Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2024/01710

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот *******,*******, ******* ХХК /РД:6880266/,*******,*******,******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,,, холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4 628 775.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Haier HOX-T11HGB шарах шүүгээ, Haier HHX-64DVB плитк, Samsung WW70R62Latx угаалгын машин, Philips GC 3929 индүү, Philips HD3132 будаа агшаагч, Philips HD9318 ус буцалгагч, Philips HD7462/20 кофе чанагч, Philips HD2582 талх шарагч, Haier 203R хөлдөөгч зэргийг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч *******т нь зээл авснаас хойш 2024 оны 09-р сарын 05-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,366,961.94 төгрөг төлөх байснаас, эргэн төлөлт хуваарийн дагуу 2,358,500 төгрөгийг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,008,461.94 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 594 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч ******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч ******* нь ЭР-Б31/2021-21481 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,026,790. төгрөг, зээлийн хүү 1,494,545.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,440.09 төгрөг нийт 4,628,775.44 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 4,628,775.44 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ХХК-д гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ХХК-иас нэхэмжилж байгаа 4 628 775 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс сар бүр 450 000 төгрөгөөр төлөөд 10 дахь сард нь 578 775 төгрөгийг төлж барагдуулна...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 4 628 775.44 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 628 775.44 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс сар бүр 450 000 төгрөгөөр төлөөд 10 дахь сард нь 578 775 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 011 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 44 505.5 төгрөг, төрийн сангаас 44 505.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 4 628 775.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 89 011 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 44 505.5 төгрөг, төрийн сангаас 44 505.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА