Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           3             09                                                 2023/ДШМ/17                   

 

 

Л.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Ганхөлөг /цахим сүлжээгээр/

            Шүүгдэгч Л.А

            Шүүгдэгч Л.Аын өмгөөлөгч Э.Билгүүн

            Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Э.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Аод холбогдох эрүүгийн 2002002020007/Т дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 8 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 10 дугаар гудамж, 8 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Л-гийн А,

 

Л.А нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан яллагдагч Л.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/201902031/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Л.Г нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс гэрээний нийт үнийн дүн болох 1.125.563.867 төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээ батлахаас татгалзах аргаар тендерийг хүчингүй болгуулж зарлуулна гэж хясан боогдуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс 10.000.000 төгрөгийг Л.А нь хахуульд авч дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Л.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л-гийн Аыг улс төрийн нөлөө бүхий этгээд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Э.Билгүүн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.   

 

Нэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:

 

1.1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр авч шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Л.Аыг 2022 оны 11  дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар татсан тогтоол танилцуулаад, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ...” гэж заасныг зөрчиж, өмгөөлөгчид мэдэгдээгүй хэргийг шүүхэд шилжүүлж хууль зөрчсөн.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй...” гэж заасан байтал уул эрхийг хангалгүйгээр, шууд гэрчийн мэдүүлэг авч, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар татаж, 11 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, улмаар 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн нь яллагдагч, түүний өмгөөлөгчид гомдол гаргах эрхийг нь хангалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж хууль зөрчсөн.

 

Түүнчлэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа нь Л.Гын хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, Л.Аод яллах дүгнэлтийг гардуулснаас хойш 3 хоногийн хугацаа өнгөрөөгүй байна, урьдчилан хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг тусгаарласан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд “Хэргийг тусгаарлаж хэлэлцэх” гээд,

1 дэх хэсэгт “Шүүх дараах тохиолдолд эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ...”

1.1-т “...яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол;

1.2-т “...зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал...” гэж заасан байдаг.

 

Гэтэл улсын яллагч санал гаргаагүй, өмгөөлөгч хүсэлт гаргаагүй байхад Л.Гын хэргээс Л.Аын хэргийг тусгаарлаж хууль зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

Өмгөөлөгчийн зүгээс шүүхэд дээрх хууль зөрчсөн ажиллагаатай холбоотойгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хэд хэдэн үндэслэлийг заасан хүсэлтийг гаргасан боловч хэлэлцээгүй, үндсэн хурлаар хэлэлцэнэ гэсэн боловч хэлэлцэлгүй орхиж, шууд Д.Гын хэргийн адил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн. Үндсэн хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь хэргийг тусгаарлаж, тусгаарласан хэргээ хянан шийдвэрлэхдээ, нэг хуулийн заалт, нэг үндэслэлээр хэргийг шийдэрлэсэн. Нэгдсэн нэг ойлголтыг өөртөө суулгаж Л.Гыг хэрэгт буруутгасан бол Л.Аыг гэм буруутайд тооцохоос өөр аргагүй мэтээр, хэргийг цагаатгах нөхцөл байдал тогтоогдоогүй мэтээр хэргийг шийдвэрлэсэн.

 

2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мөн чанар, зарчмын хувьд мөрдөх чиг үүргийг мөрдөх байгууллага, яллах чиг үүргийг прокурорт оноосон бөгөөд шүүхэд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллахаар прокурорын байгууллагад зөвлөмж, зааварчилгаа өгөх чиг үүрэг байхгүй.

 

Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар захирамж гарган Л.Год холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ прокуророос шилжүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдаагүй Л.Аыг яллагдагчаар татахыг прокурорт даалгасан тогтоол гаргасан.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”,

2 дахь хэсэгт заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэснийг зөрчиж, өөрт байхгүй бүрэн эрхийг эдэлж, яллах чиг үүргийг баримталсан.

 

2.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т “Шүүх хэд хэдэн шүүгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах шаардлагатай бөгөөд энэ хэлбэрийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үздэг.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол “...шүүгдэгч Л.Г нь Улс төрийн нөлөө бүхий этгээд буюу Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар ажиллаж байсан Л.Атой үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж үйлдсэн гэж үзсэн...” гэж  дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө.

