Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/21

 

 

 2023          3             29                                                    2023/ДШМ/21

 

 

Ц.А, Ц.А нарт холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Ц.Сонинмөнх

            Хохирогч Ц.С, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа/цахимаар/

            Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан

            Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А, Ц.А,  шүүгдэгч Ц.А өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.А, Ц.А нарт холбогдох эрүүгийн 2134000000245 дугаар хэргийг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А, 1984 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт багт оршин суух, "Хөх байгаль" ХХК-д оператор ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй,

 

А, 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг Чандмань бичил хороо 4 гудамжны 12 тоотод оршин суух, "Хөх байгаль" ХХК-д ажилладаг, улсаас авсан гавъяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй,

 

          Шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 05-ны орой 22-23 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Суварга толгой” гэх газар иргэн Ц.С-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Ц.А, Ц.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч А, А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.А, Ц.А нарыг тус бүрийг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А, Ц.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр оногдуулсан 5 жилийн хорих ялаас тус бүрээс 2 /хоёр/ жилийг өршөөн хассаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.А, Ц.А нарын тус бүр цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Хохирогч Ц.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон 14 104 984 /арван дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн 2134000000245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

          Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Ц.А нарт урьд авсан хувийн баталагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.А гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Цэцэгээ овогтой А нь Ц.Сад хүнд хохирол учруулсан тул хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гаргасан хохирлыг бүрэн барагдуулсан. Би анх удаа ийм хэрэгт холбогдож байгаа. Манай эхнэр эмчийн хяналтанд байдаг. Ийм хэрэгт холбогдож эхнэр 11 настай хүүхэд хоёрыгоо хүнд байдалд үлдээж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.А гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Ц.А миний бие хохирогч Саруулбуд бусдад зодуулж биедээ хүнд гэмтэл авч хохирсон хэрэгт хийгээгүй хэргийн төлөө хорих ял шийтгүүлсэндээ гомдолтой байна. Миний хувьд хэрэг болсон газарт байсан боловч зодооны асуудалд ах Ц.Аийг хорьж зодооныг зогсоох үйлдэл хийж байсан болохоос Саруулбудыг цохиж зодсон асуудал огт гаргаагүй. Хэрэв би зодсон бол хэргээ үнэн зөвөөр хүлээх байсан. Иймд давахын шүүх энэ асуудал байдлыг дахин авч хянан хэлэлцэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.А өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч М.Мэндсүрэн миний бие шүүгдэгч Ц.А, Ц.А нарт холбогдох эрүүгийн 2134000000245 тоот хэрэгт шүүгдэгч Ц.Ад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэйгээр энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа юм. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ЦТ/01 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Тев аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгч Ц.А нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ анхнаасаа илэрхийлж, харин ч салгах гэж оролдсон, тэнд байсан хүмүүс надаас бусад нь согтуу, юугаа ч мэдэхгүй болсон байсан гэж мэдүүлсээр байхад өөрийнх нь төрсөн эгч Ц.Алтантуяагийн нэг удаагийн буруу зөрүү өгсөн мэдүүлгийг үндэслэн хорих ял шийтгэсэнд гомдолтой байгаа юм. Хэргийн материалд хохирогч Ц.С Ц.Аг өөрийгөө цохиж зодсон талаар шууд нэр зааж мэдүүлдэггүй, би согтуу байсан, унтах гээд хэвтэж ... байснаас өөр зүйл санахгүй байна..." гэж анхны мэдүүлэг өгсөн байдаг. Харин гэрч Б.Мөнхбаатар"...А нь зодож цохиогүй, харин ч салгахыг оролдож байсан..." гэж мэдүүлдэг. Хэрэг гарсан даруйд эрүүгийн мөрдөгч анх гэрчээр Ц.