| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0016/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 21
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Хохирогч С.Б,
Шүүгдэгч: Ц.Ц, М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Ц.Ц, Х овогт М.Т холбогдох 1835000060021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 09-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 08-45 тоотод оршин суух, Т овогт Ц.Ц. регистрийн дугаар:.
Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 27-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 10-03 тоотод оршин суух, Х овогт М.Т. регистрийн дугаар:.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Ц нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах "Андууд" бааранд цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбгдуулж, хүч хэрэглэн эсэргүүцсэн, шүүгдэгч М.Т нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах "Андууд" бааранд цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбгдуулж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ц, М.Т нар хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц, М.Т нар Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сары 24-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа дэд ахлагч С.Б /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч С.Б-ны мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний оройны 17 цагаас шөнийн 01 цагийн хооронд ажил үүргийн хувиараа дагуу тус цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г, мөн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Д нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 3, 7, 12 дугаар багуудын нутагт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Дэд ахлагч Г, дэд ахлагч Ж.Д бид гурав эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа оройны 22 цаг 40 минутын орчимд Улаангом сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд баарны гадна орчинд хяналт тавьж байтал баарнаас гарч байгаа хүмүүсийн нэг нь бид нарт хандаж “Андууд бааран дотор хэрүүл, маргаан болоод байх шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн дэд ахлагч Г, цагдаагийн дэд ахлагч Д нарт хандаж “Та хоёр энэ орчинд хяналт тавьж бай, би Андууд баар уруу ороод ямар нэг зүйл болсон үгүйг шалгаад гараад ирье” гэж хэлээд ганцаараа Андууд баар уруу орсон. Намайг Андууд баар уруу орох гээд явж байх үед Андууд баарны нэг давхарын кордиорт зүс үл таних гурван залуу зогсож байсан бөгөөд тэр гурвын нэг нь Андууд караокены зөөгч Д-тай маргалдаад зогсож байсан. Тэр гурван залуугийн нэг нь “Муу пиздаанууд, Тэр пиздаануудыг чинь шаагаад хаячихья. Тэр пиздаануудаа гаргаад ир” гэх мэтээр орилоод зөөгч Д-гийн хажуугаар нь зүтгэж байсан бөгөөд Д “Та нар цаашаа явцгаа” гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би наанаас нь очоод “Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б байна. Энд ямар асуудал болсон бэ? Яагаад хэрүүл маргаан үүсгээд байна” гэж асуухад караокены зөөгч Д ямар нэг зүйл хэлээгүй. Харин нөгөө үл таних гурван залуугийн нэг нь “Чамд хамаагүй, чи дуугүй бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та нар олон нийтийн газар битгий хэрүүл маргаан үүсгээд бай. Та гурав хэтэрхий их согтсон байна, Одоо харьж амар” гэж хэлэхэд нөгөө гурван залуу миний тавьсан шаардлагыг хүлээж аваад Андууд баарны хаалгаар гадагшаа гараад