Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2024/01686

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг *******,*******,*******, ******* ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,*******, холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5 294 231.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь хариуцагчтай 2023 оны 07 сарын 07-ны өдөр ЗГ1745113056 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн жилийн 14.4%-ийн хүүтэй, 15 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2024 оны 09 сарын 25-ны өдөр дуусах боловч хариуцагч нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна.

 

Олгосон/бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Зээл

10,000,000

5,130,624.94

4,869,375.08

Хүү

1,095,274.89

701,962.21

393,312.68

Нэмэгдүүлсэн хүү

32,075.34

531.32

31,544.02

НИЙТ

11,127,350.23

5,833,118.45

5,294,231.78

 

Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна.... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* би *******наас нэхэмжилсэн нийт 5 294 231.78 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг 2024.11.20-ны өдрийн дотор цалингийн зээл авсан дансанд байршуулсан байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан 5 294 231.78 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 5 294 231.78 төгрөгийг 2024.11.20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 658 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 49 829 төгрөг, төрийн сангаас 49 829 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн 5 294 231.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 99 658 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 49 829 төгрөг, төрийн сангаас 49 829 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА