| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2234000110080 |
| Дугаар | 2023/ДШМ/23 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/23
2023 4 06 2023/ДШМ/23
Г.Т, Ц.Ж, О.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхбат
Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Б.Баярмагнай
Шүүгдэгч Ц.Ж, О.М нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн Шүүгдэгч Ц.Ж, О.М, Г.Т
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т, О.М, шүүгдэгч /Ц.Ж, О.М/ нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Ж, О.М, Г.Т нарт холбогдох эрүүгийн 2234000110080 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т, 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 4 дүгээр хороо 5-13 тоотод оршин суух, урьд нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй,
М, 1998 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 11-17 тоотод оршин суух, урьд нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,
Ж, 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэг төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 9 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, урьд нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч Г.Т нь О.М, Ц.Ж нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хүрэлчулууны өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3,016,000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч О.М нь Г.Т, Ц.Ж нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хүрэлчулууны өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3,016,000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ц.Ж нь Г.Т, О.М нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хүрэлчулууны өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3,016,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн прокурорын газраас Г.Т, О.М, Ц.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т, М, Ж нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Т, М, Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ж-д энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 18 хоногийн хорих ялаар,
Шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан үлдэгдэл 2 жил 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 1 хоногийн хорих ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ж-д 3 жил 4 сар 18 хоног, Г.Т-д 4 жил 1 сар, О.М-д 2 жилийн хорих ял оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, О.М нарын цагдан хоригдсон тус тус 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 69-73 УНЯ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.630.000 төгрөг, 94-60 УНМ улсын дугаартай Хюундай Верна маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.115.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн 2234000110080 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг, 13 см урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 2 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн “Тоёота приус-11” маркийн 69-73 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, “Хюндай Аксент” маркийн 94-60 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь олгохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т, М нарын хорих ял эдлэх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “Т миний бие 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 зүйлчлэлээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Уг шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж байна” гэжээ.
Шүүгдэгч О.М гаргасан давж заалдах гомдолдоо: “.М миний бие 2022 оны 11 дүгээр сарын 23-нд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4 зүйлчлэлээр 2 жил хорих ял авсан шүүхийн шийдвэрт санал нийлэхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Миний бие найз Тийн гуйлтаар 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Т-ийн хөдөө гэр рүү яваад хоёр үхэр хийгээд ирье гэсэн. Тэгээд замдаа аавтайгаа яриад хөдөө гэрт очих шаардлагагүй болчихлоо. Аав үхрээ бэлчээрээс нь авчих гэнээ гэсэн. Тийн заасан газар явж очсон. Тэгээд үхрээ уулнаас буулгаж ирээд 2 үхэр алсан. Тэгж байтал машинтай хүмүүс ирсэн. Машинаас бууж ирээд Тээ чи ахынхаа үхрийг алчихсан байна ш дээ. Тэгтэл Т уучлаарай ахаа харанхуйд өөрийнхөө үхэртэй андуураад алчихсан байна гэж хэлж байсан. Тэгж Тийг өөрийнхөө биш хулгайн мал алсныг мэдсэн. Тухайн хэргийн газар хохирогч Хүрэлчулуун, Баасан хоёроос гадна хөндлөнгийн хоёр гэрч байсан. Мөрдөн байцаалтын шатанд тэр хоёр гэрчээс мэдүүлэг аваагүй. Мөн Тийн аав Гансүхээс мэдүүлэг аваагүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин мөрдөн байцаалт хийлгэх хүсэлт байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэнээр бидний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэжээ.
Шүүгдэгч /Ц.Ж, О.М/ нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №484 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.
1.Ц.Ж, А..М нар нь Г.Т-ийн гуйлтаар өөрийнх нь малаас аавынхаа зөвшөөрлөөр хоёр үхэр хийхээр явсан бөгөөд энэ хэргийг Г.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гүйцэтгэгч буюу хамтран гүйцэтгэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэргийг үйлдсэн тул зөрчиж гүйцэтгэсэн гэсэн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгчийн зөрж гүйцэтгэсэн гэмт оролцоогүй бусад хамтран гүйцэтгэгч нарт ял оногдуулахгүй гэсэн хуулийн заалтын дагуу Ц.Ж, О.М нарт ял оногдуулахгүй байх учиртай тул энэ 3 бүлэглэж хулгай хийсэн үү, Г.Т зөрчиж гүйцэтгэсэн үү гэдгийг шалгаж тогтоох.
2.Г.Тийн аав Гансүхийг гэрчээр асуух хүүдээ мал өгнө гэсэн эсэхийг тогтоох.
3.Хохирогч Т.Хүрэлчулуунтай хамт явсан гэрчүүдийг гэрчээр асууж Т.Ж, О.М нар оролцсон эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар прокурорт буцааж хэргийн бодит байдлыг бүх талаас нь шалгаж тогтоох.
4. Эрүүгийн хуулийн 6.5 дахь зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 6.7-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөн албадлагын арга хэмжээ хэрэглэх, 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг арга хэмжээг авах боломж байгаа тул хэргийг хөнгөрүүлж зүйлчлэлийг хөнгөрүүлэх хүсэлт гомдлыг гаргаж байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын тодорхой заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Ж, А..М нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нарын үүрэг, оролцоог харж үзээд хэргийг шшийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А..М гаргасан тайлбартаа: Г.Т бид хоёрыг дагуулж явсан. Хулгай хийх гэж байгааг нь мэдээгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Т гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээж байна. Энэ хоёрыг цагаатгаж өгнө үү. Хулгай хийх гэж байгааг мэдээгүй байсан гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Г.Т, О.М, Ц.Ж, шүүгдэгч О.М, Ц.Ж нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Г.Т, О.М, Ц.Ж нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.Т, О.М, Ц.Ж нар нь бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хүрэлчулууны өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3,016,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Т.Хүрэлчулууны ...2021 оны 12 сарын 18-ны орой 20 цагийн үед өөрийн эзэмшил 80 гаруй тооны үхрийг хурааж хотлуулах гээд явж байтал манай гэрээс 2-3 км орчим зайд 2 машин байхаар нь яваад очтол 3 залуу байсан. Тэд нартай уулзаад юу хийж яваа талаар асуутал голын мөсөн дээр гулсаж явна, машины диск эргээд гэж хэлсэн. Надтай хамт явсан дүү Боолой гэх залуу ойр орчмоор явж үзтэл миний эзэмшил 4 настай эр, эвэртэй хар тарлан зүсмийн тооны үхрийг нядлаад шулж байсан. Би, хамт явсан дүү нар барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би өөрийн 1 тооны соёолон эр үхрээ 1,800,000 төгрөгөөр үнэлнэ.../1хх 27-28 / гэх,
Иргэний нэхэмжлэгч С.Хишигбаатарын: “Би тус машиныг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Майцэцэг гэх хүнд 2 сая төгрөгөөр зарахаар тохиролцоод бэлэн 1 сая төгрөгөө дансаар аваад үлдэгдэл мөнгөө 10 хоногийн дараа авахдаа нэрээ шилжүүлж өгнө гээд машинаа өгсөн юм. Тэгтэл одоо болтол мөнгөө өгөөгүй. Би Ж гэх хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг /1хх 32/ гэх,
Иргэний нэхэмжлэгч С.Телеубекийн: “Тус өдөр .М надаас машинаа түр өгч байгаач, аав ээжийн хамтаар хөдөө яваад ирье гээд гуйгаад байсан. Би эхэндээ өгөхгүй байж байгаад сүүлдээ 3 өдөр дараалан гуйхаар нь сүүлийн өдөр өгөөд явуулсан юм. Би хулгай хийх гэж байгаа гэдгийг мэдээгүй. Би машинаа үнэлгээний байгууллагын үнээр Мухмедилагаас нэхэмжилнэ.” /1хх 36/ гэх,
Иргэний нэхэмжлэгч Ж.Майцэцэгийн: “Би тус машиныг Сүхбаатар овогтой Хишигбаатар гэх хүнээс 2021 оны 12 дугаар сарын эхээр 2 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 1 сая төгрөгийг өөрийнх нь дансанд хийж өгөөд үлдэгдэл 1 сая төгрөг дутуу байгаа, түүнийгээ өгөөд нэрээ шилжүүлж авна гэж тохиролцсон юм. Ж 94-60 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надаас Чингисийн хөшөөний ар тал руу Цэргийн амралт орчихоод ирнэ гээд гуйгаад байхаар нь би өгөөгүй. Тэгтэл дахин дахин гуйгаад байхаар нь ирээд дугуйг нь нөхөөд аваад яв гэж хэлээд өгсөн. Тэгтэл малын хулгай хийж яваад баригдсан байсан. Би хулгай хийх гэж байгааг нь мэдээгүй. Машинаа үнэлгээний байгууллагын үнэлсэн үнэлгээгээр нэхэмжилнэ.” /1хх 40/ гэх,
Гэрч К.Жархангулын: “... 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний нөхөр өдөржингөө гэртээ байж байгаад 12 цагийн үед утас нь дуугараад утсаар ярьсан тэгэхээр нь би “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад Жоного залгаж байна, уулзчихаад ирье гээд 14-15 цагийн үед гэрээсээ гарсан, гарч явахдаа миний гар утсыг авч явсан. Тэгээд би залгаж холбоо барьж чадаагүй миний хойд эцэг Телеубек 18 цагийн үед миний хадам аав Оморбек руу залгаж “миний машиныг аваад явсан юм, ирэх болж байгаа юм болов уу хаана явж байгаа юм бол гэж асуусан... Жоного гэдэг нь Г.Тийн хоч нь манай нөхрийн найз, гэхдээ тийм дотно найз бол биш.” /1хх 46/ гэх,
Гэрч Т.Нургажийгийн: “Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд ажлаа тараад гэртээ харих гээд явж байхад манай хүү Ц.Ж /88652337/ дугаарын утсаар холбогдсон. Надтай холбогдохдоо “ээж намайг О.М, Г.Т ах хоёр хамт айл руу идэшний үхэр хийе” гээд дагуулаад явсан. Тэгсэн чинь Г.Т гэдэг хүний өөрийнх нь үхэр биш байна хулгайлсан мал байсан байна. Би хэрэгт орчихлоо. Хохирогч нар нь Төв аймгаас цагдаа дуудсан байна, та хүрээд ирэх боломж байна уу гэхэд би хаана юм бэ, наад газар чинь яваад очье гэхэд утас унтарч тэр үеэс хойш огт холбоо бариагүй.” /1хх 47-48/ гэх мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 07/453 дугаартай “...иргэн Т.Хүрэлчулууны өмчлөлийн 2 толгой сарлагны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 19-ний байдлаар 3,016,000 төгрөг болно” /1хх 53-62/ гэх,
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 07/469 дугаартай “... 69-73 УНЯ улсын дугаартай prius11 маркийн тээврийн хэрэгслийн... үнэ цэнэ нь 3,630,000 төгрөг болно” /1хх 65-77/ гэх,
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 07/468 дугаартай “94-60УНМ улсын дугаартай Hyundai Verna маркийн тээврийн хэрэгслийн... үнэ цэнэ нь 2,115,000 төгрөг болно” /1-р хх-ийн 80-92 дугаар тал/ гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хутганд ямар нэгэн эвдрэл үүсээгүй хэвийн ажиллагаатай байна. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хутганы 1 дугаараар тэмдэглэсэн хутганаас 1 ширхэг гарын мөр илэрсэн. Хутганаас илэрсэн 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаараар тэмдэглэсэн хутга нь нийт 22 см урттай ажлын хэсгийн урт нь 11 см, ишний урт нь 11 см, өргөн 1.5 см, өндөр 2.2 см байна. 2 дугаараар тэмдэглэсэн хутга нь 25.7 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.5 см ишний нийт урт нь 12.2 см, өргөн нь 1.8 см өндөр нь 2.4 см байна. 3 дугаараар тэмдэглэсэн хутга нь 25.7 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.5 см, ишний нийт урт нь 12.2 см, өргөн нь 1.8 см өндөр нь 2.4 см байна...” гэх /1хх 97-102/ дүгнэлтүүд,
Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /1хх 3/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн /1хх 20-22/ тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 161-164/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Т, О.М, Ц.Ж нар нь бүлэглэн бусдын олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Т, О.М, Ц. Ж нарыг тус тус 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ж, Г.Т нарт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх боловч шүүгдэгч Г.Т-ийн өмнөх Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 жил 11 сар 30 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн байхад /2хх 49/ анхан шатны шүүх 2 жил 1 хоног гэж буруу тооцон түүний ялыг буруу нэмж нэгтгэсэн алдааг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хэлбэр, бүтцийн шаардлага тавигддаг.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэхдээ хохирогч Т.Хүрэлчулууны олон тооны буюу 2 тооны үхрийг хулгайлсныг “...2 тооны адуу хулгайлж,” гэж бичсэн, шүүгдэгч Г.Т-ийн гэр бүлийн хэрэгцээний 1998 м.кв талбайтай Г-1423008021 дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Өгөөмөр харзтай суурин 9а гудамж, 17 тоот газрыг хоёр тооны үхрийн хохиролд тооцуулан хохирогч Т.Хүрэлчулуунд өгөхөөр тохирсон гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй байна.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 69-73 УНЯ улсын дугаартай prius-11 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,630,000 төгрөг, 94-60 УНМ улсын дугаартай Huyndai verna маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,115,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүгдэгч тус бүрээс хэдэн төгрөг гаргуулахыг тодорхой заагаагүй байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулав.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхэд эрх олгосон зарчимд хамаарах бөгөөд шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэх эсэх нь түүний эрх хэмжээний асуудал ба анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгч Г.Т, О.М нарын “...хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах”, шүүгдэгч Ц.Ж, О.М нарын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн “ ...хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах, хэргийг хөнгөрүүлэн, зүйлчлэлийг өөрчлүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Т, О.М нарын болон шүүгдэгч Ц.Ж, О.М нарын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Т, О.М, Ц.Ж нарын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 131 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 484 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...Шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан үлдэгдэл 2 жил 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 1 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.” гэснийг “Шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан үлдэгдэл 1 жил 11 сар 30 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 11 сар 30 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж,
- 4 дүгээр заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ж-д 3 жил 4 сар 18 хоног, Г.Т-д 4 жил 1 сар, О.М-д 2 жилийн хорих ял оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ж-д 3 жил 4 сар 18 хоног, Г.Т-д 3 жил 11 сар 30 хоног, О.М-д 2 жилийн хорих ял оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
- 6 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 69-73 УНЯ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.630.000 төгрөг, 94-60 УНМ улсын дугаартай Хюундай Верна маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.115.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 69-73 УНЯ улсын дугаартай prius-11, 94-60 УНМ улсын дугаартай Huyndai verna маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 5,745,000 /таван сая долоон зуун дөчин таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас тус бүрээс 1,915,000 /нэг сая есөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж,
- 7 дугаар заалтад “ ...Шүүгдэгч Г.Т, О.М, Ц.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй,” гэж нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Г.Т, О.М болон шүүгдэгч Ц.Ж, О.М нарын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, О.М, Ц.Ж нарын тус бүр 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 131/нэг зуун гучин нэг/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