Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал, 

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч Д.Очирдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18030000010011 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Бүргэд овогт Р.Л, 1960 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол, 13 дугаар байр 39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ............................................

Шүүгдэгч  нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 07 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 6 дугаар байрны урд гаражийн замд Huyndau Grace маркийн 11-57 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Эрдэнэчимэгийн дээгүүр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 7 цаг 40 минутын үед гаражнаасаа ухарч машинаа гаргах гээд хүч алдаад зогсож байсан. Гурав дахь удаагаа оролдоод гарах гэж байтал нэг эмэгтэй машины ард зогсож байсан. Тэгэхээр нь та гар би хүлээж байя гээд машинаа зогсоосон. Тэр эмэгтэйг явчихсан гэж бодсон. 2-3 минут болоод толиндоо хартал хүн харагдахгүй байсан. Тэгээд ухартал хүн дугарах чимээ гарахаар нь гараад хартал нөгөө эмэгтэй дайруулсан байсан. Гүйж очоод өргөөд хажуугийн довжоон дээр суулгасан. Гаражны манаачийг дуудаж машинаа гаргуулсан. Тэгээд нөхөр рүү нь залгаж хэлтэл уурлаад хамтдаа гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн. Архичин гэж доромжилсон зүйл байхгүй. 1982 оноос хойш олон байгууллагад жолооч хийж байгаа. Өмнө нь осол аваар гаргаж байгаагүй. Өөрийн хайхрамж болгоомжгүйгээр ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Хохирогч сахарын өвчтэй, группэд байдгийг сүүлд мэдсэн. Манай ээж ходоодны өвчтэй байж байгаад нас барсан. 49 хоног нь дуусаагүй байсан ба өөрөө ходоодны хагалгаанд орсон. Хамаатнуудаасаа мөнгө зээлж хохирогчийн эмчилгээний төлбөрийг төлсөн. Нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргийг дүгнэж чадаагүй хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 03 цагаас 04 цагийн хооронд би боссон, тэгээд би боссон, тэгээд би гэгээ орохыг хүлээгээд зурагт үзээд суусан. Тэгтэл 07 цагийн орчимд гэгээ ороод ирэхээр нь жижиг өрөөнд унтаж байсан нөхөр Очирхуягийг сэрээгээд “өнөөдөр амралтын өдөр юм чинь сүү аваад сайхан будаатай цай чанаж ууя” гэж хэлсэн. Гэтэл нөхөр маань намайг “гадаа харанхуй, хальтиргаатай байна” гэж хэлэхээр нь би “болгоомжтой яваад ирнэ” гэж хэлээд хувцсаа өмсөөд хаалгаа хааж түгжээд гарсан. Тэгээд би “Долоон бурхан” нэртэй хүнсний дэлгүүр орж 1 сүү, 1 өргөст хэмх тус тус худалдаж аваад гэр лүүгээ харих гээд явж байтал гаражнаас микроавтобус гарах гээд гарч чадахгүй хүч алдаад байсан. Тэгэхээр нь би тэр хойшоогоо ухарч гарах гээд байгаа микроавтобусыг гаргах гээд хүлээгээд зогсож байтал “та араар гар гар” гэж микроавтобусны жолооч хэлээд гараж руу буцаад орсон. Тэгтэл би зөөлөн алхаад явж байтал цасан доор мөс байсныг мэдэлгүй хальтираад дээшээгээ харж унаад босох гэтэл тэр микроавтобус нь хэвлий дээгүүр гарч яваад буцаад мөн хэвлий дээгүүр гараад гараж руу орсон. Тэгээд тэр машины жолооч нь явганаар ирээд “хар үүрээр юу хийж яваа архичин авгай вэ” гээд 10.000 төгрөг өгчихөөд “1 шил архи авч уугаад орцон дээрээ оч” гэж хэлэхээр нь би мөнгийг нь аваагүй. Тэгтэл тэр жолооч утсаар 1 хүнтэй ярьж дуудсан, хэсэг хугацааны дараа 1 эмэгтэй хүн ирсэн. Би тэр жолоочийн эхнэр нь байна гэж бодсон, тэгээд намайг тэр жолооч босгохгүй байхаар нь би арай ядан өөрөө боссон, тэр үед бүх бие хөндүүр оргиод байсан, тэгээд тэр 2 хүн намайг гэрт оруулж өгсөн. Ингээд би ар гэрийнхэнтэйгээ микроавтобусаар гэмтлийн эмнэлэгт хүргүүлж эмчид үзүүлээд хэвтсэн. Бүх бие хөх эрээн болж, олон хавирга олон тооны хугаралттай, уушиг няцарсан. Одоо би гэртээ гэрээр эмчилгээ хийлгэж байна, гомдолтой, эмчилгээ болон цаашдын эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-38-40х/,

             Гэрч Б.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..тэгтэл 23 23 цаг өнгөрч байхад тэр хүн дахиж орж ирээд “ах нь машинаа тавъя” гээд гуйгаад байхаар нь “за за та машинаа гаражны үүдийг таглаад тавь” гэж хэлээд тавиулсан. Ингээд би тэр хүнд хандаж “за та тэгээд маргааш өглөө 7 цагт орж ирж машинаа аваарай” гэж хэлээд явуулсан. Тэгээд намайг унтаж байх үед тэр хүн машинаа авсан байсан бөгөөд өглөө намайг 8 дөхүүлээд сэрэхэд тэр хүний микроавтобус байхгүй байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр хүн ганцаараа орж ирээд “ах нь хүн мөргөчихлөө, чи гараад хардаа” гэж хэлэхээр нь би ажлын байрнаасаа гарч харахад машинд дайруулсан гэх эмэгтэй нь хажууд нь зогсож байсан ба тэр машины жолоочид нь хандаж надад хамаагүй гэдгийг хэлээд ажлын байр луугаа орсон”  гэсэн мэдүүлэг. /хх-162х/,

             Гэрч Х.Очирхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..нүүр гараа угаах гээд зогсож байтал 07 цаг 40 минутын үед миний утас дуугарсан очоод утсаа авахад танихгүй дугаараас нэг эрэгтэй хүн “танай эхнэрийг дайрчихлаа” гэж хэлэхээр нь “чи юу яриал байна аа” гэж хэлтэл “за за би одоо эхнэрийг чинь гэр лүү нь авч орлоо” гэж утсаа тасалсан. Тэгтэл төд удалгүй үл таних эрэгтэй эмэгтэй хоёр манай эхнэрийг сугадаад орж ирсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ” гэж асуутал эрэгтэй нь би танай эхнэрийг дайрчихлаа гэж хэлсэн. Орж ирэхдээ эхнэрийн хувцас хунар шороо тоос болоод мөн урагдсан байсан. Тэгээд би тэр хүнээс “яагаад эхнэрийг маань дайрчихав” гэж асуутал тэр эрэгтэй хүн “би гаражнаас машинаа ухрааж гаргах гээд хэд хэдэн удаа ухраагаад гаргаж чадаагүй байтал таны эхнэр зүүн талаас ирж хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би танай эхнэрийг араар “гар гар” гэж хэлсэн. Тэгээд хүчтэй хүчтэй ухраад гартал хүн ёолох чимээ гарахаар нь машинаа зогсоож буугаад харсан чинь таны эхнэрийг дайраад дээгүүр нь гарчихсан байсан. Таны эхнэрийг машины араар тойроод гарч явсан байх гэж бодтол машины араар гарч яваад машины ар хэсэгт хальтираад унасныг мэдэлгүй ийм зүйл болсон” гэж хэлсэн юм. Улмаар осол гаргасан машинаар би эхнэрийгээ аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж үзүүлэхэд 6-н хавирга олон тооны хугаралтай, мөн зүүн уушигны доод хэсэг няцарсан байна гэсэн оноштойгоор хэвтсэн” гэсэн мэдүүлэг. /хх-68-70х/,

            Яллагдагч  мэдүүлэхдээ: “...Тэгээд гарч чадахгүй гээд дахиад буцаад граж руугаа орсон. Тэгтэл ард хүн дуугарах шиг болохоор нь машинаа унтраагаад буугаад хойшоо харахад буугаад хойшоо харахад нөгөө хүн газар хэвтчихсэн орилж байсан. Тэгэхээр нь би шууд гүйж очоод татаж босгоод довжоон дээр суулгаад та сууж байгаарай гэж хэлээд манаач руу очиж сэрээгээд болсон асуудлын талаар хэлж машинаа гражнаас цуг гаргалцаад хохирогчоос ар гэрийхэн нь утасны дугаарыг авч нөхөрт нь хэлсэн. Тэгээд нөгөө хохирогчийг машиндаа суулгаад шууд гэрт нь очоод нөхрийг нь аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан..” гэсэн мэдүүлэг. /хх-94-96х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №14516 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Эрдэнэчимэгийн биед цээжний зүүн талын VI, VII, VIII, X-р хавирга зөрөөтэй болон зөрөөгүй хугарал, XI-р хавирганы цууралт, 2 уушигны доод дэлбэнгийн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

           4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална” гэсэн дүгнэлт. /хх-84х/,

         2017 оны 11 дүгээр сарын 18-ны Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “асфальт, шулуун тэгш, мөстэй, хальтиргаатай, суурингийн доторх, хорооллын доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12х/,

          2017 оны 12 дугаар сарын 19-ний Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “бетон, өгсүүр, хальтиргаатай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17х/,

          2017 оны 12 дугаар сарын 21-ний 674 дугаартай техникийн шинжээчийн: “1.Huyndau Grace маркийн 11-57 УНМ улсын дугаартай микроавтобусны жолооч Рааш овогтой Лхачулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 заалт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Батсүх овогтой Эрдэнэчимэг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компани нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 4 дүгээр заалт “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартыг шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэршүүлэх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-89х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч  нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 07 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 6 дугаар байрны урд гаражийн замд Huyndau Grace маркийн 11-57 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Эрдэнэчимэгийн дээгүүр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч  нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Эрдэнэчимэг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.