Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/22

 

 

 2023            3               30                                                  2023/ДШМ/22

 

 

Д.О-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Хэрлэнчимэг

            Шүүгдэгч Д.О,

            түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлоор Д.О-д холбогдох эрүүгийн 2234006580517 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Зуунмод сумын 5 дугаар уурын зууханд галч ажилтай, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг, Зүлэгт жаргалант 11 гудамж, 1132 тоотод оршин суух хаягтай,

Урьд Өвөрхангай аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1/85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил 3 сарын хорих ялыг 3 жил тэнссэн,

Тухайн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

Тухайн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, О, ,

 

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баруунзуунмод 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Замт” дэлгүүрийн гаднаас Нацагдорж 6 дугаар баг руу хүргүүлэхээр О.Лувсандаваа жолоочтой 25-57 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа уг тээврийн хэрэгсэл дотор А.М-ын баруун далан тус газар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас:Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч О-ыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О-д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 578,600 төгрөг гаргуулж хохирогч А.М-д олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх 2.000.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.М нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 2234006580517 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй ажлын хэсгийн урт 19.5 см, нийт 32 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анх шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Д.М-ын биед хөнгөн хохирол учруулсан гэж гарсан. Гэтэл дахин гаргасан шинжээчийн дүгнэлтээр хүнд хохирол гэж хэт зөрүүтэй гаргасан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Би өөрийн гэм буруугаа ухамсарлан иргэн Д.М-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Иймд шүүхээс өгсөн 5 жил 6 сарын хорих ялийг хөнгөрүүлж өгнө үү" гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “Миний үйлчлүүлэгч Д.О хийсэн хэргээ шударгаар хүлээж, үнэн санаанаас гэмшиж байгаа. Анхан шатны шүүх дээр хохирлоо барагдуулаагүй байсан болохоор хорих ял оногдуулсан. Одоо Д.М-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү" гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

2.Д.О-д холбогдох хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан байх ба хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц үйл баримт тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж бүхэлд нь үнэлэх боломжтой байна.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж үзвэл, Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баруунзуунмод 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Замт” дэлгүүрийн гаднаас Нацагдорж 6 дугаар баг руу хүргүүлэхээр О.Лувсандаваа жолоочтой 25-57 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа уг тээврийн хэрэгсэл дотор А.М-ын баруун далан тус газар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Мын өгсөн: “...Би 2022 оны 9 сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Баамын байрны хажууд гудамжид О-ын хамт архи уусан. Би ууж дуусаад гэр рүү явлаа гэтэл чамайг одоо ална гээд хоолойнд хутга тулгаад байсан. Тэгээд хэсэг гайгүй болоод бид хоёр 5 дугаар  хороо явахаар болоод Энхтайван Замт дэлгүүрийн гаднаас такси бариад явах замд намайг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Гэрч Д.Даваажаргалын өгсөн: “...Уг хутгыг О манай гэрээс яг хэзээ авсныг сайн мэдэхгүй байна. Ер нь бол архи их уудаг. Битгий архи уугаад бай гэхэд тоодоггүй архи уугаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

Гэрч С.Сэрээтэрийн өгсөн: “...Манай гэрт байдаг хутга мөн байна. Манай эхнэр дэлгүүрээс худалдаж авсан байсан. Уг хутгыг О манай гэрээс яг хэзээ авсныг сайн мэдэхгүй байна. Манай гэрийн гал тогооны өрөөний аяга шанага хийдэг шургуулгад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Гэрч О.Лувсандаваагийн өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6-р багийн нутаг дэвсгэр Зам нэртэй дэлгүүр ороод гараад иртэл үл таних 2 залуу унаа олдохгүй байна та 5 дугаар хороо хүргээд өгөөч мөнгийг нь өгье гэж гуйсан юм. Тэгэхээр нь машиндаа суулгаад 5 дугаар хороо явж байтал тэр хоёр залуу халамцуу байсан, хоорондоо маргаад байсан. Тэгээд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар хорооны нутагт ирж байтал энд бууя 1 эргээд зогсчих гэхээр нь замаас гараад эргээд зогстол миний хажууд урд талын суудал дээр сууж явж байсан залуу намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд ард сууж байсан залуу урд сууж байсан залуугаа буулгасан. Надад хандан та цагдаа дуудчих гэсэн. Тэгээд би цагдаа руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Оын сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Бор гэдэг хүнтэй 3 шил архи уугаад хоорондоо маргалдсан. Тэгээд нэг хүн дагуулж ирээд намайг зодно гээд байсан. Би нөгөө хүнээс нь салгаад таксинд суугаад Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар хороо руу явж байсан. Тухайн таксинд сууж явж байгаад намайг ална гээд байхаар нь араас нь хутгалсан. Тэгээд таксины жолоочийг цагдаа дуудаарай гэж хэлсэн. Цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 499 дугаартай “1.А.Мын биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай “1.А.Мын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий баруун 6,7-р хавирганы хугарал, хугарлын түвшинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/,

Шинжээчийн И.Ганболорын өгсөн: “...Дээрх гэмтэл нь баруун талд учирсан байна. Энэ нь араас хутгалаад үүсэх боломжтой юм. Мөн хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1 шил 0.75 литрийн "Хараа" гэсэн архийг Энхтайваны гүүрний доод талд А.Мтай хувааж уусан. ...А.М нь Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар хороонд байдаг айлд хоёулаа очьё гээд Замт дэлгүүрийн хажуунаас таксинд суугаад явсан. Тэгээд замдаа явж байгаад А.М нь намайг зодно гээд яриад байхаар нь бид хоёр маргалдаад би хүргэн ах Сэрээтэрийн гэрээс авсан хутгаа энгэрээсээ гаргаж ирээд баруун талын хавирганы орчим 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар тал/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан хамаарал бүхий бичгийн нотлох баримтууд болно.

4.Төв аймгийн прокурорын газар Д.О-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаархохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн үйлдэл нь хүнд хохирол, хор уршиг учирсантай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэмээн дүгнэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай нийцжээ.

5.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, дээрх болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.О-ын гэм буруугийн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалт нь шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш учир анхан шатны шүүх хуулиар олгогдсон дээрх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.О-ын хохирлоо төлөхөө илэрхийлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл хэмжээний хүрээнд 5 жил 6 сарын хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч Д.О-ыг гэм буруутай” гэх дүгнэлтийг хэргийн үйл баримттай тохирсон гэж үзсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болжээ. Иймд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

6.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, энэ хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах нь шүүх, шүүгчийн бүрэн эрхэд хамаардаг.

Шүүх, шүүгч ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгох ба энэ хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг.

Харин эрх олгосон зарчмыг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон энэ хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал юм.

Иймд шүүгдэгч Д.О-ын “...гэм буруугаа ухамсарлан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь өмнө нь шүүхээс 3 удаа ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн нь үндэслэлгүй болохыг дурдав.

8.Шүүгдэгч Д.О-ын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХДАВАА

 

                                                   ШҮҮГЧИД                                        Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                                                                            З.ТҮВШИНТӨГС