Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          3            29                                                     2023/ДШМ/19

 

 

 

Э.У, О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Цогтгэрэл

                        Шүүгдэгч Э.У, О.Б

                        Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжаргал, С.Одгариг /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У, О.Б нарын өмгөөлөгч Л.Батжаргал, С.Одгариг нарын тус бүр гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.У, О.Б нарт холбогдох эрүүгийн 2202001420115 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Дулаан хан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Бүгд Найрамдах Солонгос улсад хувиараа караоке ажиллуулдаг гэх, Монгол Улсад тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 4-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, У,

Монгол улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүгд Найрамдах Солонгос Улсад хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Монгол улсад тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 90-01-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б,

Э.У О.Б нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран оролцож тусгай зөвшөөрөлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно гэснийг зөрчиж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах нийт 640 грамм жинтэй 3 хэсэг алтыг хэлбэр загварт оруулан өөрчлүүлсэн буюу 3 ширхэг бугуйвч болгон 1 алтан бугуйвчийг О.Б нь зүүж, Э.У нь 2 ширхгийг зүүж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Нийслэлийн прокурорын газраас Э.У О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч У, Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,        

Шүүгдэгч Э.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох, шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, О.Б нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон ирсэн эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 103.773.195,21 /нэг зуун гурван сая долоон зуун далан гурван мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийн үнэ бүхий 189.75, 197.57, 252.61 грамм нийт 3 хэсэг, нийт жин нь 640 грамм жинтэй алтыг /бугуйвч хэлбэрт оруулсан/ хурааж улсын төсөвт оруулж,

Шүүгдэгч Э.У-ийн үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхэг, О.Б-ын үндэсний энгийн гадаад паспорт 1 ширхгийг шүүгдэгч нарт буцаан олгож, Э.У-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны билет 1 ширхэг, О.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны билет 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У, О.Б нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч С.Одгариг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э.У, О.Б нарыг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон эрдэнэсийг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн...” гэм буруутайд шүүх тооцсон.

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолоор “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалт”-д алтыг оруулаагүй байна. Шүүхийн тогтоолд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Монгол улсын иргэн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металлыг Монгол улсын хилээр гаргахыг хориглоно. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “эрдэнэс гэж үнэт металл, алт... гэж тус тус заажээ гэж дурдаад...” үүнээс үзвэл шүүгдэгч Э.У, О.Б нар нь хамтран Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд багтах алтыг бугуйвч хэлбэрт оруулан зүүж гаальд мэдүүлэх үүргээ биелүүлэлгүй авч гарсан үйлдэл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын дагуу хориглосон эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзнэ” гэж хууль зүйн үндэслэлийг томьёолжээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан хуулийн нэр томьёоноос үзэхэд энэ хуулийн субъектэд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан болон террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсан этгээд байх бөгөөд ийм этгээд нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар 20 саяас дээш үнэтэй алтыг Монгол улсын хилээр гаргахыг хориглосон заалтад хамаарч, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т заасан томьёоллоор тухайн этгээдийн авч гарах алт эрдэнэс нь дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого байхаар ойлгогдож байна.

Харин Эрдэнэсийн сангийн тухай хуулиар төрийн нэрийн өмнөөс Монгол банк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлал, орлого нь гадаад, дотоодын банк, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс улсад худалдсан, бэлэглэсэн, хандивласан, түүнчлэн хууль тогтоомжийн дагуу хураасан, дайчлан авсан болон хадгалуулсан, тушаасан эрдэнэсээс бүрддэг бөгөөд худалдах, шилжүүлэхийг хориглосон нь эрдэнэсийн санд байгаа эрдэнэсийг худалдах, шилжүүлэхийг хориглох ойлголт бөгөөд тус санд хуримтлагдаагүй, хувь хүн өөрөө бусдаас худалдаж авсан алтыг энд хамруулах талаар томьёолоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хууль, захиргааны акт, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хориглосон алтыг хилээр нэвтрүүлэх нь хууль бус үйлдэл болж гэмт хэрэгт тооцогдох бөгөөд дээрх хуулиудын зохицуулалтад хамаарахгүй хуулийн ойлголт буюу амин сүнс нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан этгээд уг төрлийн гэмт хэрэг үйлдэж олсон алт, Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрдэнэсийн сан, түүнд хадгалагдаж байгаа алт гэсэн ойлголтоор илэрхийлэгдэж байхад шүүх иргэн хүн өөрөө бусдаас олж авсан алтыг хуулийн дээрх ойлголтод хамааруулж ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн шүүх гэм буруутайд тооцохдоо хориглосон бараа хилээр гаргасан эсвэл гаальд мэдүүлэх үүргээ биелүүлээгүй гэдгийн алинаар тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Э.У, О.Б нарын хилээр алт гаргах гэж байсан үйлдэл бол нотлогдсон, харин тэр алт нь Монгол улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолоор “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалт”-д ороогүй учраас Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.У, О.Б нарыг цагаатгаж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нийслэлийн прокурорын газраас Э.У, О.Б нарыг Бүгд Найрамдах Солонгос улсад худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран оролцож, тусгай зөвшөөрөлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно” гэснийг зөрчиж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан Олон Улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах нийт 640 гр жинтэй 3 хэсэг алтыг хэлбэр загварт оруулан өөрчлүүлсэн буюу 3 ширхэг бугуйвч болгон 1 алтан бугуйвчийг О.Б зүүж, Э.У нь 2 ширхгийг нь зүүж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол...” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Э.У, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж дүгнэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг нь “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хориглосон бараа, эрдэнэс” байх бөгөөд “эрдэнэс” нь заавал хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хориглосон байх учиртай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгч Э.У, О.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан агаарын Олон Улсын боомтоор өөрийн гоёл чимэглэлийн зориулалтаар эрх бүхий байгууллагаар хийлгэж албан ёсны сорьц цохиулсан 640 гр 3 ширхэг алтан бугуйвчийг зүүж Монгол Улсын хилээр гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бус харин Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан “Гаалийн тухай хууль” зөрчих зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн объектив шинж болох объект нь Улсын хил, гаалийн хилээр барааг нэвтрүүлэх, тээвэрлэх талаар хуулиар тогтоосон журам байх бөгөөд тухайн гэмт хэргийн халдлагын зүйл нь журмаар зохицуулсан хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа байх учиртай. Иргэний гоёл чимэглэлийн зориулалтаар өөртөө хэрэглэх зорилготой хэрэглэж ашиглаж байгаа алт, мөнгө зэрэг үнэт зүйлийг үндэслэлгүйгээр хориглосон бараа, эрдэнэс гэж үзэн тэдгээрийн өмчлөх эрхэд шууд халдаж гэмт хэрэг гэж тодорхойлох нь хууль хэрэглээний хувьд боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь: Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолын хавсралтаар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалт” гэх журмыг баталсан. Энэхүү тогтоолд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд эрүүгийн 2202001420115 дугаартай хэргийн маргааны зүйл болох “Алт” дээрх Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалтад багтаагүй.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын дээрх үйлдэл гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимтай нийцэхгүй юм.

Нөгөөтээгүүр миний үйлчлүүлэгч нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “гаалийн мэдүүлэгт мэдүүлдэг талаар огт мэдээгүй, мэдсэн бол бид хуулийн дагуу мэдүүлээд явах байсан” гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх “шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэлийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 135/А дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллагдагч Э.У, О.Б нар нь Бүгд Найрамдах Солонгос улсад худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран оролцож тусгай зөвшөөрөлгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно” гэснийг зорчиж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан Олон Улсын агаарын замын боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах нийт 640 гр жинтэй 3 хэсэг алтыг хэлбэр загварт оруулан өөрчлүүлсэн буюу 3 ширхэг бугуйвч болгон 1 алтан бугуйвчийг О.Б зүүж, Э.У нь 2 ширхгийг нь зүүж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж хэргийн үйл баримтын талаар тусгаж ялласан.

Анхан шатны шүүх “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Э.У, О.Б нарыг хамтран гүйцэтгэгчээр Эрдэнэсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 189.75 грамм жинтэй 998.04 хувийн алтны сорьцтой, 197.57 грамм жинтэй 997.66 хувийн алтны сорьцтой, 252.61 грамм жинтэй 996.88 хувийн алтны сорьцтой 103.773.195,21 төгрөгийн үнэ бүхий алтыг 3 ширхэг бугуйвч хэлбэрт оруулан өөрчлүүлэн зүүж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 дугаар тушаалаар батлагдсан журмын 133 “Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа, мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, барилгын материал, бүх төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, түүхий эд, боловсруулаагүй эсхүл дахин боловсруулах бараа, химийн болон цацраг идэвхт бодис, ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, түүх соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн болон археологийн олдвор, шинжлэн ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа шинжилгээний материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг бараанд Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас /Маягт №2/-aap гаалийн бүрдүүлэлт хийхгүй. 13.4, 13.3-т заасан бараа, гаалийн нутаг дэвсгэрт болон хилийн чанадад боловсруулалт хийх барааг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй”-т заасныг зөрчсөн нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлан тогтоожээ.