Алтантуяагаас эхний мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг сануулаагүй харин ч танайхан гэр бүлээрээ нийлж хүн алах шахлаа гэж айлган дарамталж “...дүү А хажуугаас орж өшиглөсөн..." гэх мэдүүлгийг авсан байдаг бөгөөд Ц.Алтантуяа нь сүүлд өгсөн гэрчийн 2 мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаалтанд өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр өөрийн анх өгсөн мэдүүлгээ үгүйсгэж Ц.Аг хохирогч Ц.Сыг цохиж зодоогүй болохыг нотолсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлогдвол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй байдал үүссэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн ял оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөн шүүгдэгч Ц.Ан гэм буруугийн асуудалд эргэлзээтэй байдал үүссэн байх тул яллагдагчид ашигтайгаар буюу үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.С гаргасан тайлбартаа: Тухайн үед тал талаас зэрэг зодож байсан. Хэн яаж цохиж байгааг харах боломжгүй байсан. Энэ хэргийн улмаас эрүүл мэндээр маш их хохирсон гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.С-ын өмгөөлөгч Ш.Оюумаа /цахимаар/ гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруу нь хангалттай нотлогдсон. Хохирогчийн хувьд биеийн байдал асар хүнд байгаа. Анхан шатны шүүх ял шийтгэлийн хувьд зөв оногдуулсан. Шүүгдэгч нар хохирлоо төлдөггүй, гэм буруугаа хүлээгээгүй учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.А өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: Ц.Ан хувьд түүний гэм бурууг нотолсон баримт байхгүй. Өшиглөсөн гэдэг талаар мэдүүлсэн эгч Ц.Алтантуяагийн мэдүүлэг л байдаг. Иймд Ц.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан гаргасан саналдаа: Ар гэрийн байдал хүнд байгаа зэргийг харгалзан энэрэнгүй ёсны үүднээс Ц.А-ийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийг зодоогүй хэрэг дээр яллуулж байгаадаа гомдолтой байна гэв.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ар гэрийн байдлыг харгалзан үзээд оногдуулсан хорих ялыг хөнгөлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Ц.А, Ц.А, шүүгдэгч Ц.А өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А, Ц.А нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 22-23 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Суварга толгой" гэх газар иргэн Ц.Сыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь эрүүгийн 2134000000245 дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид хоёрыг очиход 0,5 литрийн 1 шил архи, 2 том пиво авчихсан байсан. Тэгээд Акугийн ах нь архиа задлаад барьчихсан, Аку /Ариунтуяа/ пиво задлаад аягалж байсан... Би пивоноос нь уух гэсэн чинь болохгүй болохоор нь унтах гээд хэвтсэн. Тэгтэл гэнэт пижигнэлдээд хөл, гар орж ирээд цохиод унасан. Би босох суух ямар нэг үйлдэл хийгээгүй. Автомашины гэрэл тусчихсан байсан. Намайг тал талаас өшиглөж байсан. Хэрвээ нэг хүн өшиглөсөн бол би хаах, харах үйлдэл хийх байсан. Намайг А гэх хүн А, Алтангадас гэдэг хоёр дүүтэйгээ хамт өшиглөж зодсон... Гомдолтой байна. Эхлээд А намайг өшиглөөд дараа нь бусад нь өшиглөсөн. 2 удаа хэвлийн нурууны хагалгаанд орсон. Эрүүл мэнд муудаад жил гаруй болж байна... /2хх 104-105/,   

Гэрч Б.Мөнхбаатарын: "...2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 13-14 цагийн хооронд 1 шил 0,75 граммтай Хараа архи Саруулбудтай хувааж уугаад гэртээ байж байхад эхнэр, эгч нар архи уулаа гээд загнахаар нь Саруулбудын дагуулаад хоёулаа мишокоо аваад гэрийнхээ айлгах гээд гарч явсан. ...Аку "уулан дээр суваргын хажууд гэрийнхэнтэйгээ ууж байна хүрээд ир" гэхээр нь бид хоёр суварга руу чиглээд зам дагаад алхаж байсан чинь тэд нар машинтай зам дээрээс бид хоёрыг тосч авсан. ...Тэгээд удалгүй гадаа нилээд харанхуй болоод явах тийшээ хандаад би жалга ороод шээсэн чинь хойно хүмүүс пижигнээд явсан. Тэгээд пижигнэхээр нь арай бөөнөөрөө нийлж хүн зодохгүй байлгүй гэж бодоод дөхөөд очсон чинь Саруулыг бөөнөөрөө зодож байсан. ...Намайг харсан чинь ах дүү нар нь нийлээд цохиод байсан. Саруулбудыг газар унагаагаад ах нь дүү нартайгаа нийлээд өшиглөж байсан. ...Намайг харж байхад эгчийг нь оролдсон юм байхгүй. Акуг налж хэвтэх гээд байсан чинь Аку уурлаад цаашаа байгаач гэсэн газар Саруул дээш хараад хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /1хх 10-11/,

