Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 696

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, дугаартай төндер шалгаруулалтыг хийсэн Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “...“Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан-У/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төндер шалгаруулалтыг хийсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Г.Ч, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, Б.Б, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Манай компани 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, 5.2 км /Завхан, У/” дугаартай ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “М” ХХК-тай хамтран түншлэлээр оролцсон бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу тендерийн нээлт хийхээс ажлын 2 өдөр хүрэхгүй хугацааны өмнө тендерийн бичиг баримтад өөрчлөлт оруулж хугацааг хойшлуулан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болгосон.

Энэ нь бидний ажилд хүндрэлтэй байсан хэдий ч хүндэтгэлтэй хандаж тендерийн санал, банкны баталгаагаа дахин түншлэгч талдаа асуудлыг ойлгуулсан билээ. Үүний дараа тендерийн бичиг баримтанд заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн  14.00 цагаас өмнө тендерийн саналаа илгээж 14.30 цагт тендерийн нээлтэд манай төлөөлөгч оролцохоор очиход Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирсэн албан тоотын дагуу тендерийн нээлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн тухай тендерийн үнэлгээний хорооноос мэдэгдсэн билээ. Тус тендерт “Д” ХХК, “Б" ХХК, “С” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “А” ХХК, “Т” ХХК, “С” ХХК, “Б” ХХК гэсэн 9 оролцогч оролцсон байсан. Тендерийн нээлтийг түдгэлзүүлсэн нь дэндүү оройтсон шийдвэр буюу тендерийн үнийн санал болон бусад мэдээлэл задрах нөхцөл бүрдсэн (учир нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14.30 цагаас хойш цахим тендерийн баталгаат хугацаа дууссан тул мэдээлэл задрах эрсдэл үүссэн) улмаас энэхүү тендерийн ажиллагаа хүчинтэй эсэхэд бид эргэлзэж байтал тендерийн саналыг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт дахин хүлээж авах тухай Худалдан авах ажиллагааны газраас бидэнд мэдэгдсэн. Энэхүү нөхцөл байдал нь анхнаасаа тухайн тендерийн үйл ажиллагаа будлиантай болох нөхцөл болсон гэж бид үзэж байна.

Ингээд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Худалдан авах ажиллагааны газраас 1/802 тоот албан бичгээр манай тендерийг шаардлага хангаагүйн улмаас Үнэлгээний хорооноос татгалзсан тухай дүгнэлт гарсан мэдэгдэл ирүүлсэн. Энэхүү татгалзсан мэдэгдэлд манай компанийн хувьд хүлээн зөвшөөрөхөөргүй, учир дутагдалтай байсан тул тайлбар хийж Үнэлгээний хорооны дүгнэлтийг хянан үзэж өгөх тухай 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 79/01 тоот албан бичгээр Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газарт гомдол гаргасан билээ. Энэхүү гомдлыг хянан үзэж Сангийн яамнаас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Худалдан авах ажиллагааны газарт “тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлгийн Техникийн тодорхойлолтыг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчиж боловсруулсан бөгөөд хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа тул тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэсэн 5/4401 тоот албан бичиг хүргүүлсэн.

Сангийн яамнаас энэхүү мэдэгдлийг Худалдан авах ажиллагааны газарт өгсөөр байтал гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахгүйгээр “Т” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулан зам барилгын ажлыг эхлүүлээд байгаа нь хууль журамд нийцэхгүй байгаа төдийгүй тус яамнаас тавьсан шаардлагыг хангахгүй байна. Энэ талаар бид 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 82/01 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол хүргүүлэхэд тендер шалгаруулалтын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдсэн 5/4882 тоот мэдэгдэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр явуулсан байна.

Иймд энэхүү ажлыг гүйцэтгэхээр хууль журмын дагуу шалгараагүй “Т” ХХК-ийн авто зам барилгын ажлыг зогсоож, тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендерийн сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэлд: “Т” ХХК-иас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан  “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан, У/” төсөл арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан, У/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зарлан, тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл Өнөөдөр сонины 79 дугаарт болон www.e-procurement.mof.mn,  www.e-tender.mn, www.meps.gov.mn веб сайтуудад тус тус нийтэлсэн. Захиалагч Зам тээврийн яамнаас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/1906 тоот албан бичгээр ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатайг мэдэгдэн ирүүлсэн тул тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ын 12-т заасныг үндэслэн тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулж нээлтийн хугацааг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болгон өөрчилж, www.e-tender.mn, www.meps.gov.mn  веб сайтуудад болон Өнөөдөр сонины 105 дугаарт нийтэлсэн. Нээлт хийхээр товлосон өдөр тендерийн баримт бичигтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Х*******" ХХК-иас гомдол гаргасан бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/615 тоот албан бичгээр гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн тул тендерийн нээлтийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийхээр товлож, баримт бичгийн ТОӨЗ-ын 12-т заасныг үндэслэн тендерийн баримт бичигт өөрчлөлтийг оруулж www.e-tender.mn,  www.meps.gov.mn  веб сайтуудад болон Өнөөдөр сонины 117 дугаарт нийтэлсэн.

Тендерийн нээлтийг товлосон хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10.30 цагт Худалдан авах ажиллагааны газрын нээлтийн танхимд Үнэлгээний хорооны гишүүд, тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан хийсэн.

Тендерт оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг дор үзүүлэв.

Компанийн нэр                                         

Батлагдсан төсөвт өртөг (төгрөг)

Санал болгож буй үнэ                   (төгрөг)

Тайлбар

1

Д******* ХХК

3 640 000 000

3 206 582 558

  •  

2

Б ХХК

3 640 000 000

3 318 769 808

  •  

3

С ХХК

3 640 000 000

 3 402 023 612

 

4

Т ХХК

3 640 000 000

 3 639 110 260

Үнийн хөнгөлөлт 5,0% хөнгөлөлттэй үнэ 3457154747

5

Т******* ХХК

3 640 000 000

3 239 967 806

-

6

А ХХК

3 640 000 000

 3 336 493 902

-

7

Т ХХК

3 640 000 000

 3 218 080 176

-

8

С

3 640 000 000

3 197 445 999

-

9

Б******* ХХК

3 640 000 000

3 325 693 117

-

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан “Ажил нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг", Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам” болон бусад холбогдох журам, тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлт хангасан байдлыг харгалзан үзэж шалгаруулалтыг явуулсан.

Үнэлгээний хорооны дүгнэлтэд: тус тендер шалгаруулалтад “Д” ХХК, “Б” ХХК, "С” ХХК, “Т*******” ХХК, “Тэнүүн холдинг” ХХК, “А*******” ХХК, “Т”ХХК "С" ХХК, "Б*******” ХХК оролцсон бөгөөд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “Т" ХХК ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн.

“Д*******” ХХК, “Б” ХХК, "С” ХХК, “Т” ХХК, “Тэнүүн холдинг” ХХК, “А” ХХК, “С” ХХК, “Б*******” ХХК-ийн ирүүлсэн тендерүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар татгалзсан.

 

“Т” ХХК, “М” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер

 

Дугаар

Тендерийн баримт бичгийн заалт

“Т” ХХК, “М” ХХК-ийн түншлэл

       ТОӨЗ 6.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОӨЗ 5.3 (б)

..Түншлэлийн гишүүд дараах нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

-Түншлэлийн гишүүд нэг бүр ижил ерөнхий шаардлагыг хангасан байна

-Түншлэлийн хувьд чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодруулахын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 5.3 (а) болон (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байна. Мөн ТОӨЗ-ны бусад шалгуурыг хангасан байна.

 

Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014,2015 онд төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын  ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана./Зөвхөн цементбетон, асфальтбетон хучилттай 4 км-ээс доошгүй урттай автозам барьсан ажлыг ижил төстэй ажилд тооцно/

ТОӨЗ 6.1-т заасны дагуу тооцож үзэхэд Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Т” ХХК нь сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онд дор хаяж нэг удаа цементбетон, асфальтбетон хучилттай 1,6 км-ээс доошгүй урттай авто зам барьсан байх туршлагатай байж “ижил төстэй ажлын шаардлага буюу ТОӨЗ 5.3 (б)  хангах ёстой. Гэвч энэ шаардлагыг хангах ижил төстэй ажил туршлагагүй байгаа нь шаардлага хангахгүй байна. /2012 оны 06 дугаар сарын 29-нд  байгуулсан “Тосонцэнгэл-У чиглэлийн 67 км авто замын барилгын ажил гүйцэтгэх” гэрээ ирүүлсэн боловч ажил хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй. Мөн гэрээ нь 2012 онд байгуулагдсан тул сүүлийн 3 жил буюу 2013, 2014,2015 онд дор хаяж нэг удаа цементбетон, асфальтбетон хучилттай зам барьсан байна гэсэн шаардлагыг хангахгүй. Зөвхөн 2015 онд 400м хатуу хучилттай зам барьсан гэрээ, акт ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна./

