Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0333/З |
Дугаар | 221/МА2017/0731 |
Огноо | 2017-10-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2017/0731
2017 оны 10 сарын 12 өдөр Дугаар 221/МА2017/0731 Улаанбаатар хот
“Б-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0580 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Б-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0580 дугаар шийдвэрээр: “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 05 сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 22/0006085 дугаар актын маргаан бүхий 100.858.449 төгрөгөөс 29.668.409 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хамруулах шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн татварын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 71.190.089 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахыг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Б-Ө” ХХК-ийн захирал Ж.Б давж заалдах гомдолдоо: “... Манай компани нь татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 22/0006085 тоот актаар тавигдсан төлөх ёстой бүгд 211.319.906.0 төгрөгийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 100.858.199.3 төгрөгийн 100.858.449.3 төгрөгийг нь татварын өрнөөс чөлөөлөх өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулахыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэхийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтны ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөл хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 25-ны өдөр Улсын төсвийн орлого, зарлагын хяналтын газар, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтсийн дугаар 1/3562 тоот албан бичгээр өгсөн Өршөөлийн тухай хуулиар татварын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгсөн.
Энэхүү албан бичигт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамруулж хэрэгжүүлэх нь зүйтэй. ...зөрчилд зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна. Татвар, төлбөр, хураамж болох үндсэн үүрэг чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно”, “… хууль хэрэглэх эрх бүхий субъектүүд ... өөрсдийнхөө хэмжээнд энэ хуулиа хэрэглээд ... харин шүүхийн шийдвэрээр захиргааны арга хэмжээ авагдсан хүмүүсийн хувьд тэр материалаа шүүх дээр авч ирээд чөлөөлөх асуудлаа шийдье” гэж тэмдэглэсэн байна.
Иймд 2015 оны 07 сарын 02-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон Татварын маргаан таслах зөвлөл болон шүүхийн шийдвэр гараагүй татварын албадад бүртгэлтэй татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хяналт, шалгалт /татвар, хүү, торгууль, алданги/-ын өрөөс нөхөн татвараа төлсөн болон татвар төлөгчийн гаргасан хүсэлтийг харгалзан Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараах үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно”, 36.1.1-д “татвар төлөгчийн гомдлоор” гэж зааснаар тухайн татварын албаны даргын тушаалаар актаар ногдуулсан хариуцлагыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэнэ гэж Улсын төсвийн орлого, зарлагын хяналтын газар, нийслэлийн, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэст чиглэл өгснийг анхан шатны шүүх үнэлээгүй.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Татварын өр төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнг бүхэлд нь өршөөлийн тухай хуульд хамруулна, хамрагдах ёстой гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар учир дутагдалтай байна. Яагаад гэвэл эрх бүхий татварын улсын байцаагчийн явуулсан хяналт шалгалттай маргаагүй буюу уг шалгалтаар тогтоосон төлбөр, зөрчлийг бүрэн хүлээн зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д зааснаар актад гарын үсэг зурсан, зөвшөөрөхгүй байгаа талаарх ямар нэгэн тайлбар хүргүүлээгүй байгаа нь татварт ногдох зүйлийг буруу тодорхойлж татвараа бүрэн зөв төлөөгүй байсныг харуулж байна. Иймд татвар төлөх үндсэн үүргийг өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон, уг хуулийн үйлчлэлд мөн адил хамаарна гэж үзэх үндэслэлгүй болно” гэж дурдсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Татварын байгууллага нь акт тавихдаа Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”, 17 дугаар зүйлийн 17.1.2-т “татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхтэй”, 231 дүгээр зүйлийн 231-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална” гэсэн хуулийн заалтуудыг хэрэглээгүй.
Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим нь хуулиар зохицуулагдсан асуудал билээ.
Тухайн үед мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д зааснаар хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч нь энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар албан тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн, татварын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж дүгнээд улсын байцаагчийн акт тогтоосон үйл баримт нь өөрөө захиргааны шийтгэл юм. Тийм ч учраас тус компанийн захирал уг актыг зөвшөөрч гарын үсгээ зуран хүлээн аваад 110.461.406.7 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зохицуулах харилцаанд, 4 дүгээр зүйлийн 4.1.7-д захиргааны хариуцлагын тухай хуулийн үндэслэл болгохыг заасан хуулийг анхан шатны шүүх хэрэглээгүй. Манай компанид тавьсан татварын улсын байцаагчийн 2014 оны 05 сарын 06-ны өдрийн дугаар 22/0006085 тоот акт нь захиргааны арга хэмжээ авагдсан акт нь өөрөө захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрт бүрэн хамаарч байгааг анхан шатны шүүх үнэлээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд нь давж заалдах гомдол гаргаж байна.
Татварын улсын байцаагчийн дугаар 22/0006085 тоот акт нь 2014 оны 05 сарын 06-ны өдөр баталгаажсан ч агуулга, шалгагдсан баримтууд нь өөрөө 2012-2013 оны баримтууд болохоор эдгээр үйл явдлууд нь гарцаагүй Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нийцэж байгааг тогтоож 100.858.449.3 төгрөгийг дээрх хуулийн заалтуудад нийцүүлэн татварын өрнөөс чөлөөлж өршөөл хэлтрүүлэхийг даалгасан давж заалдах шатны шүүхийн магадлал гаргаж өгнө үү.
Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь заалтууд задарч орох нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй. Бид татварын улсын байцаагчийн акт буюу захиргааны шийтгэлийг тухайн үед шууд хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж төлбөрөө төлсөөр ирсэн.
Иймд анхан шатны шүүхэд гарсан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “Б-Ө” ХХК-аас “...улсын байцаагчийн актыг манай байгууллага бүрэн хүлээн зөвшөөрч нийт төлөх төлбөрөөс 110,461,406.7 төгрөгийг төлж, одоо 100,858,199.3 төгрөгийн үлдэгдэлтэй, ... 60.069.898.9 төгрөгийн торгууль, 40.778.639.6 төгрөгийн алданги, 10.460.8 төгрөгийн хүү нийт 110.309.338.5 төгрөгийг хуулийн дагуу татварын өрнөөс чөлөөлж өршөөн хэлтрүүлэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 4.3.Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч татварын улсын байцаагч нарын “Б-Ө” ХХК-ийн 2010-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтаар “хандивын зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусган албан татвар ногдуулах орлогоо бууруулсан, хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт шилжүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт шилжүүлээгүй” гэх нийт 1,800,437,154.73 төгрөгийн зөрчилд 110,460,906.70 төгрөгийн нөхөн татвар, 10,460.80 төгрөгийн хүү, 40,778,639.70 төгрөгийн алданги, 60,069,898.9 төгрөгийн торгууль ногдуулж, нийт 211,319,906.00 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22/0006085 дугаар Татварын улсын байцаагчийн акт нь захиргааны шийтгэл ногдуулсан захиргааны акт байна.
Хариуцагч татварын улсын байцаагч нарын “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу хийсэн шалгалтад нэхэмжлэгч “Б-Ө” ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал шалгагдсан байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна”, 10.2-т” “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан хууль үйлчлэх хүрээнд хамрагдаж байна.
Гэвч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “татварын өр төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүн бүхэлдээ тус хуульд хамрагдах ёстой” гэх тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Нэхэмжлэгч “Б-Ө” ХХК нь татварын улсын байцаагчийн төлбөр тогтоосон 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 22/0006085 дугаар акттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд тэрээр тус актаар тогтоосон төлбөрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 6 сая төгрөгийг нөхөн татвар[1], мөн өдөр 5 сая төгрөгийг[2] торгууль, алданги, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5 сая төгрөгийг торгууль[3], мөн өдөр 45 сая төгрөгийг торгууль[4], мөн өдөр 190.500 төгрөгийг торгууль[5], 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 10 сая төгрөгийг актын төлбөр[6] гэх гүйлгээний утгаар, харин 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 сая төгрөгийг торгууль[7], 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 5 сая төгрөгийг торгууль[8], 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18.270.406.70 төгрөгийг нөхөн төлбөр[9] гэсэн гүйлгээний утгаар төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны төлбөрийн хуулбар, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдсон хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн хуулийн үйлчлэх хугацааг тодорхой заасан, өөрөөр хэлбэл, түүнийг буцаан хэрэглэх талаар заагаагүй байх тул тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.10-т заасны дагуу захиргааны зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн этгээдэд ногдуулсан шийтгэл болох захиргааны хариуцлагаас бүхэлд нь чөлөөлж, өршөөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.2-т “хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ” хэмээн ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх зарчмыг зохицуулснаас үзвэл тус хуулийн үйлчлэлд хамаарах гэм буруутай этгээдийн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүлээлгэсэн ял, шийтгэлийг /захиргааны хариуцлагыг/ бүрэн эсхүл тодорхой хэсгийг нэгэнт биелүүлсэн тохиолдолд тэрхүү биелэгдсэн ял, шийтгэлийг буцаах, суутгах боломжгүй, харин биелэгдээгүй үлдсэн хэсгийг өршөөн хэлтрүүлэх боломжтой байна.
Иймээс нэхэмжлэгч “Б-Ө” ХХК-ийн дээрх хууль хэрэгжиж эхэлсэн 2015 оны 08 дугаар сарын 11-ээс хойшхи хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 18, 2015 оны 08 дугаар сарын 31, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд актаар тогтоосон төлбөрөөс төлөгдсөн 16 сая, 5 сая, 18.270.406.70 төгрөгийн төлбөрийг хуулийн үйлчлэлд хамруулж төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн актаар тогтоосон төлбөрөөс хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас өмнө торгууль, алданги хэлбэрээр төлөгдсөн нийт 71,190,500 төгрөгийн төлбөрийг “Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “…дор дурдсан дарааллаар барагдуулна”, 56.1.1-д “тухайн татвар ногдох алданги”, 56.1.2-т “торгууль”, 56.1.3-д “татварын үндсэн өр” гэж заасан дараалалаар төлөгдсөн гэж үзэж өршөөлд хамруулахгүй гэх хариуцагч нарын тайлбар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн “төсөвт төлөх ёстой байсан татварыг хууль бусаар бууруулсан, татварын тайлангаа сайн дурын үндсэн дээр ил тод болгон шударгаар тайлагнаагүй” зэрэг зөрчлийг хариуцагчийн зүгээс хяналт шалгалт хийж илрүүлсэн, түүнчлэн татварын улсын байцаагчийн акт болон актаар тогтоосон төлбөрийн дүнгийн талаар нэхэмжлэгчээс маргаагүй байх тул нэхэмжлэгчийн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэглээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.2-т “энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй” гэж тус тус зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө орлогыг бүртгүүлэх, тайлагнах мэдүүлэхтэй холбоотой зөрчил нь төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоогдоогүй өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдээс тэдгээрийг сайн дурын үндсэн дээр бүртгүүлж, тайлагнаж мэдүүлсэн бол тус хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.
Иймд актаар тогтоосон 211.319.390.00 төгрөгийн төлбөрөөс 110.460.906.70 төгрөгийн нөхөн татварыг хасч, үлдэх 100.859.000 төгрөгийн хүү, алданги, торгуулиас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө торгууль, алданги хэлбэрээр төлөгдсөн 71.190.089 төгрөгийг хасч үлдэх 29.668.409 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй талаар болон бусад асуудлаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