Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 123/ШШ2024/0065

 

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодруулсныг

хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Далай,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: А.Чингүүн, Э.Бат-Ирээдүй нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Далайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.Далай нь газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Т.Далайгийн Төв аймгийн Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураа (Замтын адаг) гэх газарт газар өмчлөх эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А\732 дугаар захирамжаар А.Чингүүнд олгосон, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А\731 дугаар захирамжаар Э.Бат-Ирээдүйд газар өмчлөх эрх олгосныг шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Т.Далайгийн Газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нь зохих журмын дагуу бүртгэж, газрын өргөдөлийн цахим мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын цахим мэдээллийн санд оруулахыг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах тухай гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Гуравдагч этгээд А.Чингүүний хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү А.Чингүүн нь хууль ёсны дагуу Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт байрлах 700 м.кв газрыг хууль ёсны дагуу өмчилж авсан. Шүүхэд шийдэгдэж байгаа маргааны талаар шүүх үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцохгүй тул хүндэтгэн үзэж шүүх ажиллагааг эзгүйд, оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. А.Чингүүний хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаяр би шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хэрэг эцэслэн шийдвэрлэхэд гарсан шийдвэртэй санал нийлнэ гэжээ.

Гуравдагч этгээд Э.Бат-Ирээдүйгийн хууль ёсны төлөөлөгч О.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү Э.Бат-Ирээдүй Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Есөн зураа 28 дугаар гудамж, 01 тоотод байрлах 4116042287 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг хууль ёсны дагуу 2022 онд өмчилж авсан. Иргэн Т.Далайгийн нэхэмжлэлийн дагуу уг хэргийн шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох боломжгүй тул хэрэг эцэслэн шийдвэрлэхэд гарсан санал шийдвэрийг дагах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Т.Далайгийн газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Т.Далайгийн Төв аймгийн Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураа (Замтын адаг) гэх газарт газар өмчлөх эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А\732 дугаар захирамжаар А.Чингүүнд олгосон, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А\731 дугаар  захирамжаар Э.Бат-Ирээдүйд газар өмчлөх эрх олгосныг шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Т.Далайгийн Газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нь зохих журмын дагуу бүртгэж, газрын өргөдөлийн цахим мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын цахим мэдээллийн санд оруулахыг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Шүүх хуралдаанд хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

4. Нэхэмжлэгч Т.Далайгаас 2024 оны 03 дугаар сарын 16-ны 0277 дугаар итгэмжлэлээр итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэлд олгосон байна.

5. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/338 дугаар албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийг газрын даамал М.Алтантуяад олгожээ. /2-р хх-134/

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

7. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрчээ.

8. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Т.Далайгийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэсэн тайлбар өгсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Далайгийн газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзсан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, Т.Далайгийн Төв аймгийн Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Есөн зураа (Замтын адаг) гэх газарт газар өмчлөх эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А\732 дугаар захирамжаар А.Чингүүнд олгосон, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А\731 дугаар захирамжаар Э.Бат-Ирээдүйд газар өмчлөх эрх олгосныг шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Т.Далайгийн газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нь зохих журмын дагуу бүртгэж, газрын өргөдлийн цахим мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын цахим мэдээллийн санд оруулахыг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөгийг, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Т.Далайд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