 

 

 

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 

(ТББ-ын 4 дүгээр бүлэгт заасан)

 

Техникийн тодорхойлолтод  заагдсан шаардлагыг тухайн шалгарсан компани биелүүлээгүй нөхцөлд захиалагчийн төлөөлөгч эрхийнхээ дагуу ажлыг зогсоож зөрчлийг арилгуулсны үндсэн дээр  ажлыг үргэлжлүүлэх тул зөвшөөрсөн албан тоот ирүүлэх

 

 

ирүүлээгүй

 

“Т” ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд Захиалагчийн зүгээс боловсруулсан тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлгийн Техникийн тодорхойлолтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчиж боловсруулсан байх бөгөөд хуульд заасан шаардлагуудыг хангахгүй байгаа учир тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэйг  мэдэгдэж,  Үнэлгээний хороо дахин хуралдаж боловсруулсан техникийн тодорхойлолт нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчөөгүй гэж үзсэн. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлд техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ хориглосон хэм хэмжээг зааж өгсөн.

11.1 Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ дараахи шаардлагыг хангасан байна.

11.1.1 Тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох:

11.1.2 Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм зааварт үндэслэх.

11.1.3 барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага нөхцөл тавихгүй.

11.1.4 энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэх гэж заасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19-д “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгоно гэж  заасан.

“Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан, У/” дугаартай тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлэг техникийн тодорхойлолт хэсэгт “Тухайн төслийн асфальтбетон хучилт хийх үеийн технологийн картыг ажил гүйцэтгэх үеийн гадна температуртай хэрхэн уялдан гүйцэтгэхийг ирүүлэх /гадна агаарын температур, чийгшлийг өнгөрсөн жилийн байдлаар тооцно/” гэж тусгасан. Энэ нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, зөвхөн зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлсон болохыг харуулж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19-д заасан нэр томъёог тайлбарласан заалтыг зөрчөөгүй болохыг нотолж байгаа ба тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтонд зөвхөн үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тусгасан байна.

Тухайн төслийн асфальтбетон хучилт хийх үеийн технологийн картыг ажил гүйцэтгэх үеийн гадна температуртай хэрхэн уялдан гүйцэтгэхийг ирүүлэх /гадна агаарын температур, чийгшлийг өнгөрсөн жилийн байдлаар тооцно/ гэж заасан учир нь зам барилгын ажил хийгдэх бүс нутаг нь эрт хүйтэрдэг, барилгын ажлын хугацаа маш бага шаарддаг онцлогтой, асфальтбетон хучилт хийх үед гадна агаарын температур, чийгшлийг тооцож хийдэг технологийн норм дүрэмтэй байдаг. /Сайдын 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 199 дүгээр тушаалаар батлагдсан “ Авто зам барих “ БНБД/

Мөн техникийн тодорхойлолтыг үнэлгээнд харгалзаж үзэхгүйгээр үнэлгээг хийсэн тохиолдолд Үнэлгээний хорооны шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй зөвхөн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан компани байхгүй. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1–д заасан эрх үүргийн дагуу тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг холбогдох дүрэм журам, норм стандартын дагуу боловсруулж аль нэг оролцогчид давуу эрхийг олгохгүйгээр нийтэд ил тод  нээлттэйгээр зарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан.

Дээрх заалтаас харахад ямарваа нэгэн өрсөлдөөнийг хязгаарласан заалт тендерийн баримт бичигт тусгагдсан бол тендерт оролцогчид нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг, энэ ч эрхийнхээ дагуу оролцогчоос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж тендерийн баримт бичгийг бүхэлд нь хянуулсан ба  ямар нэгэн өрсөлдөөнийг хязгаарласан заалт тусгагдаагүй болох, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах тухай хариу хүргүүлсэн байна. /Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/615 тоот албан бичиг/ 

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь зөвхөн захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг л хүлээн авч хянан шийдвэр гаргах эрхтэй байна гэж заасан. Үүнээс үзэхэд Сангийн яам захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг хянасан тухай  дүгнэлт гаргаагүй бөгөөд  тендерийн баримт бичигтэй холбоотойгоор нээлттэй тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан нь эрх зүйн зохицуулах харилцааг алдаатай хэрэглэсэн эсхүл буруу шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна.

Иймд хариу тайлбар, шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлж “Тэнгэр-Уул констракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Гуравдагч этгээдийн тайлбар, түүний үндэслэл: “…Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд тус компани нь тендерт ялагч болж чадаагүй явдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэх Сангийн яамны хариутай огт нийцэхгүй байна.

Тус компани нь тендерийн баримт бичигт заасан холбогдох нөхцөл шаардлагыг хангаж чадаагүй, тэр ч бүү хэл техникийн тодорхойлолтыг тус компанийн түншлэл огт ирүүлээгүй тул шалгаруулах боломжгүй талаар Үнэлгээний хороо маш тодорхой бичиж тендерээс татгалзсан мэдэгдэлдээ дурьдсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч нь өөрийн гаргасан гомдолдоо мөн адил дурдаж, давхар баталгаажуулжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заасан ерөнхий болон тусгай нөхцлүүдээ уншиж танилцаагүй эсхүл огт ойлгоогүй болох нь холбогдох баримт бичгүүдээс тодорхой харагдаж байна.

Бид сонгон шалгаруулалтад хууль, тендерийн баримт бичигт заасны дагуу оролцож, Үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтийн дагуу “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Зам тээврийн яамтай байгуулан ажлаа гүйцэтгэж, гэрээний үүргээ биелүүлж байгаа болно.

Бид ажлаа гэрээнд заасан хугацаанд эхлүүлж, ажил гүйцэтгэх хуваарийн дагуу /хугацаанаас түрүүлж/ ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна. Эдгээр ажлын талаар товч дурьдвал:

“Т” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан, У/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гүйцэтгэгчээр шалгарсан.

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтын дагуу Худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах мэдэгдлийг хүлээн авч, Зам тээврийн яамтай 2016 оны 07 дугаар  сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан болно.

Бид ажил эхлүүлэх зөвшөөрлийг орон нутгаас 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр авсан бөгөөд гэрээ болон ажил гүйцэтгэх графикийн дагуу газар дээр нь үйл ажиллагааг эхлүүлж одоогийн байдлаар газар шороо, бетон хийц цутгалтын ажил дуусч, асфальт хучилтын ажил үргэлжилж байна. Энэхүү авто зам барилгын ажлын хүрээнд асфальтбетон үйлдвэр, чулуу бутлуурын үйлдвэрүүд нүүлгэн шилжүүлэлт хийгдэн угсрагдаж ажилласан. Гэрээний дагуу орон нутгийн ард иргэд болон аж ахуйн нэгжүүдийг 40 гаруй ажилчин уг зам барилгын угсралтын ажилд ажиллаж байна. Зам барилгын угсралтын ажил нь батлагдсан төлөвлөгөөнөөс 15% илүү гүйцэтгэлтэй явагдаж байна. Гэрээнд заасан нөхцөл, хугацаанд, чанарын шаардлага хангасан зам барилгын угсралтын ажлыг манай компани гүйцэтгэх, гэрээний тусгай нөхцлийн 40, 48-д заасны дагуу санхүүжилтийг хийх замаар 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж  өгөх болно. Захиалагч Зам тээврийн хөгжлийн яам болон Барилгын хөгжлийн төвийн ажлын хэсэг газар дээр нь зам барилгын угсралтын ажлын явцын гүйцэтгэлийн шалгалтыг өнөөдөр хийж байгаа, гүйцэтгэлийн дүнгээр эхний санхүүжилт хийгдээд явна. Одоогоор төсвөөс санхүүжилт хийгдээгүй байгаа.

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох шаардлагаа нотолж чадаагүй, нотлох баримтууд нь хангалтгүй байх тул нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Тэнгэр-Уул констракшн” ХХК нь “...“Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан-У/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төндер шалгаруулалтыг хийсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан-У/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар  байгуулж[1],  Үнэлгээний хороо 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдан тендерийн баримт бичгийг боловсруулан баталж[2], тендерийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зарлажээ.[3] Тендер хүлээн авах эцсийн хугацааг 2016 оны 5 дугаар сарын 9, тендерийн хүчинтэй хугацааг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөр тогтоосон байна.

Тендерт оролцогч “Б” ХХК болон “Х*******” ХХК-ийн хүсэлтээр Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/422 тоот албан бичгээр захиалагч Зам тээврийн яамнаас тодруулга хүсэж, Зам тээврийн яамны 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 02/1906 тоот албан бичгээр “ажлын зураг төсөл, тоо хэмжээний алдааг залруулах шаардлагатай” хэмээн мэдэгдсэнээр Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/423 тоот албан бичгээр тендерт оролцогчдод ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан тендер хүлээн авах эцсийн хугацааг 5 дугаар сарын 18, тендерийн хүчинтэй хугацааг 7 дугаар сарын 30-ны өдрөөр тогтоосныг мэдэгдэж, Зам тээврийн яамнаас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05/2126 тоот албан бичгээр “Э*******” ХХК, “Т*******” ХХК-ийн зохиосон автозамын ажлын төсвийг хянаж шинэчлэснийг хүргүүлжээ.[4]

Тендерийн баримт бичигтэй холбогдуулан “Х*******” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/605 тоот албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендерийн материал авах, нээлт хийх ажиллагааг түр түдгэлзүүлж, 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/615 дугаар албан бичгээр гомдол үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулах талаар мэдэгджээ.[5] Энэ дагуу Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/540 дүгээр албан бичгээр тендерийн нээлтийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хийхээр, тендерийн хүчинтэй хугацаа 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг дуустал байхаар тогтоож оролцогчдод мэдэгдсэн байна.[6] 

Үнэлгээний хороо 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10.30 цагт тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан тендерийг нээж, “Д” ХХК, “Б" ХХК, “С” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “А” ХХК, “Т” ХХК, “С” ХХК, “Б” ХХК гэсэн 9  оролцогчийн үнийн саналыг зарлаж, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээг хийж, “Д*******” ХХК, “Б” ХХК, "С” ХХК, “Т” ХХК, “Тэнүүн холдинг” ХХК, “А” ХХК, “С” ХХК, “Б*******” ХХК-ийн ирүүлсэн тендерүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзаж, тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан, хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн “Т" ХХК-ийн тендерийг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлэн, тус компанитай 3.218.080.176 төгрөгөөр гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөхөөр шийдвэрлэжээ.[7]

Үнэлгээний хороо 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тайлангаа гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Т" ХХК-тай 3.218.080.176 төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид өгчээ[8].

Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тендерээс нь татгалзсан талаар оролцогч аж ахуйн нэгжүүдэд  тендерийн баримт бичгийн аль шаардлага хангаагүй талаарх  үндэслэл бүхий мэдэгдлийг тус бүрт нь хүргүүлсэн, үүний дотор нэхэмжлэгч “Т” ХХК болон түншлэлийн гэрээгээр оролцсон “М” ХХК-д тендерийн баримт бичгийн аль заалтыг ямар шаардлагыг хэрхэн хангаагүй талаар мэдэгдлийг хүргүүлсэн. байна.[9]

Мөн Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1/803 тоот албан бичгээр  “Т" ХХК-д 3.218.080.176 төгрөгөөр гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ.[10]

 “С” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдол гаргаснаар Сангийн яамны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/4018 тоот албан бичгээр “гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлж, энэ хугацаанд “Т” ХХК, “Б” ХХК-иас нэмж гомдол гаргасныг нэгтгэн хянаад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5/4401 тоот албан бичгээр “тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлгийн Техникийн тодорхойлолтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчиж боловсруулсан нь хуульд заасан шаардлагуудыг хангахгүй” байгаа үндэслэлээр тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Үнэлгээний хороо 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дахин хуралдаж, тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлгийн Техникийн тодорхойлолт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн эсэхийг хэлэлцээд Техникийн тодорхойлолт нь дээрх заалтыг зөрчөөгүй байна гэж үзэж, Үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасны дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ.

Захиалагч Зам тээврийн яам тендерт шалгарсан “Т” ХХК-тай 2016 оны 07 дугаар  сарын 07-ны өдөр “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан, У/” барилгын ажил гүйцэтгэх 155 тоот гэрээ байгуулжээ. Гэрээнд 2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр тогтоосон байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19-д зааснаар “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгох бөгөөд “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан, У/” дугаартай тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлэг техникийн тодорхойлолт хэсэгт “Тухайн төслийн асфальтбетон хучилт хийх үеийн технологийн картыг ажил гүйцэтгэх үеийн гадна температуртай хэрхэн уялдан гүйцэтгэхийг ирүүлэх /гадна агаарын температур, чийгшлийг өнгөрсөн жилийн байдлаар тооцно/” гэж тусгасан нь “Тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох” гэсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасантай нийцэж байна.

Сангийн яам тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй гэсэн хэдий ч тендерийн баримт бичгийн дөрөвдүгээр бүлгийн Техникийн тодорхойлолт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн чухам аль заалтыг зөрчиж боловсруулсан, хуульд заасан ямар шаардлагуудыг хангахгүй байна гэж үзсэнээ тодорхойлоогүй байна.

