Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

20 2023          3             09                                     

                2023/ДШМ/16

 

М.Хт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч М.Мдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Цэрэнтогтох

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсүх,

            түүний өмгөөлөгч Б.Солонго /цахим сүлжээгээр/

            Хохирогч Б.У өмгөөлөгч С.Одгариг /цахим сүлжээгээр/

            Иргэний нэхэмжлэгч С.Алтаншагайн өмгөөлөгч Т.Мсүлд

            /цахим сүлжээгээр/

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа /цахим сүлжээгээр/

            Шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч Р.Мбаясгалан

                        Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Х-т холбогдох эрүүгийн 2234000680092 дугаар хэргийг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Ж овогт М-ийн Х, 1977 оны 11 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 10 дугаар хороо, Зүүннарангийн 96/Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

М.Х нь 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг, Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн 75-76 дахь километрийн шонгийн ойролцоо хатуу хучилттай асфальтан замд “Тоёота приус” 20 маркийн 9209 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-н “а”-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Алтаншагайн жолоодож явсан “Тоёота приус” 20 маркийн 0121 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 0121 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Мөнгөн-Эрдэнийн амь нас хохирч, Б.У,  Ү.Маралжин, Б.Марал-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүнд, Ү.Анужинд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас М.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт М-ийн Х-ыг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирч, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч М.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолох,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Х-аас 26.243.780 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсүхэд  12.562.840 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Алтаншагайд 8.995.000 төгрөг, хохирогч Б.Уд 4.685.940 төгрөг тус тус олгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, насанд хүрээгүй хохирогч Б.М ёсны төлөөлөгч А.Б Б.М гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа, хохирогч Б.У /насанд хүрээгүй хохирогч Ү.А, Ү.М/ нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б гаргасан давж заалдах гомдолдоо: А.Б миний бие амь хохирогч Б.М, насанд хүрээгүй хохирогч Б.М нарын хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

М.Х нь 4 шил архи худалдан авч 2 шил архийг нь машин барьж байхдаа ууж явснаас болж миний нэг охин нас барж, нөгөө охин маань хэвтрийн болж манай гэрт нөхөж баршгүй уй гашуу тохиолдсон. Уг үйл явдлын улмаас манай эхнэр Д.Н өөрийн гэсэн ухаангүй болж юу хийхээ мэдэхээ байж маш хэцүү байдалд орсон. Тухайн үед миний охин Б.М ослын газар нас барж, нөгөө охин Б.М биеийн байдал маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай эмнэлэгт сахиж асарч байсан учраас миний эхнэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож чадаагүй учраас шүүх хуралд оролцож хуулийн байгууллагад хэлэх гэсэн үгээ хэлж чадаагүй.

 

Зам тээврийн ослоос хойш өнөөдрийг хүртэл М.Х биднээс албан ёсоор уучлалт гуйгаагүй, /шүүх хурал дээр өөрөө хөнгөн хариуцлага хүлээхийн тулд хүчээр харамсаж байна гэж хэлсэн/ байнга эмнэлэгт хэвтэж байхад маш олон хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байхад М.Х болон түүний талаас  нэг ч хүн ирж уулзаагүй. Одоо миний охин байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай, хэвтрийн болсон, эмчилгээнд эм тариа, эмнэлгийн зардал, том хүний памперс маш их хэрэг болж байгаа тул бид заримдаа аргагүйн эрхэнд М.Х-ын ар гэрийнхэнтэй нь ярьж учир байдлаа хэлэхэд хүргэн ах нь би мэдэхгүй гэдэг, эгчтэй нь ярих гэхээр надад хамаагүй гээд таслаад байдаг.

 

Б.М охины минь биеийн байдал ямар байгааг хүүхдийг маань алсан М.Х болон түүний гэр бүлийнхэн нэг ч удаа хараагүй бөгөөд миний эрүүл саруул байсан охиныг асаргаа, сувилгаа шаардлагатай хэвтрийн хүн болгосон байгаа нөхцөл байдлыг тэдэнд харуулахыг хүссэн боловч биднийг тоохгүй байсаар шүүх хурлыг хийлгэсэн. Эрүүл, саруул байсан хүүхэд маань эдгэх боломжгүй хүнд гэмтэл авсанд маш их гомдолтой байна. Эмчилгээний эм тариа долоо хоног хэрэглээд дуусчихдаг. 10 ширхэг памперсыг 3-4 хоногтоо хэрэглэж дуусаж байна. Эмчилгээний зардал маш их гарч байгаа учир гарсан хохирлоо маш яаралтай гаргуулж авмаар байна.