 

Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Л.Аыг оролцуулаагүй, түүний гэм бурууг огт хэлэлцээгүй байхад шүүхээс Л.Атой үйлдлээр санаатай нэгдэн бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж байгаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэрэгт буруутгаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй”, 3 (d)-д “хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулхаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, соёлт хүн төрлөхтөн нийтээр хүлээн зөвшөөрсөн, эрх зүйт төрийн баталгаатай эдлүүлдэг эрхийг Л.Аод эдлүүлээгүй, түүнийг шүүх хуралд оролцоогүй байхад гэм буруутайд тооцож, хүний эрхийг бүдүүлгээр, ноцтой зөрчлөө.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл,

1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө”

1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”,

1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”,

1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...” болох нь тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Хоёр: Гэм буруугийн талаар:

 

2.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.А 10.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ..., тодруулбал 10.000.000 төгрөгийг авсан, өгсөн талаар хэн нэгэн маргадаггүй... гэж нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, болоогүй үйл баримтыг болсон гэж, маргаж буй үйл баримтыг маргаагүй гэж дүгнэлт хийжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэгт хамтран оролцсон байхын тулд гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэр, хэрхэн яаж гүйцэтгэх талаар хэлэлцсэн, тохиролцсон зэрэг объектив болон субъектив шинжийн нийлбэр байхыг зайлшгүй шаарддаг.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцсон байх нь объектив шинжийн эрүүгийн хуульд заасан гэмт үйлдлийг хамтдаа үйлдсэн, эсхүл нэг этгээдийн үйлдэл нөгөө этгээдийн үйлдэл хийх боломж бололцоог олгосон байх шаардлагатай байдаг бол субьектив шинжийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцож буй этгээд бүр гэмт хэрэг үйлдэгдэж байraar ухамсарлан ойлгосон байхыг заавал шаардана.

 

Гэтэл Л.Гын хувьд Ө.Бээс хахууль авах талаар Л.Атой уулзсан ярилцсан, хэлэлцэн тохирсон зүйл огт болоогүй. Ө.Бээс өгсөн 10.000.000 төгрөгийн хандиваас нэг ч төгрөгийг хувьдаа аваагүй байхад анхан шатны шүүхээс Л.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн гэж дүгнэж байгаа нь шүүх нотлох баримтад үндэслээгүй, нотлогдон тогтоогдоогүй нөхцөл байдлыг болсон мэтээр дүгнэлт хийж, таамаглалаар хүнийг гэм буруутайд тооцож байна.

 

Мөн Л.А, түүний өмгөөлөгчдийн хувьд Ө.Бийн өгсөн гэх 10.000.000 төгрөгийг аваагүй. Ө.Бээс Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд зориулан хандив гэж Ө.Бээс өгсөн гэж маргасаар байхад шүүх юуг үндэслэж 10.000.000 төгрөгийг өгсөн, авсан гэдэгт хэн ч маргаагүй гэж гуйвуулан дүгнэлт хийж байгаа нь хууль бус.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “хуульд заасны дагуу мэдүүлгүүд авсан, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо, 10.000.000 төгрөгийг өгсөн болох нь шүүгдэгч Ө.Бийн өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог тул хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан..., шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар болон эргэлзээ бүхий баримт тогтоогдоогүй болно” гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийжээ.

 

2.2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Төрийн албан тухай хуулийн 11.1.9, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 гэдэгт хамаарч байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11.1-р зүйлийн 11.1.11-т “...Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал...” гэж тус тус зааснаар Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьект мөн гэж дүгнэжээ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг, хуулийн 4 дүгээр зүйл, “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” гээд 4.1-т “...Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна...” гэж заасан байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна гээд, 4.1.1. төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан: 4.1.2. төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; 4.1.3. төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан: 4.1.4. олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал: 4.1.5. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан: 4.1.6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч: 4.1.7. бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч; 4.1.8. эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан: 4.1.9. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн гэж заажээ.

 

Дээр дурдсан албан тушаалтнуудаас Авлигын эсрэг хуулийн 4.1.1-т заасан улс төрийн албан тушаалтанд Л.Аыг хамаатуулсан байна.

 

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл. Төрийн улс төрийн албан тушаал гээд 11.1-т “...Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна гээд 1.1.11-т “...Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал...” хамаарахаар заасан.

 

Л.А нь Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалтан биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга гэх албан тушаалыг л эрхэлдэг болно.

 

Иймд шүүх илтэд яллах талыг баримталж гэмт хэргийн субьект болгох гэж тайлбарлаж, оролдсон нь ашиг сонирхлын зөрчлөөс уг хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь тодорхой харагдаж байна. Улс төрийн албан тушаалтан биш болох нь хуульд зааснаар биш байхад аймгийн намын хорооны дэд даргыг Улсын Их Хурал  дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалтан болгож хамаатуулан гэм буруутайд тооцсон нь хууль бус.

 

2.3. Хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар “Батжин-Ундрах” ХХК-аас өгсөн 10.000.000 төгрөг нь Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд өгсөн хандив болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын дэд дарга Л.Аын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “...тухайн өдөр үдээс хойш би ажлынхаа байран дээр байж байхад Л.Г над руу утсаар холбогдоод “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Б гэж хүн хандив өгнө, ном журмын дагуу аваарай, өөртэй чинь ярина гэсэн. Түүний дараагаар Ө.Б над руу утсаар холбогдоод “Ажил дээрээ байна уу, хандив өгөх гэсэн юм” гэхээр нь би ажил дээрээ байна, хүрээд ир гэсэн. Ө.Бийн 2 дахь дуудлага нь манай ажлын гадаа ирчихсэн байна гэхээр нь ороод ир гэсэн. Тэгэхэд Ө.Б та өөрөө гараад ир гэхээр нь гарч намын байрны гадаа авсан. Нөөтбүүкний цүнхэнд хийчихсэн байсан ба цүнхийг онгойлгоход 20,10, 5 мянгатын дэвсгэртээр 10.000.000 төгрөг байсан шиг санаад байна...” гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 201-204-р тал/,

 

Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын нягтлан бодогч Д.Гэрэлчулууны 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “Л.А дарга хүн 10.000.000 төгрөг намд хандив өглөө, та энэ мөнгийг зохих журмынх нь дагуу зарцуул гэсэн. Тэгэхээр нь би Улс төрийн намын тухай хууль, Монгол Ардын намын санхүүжилтийн журамд иргэн 1.000.000, аж ахуйн нэгж 10.000.000 төгрөг шүү дээ. Энэ мөнгийг чинь яах юм бэ гэсэн чинь та өөрөө утсаар нь холбогдоод тэр хүнээс дансанд тушаах журамтай юм байна гэж хэлээд журмаар ав гээд надад утасны дугаар өгсөн. Би тэр дугаар руу нь 2, 3 өдөр залгасан боловч дуудахгүй байсан. Тэгж байгаад 2, 3 өдөр утас руу нь залгаж байгаад больсон. Тэгээд тэртээ тэргүй зарцуул гээд өгсөн юм чинь өглөг үүсгээд авчихья гэж бодоод Л.А даргаас компанийх нь нэрийг асуугаад өглөг үүсгэж зээл маягаар орлогод авсан. Маргааш нь би 2 сая гаруй төгрөгөөр нь цалингаа тавьсан. Бас Монгол Ардын намын хорооны байрны халаалтыг төлсөн. Үлдсэн 5 сая гаруй төгрөг нь надад байсан бөгөөд тэрийг нь У.Хүрэлсүх даргын нэрэмжит тэмцээн болох үеэр улс төрийн ажилтан М.Лянхуад өгөөд дууссан. Тэгээд чимээгүй байж байгаад жилийн эцэс болсон чинь 10 гаруй сая төгрөгийн өглөгтэй болсон ба тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан. Тэргүүлэгчдийн зүгээс өргүй тайлан гарга гэсэн үүрэг өгсөн” гэх мэдүүлэг /13-р хавтаст хэргийн 209-212-р тал/,

 

Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 60-61-р тал/,

 

Үзлэгийн хавсралт буюу Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын кассын баримт, санхүүгийн анхан шатны баримтууд /1-р хавтаст хэргийн 62-69-р тал/ зэрэг юм.

 

Дээрх нотлох баримтуудаар “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд зориулан 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөх үед намын нягтлан бодогч байгаагүй тул намын дэд дарга Л.А шууд хүлээн авсан, дараа өдөр нь нягтлан бодогчоос Ө.Бтэй холбогдож зохих журмын дагуу дансаар авах гэсэн боловч холбогдож чадаагүй, хандивыг дансаар авах журам зөрчигдсөн тул кассанд бүртгэхдээ өглөг хэлбэрээр бүртгэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогддог.

 

Мөн Монгол Ардын намын Сан хөрөнгийн газрын нягтлан бодогч Ц.Норовжамцын гэрчээр 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Сүүлийн 2020, 2021 онд бүх шатны намын байгууллагууд хандивыг дансаар аваад хэвшиж байна 2019 онд зарим анхан шатны намын байгууллагууд дансаар болон бэлнээр хандив авсан байдлаар тайлагнасан. Тус тайлантай холбоотойгоор Үндэсний аудитын газраас хандивыг зөвхөн дансаар авна гэсэн шаардлага тавьсан учраас энэ ажил хэвшээд явж байна...” /13-р хавтаст хэргийн 176-177-р тал/ гэх мэдүүлгээс Монгол Ардын намын анхан шатны байгууллагууд хандивыг бэлнээр авсан тайланг 2019 онд ирүүлж байсан буюу дансаар аваагүй л бол хандив биш гэж үзэх үндэслэлгүй болох нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрч нарын хандив байсан гэж мэдүүлсэн нөхцөл байдлыг үгүйсгэсэн буюу гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүй байгаа үндэслэлээ тогтоолдоо огт дурдаагүй.

 

Анхан шатны шүүх 10.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэж буй нь хууль зүйн шинжлэх ухаан, эрх зүйн мөн чанарыг үгүйсгэн шүүх хараат бус, хөндлөнгийн байх, нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг зөрчиж байна.

