Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

 

2023            3               09                                                  2023/ДШМ/18                       

 

 

 

                                                   Д.Л-т холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Энхбат

            Шүүгдэгч Д.Л

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай

            Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Л-т холбогдох эрүүгийн 2234000000554 дугаар хэргийг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Д-ийн Л, 1991 оны 3 дугаар сарын 14-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, “Өлийн ам” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Д.Л нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлий ам” гэх газар хамтран амьдрагч Г-г хөлөөрөө өшиглөж унаган зодсоны улмаас 3-4 орчим долоо хоногтой ураг зулбаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Л, хохирогч Г нар нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч хохирогчийн эрх чөлөөнд удаа дараа халддаг байсан нь хохирогчийн “намайг урьд өмнө байнга цохиж, зодож байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Нүдийг чинь ухаад хаячий гээд миний зүүн талын нүдний зовхи хэсэг рүү хуруугаа чихэж оруулаад хоёр нүдийг чинь ухаад өгий гээд аймаар өвтгөөд ухаад байсан. Үүнээс болж миний нүдний хараанд өөрчлөлт орсон. Миний хүзүү, толгой хэсэг рүү байнга дэвсэж, хэвлий хэсэг рүү байнга зодох болгондоо өшиглөж гар хуруу мушгидаг. Миний бэлэг эрхтэн рүү модоор хатгаж өшиглөж байсан. 2022 оны 7 дугаар сарын сүүлээр баруун шанаа хэсэг рүү өшиглөж сумын эмнэлэгт үзүүлэхдээ үхэрт мөргүүлсэн гэж хэлсэн бөгөөд тухайн үед эрүү ангайж чадахгүй болсон байсан” гэх мэдүүлгээс харагдах бөгөөд сүүлд буюу 2022 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дараалан хохирогчийн эрх чөлөөнд халдаж зодон эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол, 3-4 орчим долоо хоногтой жирэмсэн байсан ураг зулбасан нь амь насанд аюултай хүнд хохирол тус тус учруулсан нь тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.Л-т холбогдох хэрэгт мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзнэ хэмээн дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

 

Үүнд: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

 

Шүүгчийн захирамжид “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй” гэжээ. Харин хуульд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нь” тогтоогдоогүй байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр тодорхой заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан байх бөгөөд шүүх өөрөө дээрх хэрэгт ямар хор уршиг учирсан болохыг хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй мөртлөө гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

2. Мөн шүүгчийн захирамжид “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх үүргээ биелүүлээгүй гэжээ. Энэ нь яллагдагч Д.Л-т холбогдох хэрэгт мөрдөгч яг ямар ажиллагааг дутуу хийж хуульд заасан ямар үүргээ биелүүлээгүйн улмаас хэргийг прокурорт буцаах болсон эсэх нь тодорхойгүй байна. Нөгөөтэйгүүр мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрхэн яаж нотлогдоогүй гэж дүгнэсэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокуророос хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалган тогтоолгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Д.Л-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог ба, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлох үүрэгтэй.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэхээр заасан.

 

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт тусгагдсан хохирогч Ггийн мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Д.Л-ын үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бодитой  тодорхойлж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.  

 

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, энэ нь цаашид шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж болзошгүй байна. Иймд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хангах нь үндэслэлтэй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хуульд заасан үндэслэлийг хангаагүй гэж үзвэл шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ хэмээн заасан ба шүүгчийн захирамжийн агуулга нь мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй юм.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/46 дугаар захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                          ШҮҮГЧИД                                                     З.ТҮВШИНТӨГС      

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА