| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0019/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 25
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б.А холбогдох 1835000130025 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 25-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Б.А. РД:.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ц.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Ц.Д-ыг зодсон болох нь хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед Г гэх айлын гэрт А, Г бид нар 2 шил Тэргүүн нэртэй 0.75 литр архи хувааж уусан. Тэр үед А-тэй гэр дотор маргалдаж байгаад Г-ын гэрээс гарч хоорондоо зодолдсон юм. Тухайн үед юунаас болж маргалдаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Миний хоёр нүд хоёулаа хөхөрч, хоёр хөлийн өвдөг шалбарсан байдалтай байсан. Толгой өвдөж зовиурлаж байсан юм. А-д надад учирсан хохирлоо барагдуулж, уучлалт гуйсан. Иймд А-ээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдол саналгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-р тал/, гэрч Ч.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагийн үед Давааням архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд 0.75 литр архи гаргаж ирээд сууж байтал А гаднаас орж ирсэн. Бид гурав Д-ын авч ирсэн архи ууж дуусаад би авдраас 0.75 литр архи гаргаж Д, А нартай хувааж уугаад би согтоод унтсан байсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, гэрч Ц.Л-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ ирэхэд ах Д нь хүнээр зодуулсан байдалтай байсан. Түүний баруун хөмсөг нь хавдчихсан, баруун хацар хэсэгтээ хавдсан шархны сорвитой, зүүн шанаа хавдартай, баруун хөлийн шилбэ хэсгээр хавдчихсан шалбархайтай, зүүн хөлийн өвдөгний доод хэсэгт хөхөрчихсөн байсан. Тухайн үед би ах Д- “Хэн таныг зодсон юм бэ” гэж асуухад тэрээр “Сумын Тамгын газрын дарга Г-ийн дүү А намайг зодсон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/, гэрч С.А мөрдөн байцаалтанд өгсөн “Ц.Д нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тухайн үед Ц.Д нь тархиндаа гэмтэл авсан юм. Тэрээр баруун нүдэндээ цус хуралттай, хоёр нүд нь хоёулаа битүү хавагнасан байдалтай, зүүн хөлний өвдөг дээр хөхөрч цус хуралдсан, баруун хөлний шилбэн дээр нь жижигхэн шалбархай байсан. Ц.Д-ыг үзэх үеийн зовиур нь цээжний зүүн талд тавдугаар хавирга орчим тэмтэрч үзэхэд өвдөх зовиуртай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р талд/, шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн “Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би буруу үйлдэл хийсэн тул Д-аас уучлалт гуйж хохирол төлбөр барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Д-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархины доргилт, 2 нүдний зовхи хар хөхөрсөн, баруун нүдний эвэрлэгт цус харвалт, баруун хацар, хөмсөгний гадна талд зулгаралт, зүүн өвдөгний үений гадна, баруун шилбэний хэсэгт зулгаралт зэрэг гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 58 дугаартай дүгнэлт /хх-ийн 9-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Д “Шүүгдэгч Б.А-ээс хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хохирол гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.А-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.А-д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