Учир нь “Батжин-Ундрах” ХХК-аас Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд өгсөн 10.000.000 төгрөгийг намд хандив өгөөгүй бол намын үйл ажиллагаандаа зарцуулахгүй, харин Л.Год хахууль гэж өгсөн бол Л.Г хувьдаа зарцуулах ёстой байсан юм. Уг 10.000.000 төгрөг анхнаасаа намд зориулан өгсөн хандивын мөнгө учраас хүлээн авсан өдрийн маргааш өдрөөс нь эхлэн шууд намын үйл ажиллагаанд зарцуулж байгаагаас тодорхой байна.

 

Товчхон дүгнэвэл: “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бийн өгсөн хандивын 10.000.000 төгрөгийг Л.Г ч, Л.А ч хувьдаа аваагүй, уг мөнгийг Хөвсгөл аймгийн Монгол Ардын нам хүлээн авч, санхүүгийн тайландаа тусгаж, намын үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 60-69, Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын дэд дарга Л.Аийн мэдүүлэгт /1хх-ийн 45-48, 13хх-ийн 201-204/, гэрч Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын нягтлан бодогч Д.Гэрэлчулууны өгсөн мэдүүлэг /1хх-ийн 49-51, 13хх-ийн 209-212/, Хөвсгөл аймгийн Монгол ардын намын хорооны 2021 оны 3 сарын 20-ны өдрийн 19 тоот албан бичигт, дээрх албан бичигт хавсралтаар ирүүлсэн Хөвсгөл Аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон.

 

2.4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.Атой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн гэж үзсэн” гэж, ТОГТООХ нь хэсэгтээ “...Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан...” гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй дүгнэлт хийлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг журамлахаар шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан хамтран оролцох төрлийн хувьд буюу Л.Г, Л.А нарыг үйлдлээ хэрхэн гүйцэтгэсэн, гүйцэтгэгч, хамжигч хэн болох талаар огт дүгнэлт хийгээгүй.

 

Тэгсэн атлаа прокурорын яллах дүгнэлтэд Л.Аыг хамжигчаар зүйлчилж оруулж ирснийг хүлээн авч, Л.Аыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар гэмт хэргийн хамжигч гэж буруутган гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. Хэрэв шүүх Л.Аыг гэмт хэргийн хамжигч гэж үзэж байгаа тохиолдолд түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан Л.Гыг хамтран оролцогчийн төрлийн хувьд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг журамлах нь хуулийг зөв хэрэглэх наад захын шаардлага байлтай.

 

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Л.Аыг гэм буруутайд тооцож буй байдал нь Л.Гыг гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлттэй илтэд зөрүүтэй байна. Өмнө дурьдсанчлан Л.Г болон Л.А нар “Батжин-Ундрах” XXK-аас 10.000.000 төгрөгийн хахууль авах талаар хэлэлцсэн, тохиролцсон үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад санаатай нэгдсэн гэж дүгнэж буй нь анхан шатны шүүх энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж хардахаас аргагүйд хүргэлээ.

 

Гурав: Анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...тухайн гэмт хэргийн үндсэн шинж нь хахууль өгөгчийн буюу хахууль авагч нь тухайн хахуулийг өгсөн буюу авснаар тухайн гэмт хэргийг үйлдсэн төгссөнөөр тооцдог. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...Л.А нь өөртөө хэрэглээгүй. Намд хандив болгон өгсөн учраас намын үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт “Батжин- Ундрах” ХХК-аас бэлнээр болон дансаар хандив өгсөн бүртгэл, мэдээлэл авагдаагүй, хахууль авсан 10.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан нь шаардлагагүй, ач холбогдолгүй гэж үзсэн” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

 

Хүн, хуулийн этгээдээс өгсөн мөнгөний зарцуулалт нь тухайн мөнгийг юу гэж ойлгуулж өгсөн, юу гэж ойлгож авсан болохоос шууд хамааралтай юм. “Батжин-Ундрах” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд өгсөн 10.000.000 төгрөгийг хахууль гэж авсан бол Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.А өөрөө авсан байхыг шаардах байтал, намын санхүүгийн тайланд тусгаж, намын үйл ажиллагаанд зарцуулах шаардлагагүй байсан.

 

Уг мөнгө нь намд өгсөн, намын үйл ажиллагаанд зориулсан хандив байсан учраас Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын санхүүгийн тайланд тусгагдаж, намын үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогддог. Бусдаас шилжүүлж буй мөнгөний зориулалт, ямар зорилгоор шилжүүлж буйгаас хамаарч гэмт хэргийн субъектив шинж тодорхойлогддог учраас уг мөнгийг юуг гэж өгсөн, юу гэж ойлгож авсан, юу гэж ойлгож зарцуулж буй нь хэрэгт хамгийн чухал ач холбогдолтой нөхцөл байдал юм.

 

Гэтэл миний үйлчлүүлэгч Л.Аод холбогдох хэргийн хувьд тэрээр Батжин-Ундрах ХХК-ийн захирал Ө.Бийн Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд өгсөн 10.000.000 төгрөгөөс хувьдаа нэг ч төгрөг аваагүй, уг мөнгийг биечлэн аваагүй, уг мөнгийг бүгдийг нь Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын үйл ажиллагаандаа зарцуулсан тул хувьдаа ашиг хичээж, хахууль авсан гэж үзэх боломжгүй.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар тогтоолд “Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж юм. Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй болон хөнгөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай болно. Учир нь энэхүү гэмт хэрэг хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдэгддэг ба эдгээр нь үгүйсгэгдсэн тохиолдолд эрүүгийн харицлага хүлээлгэх үндэслэлгүй юм” гэж шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүлийн 22.9 дэх хэсэгт “Улсын Дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой шийдвэрийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дээд Шүүхийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг хэрхэн зөв хэрэглэж, тайлбарлаж буй байдлыг анхан, давж заалдах шатны шүүхүүд хэрэг шийдвэрлэхдээ анхаарч үзэх, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэх буюу шүүх бүр өөр өөр байдлаар тайлбарлаж, хэрэглэхээс сэргийлэх зорилгоор дээд шатны шүүхийн шийдвэрийг тодорхой хэмжээнд жишиг болгож байгаа нь практикт нэгэнт тогтоод байгаа билээ.

 

Л.Аын хувьд “Батжин-Ундрах” ХХК, Ө.Бийн Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд хандивласан 10.000.000 төгрөгөөс өөрийн хувьдаа болон өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээд аваагүй, хувьдаа ашиглаагүй, хэрэглээгүй нь Улсын Дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар тогтоолд дурьдсан хууль хэрэглээний үндэслэлтэй яг ижилхэн нөхцөл байдал тул Л.Аыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэн цагаатгах бүрэн үндэслэлтэй байна.

 

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Л.Аыг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад маш харамсалтай санагдаж байгаа тул давж заалдах шатны шүүх үнэн зөвийг нь олж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Аод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Билгүүний гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж, Л.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатган шийдвэрлэлээ.

 

Нэг: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээний тухайд:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

 

Хавтаст хэргийн 6 дугаар хавтасны 115-117-р тал /165-167/-д авагдсан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дугаар “Шүүхийн тогтоол”-оос үзвэл тус шүүх нь уг шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Л.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар, Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, мөн зүйлийн 6 дугаарт зүйлд заасны дагуу тогтоосон хугацаанд шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэн ирүүлэхийг прокурорт даалган шийдвэрлэжээ.

 

Хуулийн дээрх “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэх заалт нь зөвхөн тухайн хэргийн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэхтэй холбоотой болон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдолтой холбогдуулан хийж гүйцэтгүүлэх ажиллагаа юм.

 

Гэтэл анхан шатны шүүх “...прокурорын 2021 оны 3 дугаар сарын 102, 103 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар яллах дүгнэлтэд тухайн хэргийн шүүгдэгч Л.Гыг хясан боогдуулж “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс 10.000.000 төгрөгийг Л.А-р дамжуулан хахуульд авсан, шүүгдэгч Ө.Бийг Л.А-р дамжуулан шүүгдэгч Б.Год 10.000.000 төгрөгийг өөртөө давуу байдалд бий болгох зорилгоор хахуульд өгсөн гэж тус тус дурдсан атлаа “Л.Аод эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20/200326 тоот саналыг прокурорын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор татгалзан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Л.Аыг уг хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хуульд заасан эрх үүрэг болон хэргийн материалтай танилцуулж, яллах дүгнэлтийг гардуулан ирүүлэх...” нь зүйтэй гэж дүгнэн уг ажиллагааг хийж гүйцэтгэхийг прокурорт даалган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалт нь тухайн хэргийн хүрээнээс хальж хэрэгт урьд, өмнө огт яллагдагчаар татагдаагүй этгээдийг шинээр татан оролцуулах агуулгагүй ба, хэрэв тухайн хэрэгт шинээр татан оруулах гэж буй этгээд уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, уг этгээдгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход сөргөөр нөлөөлнө гэж шүүхээс үзвэл уг ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг прокурорт буцаан шийдвэрлүүлэх, эсхүл энэ талаар тухайн этгээдэд тусад нь эрүүгийн хэрэг нээн хуульд заасан журмын дагуу нотлох баримт, цуглуулан, бэхжүүлж шүүхээр гэм бурууг нь хянан шийдвэрлүүлэх нь мөрдөх болон прокурорын байгууллагын эрх хэмжээний асуудал юм.    