Дээрх хуулийн зохицуулалт болон прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт зэргээс үзэхэд анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудлын талаар хэт хальсан хууль зүйн дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.У, О.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоож, тэдгээрт хуульд заасан ял оногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Уг алтан бугуйвчийг гаалийн мэдүүлэгт мэдүүлэн, татвар төлөх ёстой гэдгийг мэдээгүй гэв.

Шүүгдэгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль мэдэхгүйн улмаас мэдүүлээгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.У, О.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.У, О.Б нарын өмгөөлөгч С.Одгариг, Л.Батжаргал  нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.  

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Э.У О.Б нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад худалдан борлуулж ашиг олох зорилгоор хамтран оролцож нийт 640 грамм жинтэй алтыг 3 ширхэг бугуйвч болгон хэлбэр загварт оруулан өөрчилж, 1 алтан бугуйвчийг О.Б баруун гартаа, 2 алтан бугуйвчийг Э.У хоёр гартаа тус тус зүүж хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Монгол Банкны хууль ёсны төлөөлөгч Ч.Н өгсөн “...Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үнэт металл, эрдэнийн чулууг эрдэнэс гэж тодорхойлсон байдаг бөгөөд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үнэт металлын ангилалд “алт”-ыг багтаасан байдаг. Ийм учраас эрдэнэс гэх ойлголтод “алт” нь бүрэн хамаарна. Монгол банк нь Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны ...улсын болон гадаад орны банк бусад аж ахуйн нэгж байгууллага иргэдээс валют, цэвэршүүлсэн алт худалдан авдаг. Арилжааны банкнууд Монгол улсын хилээр гаднын орнуудад алтыг экспортод гаргах бол заавал Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авдаг. Энэ тусгай зөвшөөрөл Банкны тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар олгогддог. ...Жирийн иргэн этгээд нь улсын хилээр алт гадагшаа нэвтрүүлэх ойлголт хэзээ ч байхгүй. Хэрвээ хилээр алт, үнэт металл авч гаргах бол заавал татвар төлнө. Монгол банкнаас олгогдсон тусгай зөвшөөрөлтэй..., ...ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй иргэн улсын хилээр алт нэвтрүүлнэ гэсэн ойлголт байхгүй.  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 грамм алтыг Монгол банк 162.572,37 төгрөгөөр иргэд аж ахуй нэгжээс худалдан авч байсан...” гэх[1],

          Гэрч Д.Лхагвасүрэнгийн “...2021 оны 7 дугаар сарын дундуур яг хэдэн гэдгийг сайн мэдэхгүй байна нөгөө Э.Уийн дүү над руу яриад нөгөө мөнгөө шилжүүлье та дансаа өгөөч гэхээр нь дансаа өгсөн чинь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 24.700.000 төгрөг нэг удаа орж ирсэн. Дахиад тэр өдрөө 37.050.000 бас орж ирсэн. Ингээд нийт 51.750.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тэр үед алт, мөнгөний ханш нэлээд тогтворгүй өдөр, өдөр өөр байсан болохоор би яг мөнгөн дүнг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд ямар ч байсан өгсөн мөнгөөр алт авах гэж би бараг 2 сар гаруй болоод 250 орчим грамм алт аваад 2 ширхэг бугуйвч хийж өгсөн. Тэгээд ажлын хөлсөнд 200.000 төгрөг авсан бас сорьцод оруулахад 999 сорьцтой гарсан. Тэгээд Э.У ирээд надаас сорьцтой алт гэж хэлээд байсан тэгэхээр бас энэ талаараа сайн мэдэхгүй байсан юм болов уу л гэж бодож байна. Тэгээд надаас 2021 оны 12 дугаар сарын 01-ний үеэр байх сайн санахгүй байна Э.У ирээд нөгөө 2 ширхэг бугуйвчаа аваад явсан..” гэх[2],

          Гэрч Г.Ганбаатарын “...Би энэ Э.У гэх эмэгтэйд 3 ширхэг алтан бугуйвч хийж өгсөн. ...Э.У надад хэлэхдээ 1кг алтаар бугуйвч хийлгэе гэсэн. Тэгээд өөрөөс нь хэдээр алт худалдаж авах гэж байгаа талаар асуухад Э.У 1 граммыг нь 175.000 төгрөгөөр худалдаж авна гэхээр нь би шууд тохирсон. Тэгээд надад 250 орчим грамм алт өгсөн. Энэ алтаар аятайхан бугуйвч хийгээд өгөөч гэхээр нь зөвшөөрч бугуйвч хийж өгөхөөр болсон. Мөн урьдчилгаа гээд 500.000 төгрөг өгсөн. Тэгээд явахдаа маргааш нөгөөдрөөс мөнгөө авч ирээд өгчихнө гээд явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай ажил дээр ганцаараа цүнхэнд мөнгөө хийчихсэн орж ирсэн. Тэгээд нэг бүрчлэн тоолж авахад 68.000.000 төгрөг байсан. Энэ мөнгө чинь 1 кг алт авч болохгүй шүү дээ, 388.5 грамм алт хүрэлцэх мөнгө байна гэхэд Э.У энэ мөнгөний хэмжээнд алт худалдаад аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өгсөн 68.000.000 төгрөгөөр нь алтыг 2 өдрийн дотор 388.5 грамм алт иргэдийн гар дээрээс худалдаж аваад захиалсан 2 ширхэг алтан бугуйвчийг хийж өгсөн. Өмнө нь надад авчирч өгсөн 250 орчим грамм алтаараа өөр бас бугуйвч хийлгээд авчихсан, дараа нь миний худалдаж авсан алтаар 2 ширхэг ингээд нийтдээ 3 ширхэг алтан бугуйвч хийлгэж авсан. Нийт 600 гаруй грамм болсон байхаа. ...надаар хийлгэсэн 3 ширхэг алтан бугуйвчаа Бүгд Найрамдах Солонгос улс руу авч явна гэж ярьж байсан...”,

“...Э.Уийн авчирсан 2 ширхэг алтан бугуйвч дээр ямар ч сорьц дарагдсан асуудал байхгүй. Алтан дээр сорьц дардаг ганцхан газар байдаг. Тэр нь сорьцын хяналтын алба. Энэ газар л албан ёсны сорьц дардаг. Өөр бусдаар алтан дээр сорьц дардаг хувь хүн, аж ахуйн нэгж байхгүй...” гэх[3],

 

          Гэрч М.Батболдын “...нөгөө алт авах гэж байгаа эмэгтэй, Г.Ганбаатар ах хоёр уулзаад үлдсэн, яриаг нь хальт сонсвол 1 кг орчим алт худалдаж авмаар байна гэж хэлж байсан. Бас худалдаж авсан алтаараа гарт зүүдэг бугуйвч хийлгэнэ гэж ярьж байсан бас сорьц даруулах хэрэгтэй байна гэхэд Г.Ганбаатар ах би түүнийг хийхгүй, мэдэхгүй, чадахгүй гээд л сууж байсан дараа нь /цаг хугацааг нь санахгүй байна/ 2-3 өдрийн дараа нөгөө охин ганцаараа мөнгөө аваад ирсэн. Бүх мөнгөө бэлнээр өгөхөөр нь Г.Ганбаатар ах бид хоёр тоолж хүлээж авсан миний санахаар жаран хэдэн сая төгрөг л байсан яг тоог нь санахгүй байна...” гэх[4],  

          Гэрч Д.Даваанямын “...Батка, Г.Ганбаатар ах хоёр хамт ажил хийдэг, тэгээд Баткаагаар дамжуулаад Г.Ганбаатар ахтай Э.Уийг уулзуулсан. Баткаагийн баз ах Г.Ганбаатар нь иргэдээс алт худалдаж авдаг, бас иргэдэд алт, мөнгөн эдлэл хийж өгдөг хүн..., ...Тэгээд Э.У, Г.Ганбаатар ах хоёр уулзаад алтныхаа талаар яриад үлдсэн...” гэх [5],  

          Гэрч Д.Бямбацогтын “...Д.Давааням өөрөө Заамарын алтны уурхайд уурхайн дарга хийдэг байсан. Тэгээд энэ талаар надаас илүү мэдэж байгаа байх гээд Д.Даваанямын дугаарыг л өгсөн. Энэ хүн рүү яриад асуугаарай гэсэн. Тэгээд тийм их алтаар юу хийх гээд байгаа юм гэсэн чинь Мөөгий манай нэг эгч авах гэж байгаа юм гэж хэлсэн...” гэх[6] мэдүүлгүүд,

          Э.Уийн биед болон E-2871860 тоот, О.Бын биед болон Е-2768729 тоот гадаад паспортууд, тэдний авч явсан гэх эд зүйл болох 189.8, 197.6, 252.6 грамм, нийт 3 хэсэг 644.68 грамм жинтэй алтан бугуйвчид үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд [7],

          Монгол банкны 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Б-15/07 дугаартай “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн алт худалдан авах ханш 162.572,37 /төгрөг, грамм/ ...байсан ба тус ханшаар ...189.80 грамм, ...197.60 грамм, ...252.60 грамм алтны үнэлгээ /алтны үнийн дүн 103.773.195,21 төгрөг/, нөөц ашигласны төлбөр 5.188.659,76 төгрөг/-г тооцон хавсралтаар хүргүүлэв гэх албан тоот болон Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн[8], шүүгдэгч Э.У, О.Б нарын мөрдөн байцаалт болон анхан, давж заалдах шатны шүүхүүдэд өөрсдийн үйлдсэн хэрэг, алт худалдан авсан гэх мөнгөнийхөө эх үүсвэрийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрсдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол...” хэмээн тодорхойлон заасан.

Хуулийн дээрх заалтын “Эрдэнэс” гэх шинжид алт нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамаардаг ба алтыг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасны дагуу олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортлох эрхтэй байдаг.

Өөрөөр хэлбэл алтыг хуульд заасан үндэслэлийн дагуу олборлолт явуулж буй хуулийн этгээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр гадны орнуудад гаргах эрхтэй байх ба иргэн хүн хувиараа бусдаас худалдан авсан, бусдаар худалдан авхуулсан алтаа гадаад улсад гаргах эрхгүй юм.

Шүүгдэгч Э.Уийн өөрийн болон шүүгдэгч О.Баас зээлсэн гэх мөнгөөр О.Бын гэх болон өөрийн нэр дээр худалдан авсан 640 грамм алтны хэлбэр дүрсийг нь өөрчлөн 3 ширхэг бугуйвч хийлгэсэн, уг бугуйвчны 2 ширхгийг У.У нь баруун, зүүн гартаа, 1 ширхгийг О.Б нь баруун гартаа тус тус зүүж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн байх тул тэдний үйлдэл холбогдлыг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.У, О.Б нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд шүүгдэгч Э.Уийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч О.Быг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулсан мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, 6.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэг шүүхээс ял оногдуулахад баримтлах үндсэн болон гэм буруу, шударга ёсны зарчмуудад нийцжээ.

Мөн шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоон, 3 хэсэг бүхий нийт 640 грамм бүхий алтан бугуйвчуудыг хураан улсын орлого болгон шийдвэрлэсэн зэрэг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийг иш татан тайлбарласан нь өрөөсгөл болсон байх бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлын тухайн хэсэг үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоон анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг магадлалд дурдсан үндэслэлээр зөвтгөн дүгнэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Одгаригийн давж заалдах гомдлын “...алт нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалтад ороогүй тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатган өгнө үү...” гэх агуулга бүхий хэсгүүдийг болон өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж “...шүүгдэгч нарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, иргэний өөртөө зориулан хийлгэсэн алт, үнэт эдлэлийг хориглосон бараа, эрдэнэс гэж үзсэн нь үндэслэлгүй, шүүгдэгч нар нь гаалийн мэдүүлэгт мэдүүлдэг талаар мэдээгүй, алт нь хилээр гаргахыг хориглосон жагсаалтад ороогүй, уг гэмт хэргийг хүсэж үйлдээгүй, анхан шатны шүүх хуульд заасан хэмжээ хязгаарыг зөрчин хэргийн талаар дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг материаллаг хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэгт тооцогддог байхад анхан шатны шүүхээс “...хэлбэрийн бүрэлдэхүүнтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байгааг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У, О.Б нарын өмгөөлөгч Л.Батжаргал, С.Одгариг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                          ШҮҮГЧИД                                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА

 

 

 

[1] хх-ийн 2-р хавтас 172-174-р тал 

[2] хх-ийн 1-р хавтас 145-147-р тал

[3] хх-ийн 1-р хавтас 153-155, 158-159-р тал

[4] хх-ийн 1-р хавтас 164-165-р тал

[5] хх-ийн 1-р хавтас 168-169-р тал

[6] хх-ийн 1-р хавтас 173-174-р тал   

[7] хх-ийн 1-р хавтас 55-58, 59-61, 70-75, 79-82-р тал

[8] хх-ийн 1-р хавтас 177-180, 186-р тал