| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0427/э |
| Дугаар | 465 |
| Огноо | 2017-10-23 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тунамал,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч П.Х, түүний өмгөөлөгч П.Итгэл,
хохирогчийн төлөөлөгч Н.Батсүрэн, түүний өмгөөлөгч В.Хүрэлхад,
гэрч Т.Сэлэнгэ,
шинжээч Ц.Оюунтуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянгад эмчийнхэн овгийн Пэлжээгийн Хүдэрчулуунд холбогдох эрүүгийн 201625032146 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овгийн П.Х, 1986 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 5 дугаар гудамжны 98 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БД86072910.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч П.Х нь Номин трейдинг ХХК-ний Номин электрониксын салбарт худалдааны зөвлөхөөр буюу бараа материалыг хариуцан ажиллаж байхдаа 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд 21.450.398 төгрөгийн бараа материал завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Намайг тооллогын хуудсыг засдаг байсан гэсэн байна. 2015 оны 6 дугаар сарын 1-нээс эхэлж тасаг бүрт сар болгон тооллого хийхээр болсон. Тасаг болгонд тусдаа тооллогын комисс ирж, тасгийн 2 борлуулагчтай хамт цаасаар болон скайнераар тооллого хийж явдаг байсан. Тийм учраас тооллогын баримтыг би засварлах ямар ч боломжгүй юм. Намайг байхгүй үеэр, мөн ээлжийн амралттай байх үеэр ч гэсэн тооллого хийсэн байсан. Тухайлбал 2015 оны 8 дугаар сарын тооллогон дээр Одзориг оролцсон. Энэ үед бараа дутагдаагүй. Мөн яллах дүгнэлтэд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мөн намайг хий орлого хүлээж авсан гэсэн байсан. Барааг хүлээж авсан хүн нь манай нөгөө ээлжийн Одзориг гэх хүн байсан. Энэ баримт нь хавтаст хэргийн 228 дугаар талд авагдсан. Миний хувьд нотлох баримтуудаар нотлогдсон үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хугацаа олговол хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байна…” гэв.
Хохирогчийн төлөөлөгч Н.Батсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хүдэрчулуун өөр салбар руу шилжихээр болоод 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ажил хүлээлцэх тооллого болсон. Энэ тооллого дуусаад Хүдэрчулуунд “нийт 21.450.398 төгрөгийн төгөлдөр хуур, дугуй, уртасгагч зэрэг нэр бүхий бараа дутсан байна, Сэлэнгийн хариуцах мөнгөн дүн нь 26.551 төгрөг байна” гэж танилцуулсан. Хүдэрчулуун болон Сэлэнгэ нар танилцаад, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ нь тухайн тасгийн эд хариуцагч нар өөрийн хариуцах үнэ буюу төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Нийт тасгийн өрийг эд хариуцагч нар тэнцүү хувааж төлөх ёстой гэсэн үг биш, харин хэн ямар бараа дутааснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байгаа гэсэн үг. 3 сард Сэлэнгэ манай өрөөнд орж ирээд тооллогын хуудаснаас юм хараадахъя гээд авангуутаа ийм, ийм төгөлдөр хуур байхгүй байхад байгаагаар бичсэн байна, энэ ямар учиртай юм бол гэхээр нь Хүдэрчулуунаас асуухад Ямахагийн агуулахаас удахгүй, өнөө маргаашгүй ирнэ гэсэн. Маргаашнаас нь дахин дахин асуугаад байсан чинь ирэхгүй юм шиг байна, би өөрөө төлөхөөр болчихлоо гэхээр нь ямар учиртай юм бэ, чи яагаад үүнийг төлөхөөр болж байгаа юм бэ гэхэд би энэ барааг хариуцаж авсан, эд хариуцагч учраас би дутаасан юм чинь би төлнө, дутагдал дээрээ надаар гарын үсэг зуруулчих гэж өөрөө надад хэлж байсан. Сар болгон тоологч нягтлан ирж тооллого хийхэд Хүдэрчулуун өөрөө скайнераа уншуулаад, нягтлан гараараа тооллогын хуудсаа тулгаад явдаг. Скайнераар тоолсон тоонуудаа програм руу оруулахаар зөрүү үлдчихдэг. Тэрийг нь тооллогын хуудсаа шүүхэд тоологдсон байвал скайнер дээр уншигдаагүй юм байна гээд байгаагаар тоолоод явдаг. Би Хүдэрчулуунаас тооллого хийж байхад чи яаж аргалж байсан юм бэ гэж асуухад би өөрөө аргалаад тоолуулчихна, аргалчихдаг гэж хэлж байсан. Өмнөх тооллогнуудын зөрүүн дээр гарч ирдэггүй байсан учраас бид нар мэддэггүй өнгөрдөг байсан байна лээ. Одзоригийн хувьд барааг аль гарч байгаа ээлжийн борлуулагч хүлээж аваад гарын үсэг зурдаг. Гэхдээ хоёулаа эд хариуцагч гэсэн үг. Хүдэрчулуун нь уг дутагдлыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Түүний хувьд нь хуурамч буцаалт хийж, анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлж, барааны үнийг завших зэргээр дээрх хэргүүдийг хийсэн гэж үзэж байна. Манайд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэв.
Гэрч Т.Сэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 9 дүгээр сард ажилд орж дагалдан хийж байгаад 10 сараас жинхэлсэн. 2 ээлжээр ажилладаг байсан. Ээлж солилцохдоо бараа материал хүлээлцсэн тухай баримт үйлддэггүй. Манай хөгжимт тасаг нуугаад аваад гарах боломжгүй төгөлдөр хуур хөгжмүүд болон хэдэн хом театруудтай байсан учраас миний хувьд жижиг өлгөөтэй байдаг хөгжимүүдээ хараад бүртгэчихдэг байсан. Төгөлдөр хуур хөгжимүүд тасаг дээр нэг нэг ширхэг байдаг. Тооллогыг заримдаа хоёулаа хийдэг. Зарим тохиолдолд тоологч нягтлан ирж хамт тоолдог байсан. Дутагдал гарсан л бол тухайн хүн өөрөө дутааснаа хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурдаг. Өр хуваарилах журмыг анх ажилд ороход танилцуулж байсан. Одоо сайн санахгүй байна. Зарим кодыг нь шивэхээр ордоггүй учраас Хүдэрчулуун би шивэх дургүй, та скайнераа бариад явчих гэдэг байсан. Тэгээд би сканераа бариад явчихдаг байсан. Өмнөх тооллогын зөрүүн дээр огт зөрүү гарч ирж байгаагүй. Гэтэл сүүлийн тооллогын үед би нягтлангаас орж юм асуух үед тооллогын баримтан дээр миний огт харж байгаагүй төгөлдөр хуур байсан. Манайд зөвхөн үзүүлэнгийн хар өнгөтэй төгөлдөр хуур л байсан. Бор өнгөтэйг нь би огт харж байгаагүй. Манай тасагт 3 төгөлдөр хуур хэзээ ч байгаагүй. Гэтэл 3 гэж гарч ирэхээр нь гайхаад Хүдэрчулуунаас асуухад Ямаха орлогоо аваагүй байгаа гэсэн. Тэгээд харахад манай дээр 3 гэж тоологдоод явдаг байсан байна лээ. Тасагт байгаа бараа материалуудыг Хүдэрчулуун бид хоёр хариуцдаг. Эд хариуцагч гэж явдаг. Тасаг дээр жижиг хөгжимүүдээс гэхэд бишгүүр хөгжмийн хувьд үзүүлэнгийн нэг ширхэг л байдаг. Тухайн үедээ бид нар хүнд үзүүлчихээд шилэн лангуу байдаггүй учраас буцаагаад шургуулганд хийчихдэг. Ямар нэгэн байдлаар хулгайлагдах боломжгүй. Гитар хөгжмийн хувьд хүмүүс утсыг нь тастчих гээд байдаг учраас маш сайн хардаг. Бараа шинээр ирж байгаа бол хэний ээлж дээр ирнэ, тухайн хүн нь хүлээж авдаг. Би тухайн үедээ Хүдэрчулуунаас манайд огт байхгүй бараанууд байна шүү дээ, энэ ямар учиртай юм бэ гээд асуухад энэ Протек компаниас ирэх юм, ачааны машин байхгүй байна гэнэ, хэд хоногоос хүрээд ирнэ гэсэн гэж хэдэн өдөр болсон. Тэгтэл сүүлдээ би өөрөө төлөх юм, танд ерөөсөө хамаагүй гэсэн. Тэгээд өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Би ойлгохдоо өөрөө дутааснаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Бараанууд урт кодтой учраас би анх аль бараа аль нь гэдгийг бараагаа ялгаж салгаж мэддэггүй байсан. Тийм болохоор би хамт ажиллаж байсан хүндээ найддаг байсан...” гэв.