явсан. Тэгээд би Андууд баарны 2 давхарт гараад нөхцөл байдлыг шалгаад буцаад гарах гээд явж байтал Андууд баарны шатаар 1 залуу дээшээ 2 давхарт гарч ирсэн. Тэр залуу өмнө миний шаардлага тавьсан гурван залуугийн нэг нь бөгөөд Ц гэх залуу байсан. Ц шатаар гарч ирээд надад хандаж “Цагдаа нар чинь хүмүүсийг хамгаалах ёстой биз дээ. Чи яагаад бид нарыг хөөж байгаа юм бэ” гэж хэлээд хариу үг хэлэхийн завдалгүй амны хэсэг үрүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би “Чи яагаад намайг цохиж байгаа юм бэ? Үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн биед халдах эрх чамд байхгүй. Чи надтай хамт цагдаагийн газар уруу явах шаардлагатай байна” гэж хэлээд нөгөө залуугийн хамт шатаар доошоо буух гэтэл Ц “Би чамтай хамт явахгүй, чи хэн бэ” гэж над уруу уурласан. Би Ц-ийг дагуулж гарах гээд куртикнийхан ханцуйны хэсгээс бариад доошоо буух гэж байтал Ц-той хамт явж байсан Тогтох гэх залуу хүрч ирээд “Та наадах хүнээ тавиад явуулчих, би мэдэж байна” гэж хэлэхээр нь би “Энэ хүн өөрөө намайг шаардлага тавихад урьдаас цохисон. Би хуулийнх нь дагуу шийдвэрлүүлнэ” гэж хэлээд зогсож байтал Т нь гарнаас татаж миний гарыг тавиулсан. Энэ үед Ц дахин миний баруун нүдний доод хэсэг үрүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “Чи намайг 2 дахь удаагаа цохилоо. Цагдаагийн албан хаагчийн биед халдаж болохгүй гэж би чамд анхааруулсан. Цагдаагийн газрын жижүүр дээр очоод хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ” гэж хэлээд Ц-ийг дагуулж шатаар доошоо бууж байтал Т “Та наадах хүнээ тавиад явуулчих” гэж хэлээд миний хувцаснаас барьж аваад татсан. Т нь миний хувцаснаас татахад миний өмсөж явсан цагдаагийн албан хаагчийн өвлийн хүрмийн баруун ханцуйн дээрх “хууль сахиулагч” гэсэн таних тэмдэгийг урсан. Тэгээд хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын хамт цагдаагийн газрын жижүүр дээр тэр хоёрыг хүргэж өгсөн. Ц.Ц, М.Т нар надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн миний цагдаагийн албан хаагчийн өвлийн хүрэмний хууль сахиулагч тэмдэгийг оёж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, Ц.Ц, М.Т нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр өдөр Ц жижиг цүнх үүрч явсныг маргааш нь өөрөөр нь задлуулж үзэхэд дотор хоолны болон цайны халуун сав байсан. Ямар учиртайг нь асуухад тэр өдөр Ц-ийн эхнэр төрөөд хоол, цай хүргэж өгчихөөд явж байгаад Т, Б хоёр нь хүүхэдтэй болсонд баяр хүргэж дайлсан юм байна лээ. Хүүхэдтэй боллоо гээд сэтгэл нь хөөрсөн явж байгаад ийм асуудалд орсон байсан. Тухайн өдрөө энэ байдлаа надад хэлсэн бол би ойлгох байсан. Энэ хоёр залуу хоёулаа дөнгөж эхнэр аваад нэг нэг нярай хүүхэдтэй юм байна лээ. Энэ байдлыг нь харгалзаж үзээд шүүхээс хамгийн хөнгөн байдлаар хэргийг нь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42-р талд/, гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дэд ахлагч Б, дэд ахлагч Д нартай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд оройны 22 цаг 40 минутын орчимд Улаангом сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Андууд баарны гадна орчимд хяналт тавьж ажиллаж байтал баарнаас гарч байгаа хүмүүсийн нэг нь бид нарт хандаж “Андууд баар дотор хэрүүл маргаан болоод байх шиг байна” гэж хэлсэн. Гэтэл цагдаагийн дэд ахлагч С.Б бид хоёрт хандаж “Ж.Д та хоёр эндээ хяналт тавиад ажиллаж бай, би Андууд баар уруу ороод ямар нэг зүйл болсон үгүйг шалгаад ирье” гэж хэлээд ганцаараа Андууд баар уруу орсон. Тухайн үед Андууд байрны гадна олон хүн байсан тул Д бид хоёр гадна үлдсэн. Цагдаагийн дэд ахлагч Б Андууд баар уруу орсны дараа 5 минут орчим болоод араас нь ороход цагдаагийн дэд ахлагч Б-ыг Андууд баарны шатан дээр үл таних хоёр залуу барьж авсан байсан. Б нь тухайн хоёр хүний хувцаснаас барьж “Надтай хамт яв” гэж шаардлага тавьж байсан. Тэгээд би юу болсон талаар Б-аас асуухад Б “Би энэ хүмүүст шаардлага тавьсан боловч миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж намайг цохисон. Мөн миний цагдаагийн албан хаагчийн өвлийн хүрэмний баруун ханцуйн дээрх “хууль сахиулагч” гэх таних тэмдгийг урсан” гэж хэлсэн. Б нь иргэн Ц-д зодуулснаас болоод баруун нүдний доод хэсэгт бага зэрэг хөхөрсөн, доод уруулынх нь дотор тал бага зэрэг язарсан шархтай болсон байсан. С.Б нь Т, Ц нарыг цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 45-р тал/, гэрч Ж.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн “ Цагдаагийн дэд ахлагч С.Б, дэд ахлагч Б.Г бид 3 эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа оройны 22 цаг 40 минутын орчимд тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Андууд цогцолборын гадна орчинд хяналт тавьж ажиллаж байтал баарнаас гарч байгаа хүмүүсийн нэг нь бид нарт хандаж “Андууд баар дотор хэрүүл, маргаан болоод байх шиг байна” гэж хэлсэн. Гэтэл цагдаагийн дэд ахлагч С.Б нь Б.Г бид хоёрт хандаж “ Та 2 эндээ хяналт тавиад ажиллаж бай. Би Андууд баар уруу ороод ямар нэгэн зүйл болсон үгүйг шалгачихаад гараад ирье” гэж хэлээд ганцаараа Андууд цогцолбор уруу орсон. Тухайн үед Андууд баарны гадна олон хүмүүс байсан учраас Б.Г бид хоёр Андууд баарны гадна орчинд хяналт тавьж ажиллаж байгаад 5 минут орчимын дараа дэд ахлагч С.Б-ы араас ороход Андууд баарны шатан дээр үл таних 2 залуу хувцаснаас нь бариад авчихсан байсан. С.Б нь мөн тухайн 2 хүний хувцаснаас бариад “Надтай хамт цагдаагийн газар уруу яв” гэж шаардлага тавьж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад цагдаагийн дэд ахлагч С.Б “Би энэ хүмүүст шаардлага тавьсан боловч миний тавьсан шаардлага эсэргүүцээд намайг цохилоо. Бас миний цагдаагийн албан хаагчийн өвлийн хүрмийн баруун ханцуйн дээрх “Хууль сахиулагч” гэсэн таних тэмдэгийг урсан” гэж хэлсэн. Тухайн үед цагдаагийн дэд ахлагч С.Б-ы баруун нүдний доод хэсэгт бага зэрэг хөхөрсөн, доод уруулынх нь дотор тал баг зэрэг язарсан шархтай болсон байсан” гэх мэдүүлэг/хх-51-52-р талд/, гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Б, Ц, Т нар нэг танихгүй хүнтэй маргалдаад байхаар нь тэднийг салгаад танихгүй хүнийг сууж байсан өрөөнд нь оруулахаар би явсан. Д, Б, Ц, Т нарыг “Одоо яв” гэж хэлээд дагуулаад явсан. Би эргээд гарч ирэхэд нөгөө гурав яваагүй байсан ба тэд “Наадах хүнээ гаргаад ир, бид асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байна” гэж байтал гаднаас С.Б цагдаа орж ирээд өөрийгөө танилцуулаад юу болсон талаар асуухад би болсон явдлыг танилцуулсан. С.Б цагдаа Б, Ц, Т нарт хандаж “Та нар олон нийтийн газар хэрүүл маргаан битгий үүсгээд бай. Одоо гэртээ очиж амар” гэж шаардлага тавихад тэд гадагшаа гараад явсан. Энэ үед Б цагдаа Андууд баар уруу ордог шатаар дээшээ гараад явсан. Гэтэл Ц эргэж ирээд цагдаа хаана байна гээд С.Б-ы араас очих гэхэд өмнөөс нь С.Б цагдаа ирж байсан юм. Тэгтэл Ц “Чи биднийг хамгаалах ёстой байтал яагаад хөөж байгаа юм бэ?” гэж хэлээд С.Б цагдаагийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Энэ үед С.Б цагдаа надад “Чи гадагшаа гараад надтай хамт явж байгаа хоёр цагдааг дуудаад өг” гэж хэлэхээр нь гадагшаа гарч гадна зогсож байсан 2 цагдааг дагуулж орж ирэхэд цагдаа С.Б нь Т, Ц нарын хамт зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-54-55-р талд/, гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Танихгүй цагдаа бид нар уруу ирээд “Та нар яагаад олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ? хэтэрхий их согтсон байна. Одоо гэртээ очиж амар” гэж хэлэхээр нь бид гурав цагдаагийн тавьсан шаардлага хүлээн аваад баарнаас гараад явж байтал Ц юу ч хэлэхгүй баар уруу орсон, араас нь Тогтох орохоор нь би тэднийг хүлээгээд гадна зогсож байтал хэсэг хугацааны дараа Т, Ц нарыг цагдаагийн албан хаагч нар дагуулж гарч ирээд цагдаагийн газар уруу дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх-46-47-р талд/ шүүгдэгч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т бид хоёр Д-д хандаж “Бид нар наадах хүмүүстэй чинь орж уулзах хэрэгтэй байна. Чи холдож бай” гэж Андууд караокены кордиорт хэрэлдэж маргалдаж зогсож байтал гаднаас үл таних эргүүлийн тэмдэгтэй цагдаа орж ирсэн. Тэр үед энгэр дээрх нэрийг уншаагүй тул хэн гэдэг цагдаа байсныг санахгүй байна. Тэр цагдаа бид нар дээр ирээд өөрийгөө танилцуулаад “Та нар битгий олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгээд бай. Хэтэрхий их согтсон байна. Одоо маргаан үүсгэхээ болиод гэртээ очиж амар” гэж шаардлага тавьсан тул бид гадагшаа гарсан. Андууд баарны гадна гарсны дараа “цагдаа бид нарыг хамгаалах ёстой байтал яагаад хөөж гаргадаг юм” гэж бодоод Андууд баар уруу ганцаараа буцаж орж Андууд баарны шатаар дээшээ гарахад Б, Т бид гурвыг гаргасанн цагдаа ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би “Чи бид нарыг хамгаалах ёстой байтал яагаад бид нарыг хөөдөг юм” гэж хэлээд цагдаагийн нүүрний хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Б цагдаа “Чи яагаад намайг цохиж байгаа юм бэ? Чи надтай хамт цагдаагийн газар уруу явах шаардлагатай. Ажлаа хийж яваад чамаар зодуулах юм уу?” гэж хэлээд миний хувцаснаас бариад шатаар доошоо бууж байтал манай найз Т хүрч ирээд “Та манай найзыг тавиад явуулчих. Би найзыгаа мэдэж байна” гэж хэлээд Б цагдаагийн гараас татаж намайг тавиулсан. Тэр үед би уусан архинаасаа болоод сэтгэл хөөрсөн байсан учраас “Намайг яахаараа явч явдаг юм бэ?” гэж хэлээд Б цагдаагийн нүүрний хэсэг үрүү гараараа дахин нэг удаа цохьсон. Энэ үед Б цагдаа намайг бариад авахад Т “Би найзыгаа аваад явчихна. Та наадах хүнээ тавьчих” гээд хувцаснаас нь татаж байгаад ханцуйн дээрх “Хууль сахиулагч” гэсэн тэмдэгийг урсан. Тэгээд гаднаас хоёр цагдаа орж ирээд бид хоёрыг цагдаагийн газарт авч ирч согтуурлын хэмжээг шалгахад 0.75 хувийн согтолттой гарсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Хохирогч Б-тай уулзаж уучлалт гуйж, хохирлыг барагдуулсан. Миний хувьд дөнгөж энхэр аваад хүүхэдтэй болж амьдралаа эхлүүлж байгаа байдлыг минь харгалзаж үзээд тэнсэн харгалзаж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Т-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Ц, Б бид гурав Б цагдаагийн тавьсан шаардлагын дагуу Андууд баарнаас гарсан. Тэгтэл манай найз Ц буцаж орсон бөгөөд би Ц-ийн араас дагаж ороод Андууд кароаке уруу ороход Ц байгаагүй. Тэгэхээр нь Ц-ийг тус баарны хоёр давхарт байдаг баар уруу орсон юм байна гэж бодоод шатаар дээш гарч явтал цагдаа Б, Ц-ийн хувцаснаас барьчихсан шатаар доош бууж ирсэн бөгөөд С.Б надад хандаж “Танай найз чинь намайг цохисон тул цагдаа руу дагуулж явах гэж байна” гэж хэлсэн. Би С.Б цагдаад хандаж “Та манай найзыг явуулчих” гэж хэлээд С.Б цагдаагийн гарнаас татаж Цагаанцоожийг тавиулсан. Тэр үед Ц С.Б-д хандаж “Чи яагаад намайг цагдаагийн газар уруу авч явдаг юм бэ?” гэж хэлээд түүний нүүр үрүү гараараа нэг удаа цохисон. Энэ үед Б цагдаа Ц-ийг хувцаснаас дахин барьж аваад “Чи намайг хоёр дахь удаагаа цохилоо. Надтай хамт цагдаа руу яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Б цагдаагийн гарыг тавиулах гээд түүний өмсөж явсан цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцасны ханцуй хэсгээс нь гараараа татахад ханцуйн дээр нь байсан “хууль сахиулагч” гэсэн бичигтэй тэмдэгийг оёдлоор нь урсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож ухамсарж хохирогч Батсайханаас уучлалт гуйсан. Би эхнэр бага насны нэг хүүхдийн хамт амьдаралаа дөнгөж эхлүүлж байгаа байдлыг минь харгалзан үзэж тэнсэж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Ц нь хууль сахиулагч /цагдаагийн дэд ахлагч С.Б/-ийн зүгээс нийгмийн хэв журмыг хамгаалах, нийтийн амгалан тайван байдлыг сахиулах талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хохирогч С.Б-ыг хоёр удаа цохьсоны улмаас түүний биед баруун нүдний доод зовхи өнгөц хөхөрсөн, уруулын дотор талын салст улайсан зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул, мөн шүүгдэгч М.Т нь хууль сахиулагч /цагдаагийн дэд ахлагч С.Б/-ийн зүгээс түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн шүүгдэгч Ц.Ц-ийг хуулийн дагуу саатуулах /цагдаагийн газарт хүргэх зорилгоор/ явцад нь санаатайгаар саад учруулж, шүүгдэгч Ц.Ц-ийг салгаж авах оролдлого хийх явцдаа хууль сахиулагчийн албаны дүрэмт хувцасыг урсан тул шүүгдэгч нарыг хууль сахиулагчийг хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Ц, М.Т нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай гэж дүгнэв.
“Увс финанс-Аудит” ХХК-ий 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 01/202 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-р тал/-ээр хохирогч С.Б-ны албан үүрэг гүйцэтгэх үедээ өмсөж явсан өвлийн хүрэмний “хууль сахиулагч” тэмдэг оёж засварлах ажлын хөлс 18.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирол байхгүй гэж хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч М.Т, Ц.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Т, Ц.Ц нар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Т нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-р тал/,
Шүүгдэгч Ц.Ц нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-34-р талд/-оор тус тус тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ц, М.Т нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Т, Ц.Ц нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц.Ц, Х овогт М-ын Т нарыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, М.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ц, М.Т нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавихыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.Ц, М.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, М.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