 

М.Х нь хүний урманд утсаар яриад охины биеийн байдлыг асуугаагүй байхад түүнд 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна.

 

Түүний ялыг хүндрүүлж өгнө үү, архи уугаад машин бариад явж байгаа нь хутга бариад хүн алахаар явж байгаатай адил гэж үзэж байна. Хүний нэг охины амийг хөнөөчхөөд нөгөө охиныг маань насаар нь хэвтрийн болгочхоод хохирлоо ч барагдуулаагүй байхад шүүгч хөнгөн ял өгч, нээлттэй дэглэмд эдлүүлж байгаа нь шударга бус байна гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсны дараа М.Хын ар гэрийнхэнтэй нь ярихад бидэнд хамаагүй гээд хаясан. Хүний аминд хүрч, нэг хүүхдийг нь насаар нь хэвтрийн болгосон байхад яагаад энэ хүн дөрөвхөн жилийн хорих ял авч байгаа юм бэ. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Солонго /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч талаас хохирлыг төлж хүүхдийг хөл дээр нь босгох тал дээр анхаарна гэсэн атлаа шүүх хуралдааны маргаашаас нь алга болсон. Мөн шүүгдэгч М.Х үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй байхад анхан шатны шүүх хөнгөн ял оногдуулсан гэв.

 

Хохирогч Б.Уы өмгөөлөгч С.Одгариг /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У хохиролдоо 2.500.000 төгрөгөөс өөр мөнгө аваагүй байгааг анхаарч үзнэ үү гэв.  

 

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мсүлд /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч С.Алтаншагай одоо хүртэл хохирлоо аваагүй байгаа болон анхан шатны шүүх зарим нэг нотлох баримттай зүйлийг жич нэхэмжлэхээр шийдвэрлэснийг анхаарч үзнэ үү гэв.

 

Иргэний хариуцагч Э.Бямбаахүүгийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч М.Хт хуулийн хүрээнд ял оногдуулсан үндэслэл бүхий шийдвэр гаргасан байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

 

Шүүгдэгч М.Хын өмгөөлөгч Р.Мбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурортой санал нэг байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл: Шүүгдэгч М.Х нь 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг, Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн 75-76 дахь километрийн шонгийн ойролцоо хатуу хучилттай асфальтан замд “Тоёота приус-20” маркийн 9209 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Ан жолоодож явсан Тоёота приус-20 маркийн 0121 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 0121 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.М амь нас хохирч, Б.У, Ү.М, Б.М нарын эрүүл мэндэд хүнд, Ү.Анужины эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Б.У-ы “...С.Алтаншагай миний гар утас руу залгаад 2 хүн олчихлоо явах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн..., ...машин дотор нь хоёр охин дүү нь байсан..., ...би С.Алтаншагайгийн машинд өөрийн Ү.Эмүүжин, Ү.Анужин, Ү.Маралжин нарын хамт суугаад Улаанбаатар хот явсан. ...баруун гар тал руу харахад Багахангай гэсэн самбар байсан. Тэгээд зүүн тийш харахад цагаан өнгийн приүс маркийн машин явж байгаад гэнэт манай машин руу чиглээд ороод ирсэн. Тэр зуур ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд даараад ухаан ороход машины хажууд газар хэвтэж байсан. Эмч ирчихсэн үзэж байсан, тэгээд эмнэлгийн машинаар эмнэлэгт хүргүүлсэн...” гэх[1],

 