Гэрч Ц.Алтантуяагийн өгсөн: “...байгаа газрыг чинь мэдэхгүй ээ гэж Мөнхбаатар хэлэхээр нь би ах А, бэр эгч Золбоо, дүү Алтангадас нартай машинтай очиж 4-р хорооны салдаг уулзварын наахнаас замаас тосож авсан... Зодоон юунаас болсон гэхээр Саруул миний гуя илээд биед хүрсэн.  Би тэгээд уурласан. 2-3 удаа биед хүрсэн. Тэрийг агаа хараад уурласан чинь Саруулбуд "Би энэ пиздаг чинь яадаг юм" гээд тэр хоёр муудалцаад зодоон эхэлсэн... А, А хоёр байсан. Би аль болох тэд нарыг салгах гээд Саруулыг цохиулахгүй гээд дээр нь дарж хэвтсэн... Ах А гарынхаа ар талаар Саруулыг алгадсан. Тэгээд барилцаад босоод ирэхээр нь дүү А хажуугаас орж өшиглөсөн. Тэгсэн Мөнхбаатар хажуугаас орж ирээд салгах гэж байгаад давхралдаад унасан... Тэгээд яаж яаж цохисныг сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг /1хх 18-19, 21, 170-171, 2хх 98-99/,

Гэрч С.Ундрахын: “2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ...Баянчандмань сумын Замт багийн Залуус хороолол руу дуудлагад 10 өнгөрч байхад явж байх замд уулын бэлд мишок дэвсчихсэн нэг хүн хэвтчихсэн цээж нүцгэн шорттой хөл нүцгэн залуу утсаар яриулаач цагдаа дуудах гэсэн юм гээд гүйгээд ирэхээр нь юу болсон талаар нь асуухад "манай найз хүнд зодуулчихсан үхэх гээд байна" гэхээр нь нөгөө хэвтэж байсан хүн дээр нь очиход ухаангүй, орчны харьцаа сул, согтуу, асуултад хариулахгүй, гийнасан байдалтай хэвтэж байсан. Тэгээд шууд тухайн залууг автомашинд суулгаад ЭМТ-ийн яаралтай тусламжийн тасагт авч ирээд үзлэг, эмчилгээг хийгээд Гэмтэл согог үндэсний төв рүү яаралтай хүргэхээр... тээвэрлэсэн. Тархиндаа гэмтэлтэй, хэвлий чангаралттай, нуруу, хацар, гар, өвдөг зурагдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1хх 31-32/,

