| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00673 |
| Дугаар | 152/ШШ2025/00012 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2025/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Д,
Ц.Х-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Д нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ц.Х-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие эхнэр Ц.Х 2021 оноос хамтран амьдарч, хоёр хүүхэд төрсөн. Хүү Д.А нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, хүү Д.А нь 2022 оны 12 сарын 06-ны өдөр төрсөн. Д.А 3 настай, Д.А 2 настай, эхнэр Ц.Х өвчний улмаас 2024 оны 12 дугаар сарын 29-ний нас барсан бид хоёр амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Одоо хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгох шаардлагатай байх тул Ц.Д намайг Ц.Х 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүртэлх хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.А, Д.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ц.Х-н нас барсны гэрчилгээний хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Н.Б, Ц.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, Увс аймгийн Тэс сумын Тооромт багийн Засаг даргын тодорхойлолт, 4 ширхэг фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Ц.Д нь Ц.Х-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Д-н, Ц.Х-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Ц.Х 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь 420136022989 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогджээ.
4. Хэдийгээр Ц.Д, Ц.Х нар нь гэрлэлтээ албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамт амьдарч тэдний дундаас хүү Д.А 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, хүү Д.А 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн эцэг Ц.Д овоглож, эх Ц.Х гэж бүртгүүлсэн болох нь хүүхдүүдийн гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.
5. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуримаа хийж байхдаа эхнэр Ц.Х, нагац эгч, хүүгийн хамт, мөн эхнэр Ц.Х, 2 хүүгийн хамт, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аав, ээж, эхнэр, 2 хүүгийн хамт, мөн өдөр эхнэр, 2 хүүгийн хамт авахуулсан фото зургуудыг нотлох баримтаар өгчээ.
6. Хэрэгт авагдсан Д.А, Д.А нарын төрсний гэрчилгээний хуулбар болон бусад нотлох баримтуудаар Ц.Д нь Ц.Х-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамт амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд Ц.Д, Ц.Х нарыг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц.Д, Ц.Х нарыг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР