| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2023/02013/И |
| Дугаар | 142/ШШ2024/01636 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2024/01636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,*******,******* холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу
Иргэдийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын харьяаллын цэцэрлэгт багшаар ажилладаг бөгөөд өөрийн мэдлэг чадварын хүрээнд ажлын бус цагаараа шатрын дугуйланд бага насны болон сургуулийн насны хүүхдүүдэд шатар зааж, сургалт явуулдаг юм. Хариуцагч хүү нь манай шатрын дугуйланд хамрагддаг ба 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11:20-13:20 цагт шатрын хичээлд суух хуваарьтай байсан. энэ өдрийн хуваарьтай цагтаа дугуйланд ирж хичээллээд тарахад эгч нь ирж дүүгээ авч явсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 26-ны орой 18:40 цагийн үед над руу утсаар ярьж, ын нүдний доод хэсэгт хөхрөлттэй байна, намайг хүүхэд зодсон гэж гүтгэсэн. Би т энэ өдөр шатрын дугуйлан дээр болж өнгөрсөн үйл явдлуудыг нэг бүрчлэн үнэнээр нь тайлбарлаж, ыг зодоогүй гэдгээ хэлсэн. Харин хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Бат гэх фейсбүүк хаягаараа бичлэг оруулж миний нэрийг бичээгүй ч, шатрын дугуйлангийн багш нь манай хүүхдийг зодсон гэж намайг гүтгэж, миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр тараасан. Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний ажлын байран дээр очиж, манай цэцэрлэгийн багш нарт намайг хүүхэд зодсон гэх гүтгэлгээ хэлж тараасан. ын нүдний дор хөхөрсөн гэх тухайн өдөр дугуйлан тарахад эгч нь ирж дүүгээ авахад багшийгаа тэвэрч, үнсээд нүүрэндээ ямар нэгэн хөхрөлт гэмтэлгүй гэр лүүгээ явахаар гарсан. Энэ үед ангид 4-12 насны 15 хүүхэд шатар тоглож байсан бөгөөд намайг ыг зодож цохиж, уурлуулж уйлуулаагүйг энэ хүүхдүүд гэрчилнэ. Тухайн үед бага насны эрэгтэй хүүхэд гэртээ харих замдаа эсвэл гэртээ, хаана ямар хөдөлгөөн үйлдэл хийсний улмаас нүдний дор нь хурц ирмэгтэй зүйлийн мөр мэт хөхөрснийг ч, би ч мэдэхгүй. Над руу хүүхдээ авснаас хойш 5-6 цагийн дараа ярьсан нь үнэн. Гэтэл нь миний тайлбар, санал хүсэлтийг огтхон ч сонсохгүй миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд зүй бусаар халдах үйлдлийг удаа дараа үргэлжлүүлэн хийсээр байна. Би нэхэмжлэгчийн хувьд шүүхийн журмаар өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, миний сэтгэл санаанд учруулсан гэм хорыг зохих ёсоор арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу т намайг хүүхэд зодсон гэх худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг шүүхээс хүлээлгэх, надаас албан ёсоор уучлалт гуйхыг хариуцагчид даалгах, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчаас эдийн бус гэм хор уршиг буюу миний сэтгэл санааны хохиролд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Монгол Улсын иргэн *******гийн нэхэмжлэлтэй Монгол Улсын иргэн ******* надад холбогдох иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гарган өгч мэтгэлцэх зарчмаар өөрийн татгалзлаа нотлох болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч ******* дүгнэлтдээ: ...багшийн нэр төрийн хамгаалах нь зүйтэй... гэв.
4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3-4/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5/, фейсбүүк хаяг дээр нийтлэгдсэн бичлэг болон сэтгэгдлийг харуулсан гэрэл зургууд /хх-ийн 6-11/, Орхон аймгийн прокурорын газрын 2023.12.27-ны өдрийн 34 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 31/, Орхон аймгийн прокурорын газрын 2024.01.25-ны өдрийн 17 дугаартай Гомдол шийдвэрлэсэн тухай албан тоот /хх-ийн 41/, Орхон аймгийн прокурорын газрын 2024.03.29-ний өдрийн 56 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 53-56/, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас: хариу тайлбар /хх-ийн 20/, итгэмжлэл /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн *******т холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...*******ийн хүү Б. нь манай шатрын дугуйланд хамрагддаг бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуваарийн дагуу дугуйландаа ирээд явсан. Эгч нь ирж дүүгээ авсан. Гэтэл ******* 18:40 цагийн үед над руу утсаар ярьж, Б.ын нүдний доод хэсэгт хөхрөлттэй байна, намайг хүүхэд зодсон гэж гүтгэсэн. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Бат гэх фейсбүүк хаягаараа бичлэг оруулж миний нэрийг бичээгүй ч, шатрын дугуйлангийн багш нь манай хүүхдийг зодсон гэж намайг гүтгэж, миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр тараасан... гэж тодорхойлжээ.
3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ...******* гэдэг нэрийг олон нийтийн сүлжээнд дурдаагүй, мөн ******* нь энэ байдлаас болж ажлаасаа халагдсан, сахилгын шийтгэл оногдуулсан зүйл байхгүй, шатрын дугуйлан нь хэвийн ажиллаж байгаа. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч *******ийн хүү Б. нь *******гийн хичээллүүлдэг шатрын дугуйланд явдаг, Б. хүүгийн нүдний доод хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хөхөрч гэмтсэн, үүний улмаас нэхэмжлэгч *******г Цагдаагийн байгууллага шалгасан үйл баримт тогтоогдсон байна.
4.2. Хариуцагчийн төлөөлөгч, цахим орчинд тавьсан бичлэгт *******гийн нэрийг дурьдаагүй, түүний нэр төрд халдаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч, Орхон аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзал тухай тогтоол, 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 56 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд хариуцагч *******ийн: ...манай хүү Б.ыг шатрын багш нь зодож халдсан... гэсэн гомдол мэдээллийн дагуу шалгасан байдал, уг тогтоолд авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийг буруутгасан мэдээлэл тараасан нь нотлогдож байна.
4.3. Тодруулбал Орхон аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 56 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1074 дугаартай: "...Б.ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 4 настай Б.ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна. 4 настай Б.ын багш *******д зодуулсан гэх өгүүлэмжээр нь түүний ээж ******* нь тус аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
...мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Номин-Эрдэнийн өгсөн: "...би Б., нарын багш нь юм. ******* багш фейсбүүкийн стори дээрээ шатрын дугуйлангийн шагнал авсан хүүхдүүдийн зургийг оруулчихсан байсан, тэр дунд нь хоёр ихрийн зураг байхаар нь манай ангийн хоёр хүүхэд дугуйланд нь явж байгаа юм байна гэж мэдээд ******* багшаас асууж байсан юм. Тэгээд дээрээс нь манай анги цэцэрлэг дээр биеийн тамирын хичээл орохоор хоёр ихэр ******* багшдаа арай илүү гараа даллаж мэндлээд байсан... Ер нь бол нүүр нь хумсны шархтай ирнэ, ирэхээр нь асуухаар томоо нь болохоор муур гэдэг харин жижиг нь болохоор Томоо гээд заагаад байдаг байсан. Саяхан 2024 оны 03 дугаар сарын 12 билүү 13-ны өдрүүдэд хичээлд ирэх үедээ баруун нүд нь хөхөрчихсөн ирсэн. Ирэхээр нь яасан юм гэж асуухаар "аниа цохичихсон, ээж цохичихсон гэж хэлж байсан... 4 настай хүүхдийн онцлог нь зөв, бурууг ялгах түвшинд хүрээгүй. Өөрийгөө би гэсэн төлөвт суралцаж яваа хүүхдүүд ш дээ тэгэхээр нь хүний хэлж байгааг болон асуултад шууд тухайн асуултын дагуу хариулдаг... гэсэн мэдүүлэг,
Гэрч өгсөн: "...харин тэр өдөр дугуйлангаас манайд явдаг хоёр ихэр хүүхдийг эгч нь гээд бага насны хүүхэд аваад явсан юм. Тэгсэн гэртээ харьсныхаа дараа намайг хүүхэд цохисон гээд ээж нь фейсбүүк дээр бичлэг тавьчихсан байна. Тэгэхдээ миний нэрийг зааж тавиагүй боловч намайг яриад байгаа нь ойлгомжтой, манайд явдаг хоёр хүүхэд болохоор гэж ярьж байсан..." гэсэн мэдүүлэг,