Гэрч Э.Золбоогийн: “2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр А дүү Алтантуяа бид хоёрыг ажлаас очиж аваад суварга дээр очоод нийслэл нэртэй 0,5 литрийн лаазтай пиво уугаад сууж байтал Саруул гэх залуу Алтантуяа руу залгаж яриад А, Алтантуяа бид гурав уулнаас бууж Мөнхбаатар, Саруул хоёрыг тосч аваад буцаад суварга толгой дээр сууж байсан газраа очоод 2,5 литрийн Нийслэл нэртэй 2 ширхэг пивыг хувааж уугаад гэр рүүгээ явах гэж байтал Мөнхбаатар хүний юм яаж зүгээр уухав дээ гээд Хуягбаатараар 3 том пиво авчруулаад уугаад сууж байтал Саруул нь Алтантуяагийн гар, хөлийг илээд байхаар нь А "болиоч чи" гэсэн чинь Саруул үгэнд орохгүй байсан. Тэгээд би босоод бие засчихаад буцаад ирсэн чинь А нь Саруулыг заамдчихсан байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад бид нар гэр рүүгээ явсан. Алтантуяа, А, Мөнхбаатар бид нар байсан.” гэх /1хх 34/  мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4944 дугаартай: “1.Ц.Сын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун нүдний дээд зовхи, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт  гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /1хх 38/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 599 дугаартай: “1.2.Ц.Сын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний урагдал няцрал, цөсний хүүдийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, цээжний зүүн талын 6, 7, 8-р хавирга, сээрний 11, 12-р нугалам хугарал, баруун нүдний дээд зовхи, эрүү, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, хэвлий, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /1 хх 89/ шинжээчийн дүгнэлтүүд, 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “Би 4944 дугаартай дүгнэлтийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ГССҮТ-д Саруулбудыг хэвтэж байх үед үзэж гаргасан. Нэмэлтээр 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гавал, тархи, бүсэлхий, аарцгийн КТГ-г үндэслэн дүгнэлтийг гаргасан. Саруулбудын биед учирсан гэмтлүүдийг 1 хүн эсхүл хэдэн хүн учруулах боломжтой. Түүнийг шүүх эмнэлгээр тогтоох боломжгүй. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Саруулбудад үзлэг хийж байх үед ухаан санаа нь бүдэг асуусан асуултад буруу зөв хариулж байсан. Би үүнийг дүгнэлтэд тусгасан байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 167/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-188-193/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ц.А, Ц.А нар нь бүлэглэн хохирогч Ц.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Ц.А, Ц.А нарыг тус тус 5 жил хорих ялаар шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг шүүх харгалзан үзсэн, эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхээс давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн гаргасан зарим алдаа зөрчлийг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тухайлбал шүүгдэгч Ц.А, Ц.А нарыг урьд гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь тогтоогдсон, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байна гэж анхан шатны шүүх ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 98, 2хх 126/ зэрэг баримтаар шүүгдэгч Ц.А, Ц.А нар өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй нь тогтоогдсон, тэдний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хассан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч нарт оногдуулсан 5 жил хорих ялаас 2 жилийг хасч биечлэн эдлэх ялыг тогтоохдоо “2 жил” гэж тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасныг “3 жил” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ц.А, Ц.А нарын холбогдсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийн талаар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, материаллаг бүрэлдэхүүнтэй гэж хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийжээ.

 

Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох обьектив болон субьектив шинжийн нийлбэрийг гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг.

Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хор уршиг илрэх байдлаар буюу обьектив талын хуульд заасан үйлдлийн шинжийг шалгуур болгон материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг. Гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуульд заасан хор уршиг заавал учирсан байхыг шаарддаг гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүнтэй гэж үзнэ. Харин Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдэл эс үйлдэхүй хийснээр гэмт хэрэг үйлдсэнд тооцдог заавал бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байхыг шаарддаг. Ийм учраас шүүгдэгч Ц.А, Ц.А нарын бүлэглэн хохирогч Ц.Сын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн боловч эрүүгийн хэриуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх ямар нөхцөл байдлыг харгалзан үзсэнээ тодорхойлоогүй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзжээ. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Мөн шүүгдэгч Ц.А, Ц.А нар тус тус 2 хоног цагдан хоригдсон байхад цагдан хоригдсон хоноггүйг дурдсан, хохирогч Ц.Сад учирсан гэх хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй зэрэг алдааг зөвтгөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны болон шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон, анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Ц.Ан гэм буруутай эсэхэд эргэлзээ гараагүй байх тул шүүгдэгч Ц.Аийн “...ялыг хөнгөрүүлэх”, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын “ ... хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.А, Ц.А нарын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 97 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох  хэсгийн 4 дүгээр заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

- 6 дугаар  дугаар заалтын “...Хохирогч Ц.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон 14 104 984 /арван дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцээгүй орхисон 14,104,984 /арван дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, 

- 7 дугаар заалтаас “цагдан хоригдсон хоноггүй” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн шүүгдэгч Ц.А, Ц.А, шүүгдэгч Ц.А-н өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Ц.А нарын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тус бүр цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

 

 

                             ШҮҮГЧИД                                                  М.МӨНХДАВАА   

 

 

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