Шинжээч Ц.Оюунтуул нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэхдээ: “...Дүгнэлтээ гаргахдаа шинжээчээс асуусан асуултанд хариулсан байгаа. Номин Холдинг ХХК-н дотоод аудитын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт үндэслэлтэй эсэх дээр шинжээч хариулахдаа П.Хы ажил хүлээлцэх 2016 оны 5 сарын 2-ны өдрийн тооллого тооцоогоор их хэмжээний буюу 13 нэр төрлийн 114 ширхэг, 22.200.900 төгрөгийн дутагдал гарсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Харин дутагдлаас Сэлэнгэ 26.600 төгрөг, Төрмандах 466.000 төгрөг, Хүдэрчулуун 21.707.600 төгрөг хариуцахаар хуваарилсныг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй гэж үзсэн тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж тусгасан. Хөгжмийн тасагт хэн хэн тооллого тооцоо хийхэд оролцож байсныг хүснэгтээр харуулсан байгаа. Дээрх дутагдал бол хөгжмийн тасагт гарсан өр гэж тодорхой бичсэн байгаа. Харин дутагдлыг хүн хүнээр хэн хариуцахыг нь эдийн засгийн шинжилгээгээр тооцох боломжгүй гэж үзсэн байгаа. 26.600 төгрөгийн дутагдлыг Сэлэнгэ, 466.700 төгрөгийг Төрмандах, 21.707.600 төгрөгийн дутагдлыг Хүдэрчулуун хүлээн зөвшөөрч тус тус гарын үсэг зурсан байгаа нь дотоод аудитын дүгнэлтээс тодорхой харагдаж байсан. Харин эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэж үзсэн байгаа. Дүгнэлтээ гаргахад ашигласан тооцоо, нягтлан бодох бүртгэлийн баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн хуульд нийцсэн, ямар нэгэн зөрчилгүй байсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Б.Мижиддорж нь хохирогчоор мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн тооцооны нягтлан бодогч Н.Батсүрэнгийн тооллого тооцооны акт, бараа материалын дутагдлын баримтаар илэрч гарч ирсэн. П.Х 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн биеэр хүлээн зөвшөөрч дутагдал үнэн П.Х гэж гарын үсэг зурсан байдаг. Гаргасан зөрчлийн талаар асуухад би мэдэж байгаа ямар нэгэн асуудал үүсвэл эрх зүйн газарт шилжүүлээрэй, би энэ дутагдлаа яаралтай засч залруулж төлнө гэж хэлсэн байдаг үүнийг тооцооны нягтлан бодогч Батсүрэн, борлуулагч Сэлэнгэ хоёр батална. Үүнээс хойш худалдааны зөвлөх П.Х нь шалтгаангүйгээр ажлаа хаяж яваад одоог хүртэл олдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. П.Х гэх хүнтэй холбогдохоор анх ажилд ороход батлан даагчаар хүлээн авч батлан даалтын гэрээ байгуулан гарын үсэг зурж авсан холбогдох материалыг бүрдүүлж авсан Намдаг овогтой Эрдэнэцэцэгтэй холбогдоход Солонгос улс руу явсан байна лээ, би өөрөө олохгүй байна, мэдэхгүй байна гэсэн тайлбар өгдөг. Борлуулагч нарт бараа материал хүлээн тухайн салбарын нярав тасагт ажиллаж байгаа борлуулагч нарт бараа материалын бүрэн бүтэн ажиллагаатай эсэхийг шалгаж, гарын үсэг зуран акт үйлдэж хүлээлгэж өгдөг. Энэ хүн их хэмжээний бараа материал дутагдуулаад ажлаа хаяж яваад одоог хүртэл хохирлоо барагдуулаагүй бөгөөд бид нараас зайлсхийгээд байгаа учраас гомдолтой байна. Хохирлоо яаралтай барагдуулж авахыг хүсэж байна...” гэжээ /1-р хх-9-10/.