 

Харин прокуророос дээрх хуульд нийцээгүй шийдвэрийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 481 дугаар тогтоол үйлдэн Л.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан, уг тогтоолдоо 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 373 дугаар прокурорын тогтоолоор өөрчлөлт оруулан, мөн өдрөө болон 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд түүнээс нийт 3 удаа яллагдагчаар мэдүүлэг авч, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 103/А дугаар яллах дүгнэлт үйлдэн Л.Г, Л.А, Б.Б нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг хүлээн авч шүүгдэгч Л.Г, Ө.Б нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэж, яллагдагч Л.Аод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх үүргийг эдлүүлж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн холбогдох хэргийг тусгаарлан, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1218 тоот шүүгчийн захирамжаар түүнийг шүүхэд шилжүүлж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолоор Л.Аыг гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үйлдэл болжээ.

 

Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байдаг бол мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч ...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” хэмээн заасныг ч зөрчсөн зөрчил болжээ.

 

2. Гэм буруугийн талаар:

 

Анхан шатны шүүх дээр дурдсанчлан хууль зөрчиж Л.А-ыг шүүгдэгч Л.Г, Ө.Б нарт холбогдох хэрэгт татан оруулж гэм буруутайд тооцон ял оногдуулсан, түүний өмгөөлөгч Э.Бэлгүүн Л.А-ыг гэм буруугүй хэмээн маргаж давж заалдах гомдол гаргасан учир уг гомдлыг нь үндэслэн түүний гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хянан хэлэлцлээ.

 

Шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг харгалзан үзэж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах эрхтэй.

 

Авлигын гэмт хэргийн үндсэн шинж нь хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн дагуу албан үүргээ хэрэгжүүлж буй албан тушаалтан нь тухайн албаныхаа эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, зориуд албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх замаар өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгохоор хувийнхаа ашиг зорилгыг гүйцэлдүүлэн ашиг, хонжоо олсон байдаг онцлогтой.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх шинжээс гадна улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдэгдсэн байхыг шаарддаг.

 

Хясан боогдуулах аргаар гэдэг нь нийтийн болон улс төрд нөлөө бүхий этгээд нь өөрийн эрхэлж буй албан үүргээ хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал олгох үүднээс шунахайн сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг хахуульд өгөхийг шаардах, шаардсан эд зүйлийг өгөхгүй бол өмнө нь авсан ажил, үйлчилгээг цуцлах, өөр хүн, хуулийн этгээдэд уг боломжийг олгох, олгоно гэх мэт хууль бус санаатай үйлдэл гаргасан байхыг ойлгоно.  

 

Прокуророос Л.Аыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Гтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, тус аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Л.Г албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Бээс гэрээний нийт үнийн дүн болох 1.125.563.867 төгрөгийн буюу 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээг батлахаас татгалзах аргаар тендерийг хүчингүй болгуулж зарлуулна гэж хясан боогдуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ө.Бээс 10.000.000 төгрөгийг хахуульд авч дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Хэрэгт авагдсан тухайн хэргийн жинхэнэ болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэх, прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдан Л.Аыг гэм буруутайд тооцон, ял оногдуулах үндэслэл болсон гэх Ө.Бийн гэрчээр мэдүүлсэн “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна. Засаг дарга Л.Гын албан өрөөнд нь орж уулзахад “чи баталгаагаа өгчихвөл чиний цаашдын ажил зам чинь дурайгаад л явчихна шүү дээ гээд байсан”, түүний хэлээд байсан баталгаа нь нөгөө өмнө нь нэхсэн 10 хувийн мөнгө юм. Би тухайн үед орон сууц барих ажил хөөцөлдөөд явж байсан. ...Л.Год мөнгийг нь өгнө гэхдээ одоо мөнгө үнэхээр байхгүй байна гэж хэлсэн. Ер нь орон сууцны газар хөөцөлдөж өдөр болгон аймгийн захиргаагаар ордог байсан. Тэр болгонд Засаг дарга Л.Г надтай таараад байнга мөнгөө нэхдэг байсан. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн захиргаан дээр явж байгаад Л.Г Засаг даргатай таарсан чинь бас л мөнгөө нэхэхээр нь надад цөөхөн хэдхэн төгрөг байна одоогийн байдлаар 10.000.000 төгрөг байна гэсэн чинь тэрийгээ аваад ир гэж хэлэхээр нь ...10.000.000 төгрөгийг хар хөх өнгийн нөүтбүүкний цүнхэнд хийж Л.Год өгөхөөр аймгийн захиргаа руу очсон. Тухайн үед ажлын цаг дуусаж байсан ба, 18 цаг өнгөрч байсан бөгөөд захиргааны үүдэнд Л.Гтой таарсан чинь хүүе энд ингэж мөнгө өгч болохгүй чи явж бай би ярья гэж хэлсэн. Түүнээс хойш 10 орчим минутын дараа Л.Г өөрийнхөө 99383333 дугаарын утаснаас ярьснаа би “Жаргалан” эмнэлэг дээр байна хүрээд ир гэхээр нь яваад очиход дөнгөж ирээд зогсож байсан. Л.Г машинаасаа буугаад над дээр ирсэн. Энэ хүн рүү яриад мөнгөө аваачаад өгчих гэж хэлээд нэг утас өгсөн. Би тэр утас руу нь ярьсан чинь Монгол Ардын намын байран дээр ирээд утсаар залга гэхээр нь очоод уг дугаар руу нь залгахад үүдэндээ зогсож байсан. Тэгснээ тэр залуу миний машинд орж ирж сууснаа аль юм бэ гэхээр нь би цүнхтэй мөнгөө арын суудал дээрээс аваад өгсөн чинь мөнгийг аваад намын байр руугаа ороод 5 орчим минутын дараа гарч ирээд цүнхийг өгсөн, би түүнд хандаж мөнгөө тоолж авсан уу гэхэд банкнаас авсан боодолтой шинэ мөнгө байна ш дээ 10 сая байна гэж хэлсэн. Түүнээс хойш Л.Г гэрээн дээр гарын үсэг зураад ажил эхэлж, зөвшөөрөл гаргаж өгсөн...” гэх болон,

