| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 201219000567 |
| Дугаар | 2023/ДШМ/25 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/25
2023 4 06 2023/ДШМ/25
Н.Ц-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа/цахим сүлжээгээр/, Д.Дамдинсүрэн,
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал/цахим сүлжээгээр/, Г.Тунгалаг,
Цагаатгагдсан этгээд Н.Ц,
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батсайхан бичсэн эсэргүүцэлд үндэслэн Н.Ц-д холбогдох эрүүгийн 201219000567 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц, 1966 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Шижир алтын 12-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй,
Төв аймгийн Прокурорын газраас Н.Цг 2012 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.Очирхүү, Э.О нарын хамтаар Э.О-н эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд Крузер 80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар Э.О-н цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/
Төв аймгийн прокурорын газраас Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц-г цагаатгаж,
Н.Ц-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасаар Эрүүгийн 20120000567 дугаартай 13 хавтас хэргийг, эд мөрийн хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволк 1 ширхэг, эрээн өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, Ланд-80 авто машины жолооны хүрдний саарал өнгийн бүрээс, жолооны арын болон хажуу талын суудлын бүрээснүүд, хүрэн өнгийн суран бүс болон шүүгдэгч Н.Ц-гийн өмсөж явсан срочкон цамц 1 ширхэг, саарал өмд, цагаан өнгийн майк, саарал ноосон цамц, бараан өнгийн хүрэм, Аодом гэсэн бичиглэл бүхий торон гэр, хар өнгийн бакал 1 хос, хөлийн ороолт, бугийн эврэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн хуй 1 ширхэг, хэргийн 1-6 дугаартай цус мэт улаан өнгийн зүйлтэй холилдсон шороо, жолоочийн эсрэг талын хайрцгаас авсан арчдас, машины дундах хайрцгаас авсан арчдас, 1,3,4,7,6 гэсэн суудал баганаас авсан арчдас, Д.О гарын арчдас 3 ширхэг архины шил, шилэн аяганы хагархайнууд, байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлж авсан CD 1 ширхгийн хамт хэрэг бүртгэлтэд буцааж,
Хэрэгт Н.Ц нь нийт 1179 /нэг мянга нэг зуун далан есөн хоног/ цагдан хоригдсон, түүнийг иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцон гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Батсайхан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар эсэргүүцэлдээ: “ ... Төв аймгийн прокурорын газрын еренхий прокурорын орлогч Б.Батсайхан би эрүүгийн 201219000567 дугаартай Н.Ц-д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолоор " дээр дурьдагдсан нолох баримтууд нь Н.Ц-г Э.Октябрийг алсан болохыг шууд нотолсон баримт байхгүй, харин эсрэгээрээ энэ хэргийг гэрчлэн мэдүүлсэн Д.Очирхүүг энэ хэрэгт хамааралтай байх боломжтой, түүний хэргийн ул мөрийг балласан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Н.Ц-г Э.Октябрьтай маргалдсан, зодолдсон ямар нэгэн үйлдэл хийсэн эсэх нь нотлогдоогүй түүний үхсэн үйлдэл нь Н.Ц-гийн ямар үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотойг хөтөлбөргүй тогтоож чадаагүй байна..." гэх дүгнэж, шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ. Цагаатгах тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 25 минутанд хүлээн авч танилцаад, шуух хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2012 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Э.Октябрь нь Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад цээжин тус газартаа хутгалуулсаны улмаас амь нас нь хохирсон үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын явцад, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар амь хохирогч Э.Октябрь нь тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогддог бөгөөд талийгаачийн биед учирсан үхэлд хүргэсэн шарх гэмтлийг тээврийн хэрэгслийн хойд суудлын байрлалаас учруулсан байх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтүүд, удаа дараа хийсэн мөрдөн байцаалтын туршилтууд болон шинжээч эмч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Гэтэл анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтуудыг дурьдаад Д.Очирхүүгийн мэдүүлэг давхар няцаагдана гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд тодорхой дурдаагүй, ямар нотлох баримтаар Д.Очирхүүгийн аль мэдүүлгийг няцааж, үгүйсгэж байгааг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Тев аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны сарын 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс амь хохирогчтой хамт явсан хоёр хүнээс аль гэм буруутай хүнийг нь үнэн зөвөөр тогтоож өгөөчээ гэсэн хүсэлтэй байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Цагаатгах тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал/цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Н.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурор Б.Батсайханы бичсэн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 394 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүгдэгч Н.Цг “2012 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.Очирхүү, Э.Октябрь нарын хамтаар Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд Крузер 80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар Э.Октябрийн цээжин тус газарт хутгалж алсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Н.Ц-гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдохгүй, энэ хэргийг гэрчлэн мэдүүлсэн Д.Очирхүүг энэ хэрэгт хамааралтай байх боломжтой, түүний хэргийн ул мөрийг балласан баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Н.Ц-г Э.Октябрьтай маргалдсан, зодолдсон, ямар нэгэн үйлдэл хийсэн эсэх нь нотлогдоогүй түүний үхсэн үйлдэл нь Н.Ц-гийн ямар үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотойг хөдөлбөргүй тогтоож чадаагүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоох учиртай.
Н.Ц-д холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу бүгдийг шалгаж тодруулсан байна.
Хэргийн үйл баримтаар 2012 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын Хайлааст багийн нутагт Э.О нь Д.О, Н.Ц нарын хамтаар Э.Октябрийн эзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд Крузер 80 маркийн автомашинтай явж байхдаа Э.Октябрь нь цээжин тус газарт хутгалагдаж цээжний урд зүүн дээд хэсгээр цээжний хөндийд нэвтэрч улмаар зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас дотуур хурцаар цус алдаж нас барсан байдаг ба уг гэмтлийг авах үед Д.О, Н.Ц амь хохирогч Э.О нараас өөр хүн хэргийн газарт байгаагүй байна.
Гэрч Д.О нь амь хохирогч Э.О, Н.Ц хутгалсан талаар удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлдэг ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа гэрч Д.О өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн боловч өөр бусад нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Н.Цг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ тодорхой заагаагүй, улсын яллагчийн шүүгдэгч Н.Ц-г гэм буруутай гэж ялласан яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй, түүнийг цагаатгасан үндэслэл нь тодорхой бус, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх гэмт хэргийн шалтгаант холбооны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар үнэлж чадаагүй буюу мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх боловч Монгол Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг хүчингүй болсонд тооцсон тул давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Батсайханы бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