| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00969/И |
| Дугаар | 142/ШШ2025/00016 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2025/00016
2024 12 25 142/ШШ2025/00016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,*******,-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: *******ийг 2016 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл -ийн эрх бүхийн албан тушаалтнаар буюу -д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруул, Т.Батсүмбэр-Уул
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг
Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...-д ажиллаж байсан *******ийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.25-ны өдрийн 142/2023/00619 тоот шийдвэр болон Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.10.19-ны өдрийн 001/ХТ2023/00195 тоот тогтоолоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэн Санхүүгийн албаны дарга, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраар хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянуулах ба уг асуудлыг шийдвэрлэх явцад -д одоог хүртэл Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байгаа талаар мэдлээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т зааснаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэсний дагуу ******* нь -ийн эрх бүхий албан тушаалтан байна. Тухайн байгууллагын албан тушаалтан бол манай компанийн эрхэд ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэж, байгууллагын эрх ашгийг хохироож байна гэж үзэж байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. *******ийг 2016 оны 08 сараас өнөөдрийг хүртэл -ийн компанийн эрх бүхий албан тушаалтнаар буюу -д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ...Тус шүүхэд *******т холбогдуулан гаргасан гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: *******ийг өмнө ямар ажил албан тушаалд ажиллаж байсныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.04.25-ны өдрийн 619 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас 2023.10.19-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Нөгөө талаас уг нэхэмжлэлээр нэхэмжлэгч байгууллага нь *******ээс юу нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон бүрдүүлбэр хангаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр юу нэхэмжилж байгааг мэдэж, ойлгож байж мэтгэлцэх боломж бүрдэхээр байгааг тайлбар болгож бичив... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, итгэмжлэл /хх-ийн 4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, Монгол Улсын Засгийн газрын 2022.04.06-ны өдрийн 138 дугаартай Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулах тухай тогтоол /хх-ийн 6/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.02.24-ний өдрийн 78 дугаартай Шийдвэр хүчингүйд тооцох, хөрөнгө хүлээн авах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 7-8/, 2022.02.04-ний өдрийн 01 дугаартай Уулзалтын тэмдэглэл-ийн хуулбар /хх-ийн 17-18/, 2024.02.08-ны өдрийн 104 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 24/, 2024.03.13-ны өдрийн 24140395 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 25/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.25-ны өдрийн 619 дугаартай шийдвэр /хх-ийн 26-32/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.08-ны өдрийн 59 дугаартай магадлал /хх-ийн 33-39/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.10.19-ний өдрийн 195 дугаартай тогтоол /хх-ийн 40-44/ зэргийн хуулбар, итгэмжлэл /хх-ийн 54/, онгоцны тасалбар /хх-ийн 57/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
4. Хариуцагчаас: итгэмжлэл /хх-ийн 12/, хариу тайлбар /хх-ийн 49/, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.27-ны өдрийн 142/ШЗ2022/05911 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн хуулбар /хх-ийн 121-123/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.21-ний өдрийн 142/ШЗ2022/06521 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн хуулбар /хх-ийн 124-127/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.02-ны өдрийн 142/ШЗ2022/06801 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн хуулбар /хх-ийн 128-130/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022.12.02-ны өдрийн 1973 дугаартай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 131-140/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
5. Шүүхээс: нэхэмжлэгчийн хүсэлтээр -ийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 83-84/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97-98/, -ийн 2022-2024 онуудын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан /хх-ийн 99-108/, -ийн эмнэлгийн захирлын 2022.04.18-ны өдрийн Б/210 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 115-116/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******ийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/2023/00619 тоот шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00195 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэн Санхүүгийн албаны дарга, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон. Тухайн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраар хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянуулах, уг асуудлыг шийдвэрлэх явцад -д одоог хүртэл Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байгаа талаар мэдлээ. Энэ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т зааснаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэсний дагуу ******* нь -ийн эрх бүхий албан тушаалтан байна. Тухайн байгууллагын албан тушаалтан бол манай компанийн эрх ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсгэж, байгууллагын эрх ашгийг хохироож байна гэж үзэж байх тул *******ийг 2016 оны 08 сараас өнөөдрийг хүртэл -ийн компанийн эрх бүхий албан тушаалтнаар буюу -д санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгоно гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ийг өмнө нь ямар ажил албан тушаалд ажиллаж байсныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 619 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй. Нөгөө талаар *******ээс юу нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд дараах үйл баримтууд шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Үүнд:
3.2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоол, Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/95 дугаар тушаалын дагуу /хуучин нэрээр/-ийн ерөнхий захирлын Хөрөнгө балансаас хасах тухай 2015 оны А/108 дугаар тушаалаар -д хөрөнгө шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож эмнэлгийн хөрөнгийг төр буцаан авах шийдвэр гарч, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор байгуулагдаж, -д ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг өмнө нь эрхэлж байсан тус тусынх нь ажилд шилжүүлэн томилсон байна. /хх26-32/
3.3. Ингэж ажилчдыг шилжүүлэн томилохдоо *******ийг өмнө эрхэлж байсан санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд томилоогүйгээс ******* нь эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсанаар Орхон аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2023/00619 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2023/00195 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь тус шүүхийн шийдвэрүүдээр нотлогдож байна. /хх26-33, 40-44/
4. Нэгэнт шүүхийн шийдвэрээр *******ийг санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байхад -д ажиллаж байгааг тогтоолгоно гэж буй нь үндэслэлгүй.
5. Хариуцагчийн төлөөлөгч Т.Батсүмбэр-Уул, нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны 133 дугаар зүйлийн 133.1.1.-д хамаарч байгаа гэж тайлбарласан бөгөөд онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргаж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг татан оролцуулах талаар хуульд зохицуулаагүй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй,
7. мөн хуулийн 26.3.-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заасан.
8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь *******ийг -д ажиллаж байгааг тогтоолгосноор ямар эрх ашиг сонирхол нь сэргэх, мөн хариуцагч нь ямар ашиг сонирхолд хохирол учруулсан, ямар үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна.
9. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т зааснаар хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч болох бөгөөд энэ тохиолдолд хэрвээ ******* зөвшөөрөхөөр бол түүний тайлбараар тухайн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтан болох нь тогтоогдож, эрх зүйн үр дагавар үүснэ. Ингэснээрээ нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэх нөхцөл бүрдэхгүй.
10. Хүний ажиллаж байгаа байдлыг тогтоолгож, эрх зүйн ач холбогдлыг тогтоолгох гэж байгаа бол тухайн хүнээс итгэмжлэл авах, нэхэмжлэл гаргах эрх ч олгогдоогүй байна.
11. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4.-д Иргэний эрхийг хамгаалах аргыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
12. Мөн түүнчлэн хариуцагчийн тайлбарлаж байгаачлан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдалд орсон гэдэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх боломжгүй.
13. Иймд ******* нь эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул -ийн санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.4.-д заасныг баримтлан *******ийг -ийн санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа албан тушаалтан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА