Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 152/ШШ2025/00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа оролцов.

Нэхэмжлэгч Д.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд эхнэр өвчтэй байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие 1965 онд Увс аймгийн ********* суманд төрсөн. Одоо 59 настай. 1981 онд 8-р анги төгссөн. Баруунтуруун суманд 9-10 ангийг 1983 онд төгсөөд шууд цэрэгт татагдсан. 1986 онд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986-1989 онд рамчнаар ажилласан. 1990-1991 онд Өндөрхангай сумын худалдаа бэлтгэл ангид манаачаар ажиллаж байсан. 1991-1997 онд Өндөрхангай сумын захиргаанд нярав, жолоочоор ажиллаж байсан. 2018 оноос одоо хүртэл хувиараа шимтгэл төлж байна. Иймд тэтгэвэрт гарах нас болж 1986-1989 онд Нэгдэл дундад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр гээгдэж алга болсон. Иймд 1986-1989 онд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт гарч ирэхгүй байгаа. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1986 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт рамчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан бригадын дарга Д.Б, Х.Ц нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тодорхойлолт, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 73 дугаар Мод бэлтгэл рамын салбарын бригадын зохион байгуулалтыг шинэчлэх тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралт, Д.Б-н иргэний үнэмлэхийин болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Ц-н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 754 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Д.Б, Х.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н-ийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал рамчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Н-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Н нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. БНМАУ-ын хүн амын регистрийн карт №080 Д.Н, аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт рамчин, 1986 онд ажилд орсон гэж бүртгэгджээ.

Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 73 дугаар Мод бэлтгэл рамын салбарын бригадын зохион байгуулалтыг шинэчлэх тухай тушаалын хавсралтын Хоёр: рамын ээлжийн бүрэлдэхүүн хэсгийн 6-рт Н /рамчин/ гэж бичигджээ.

Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай тогтоолын хавсралт Мод рамын салбарын аж ахуйн тооцооны урамшуулал хувиарласан жагсаалт хэсгийн 9. Д.Н хураагч гэжээ.

3.1. Шүүхээс гэрч Д.Б, Х.Ц нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Б Би 1970 оноос 1992 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт хөрөө рамын ажилчнаар 22 жил ажиллаж байсан. Д.Н-ийн ээж, аавтай хамт Нэгдэл дундын үйлдвэрт ажилладаг байсан. Д.Н-ийг сургуульд байхаас нь мэднэ. Д.Н нь 1983 онд арван жилээ төгсөөд тэгээд цэрэгт яваад 1986 оноос Нэгдэл дундын үйлдвэрт рамчнаар ажиллаж байсан. 1989 оныг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт рамчнаар ажиллаж байгаад намар нь гэр бүлтэй болоод Өндөрхангай сум руу шилжсэн гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Х.Ц Би 1982 оноос 1992 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт хөрөө рамын ажилчнаар ажиллаж байсан. Д.Н-ийн ээж, аав 1981 онд Зүүнхангайгаас нүүж ирэн Нэгдэл дундын үйлдвэрт ажилласан тийм учраас би Д.Н-ийг танина. Д.Н нь 1983 онд 10 жилийн сургуулиа төгсөөд тэгээд цэрэгт яваад 1986 оноос Нэгдэл дундын үйлдвэрт рамчнаар ажиллаж байсан.1989 оныг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт рамчнаар ажиллаж байгаад гэр бүлтэй шилжсэн гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Д.Н нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал рамчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт рамчин, 1986 онд ажилд орсон гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 73 дугаар Мод бэлтгэл рамын салбарын бригадын зохион байгуулалтыг шинэчлэх тухай тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай тогтоол, гэрч Д.Б, Х.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Н-ийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал рамчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Д.Н Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал рамчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР