Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 123/ШШ2024/0070

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, Х.Нурсаулегийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/282 дугаартай захирамжийн хавсралтын 11 дугаарт бичигдсэн Шаравсэнгийн Энхтуяа, 12 дугаарт бичигдсэн Зоригтбаатарын Оюунтөгөлдөр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Нурсауле шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн 1 дүгээр багийн иргэн Х.Нурсауле би Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/282 дугаартай захирамжийн хавсралтын 11 дугаарт бичигдсэн Шаравсэнгийн Энхтуяа, 12 дугаарт бичигдсэн Зоригтбаатарын Оюунтөгөлдөр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийзаяа нартай эвлэрч байгаа тул дээрх нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Нурсауле, түүний өмгөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Г.Мөнгөнхазаар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийзаяа, гуравдагч этгээд Д.Номин-Эрдэнэ түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нар нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэхүү эвлэрлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Х.Нурсауле би дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч Батсүмбэр сумын Засаг дарга болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын даамлаас Батсүмбэр сумын 1-р баг Будаан толгой гэх газарт байрлах 4000 метр квадрат газрыг байршил зааж Х.Нурсаулед өмчлүүлэх шийдвэр гаргахаар тохиролцсон болно.

Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцож эвлэрсэн болон гэрээгээр өмчлүүлэх газарт гуравдагч этгээд Д.Номин-Эрдэнийн болон бусад этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, сул газарт газар өмчлүүлэхээр эвлэрлийн гэрээг талууд байгуулж байгаа болно.

Талуудын үүрэг:

- Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлж эвлэрлийн гэрээний хамт шүүхэд ирүүлэх,

- Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын даамал нь нэхэмжлэгч Х.Нурсаулед гуравдагч этгээд Д.Номин-Эрдэнийн болон бусад этгээдийн эрх ашгийг хөндөөгүй сул газрыг Төв аймгийн Батсүмбэр сумын 1-р баг Будаан толгой гэх газарт 4000 метр квадрат хэмжээгээр өмчлүүлэх,

- Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гуравдагч этгээд Д.Номин-Эрдэнийн болон бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасныг талууд уншиж танилцсан бөгөөд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Х.Нурсаулегийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бичгээр байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна.

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05/41 дүгээр албан бичгээр итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасан эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийзаяад олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр татан оролцуулсан Ш.Энхтуяа болон гэрч Р.Зоригтбаатар нарыг шүүхэд албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан бөгөөд энэ хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч талууд эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлснээр шүүхээс эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох тул тус хэрэгт хамаарах асуудлаар гаргасан гуравдагч этгээд Ш.Энхтуяа болон гэрч Р.Зоригтбаатар нарыг шүүхэд албадан ирүүлэх захирамжийн үр дагавар дуусгавар болсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж зааснаар гуравдагч этгээд болон гэрч нарыг шүүхэд албадан ирүүлэх тухай Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 123/ШЗ2023/0353 дугаартай захирамж, мөн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 123/ШЗ2023/0392 дугаартай захирамжуудыг тус хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гарсан шүүгчийн захирамж, ... илт үндэслэлгүй бол уг захирамж, ... гаргасан шүүгч, ... хүчингүй болгох... гэж заасны дагуу хүчингүй болгох нь зүйтэй байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Нурсаулегийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар нь Батсүмбэр сумын 1-р баг Будаан толгой гэх газарт байрлах 4000 метр квадрат газрыг байршил зааж Х.Нурсаулед өмчлүүлэх шийдвэр гаргахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 111 дүгээр зүйлийн 111.3-т заасныг баримтлан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 123/ШЗ2023/0353 дугаартай захирамж, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 123/ШЗ2023/0392 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР