Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 123/ШШ2024/0063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Эко Алтай индастри ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будхүү, Х.Хишигдулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Эко Алтай индастри ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1332 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актад холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргахад, Төв аймгийн Газрын харилцаа барилгаа хот байгуулалтын газраас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07/386 дугаартай албан бичгээр ...2020-2024 он хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь сансрын зургаас тогтоогдож байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн, нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Эко Алтай индастри ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будхүү, Х.Хишигдулам нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэргэлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/583 тоот захирамжаар тус сумын Хоолт засмал замын зүүн хаягт байрлах, нэгж талбарын 4109053573 дугаар бүхий 249729.0 м.кв газрыг амралтын зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1419001707 дугаарт бүртгэж, газар

эзэмших эрхийн 000011268 дугаартай гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр анх Эко алтай индастри ХХК-д олгосон. 2019 оны 12 дугаар сард Газар эзэмших, ашиглах гэрээ-г байгуулснаар үйл ажиллагаа явуулах болсон...Эко алтай индастри XXK газар эзэмших гэрчилгээг авснаас хойш газрын төлбөрийг жил бүр бүрэн төлж ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан Ковид19" цар тахлын нөлөөллөөс Монгол улсын хилийг 2020 оны 02 дугаар сараас хааснаар гадаад дотоодын жуулчид ирэх, хөрөнгө оруулалт татах, урьд хийгдсэн хамтран ажиллах санамж бичгүүд биелэгдэх боломжоо алдсан. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181, 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 01, 02 дугаар сарын 10-ны өдрийн 27, 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91, 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолуудаар удаа дараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, шилжүүлсэн хугацааг сунгаж тус тус шийдвэрлэсэн. Тухайн үед ковид-19 цар тахлын хүнд үе байсан бөгөөд манай компани төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүйн зэрэгцээ, чамгүй алдагдал хүлээсэн. Бид ашиглаж буй газартаа амралтын баазын Архитектор төлөвлөлт, дэвсгэр зургийг "Эм эс эл" ХХК-аар палан зургийг гаргуулсан. Амралтын газартаа цахилгаан техникийн нөхцөл авахаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д хандсан бөгөөд тус газраас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр судлагдаж байна. Одоогоор цахилгаан эрчим хүчээр боломжгүй" гэх хариуг өгсөн. "Буян ус" ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. ...Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1332 дугаар захирамжаар Эко алтай индастри ХХК-ийн амралтын зориулалттай 25 га газрын газар эзэмших эрхийн 000011268 гэрчилгээ, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/583 тоот захирамжийн Эко алтай индастри ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. ...Гэрээгээ шинэчлэн байгуулаагүй байгаа энэ тохиолдолд хэзээнээс эхлэн газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж тооцож буй нь ойлгомжгүй байна.Эко алтай индастри" ХХК-ийн ганц эзэмшигч, гүйцэтгэх захирал Ж.Баярмаагийн бие нь 2023 оны 4 сараас эхлэн өвдөж эхэлсэн бөгөөд 2023 оны 6 сард нарийвчилсан шинжилгээгээр нойр булчирхайн хавдар гэсэн онош тогтоолгож, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд орсноос хойш 6 удаагийн хими эмчилгээнд орж сүүлийн эмчилгээг сая дуусгасан. Уг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас манай компани нь сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авч чадаагүй, энэ талаар мэдээгүй....Манай компанийн хувьд уг газартаа морин тойруулга хийх болон амралтын гэрүүдийг байршуулах, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ажлын байраар хангах зорилготой байсан. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын үед хил хаагдсан. Амралтын газар байгуулахад маш их хөрөнгө хэрэгтэй байсан учраас манайх хөрөнгө оруулалтаа Хятадаас татаж авах байсан. Тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны А/1332 дугаар захирамж А/1332 дугаар захирамжийг хүчингүй болгож, компанийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хангаж өгнө үү гэжээ.

2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэргэлэн сумын газар нутаг дээр газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд хяналт шалгалт хийж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг хүчингүй болгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлын хэсгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч компани газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй 2 болон түүнээс дээш жил болсон гэдэг үндэслэлийг заагаад хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж тогтоосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газрын эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан байгаа. Энэ зохицуулалт нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн аль нэг нь хангагдаж байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор зохицуулсан. Эко алтай индастри ХХК-д 2019 онд газар эзэмших эрхийн захирамж гарч, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 04167-2020/00181 дугаартай гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаар газар эзэмшигчийн хууль болон гэрээнд заасан эрх, үүрэг үүссэн. 2020 оноос 2023 он хүртэл 3 жилийн хугацаанд Эко алтай индастри ХХК газраа зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж бариагүй, үйлдвэрлэл эрхлээгүй. Нэхэмжлэгч сумд ажлын тайлан, баримтаа өгсөн гэж байгаа боловч сумын архивт баримт байгаагүй, хэнд хэзээ өгсөн нь тодорхойгүй байна. өгсөн баримтуудаас нь үзэхэд худаг гаргах гэрээ байгуулсан ч худаг гаргаагүй, харин Улаанбаатар цахилгаан түгээх компанид техникийн нөхцөл хүсээд түүнийг нь бүртгэж авсан баримт байна. Газрын эргэлтийн цэгийг анх газар эзэмшүүлэхдээ сумаас зааж өгдөг. Иймд Эко алтай индастри ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1319 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэг. Төв аймгийн Сэргэлэн сумын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/583 дугаар захирамжаар Монгол-Алтай индастри ХХК-ийн эзэмшиж байсан тус сумын 1 дүгээр багийн Хоолт нэртэй газарт байршилтай 170 га газраас 25 га газрыг Эко алтай индастри ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 4109053573 дугаарт бүртгэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Сэргэлэн сумын газрын даамал нь Эко алтай индастри ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №04167-2020/00181 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Хоёр. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1332 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хэмээн нэхэмжлэгч Эко алтай индастри ХХК-д амралтын зориулалтаар эзэмшүүлсэн 25 га газрын газар эзэмших эрхийн 0011268 дугаартай гэрчилгээ болон түүнд анх газар эзэмшүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/583 дугаар захирамжийн Эко алтай индастри ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

2.1. Маргаан бүхий захиргааны актын газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж, мөн Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.9 дүгээр зүйлд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан удаа дараа гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан ... ноцтой зөрчил...-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж заажээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан, энэ зохицуулалт нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн аль нэг нь хангагдаж байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан, Эко алтай индастри ХХК газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарласан, харин Эко алтай индастри ХХК нь Газрын тухай хууль, газар эзэмших гэрээний аль зүйл хэсгийг, ямар нөхцөл болзлыг хэдэн удаа, эсхүл ямар байдлаар хэрхэн, ноцтой зөрчсөн талаар тодорхой тайлбарлаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Сэргэлэн сумын газрын даамал болон нэхэмжлэгч нарын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №04167-2020/00181 дугаартай газар эзэмшүүлэх гэрээнд ямар зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцох талаар заагаагүй, мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд ноцтой зөрчилд тооцох талаар тухайн гэрээнд заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2.2. Маргаан бүхий захиргааны актын эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан, мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 0З дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт ...хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м байхыг ойлгоно гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, Эко алтай индастри ХХК нь эзэмшлийн 25 га газартаа худаг гаргуулахаар Буян-Ус ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, тухайн газартаа цахилгаан техникийн нөхцөл авахаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д албан бичгээр болон онлайнаар хандсан бөгөөд тус газраас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөлөөр хангах асуудал судлагдаж байна. Одоогоор цахилгаан эрчим хүчээр боломжгүй" гэх хариуг өгсөн нь нотлогдож байх тул түүнийг эзэмшлийн газартаа амралтын газар байгуулахаар үйл ажиллагаа явуулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн, Эко алтай индастри ХХК-ийн захирал Ж.Баярмаа нь 2023 оны 6 сараас эхлэн хүнд өвчнөөр өвдөж, эмчлүүлж байгаа болох нь Хавдар судлалын үндэсний төв, Сөүл эмнэлэг"-ийн шинжилгээ, эмчилгээ хийсэн тухай баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин, нэхэмжлэгчийн Засгийн газрын тогтоолуудаар 2020, 2021 онд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн, сунгасан, тухайн үед төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүйн зэрэгцээ, чамгүй алдагдал хүлээсэн гэсэн тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Засгийн газраас ковид-19 цар тахлын гарсан үед улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хориог тодорхой хугацаагаар тогтоож байснаас гадна, энэ хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих ажлыг зохион байгуулан, дэмжиж байсан болох нь Засгийн газрын тогтоолуудаар нотлогдож байна. Үүнээс гадна, газар эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн байхад нэхэмжлэгч нь ...Амралтын газар байгуулахад маш их хөрөнгө хэрэгтэй байсан учраас манайх хөрөнгө оруулалтаа Хятадаас татаж авах байсан... гэсэн тайлбарыг гаргаж буй нь үндэслэлгүй. Тодруулбал, газар эзэмшигч нь тухайн газарт өөрөө, өөрийн хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, өөрөөр хэлбэл газар эзэмшигч эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулах үүргээ биелүүлэх боломжгүй бол тухайн газрыг эзэмшилдээ байлгах, бусдад тухайн газарт үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бий болгох эрхийг хууль тогтоогчоос газар эзэмшигчид олгоогүй бөгөөд бусдын хөрөнгөөр эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулсныг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй ч нэхэмжлэгчээс Хятад улсаас хөрөнгө оруулалт авах тухай баримт ирүүлээгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд болон Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасанд тус тус нийцээгүй байх тул Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1332 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ...зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Эко алтай индастри" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1332 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан Эко алтай индастри" ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.ОДСҮРЭН