Амь хохирогч Б.М, насанд хүрээгүй хохирогч Б.М нарын хууль ёсны төлөөлөгч А.Б “...Б.М маань 2010 онд төрсөн айлын 2 дахь хүүхэд, Б.М маань 2008 онд төрсөн айлын 3 дахь хүүхэд байгаа юм. С.Алтаншагай нь миний эхнэр Д.Н төрсөн эгч Д.Гэрэлтуяагийн нөхөр..., ...Д.Гэрэлтуяагийн том охин Улаанбаатар хотод байдаг, тэр хүүхэдтэй хань болгохоор манай охин Б.М, Б.М нарыг авч явсан..., ...буяны ажилд гарсан зардал, эмчилгээний зардал, нааш цаашаа байнга явж байгаа урсгал зардлыг нэхэмжилнэ...” гэх[2]

 

Насанд хүрээгүй хохирогч Ү.Анужин, Ү.Маралжин нарын хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын “...Ү.Анужин 5 настай, Ү.Маралжин 4 настай.  ...Гомдолтой, хохирлыг нь барагдуулж авмаар байна. Тэдний ээж Б.У одоо болтол эмчилгээтэй би асарч байгаа...” гэх[3],

 

Насанд хүрээгүй гэрч Ү.Эмүжиний “...нүдээ нээгээд харахад машин замаас гарчихсан машин дотор Ү.Маралжингийн хамраас цус гарчихсан Ү.Анужингийн зүүн хөл нь сонин болоод дарагдсан байсан. Бид нарын машин замаас гараад онхолдсон, урд талын суудал дээр сууж явсан эгч доошоо тонгойсон толгойноос нь цус гарсан, арын суудал дээр сууж явсан эгч харагдахгүй, жолооч ах гэмтээгүй байсан. Бид нарыг жолооч ах машинаас гаргаж байгаад замын машин зогсоогоод хүмүүсийг туслаарай гэж гуйж байсан, бас нэг ухаангүй байсан эгчийг тэврээд сэргээрэй миний дүү гэж хэлж байсан...” гэх[4],

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мөнгөншагайн гэрчээр өгсөн “...Би Говьсүмбэр аймгаас өөрийн эзэмшлийн Тоёота приүс маркийн 0121 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу явахаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Лүнгийн 131 тоотоос Б.Марал-Эрдэнэ, Б.Мөнгөн-Эрдэнэ нарыг авсан. Тэр үед манай хуучин ажлын хүн миний гар утас руу залгаад Улаанбаатар хот явах гэж байгаа юм уу гэж асуухаар нь би тийм гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу би 3 жаахан хүүхэдтэй Улаанбаатар хот явмаар байна дайгдаад явъя гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрөөд тэд нарыг Говьсүмбэр аймгийн “МТ” шатахуун түгээх газар дээрээс аваад тэндээс машиндаа бензин хийгээд Улаанбаатар хот руу явсан. ...Багахангай дүүргийн самбар өнгөрөөд явж байтал уруу газарт цаад тал нь харагдахгүй байхаар нь зөөлөн цаашаа явж байсан ба тэр үед манай машины өөдөөс цагаан өнгийн Тоёота приүс маркийн машин ирж байсан. Тэр машин дөхөж ирээд зөрөх үедээ шууд миний явж байсан машины эгнээ рүү дараад ороод ирсэн, тэгээд осол болсон..., ...Б.Мөнгөн-Эрдэнэ маань нас барсан...” гэх[5] мэдүүлгүүд,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 29 тоот “...Талийгаач Б.Мөнгөн-Эрдэнэ нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Б.Мөнгөн-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь яс, баруун, зүүн ухархайн дээд хананы хугарал, дагз ясны хугарал, баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд шарх, уушгины эдэд няцрал, цус хуралт, элэгний задрал, бөөрний өөхөн эдэд цус хуралт, зүүн дунд чөмгөний далд хугарал, нүүрэнд олон тооны шарх зулгаралт, зүүн шуу, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх[6],

 

2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 16 тоот “...Б.Марал-Эрдэнийн биед тархи доргилт хүнд зэрэг, хаван, их тархины баруун зулай оройд хатуу хальсан доорх цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, баруун чамархай, бага тархины зүүн дэлбэнд тархины эдийн цус хуралт, няцрал, зулай, чамархайн тархины эдийн атираа ховил завсарт цус харвалт, хэвлийн хөндийд цусархаг шингэн хуралдалт, дэлүүний задрал, нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний дэлүүний булангийн няцрал, дух ясны хугарал, зүүн дунд чөмгөний дунд 1/3 хэсгийн хөндлөн ил хугарал, хацар, дух, баруун зулайн хуйханд хууларсан, зүүн дунд чөмгөний дунд 1/3 хэсэгт ангайсан шарх, зүүн чамархай, нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, дух, чамархайд гаднын биет бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх[7],