Зөвхөн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тендерээс нь татгалзсан компани байхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл тендерт оролцогч гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргахаар гомдол гаргах хүрээг хуулиар зохицуулсан, үүний дагуу оролцогчоос гаргасан гомдлоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тендерийн баримт бичгийг хянаж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/615 тоот албан бичгээр гомдол үндэслэлгүй талаар хариу өгсөн байдаг.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.1-д “Түншлэлийн гишүүд нэг бүр ижил ерөнхий шаардлагыг хангасан байна. Түншлэлийн хувьд чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодруулахын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 5.3 (а) болон (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байна. Мөн ТОӨЗ-ны бусад шалгуурыг хангасан байна.”,  ТОӨЗ 5.3 (б)-д “Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онд төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын  ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана. /Зөвхөн цементбетон, асфальтбетон хучилттай 4 км-ээс доошгүй урттай автозам барьсан ажлыг ижил төстэй ажилд тооцно/” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Т” ХХК нь “М” ХХК-ийн түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн “Т” ХХК нь сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онд дор хаяж нэг удаа цементбетон, асфальтбетон хучилттай 1,6 км-ээс доошгүй урттай авто зам барьсан байх туршлагатай байх ТОӨЗ 5.3 (б)-г шаардлагыг хангаагүй байна. “Т” ХХК  нь 2012 оны 06 дугаар сарын 29-нд байгуулсан “Тосонцэнгэл-У чиглэлийн 67 км авто замын барилгын ажил гүйцэтгэх” гэрээ ирүүлсэн боловч ажил хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй тул уг ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүйн дээр энэ гэрээ нь 2012 онд байгуулагдсан тул сүүлийн 3 жилд хамаарахгүй, 2015 онд 400м хатуу хучилттай зам барьсан гэрээ, акт ирүүлсэн нь шаардлагад заасан хэмжээнд хүрэхгүй байна. Мөн  тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэгт заасан техникийн тодорхойлолтод заагдсан шаардлагыг тухайн шалгарсан компани биелүүлээгүй нөхцөлд захиалагчийн төлөөлөгч эрхийнхээ дагуу ажлыг зогсоож зөрчлийг арилгуулсны үндсэн дээр  ажлыг үргэлжлүүлэх тул зөвшөөрсөн албан тоот ирүүлэхийг шаардсан байхад ирүүлээгүй байх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болохоор заажээ.

Ийнхүү “Т” ХХК,  “М” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг үнэлээд тендерийн баримт бичгийн шаардлагуудыг хангаагүй гэж үзэн тендерээс татгалзах шийдвэр гаргасан Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 6.1, ТОӨЗ 5.3 (б), техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байсан хэмээн маргаагүй, энэ талаар нотлоогүй төдийгүй “Т” ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд тус компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй, харин тендерийн баримт бичгийг боловсруулахдаа хуульд  заасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулахаар шийдвэрлэсэн байдаг.

“Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан, У/” дугаартай ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Т” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан, 3.640.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй уг ажилд нэхэмжлэгч “Т” ХХК 3.639.110.260 төгрөгийг, “Т” ХХК нь 3.218.080.176 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн, 9 хуулийн этгээд тендерт оролцсоноос 8 оролцогчийн тендер шаардлагад нийцээгүй байсан, шаардлагад нийцсэн, хамгийн бага үнийн санал ирүүлсэн  “Т” ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд болон 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-т “чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, “шаардлагад нийцсэнээс бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзана”, “шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна. 

Ийнхүү нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдөөгүй, “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан, У/” дугаартай ажлын гүйцэтгэгчээр “Т” ХХК-ийг шалгаруулсан тендер шалгаруулалтын ажиллагаа хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам 5.2 км /Завхан-У/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төндер шалгаруулалтыг хийсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай “Тэнгэр-Уул констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА

 


[1] Хэргийн 1-р хавтсын 108 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтсын 116-197дахь тал

[3] Хэргийн 1-р хавтсын 198-202 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтсын 220-250, 2-р хавтсын 1-2 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтсын 4-5 дахь тал

[6] Хэргийн 2-р хавтсын 6-8 дахь тал

[7] Хэргийн 2-р хавтсын 9-18 дахь тал

[8] Хэргийн 2-р хавтсын 20-42 дахь тал

[9] Хэргийн 2-р хавтсын 50-51 дэх тал

[10] Хэргийн 2-р хавтсын 52 дахь тал