Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           3             29                                                    2023/ДШМ/20                       

 

 

А.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Д.Дэлгэрсүрэн

            Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч М.Билгүтэй     

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор А.Н-ад холбогдох эрүүгийн 2234000000551 дугаар хэргийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1984 оны 3 дугаар сарын 16-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооны толгойтын 45-630 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н,

А.Н нь 2022 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Э.Э 3 тооны адууг хулгайлж, бусдад 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Н гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргасан учир нь А.Н би багын найз Ц.Доржсүрэнтэй 2 адууны наймаа хийсэн. Наймаа хийсний дараа найз маань удалгүй нас барж А.Н би хулгайн хэрэгт холбогдож 1 жилийн хугацаагаар хорих ял авсанд гомдолтой байна. Миний бие эмнэлгийн хяналтад группт байдаг гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дэлгэрсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн, түүний үйлдсэн хэрэг нь тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч А.Н-ын өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зөрчин цуглуулсан байх ба өөрөөр хэлбэл хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлсэн тогтоол байхгүй, мөн А.Н нь бичиг үсэг мэдэхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Н-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл шүүгдэгч А.Н нь 2022 оны 8 дугаар эхээр хохирогч Э.Энхбатын “хүрэн зүсмийн гүү, эр хүрэн унага /тамгагүй/, зүүн талын гуяндаа 915 тоот тамгатай хүрэн байдас зэрэг 3 тооны адууг нь Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, бэлчээрээс нь хулгайлан авч Н.Энхбаярын адуунд нийлүүлэн бусдад 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энхбатын хохирогчоор мэдүүлсэн “...Төв аймгийн Жаргалант сумын төвөөс хойно байх голоос 2022 оны 8 дугаар сарын эхээр хүрэн зүсмийн гүү, эр толин сармай хүрэн унага /тамгагүй/, зүүн талын гуяндаа 915 тоот тамгатай хүрэн байдас нийлсэн 3 тооны адуугаа алдсан, алдсан цагаас хойш хайгаад сураг гарахгүй байсан. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Цээл сумын нутаг, “Элсэн ам” гэх газарт хайж яваад зөв талын гуяндаа “Нар саран тамгатай’’ хээр азаргатай адуунд миний алдсан 3 тооны адуу байсан. Тухайн адуу нь айлын гадаа зэлэнд байсан. Миний алдсан адууны унагыг ногтлоод зэлэнд уясан, 2 гүү нь хамт байсан. Би айлын эзэнтэй Н.Энхбаяр гэх хүнтэй уулзаж, миний хулгайд алдсан 3 тооны адууг яагаад энд байгаа талаар тодруулж асуухад Жаргалант сумын А.Н гэх хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн...” гэх[1],

 

Гэрч Н.Энхбаярын “...А.Н нь 2022 оны 7 дугаар сарын сүүлээр гар утсаар холбогдож миний Англи цустай халтар азаргад гүү хураалгаж байя гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрч гүү хураалгахаар болсон. Ингээд хэд хоногийн дараа он сарыг нь сайн санахгүй байна. 8 дугаар сар гарчихсан байсан. А.Н нь  хээр морь унаад хүрэн гүү, сартай хүрэн унага, хүрэн байдас нийт 3 тооны адууг хөтлөөд ирсэн..., ...8 дугаар сарын сүүлээр Жаргалант сумын Э.Энхбат гэх залуу ирээд А.Нын авч ирсэн 3 тооны адууг миний хулгайд алдсан адуу байна гээд надтай хэл ам хийсэн..., ...А.Нын авчирч манай азарганд хураалгасан 3 тооны адуу нь тамгагүй, хүрэн гүү, тамгагүй охин хүрэн унагатай, зөв талын гуяндаа 915 тоот тамгатай хүрэн байдас нийлсэн 3 тооны адуу байсан...” гэх[2],  

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” компанийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №Т22-201 дугаар шинжээчийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2.350.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх дүгнэлт[3] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хууль тогтоогчоос “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор заасан ба А.Нын хулгайлан авсан 3 тооны адуу нь “бод” малын төрөлд хамаарч байх тул прокуророос түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүхээс А.Нын үйлдсэн гэмт хэргийн талаар Эрүүгийн хуульд заасан материаллаг шинжтэй “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаардаг, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай түүний үйлдэл нь шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт цугларсан дээр дурдагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Нын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч А.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 /нэг/ жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч А.Нын “...Ц.Доржсүрэнтэй наймаа хийн худалдан авсан адуу учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.-ын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-н 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 3 дүгээр дугаар 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧИД                                З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА   

 

 

[1] хх-ийн 7-р тал

[2] хх-ийн 9-10-р тал

[3] хх-ийн 13-14-р тал