХК-ийн эзэмшлийн зам дагуу байрлалтай хэсгийг жижиг хашаа барих замаар нийтийн эзэмшлийн талбайг тодорхойлж, хувийн эзэмшлийн газрыг нийтийн эзэмшлийн газраас зааглах.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 1,472,521 төгрөгийг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхжаргалд тус тус олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] 2 дүгээр хавтас 84 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэл

[2] 1 дүгээр хавтас 18 дугаар тал

[3] 1 дүгээр хавтас 19 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтас 20 дугаар тал

[5] 1 дүгээр хавтас 21 дүгээр тал

[6] 1 дүгээр хавтас 26-30 дугаар тал