Гэрч өгсөн: "...Б., ихэр манай цэцэрлэгт ахлах бүлэгт суралцдаг. Би энэ ихэр хоёр хүүхэдтэй бүлгийн багшийнх нь хүсэлтээр 2 удаа ажиллаж байсан. ...ар гэрийнх нь асран хамгаалагч буюу ээжид нь арга зүйн зөвлөмж үзүүлэхэд байнга тайлбар тавьж байсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа ээжтэй нь дахин уулзахад ээж нь надад гомдол гаргаж ирж байсан тэр нь юу вэ гэхээр би хүүхэд аутизмгүй гэж байна, чи миний хүүхдийг аутизмтай гэж хэлсэн, ийм шалтгаанаар миний хүүхдийг монгол сургууль руу явуулах гэлээ гэхээр нь би, таны хүүхдэд онош тавьдаг хүн нь би биш дээрээс нь хэн ч таны хүүхдийг цэцэрлэгээс хөөсөн зүйл байхгүй гэж хэлж байсан. Ээжийнх нь хувьд болохоор арга зүйн зөвлөмж өгөхөд өөрийнхөө хэцүү байна гэсэн зүйлүүдийг л яриад байдаг. Жишээ нь миний хүүхэд эцэггүй гэх зэргээр өөрийнхөө айдаг зүйлийг бодит болгож ярьдаг. Сэтгэл зүйч хүний хувиас үзэхэд ээжийн өөрийнх нь байдал тогтворгүй, тайван бус хамгийн их ажиглагдсан зүйл нь хүний хэлж байгаа үгийг гүн гүнзгий түгшүүрийн зэрэг өндөртэй ээж байсан... Б., нар бол нэлээн хөдөлгөөнтэй багшийн хараан доор л байхгүй бол бэртэж гэмтэх гээд байдаг. Энийг яаж мэддэг вэ гэхээр анги бүлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагааны ажиглалт хийгээд явж байхад мөн хяналтын камерыг хянаад сууж байхад хаана түргэн хөдөлгөөн хийж байгаа үйлдэл гарахад хоёр ихэр маань гүйж харагддаг. ...3-4 настай хүүхдийн онцлогт хөтөлсөн, чиглүүлсэн асуултад хөтлөгдөж хариулдаг... гэх мэдүүлэг зэргээр шатрын дугуйлангийн багш *******гийн зүгээс бага насны буюу 4 настай Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр хэргийг хаасан байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 21 дүгээр зүйлийн 21.2.-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.
6. Хариуцагч ******* нь өөрийн хүү болох Б.ын нүдэн тус газарт хөхрөл үүссэн /гэмтэл/ нь шатрын багш ******* зодсон гэх мэдээллийг тараасан нь өөрийнх нь Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гомдлыг шалгаж байх явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
7. Түүнчлэн хариуцагч ******* Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон шүүх хуралдаанд /хх42-44/: ...энэ хүнийг зодсон гэж өөрөө ч хэлж байгаа цуг явсан Хос-Эрдэнэ ч хэлж байгаа. Өнчин хүнд ноён олон гэгчээр яахаараа миний хүүхдэд гар хүрдэг юм бэ... гэсэн тайлбар,
Мөн хариуцагч болон түүний төлөөлөгчийн зүгээс фейсбүүкт бичлэг оруулсан гэдгийг үгүйсгэдэггүй боловч *******гийн нэрийг дурьдаагүй гэж мэтгэлцдэг, шатрын багш гэж хэнийг хэлсэн, *******гээс өөр шатрын багшид хүүхэд хичээллэдгийг нотлоогүй. Хэргийн 6 дугаар хуудаст авагдсан Бат гэх /Эрдэнэт үйлдвэрийн ТӨҮГ-ын ажлын хувцас бүхий 2 хүний зурагтай/ фейсбүүк хаягт авагдсан /бичлэгийн/ зураг нь Б. хүү гэдгийг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрсөн, мөн 99362585 дугаарын утас нь хариуцагч Батын гар утасны дугаар болох нь нотлогдож байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2.-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******г фейсбүүкт бичлэгээр өөрийн хүү Б.ыг зодсон гэх мэдээллийг тараасан гэж үзэхээр байна.
9. Иймд хариуцагч *******ийг нэхэмжлэгч буюу шатрын багш *******г хүүхдээ зодсон гэх мэдээллийг тараасан хэлбэрээр /өөрийн фейсбүүк хаягаар/ няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж шийдвэрлэв.
10. Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511.2.-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч сэтгэлд санаанд учирсан хохирол гэж 2 500 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч, багшийн нэр төрийн хамгаалах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг нотлох нэг хэлбэр гэж үзэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2-д заасныг баримтлан хариуцагч *******ийг нэхэмжлэгч буюу шатрын багш *******г хүүхдээ зодсон гэх мэдээллийг тараасан хэлбэрээр /өөрийн фейсбүүк хаягаар/ няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, сэтгэл санааны хохирол 2,500,000 /хоёр сая таван зуу мянган/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН
Б.НАРМАНДАХ