Түүний 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...гэрээ байгуулахаас өмнө 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Засаг дарга Л.Г миний 99106286 гэх утасны дугаар руу залгаад гэрээ байгуулахаас өмнө урьдчилгаа мөнгө өг гэхээр нь би Хөвсгөл аймгийн захиргааны байрны үүдэнд засаг дарга Л.Гтой уулзаад 10 сая төгрөг бэлнээр өгөх гэсэн боловч Л.Г энд мөнгө авч болохгүй, би чам руу эргээд залгая гэсэн. Тэгээд би машиндаа ороод дөнгөж суусан чинь Засаг дарга Л.Г миний 99106286 гэх утас руу 99389999 гэх утаснаас залгаад Хөвсгөл аймгийн төв эмнэлгийн ард талд байх хувийн эмнэлгийн гадаа хүрээд ир гэсэн. Би шууд тэр эмнэлэг рүү явж очоод Засаг дарга Л.Гтой уулзсан чинь Л.Г нь аймгийн Монгол Ардын намын дэд дарга Л.А гэх хүний 89-тэй утасны дугаарыг надад хэлж өгөөд энэ хүнтэй яриад наад мөнгөө аваачаад өгчих гэсэн. Тэгээд би эмнэлгийн үүднээс хөдлөөд Л.А гэх хүний утас руу залгаад Л.Г дарга мөнгө аваачаад өгөөдөх гэсэн юм гэж хэлсэн чинь Л.А нь аймгийн Ардын намын үүдэнд хүрээд ир гэсэн. Би шууд аймгийн Ардын намын үүдэнд очоод Л.А руу залгаад ирсэн гэдгээ хэлсэн чинь Л.А гарч ирээд хөх алаг өнгийн нөүтбүүкний цүнхэнд хийсэн байсан 10 сая төгрөгийг миний машинд орж ирж аваад намын байр руугаа орсон. Тэгээд удаагүй Л.А нь буцаж гарч ирээд надад хөх алаг өнгийн цүнхийг буцааж өгсөн. Тэгээд би Засаг дарга Л.Гын утас руу залгаад мөнгө өгсөн талаараа хэлсэн. Засаг дарга Л.Г 10 сая төгрөг өгснөөс 2 билүү 3 хоногийн дараа манай компанийн Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газартай байгуулсан гэрээг баталгаажуулсан...” гэх

“...Намайг эмнэлгийн гадаа яваад очиход Л.Г дарга дөнгөж ирээд зогссон ба машинаасаа бууж ирээд би эмнэлэг орж тариа хийлгэх гэж байна, энэ хүн рүү яриад мөнгөө аваачаад өгчих гээд дугаар өгсөн. Би тэр хүн рүү утсаар холбогдоод Л.Гтой уулзлаа өөрт чинь мөнгөн аваачаад өгчих гэсэн юм, хаана байгаа вэ гэсэн чинь Монгол Ардын намын байран дээр ирээд залгачих гэсэн. Тэгээд намын байрны гадаа очиж нөгөө хүн рүү залгахад гадаа нь зогсож байсан. Мөнгийг аваад, намын байр руугаа ороод миний цүнхийг буцаагаад гаргаж өгсөн. Би тэр хүнээс гарч ирэхэд нь мөнгөө тоолж авсан уу гэсэн чинь тоолсон 10.000.000 төгрөг байна, гар зүсэх гэсэн шинэ мөнгөнүүд байна ш дээ гэсэн. Өөр ямар ч яриа болоогүй...” гэх[1],

 

Гэрч Д.Гэрэлчулууны “...2019 оны 4 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай Монгол Ардын намын дэд дарга Л.А надад 10.000.000 төгрөгийг бэлнээр аваад ирснээ та өр шир, зээлээ төлж бай гэхээр нь би энэ мөнгийг “өглөг” гэдгээр нь тооцоо үүсгэж орлогод авсан. Учир нь дээрх мөнгө хаанаас, хэнээс ирсэн нь тодорхойгүй байсан юм. Би Л.А даргын өгсөн 10.000.000 төгрөгөөс эхний ээлжид 2.109.000 төгрөгийг цалиндаа тавьсан. 7.890.000 төгрөг үлдэхээр нь үүнээс халаалтын мөнгө гэж 2.240.000 төгрөгийг дулааны цахилгаан станцын дансанд би өөрийн биеэр очиж төлсөн. 5.000.000 орчим төгрөг надад үлдсэн байсныг бэлнээр сейфэндээ байлгаж байсан чинь 2019 оны 5 дугаар сарын эхээр Ерөнхий сайдын нэрэмжит спортын тэмцээн болохоор нь түүнд зарцуулаарай гээд улс төрийн ажилтан М.Лянхуад бүгдийг нь өгсөн. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 20-доор байх яг өдрийг нь сайн санахгүй байна Улаанбаатар хотын “Лидер комплекс коннект” ХХК-аас манай намд 10.000.000 төгрөгийн хандив гэж өгөхөөр нь цалин тавих уу, яах уу гэж Л.А даргаас асуусан чинь би Л.Г даргаас асууя гэж хэлсэн. Тэгснээ удалгүй Л.А дарга надтай уулзаад 10.000.000 төгрөгийн өглөгөө өгчих гэж хэлэхээр нь танаас авсан юм чинь та өөрөө өг гэж хэлээд бэлнээр 10.000.000 төгрөгийг Л.Аод өөрт нь өгсөн, тэгээд тайландаа өглөгөө хаасан...” гэх[2],

 

Шүүгдэгч Л.Гын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр “...2019 оны хаврын сүүл сард санагдаж байна. Ө.Б над руу залгаад та хаана байна гэж асуухаар нь би байгаа газраа хэлж Оюу-Ундраа эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байх үед ирээд эмнэлгийн гадаа уулзсан. Тухайн үед Ө.Б Монгол Ардын намд хандив өгье гэх зүйл ярьж уулзсан. Би бол авахгүй, хэрвээ чи намын үйл ажиллагааг дэмжиж байгаа бол аймгийн Монгол Ардын намын хороон дээр очоод Л.А дэд даргатай уулзаад өг гэж хэлсэн. Тэгээд Ө.Б Л.А даргатай очиж уулзъя гээд надаас Л.А дэд даргын гар утасны дугаарыг аваад явсан. Дараа нь хоёр бил үү гурван хоногийн дараа Л.А дарга над руу утсаар залгаад Ө.Б гэх нөхөр намын үйл ажиллагаанд зориулж 10.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн...” гэх агуулга бүхий удаа дараагийн мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Л.Г, Ө.Б нарын гар утасны яриа бичигдсэн гэх “CD”-д үзлэг хийсэн тэмдэглэл[3] зэрэг тухайн хэрэгт ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл Л.А нь улс төрд нөлөө бүхий буюу Хөвсгөл аймгийн Засаг дарга /Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын дарга/-аар ажиллаж байсан Л.Г шүүгдэгч Ө.Бээс хясан боогдуулах аргаар 10.000.000 төгрөгийн хахууль авахад хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанчлан мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хоёр, түүнээс дээш этгээд санаатай, эсхүл үйлдлээрээ нэгдэж үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой байдаг.

 

Тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар тохиролцоо хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Г тухайн мөнгийг Л.Атой утсаар ярьж аж ахуйн нэгжээс намд хандив болгон өгч байгаа гэж хэлэн түүний утасны дугаарыг шүүгдэгч Ө.Бд өгч яриулан авхуулсан мөнгийг Л.А нь Л.Гыг бусдаас хахууль авч байгаа гэдгийг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал: Тухайн үед Л.Аын Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын дэд даргын албан үүргийг хашиж байхдаа тухайн аймгийн намын удирдлага Л.Гын хандив гэж хэлэн бусдаар өгч явуулсан мөнгөн хөрөнгийг хүлээн авч намын нягтлан бодогч /Д.Гэрэлчулуун/-д хүлээлгэн өгч “өглөг” гэх төлөвтэй намынх санхүүгийн баримтад тусгагдан, үйл ажиллагаанд нь зарцуулагдсан мөнгөн хөрөнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч Л.Гтой үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Э.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Аод Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн Прокурорын газраас Л.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, эрүүгийн 2002002020007/Т дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, өмгөөлөгч Э.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                            ШҮҮГЧИД                                             З.ТҮВШИНТӨГС

 

 

       М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 1-р хавтас 30-36, 175-176, 4-р хавтас 214-219-р тал

[2] хх-ийн 1-р хавтас 46-48-р тал

[3] хх-ийн 1-р хавтас 94-101-р тал