 

2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 34 тоот “...Б.Уы биед хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн талын умдаг ясны дээд салаа, их бие дайрсан ясны сэлтэрхий бүхий зөрүүтэй, умдаг ясны доод салаа суудал яс бага зэрэг зөрүүтэй, баруун умдаг ясны их бие бага зэрэг зөрүүтэй, ууцны 1, 2-р нугалмуудын зүүн латериал масс дайрсан, бүсэлхийн 5-р нугалмын зүүн ламины хугарал, нугасны хүнд зэргийн дарагдал, нүүрэнд зулгаралт, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн шуу, сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна...” гэх[8],

 

2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18 тоот “...Ү.Маралжингийн биед дэлүүний задрал /2022.01.06-ны өдөр мэс заслаар авагдсан/, нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний дэлүүний булангийн няцрал, хэвлийн хөндийд цусархаг шингэн хуралдалт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дэлүү мэс заслаар авах гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.56.6-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтыг үлэмж хэмжээгээр буюу 30% тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх[9],

 

2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 17 тоот “...Ү.Анужингийн биед зүүн дунд чөмгөний хүзүүний далд хугарал, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх[10] шинжээчийн дүгнэлтүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 661 дугаар химийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн М.Х 44/эр гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн М.Х 44/эр гэж хаягласан цусанд 0.8 промилли спиртийн агууламж илэрч байна. ...согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[11],

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ш.Анхбаярын гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 02 тоот “...Тоёота Приус маркийн 9209 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Хыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв гэх шинжээчийн дүгнэлт[12],

 

Хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл[13] зэрэг хэрэгт авагдсан, тухайн хэрэгт ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээр дурдагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

            Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

 

            Прокуророос М.Хыг согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Хын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Шүүхээс гэм буруу нь тогтоогдсон этгээдэд шүүгч Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхдээ хуулийн ерөнхий ангид заасан журам, зарчмуудыг удирдлага болгодог ба ингэхдээ шүүхэд үүрэг болгосон /императив/ хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон /диспозитив/ зарчмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг.

 

            Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал байдаг.

 

            Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгээс үзвэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Х нь  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрхтэй ба өөрөөр хэлбэл тус шүүхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлыг хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.Хаас нийт 26.243.780 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б 12.562.840 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Алтаншагайд 8.995.000 төгрөг, хохирогч Б.Уд 4.685.940 төгрөг тус тус олгож, цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, амь хохирогч Б.Мөнгөн-Эрдэнэ, насанд хүрээгүй хохирогч Б.Марал-Эрдэнэ нарын хууль ёсны төлөөлөгч А.Батсүхийн гаргасан “...шүүгдэгч М.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг бүрэн гүйцэд барагдуулаагүй байхад 4 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хөнгөдсөн тул түүнд оногдуулсан хорих ялыг хүндрүүлэн хохирлыг яаралтай гаргуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэг хүний..., гурван хүний эрүүл мэндэд...” гэх мэтээр бичиж шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зохимжгүй болсон байгааг болон шүүгдэгч М.Хын анхан шатны шүүх хуралдаан болсон 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсон зэргийг дурдав.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ТҮВШИНТӨГС

 

 

 

                                    ШҮҮГЧИД                                           Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хх-ийн 33-35-р тал

[2] 1-р хх-ийн 39-р тал

[3] 1-р хх-ийн 44 тал

[4] 1-р хх-ийн 47 тал

[5] 1-р хх-ийн 54-55 тал

[6] 1-р хх-ийн 60-61-р тал

[7] 1-р хх-ийн 122-124 тал

[8] 1-р хх-ийн 145-146 тал

[9] 1-р хх-ийн 126-127-р тал

[10] 1-р хх-ийн 129-130 тал

[11] 1-р хх-ийн 134-136 тал

[12] 1-р хх-ийн 120 тал

[13] 1-р хх-ийн 4-6, 7-13, 14-21, 25-26-р тал