Хохирогчийн төлөөлөгч Н.Батсүрэнгийн мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Улсын их дэлгүүрийн Номин Электроникс дэлгүүрт нягтлан бодогчоор ажиллах болсон. Анх ажилд орохдоо бүх тасгуудын тооллого тооцоог нь хүлээлцэж ажлаа хүлээж авсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө хөгжмийн тасагт тооллогоо хийхэд борлуулагч нь Хүдэрчулуун, Сэлэнгэ гэх хоёр хүн байсан энэ тооллогоор бараан материалын өр дутагдалгүй гэж тооллого тооцоо бодогдсон. Манайх улиралд 2 удаа тоолсон байх ёстой гэхдээ сар болгон тасгуудын тооллого тооцоог тоолдог. Мөн хуваарийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрүүдэд хөгжмийн тасагт тооллого хийхэд зөрчил дутагдал илрээгүй. Манай компаниас ажилчдыг шилжүүлэн ажилуулах тушаал гарсны дагуу 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хөгжмийн тасагт ажил хүлээлцэх тооллого хийхэд 22.200.938 төгрөгийн зөрчил дутагдал гарсан. Эдгээр зөрчил дутагдал нь яаж илэрсэн юм гэхээр нь Улсын их дэлгүүрийн Электрониксын агуулах гэж байдаг уг агуулахаас барааг тасаг руу шилжүүлэхэд агуулахын данснаас хөгжмийн тасаг руу програмаар орлого шивж өгдөг. Програм дээр шивсэн орлогоо падаан дээр хэвлэж гаргаад 2 хувь үйлдэж хүлээж авсан борлуулагчаар гарын зуруулж барааг хүлээлгэж өгдөг. Бараа хүлээж авсан борлуулагч тасаг дээрээ бараагаа падаантайгаа хамт авчирдаг. Тэгээд тасаг дээр аваачсан барааг худалдан авагч авах боллоо гэхэд тухайн барааны кодоор нь кассаар бичүүлж кассанд худалдан авагч мөнгө тушаасны дараа агуулахаас кассын талоныг үндэслээд барааг хүлээлгэж өгдөг. Жишээ нь агуулахад 04НТSNE690 кодтой Sоnу Хом театр агуулахад 3 байлаа гэж үзэхэд худалдан авагч уг Хом театрыг худалдаж аваад дууссаны дараа үзүүлэнд байгаа нэг ширхэг хом театрыг Хүдэрчулуун тооллогын хуудас дээр байгаа мэтээр хуурамчаар бичүүлээд нягтланд баримтаа өгдөг иймэрхүү аргаар Хүдэрчулуун эдгээр бараа материалыг дутаасан байгаа. Сэлэнгэ тухайн үед ажилд ороод удаагүй байсан учраас Хүдэрчулууны байхгүй барааг байгаа мэтээр харуулдаг байсныг мэддэггүй байсан бүх зүйлийг Хүдэрчулуун өөрөө хариуцдаг байсан. Протек ХХК нь манай байгууллагатай харилцагч байгууллага байгаа юм өөрөөр хэлбэл Ямаха брэндийн бараагаа манай хөгжмийн тасагт тавьж борлуулдаг ба хөгжмийн тасагт Ямаха брэндийн хөгжимүүд нь үзэсгэлэн маягаар байдаг. Худалдан авагч Ямаха брэндийн хөгжим авах боллоо гэхэд хөгжмийн кодоор нь кассанд бичүүлээд гэрийн хаягаа өгөөд явчихна. Борлуулагч нь буюу Хүдэрчулуун нь Протек ХХК-ний манайхыг хариуцсан Цэрэннадмидтай утсаар ярьж зарагдсан бараагаа агуулахаасаа худалдан авагчийн хаягаар хүргэж өгнө шүү гэж хэлдэг байсан. Уг Борлуулагч Протек ХХК-тай харьцах ёстой нярваар дамжуулж захиалга өгөх ёстой нярав Ямаха руу утасдаад ийм кодтой хөгжим худалдан авагч авахаар захиалга өгсөн гэдгийг хэлэх ёстой гэтэл Хүдэрчулуун өөрөө Ямаха руу хувиараа утасдаад захиалга өгдөг нь тогтоогдсон.
2016 оны 03 дугаар сарын тооллого явагдаад дуусаад тооцоо бодсон актан дээр борлуулагч Сэлэнгэ, Хүдэрчулуун хоёрт гарын үсэг зуруулах гэтэл Сэлэнгэ тооллого явуулсан тооллогын хуудсаа өгч бай нягталж үзье гэсэн. Тэгсэн Сэлэнгэ тооллогын хуудсыг хараад би одоо кодыг нь цээжээр хэлж мэдэхгүй байна энэ кодтой төгөлдөр хуур хөгжимнүүд байхгүй байгаа ш дээ гэтэл Хүдэрчулуун энэ дээр байгаа гээд тооллогын хуудас дээр бичсэн байна гэж хэлсэн. Үүний дагуу 2016 оны 3 дугаар сарын сүүлээр хэд хоногийн дараа яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна Хүдэрчулууныг дуудаад чи яагаад байхгүй байгаа барааг тооллогын хуудас дээр байгаа гээд тэмдэглэсэн юм бэ гэсэн чинь Хүдэрчулуун Ямахагаас бараагаар нь агуулахаас ирэх ёстой юмаа, ирэхээр нь би бараагаар нь үзүүлнэ, удахгүй, хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Маргааш нь дахиад асуусан чинь Хүдэрчулуун дахиад намайг аргалаад худлаа хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдөр нь өөрт нь итгээд авчирч өгөөрэй гэж хэлсэн түүнээс хойш шаардаж нөгөө бараагаа яасан бэ гэж асуухад сүүлдээ би наадахыг чинь төлөх ёстой юмаа, бараа нь ирэхгүй болчихсон над дээр наад өрөө тавих ёстой болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад төлж байгаа юм бэ барааг нь яасан юм бэ гэсэн чинь би бараан дээрээ эд хариуцагчаар хүлээгээд авчихсан юм чинь би төлнө л гэж хэлсэн. Хүдэрчулуун тооллогын хуудсыг өөрөө барьж тоолоод тооллогын хуудсаа нягтлан бодогчдоо өгдөг. 2016 оны 3 дугаар сарын тооллогоор П.Х надад өгсөн тэрийг нь Сэлэнгэ хараад байхгүй барааг Хүдэрчулуун надад өгсөн тооллогын хуудас дээр бичсэн байсныг Сэлэнгэ мэдэж анх зөрчил нь илэрч байсан энэ мэтээр бид нарыг хуурдаг байсан нь тогтоогдож байна...” /хх-13-15/.
“...П.Х 2 дугуйнаас нэг дугуйг нь хүлээн зөвшөөрөөд хүлээн авсан гэсэн зарлагын баримтад дээр гарын үсэг зурсан байдаг харин нөгөө дугуй нь баримт байхгүй учраас хохирлоос хассан байгаа. Уртасгагч залгуур нар нь хохиролд хамааралгүй дараа нь бүртгэлээрээ гараад ирчихсэн байгаа. Би 2016 оны 1 дүгээр сард хөгжмийн тасагт нягтлан бодогчоор анх томилогдож ирсэн тэр үед ажил хүлээлцэж авч байсан учраас Хүдэрчулуун, Сэлэнгэ хоёртой хамт тоолсон тэр үед л Хүдэрчулуун намайг аргалаад тооллогоо хийлгэдэг байсан, П.Хаас яаж аргалдаг байсан талаар асуухад аргална ш дээ л гэдэг нүдээр харж тоолдог шинээр ажилд орсон учраас тооллого хийхдээ ижил төстэй барааг давхардуулж тоолуулдаг байсан байх гэж бодож байна. Тооллогын хуудсаар худалдааны зөвлөх давхар тоолдог юм. Би 2016 оны 01, 02, 3 дугаар саруудад тооллого хийхэд дутагдал гараагүй, харин 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооллогоор 22.200.938 төгрөгийн бараа материал дутааснаас 21.707.727 төгрөгийн бараа материалыг П.Х дутаагаад байгаа...” /хх-196/.
“...2016 оны 5 дугаар сарын 02 ны өдрийн тооллогоор 13 нэр төрлийн 114 ширхэг нийт 22.200.900 төгрөгийн бараа материалын дутагдал илэрсэн үүнээс Н.Төрмандах 466.700 төгрөгийн дутагдал хуваарилсан нь хавтаст хэргийн 103 дугаар хуудасны бараа материалын дутагдлын 1-рт байгаа 2 ширхэг мотортой унадаг дугуйны нэг дугуйг нь П.Х өөрөө хүлээн зөвшөөрч нөгөө унадаг дугуйг нь тухайн үед буюу 2014 оны 6 дугаар сарын үед ажиллаж байсан гурван борлуулагчид үнийн дүн болох 699.990 төгрөгийг хуваасан бөгөөд тухайн үед ажиллаж байсан нэг борлуулагч ажлаасаа гарсан тул тухайн борлуулагчийн дутагдлыг Н.Төрмандахад нэмж 466.700 төгрөгийн дутагдлаар тооцсон. Дээрх хоёр дугуйны дутагдлыг менежерийн тасаг, хөгжим тасаг хоёр өөрсдийн тасгийн дутагдал биш гэж тасаг хоорондоо бараа материалын хөдөлгөөн хийдэг байсан. Энэ нь явсаар байгаад 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Н.Цэнд менежер кассаар бичүүлсэн талоноо үзүүлснээр хөгжмийн тасгийн дутагдал болох нь нотлогдсон. Энэ нэг дугуйны дутагдлыг П.Х хүлээн зөвшөөрч зарлагын баримтанд дээр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг энэ зарлагын баримт нь хавтаст хэргийн 202 дугаар хуудсанд хавсаргасан байна. Т.Сэлэнгэ дутаасан 26.600 төгрөгийн дутагдал нь бараа дутагдлын баримтын 10 дахь мөрөнд байгаа 8 ш гитар хөгжмийн цохиурын үнэ дүн болох 2.552 төгрөг, 11 дэх мөрний 2 ширхэг уртасгагчийн нэгийн үнэ болох 23.999 төгрөгийн буюу нийт 26.600 төгрөгийн дутагдлыг хуваарилсан. П.Х нь нийт 11 нэр төрлийн 103 ширхэг бараа материалыг завшиж үрэгдүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Яагаад 114 ширхэг бараанаас 103 ширхэг бараа материал болж байгааг тайлбарлавал тооллогын акт шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан 2 ширхэг дугуйнаас 1 ширхгийг нь хасна, 8 ширхэг гитарын цохиурыг борлуулагч Т.Сэлэнгэ дутагдалд оруулсан нэг ширхэг уртасгагч залгуур Т.Сэлэнгийн дутагдал, нөгөө уртасгагч залгуур нь тооллогын дараа олдсон юм. Ингээд тооцоод үзэхээр П.Хы нийт завшиж үрэгдүүлсэн бараа материал нь 21.450.398 төгрөг болж байгаа юм.
4 нэр төрлийн 6 ширхэг цахилгаан төгөлдөр хуурын хувьд :
1 дүгээрт 103 дугаар хуудсанд байгаа бараа дутагдлын баримтын 3 дахь мөрөнд байгаа ямаха брэндийн цахилгаан төгөлдөр хуурыг 2015 оны 6 дугаар сарын 23 ны өдөр Протек ХХК-наас дээрхи 1 ширхэг цахилгаан төгөлдөр хуурыг бараагаар нь орлого авсан боловч бараа нь тасагт ирээгүй тул үүнийг завшсан гэж үзэж байна.
2 дугаарт: Бараа дутагдлын баримт 5 дугаар мөрөнд байгаа 3 ширхэг цахилгаан төгөлдөр хуурын нэгийг нь 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр кассаар борлуулагдаж Анарбаяр гэх иргэн худалдаж авсныг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Готов гэх хүний нэрээр буцаалтын хүснэгтийг хуурамчаар бөглөн худалдан авагчид очдог кассын талоныг өөрт авч үлдэн улмаар ашиглан кассанд буцаалт хийж, мөнгийг завшсан байна. Баримт нь хэргийн 183-186 дугаар хуудсанд хавсаргасан байна.
3 дугаарт: 5 дугаар мөрний 3 дахь төгөлдөр хуурыг 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зарагдсан байхад 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуурамч нэрээр буцаалтын хүснэгт үйлдэж худалдан авагчид очдог кассын талоны хамт кассаар буцаалт хийлгүүлж кассаас мөнгийг авч завшсан. Завшсан болохыг нотлох баримт нь хэргийн 147-150-д байна.
4 дүгээрт: 5 дугаар мөрний 3 дахь хуурыг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өдөр кассаар бичилт хийгдээгүй байхад Протек ХХК-иас хаягийн орлого авсан байсан өөрөөр хэлбэл манай дэлгүүрээс цахилгаан төгөлдөр хуур худалдаж авахаар кассанд мөнгөө тушаагаагүй байхад Сэргэлэнбат гэх хүний гэрт Протек ХХК-наас төгөлдөр хуур хүргэгдсэн байдаг уг цахилгаан төгөлдөр хуурын мөнгийг П.Х хувиараа авч завшсан байна. Энэ нь гэрч Сэргэлэнбатын урьдчилгаа төлбөр төлсөн үлдэгдэл мөнгөө хүргэлтийн дараа бэлэн мөнгөөр өгсөн гэдгээр батлагдаж байгаа юм. Манайхаас ямар ч бараа авсан эхлээд кассанд мөнгөө бүтэн тушаасны дараа барааг нь худалдан авагчид өгөх эсвэл хүргэх ажиллагаа явуулдаг. Завшсан баримт нь хэргийн 181, 182 дугаар хуудсанд байна.
5 дугаарт: Бараа дутагдлын баримт 7 дугаар мөрөнд байгаа цахилгаан төгөлдөр хуурыг Протек ХХК-ний агуулахаас 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр П.Х өөрөө очиж авсан хэрнээ дэлгүүрт тухайн цахилгаан төгөлдөр хуур нь ирээгүй байдаг. Тухайн үедээ /123-124 дугаар хуудас/ Протек ХХК-ний зарлагын баримтаар манай компанийн худалдан авалтын баримт материалын хөдөлгөөний баримтыг хий бичүүлж завшсан. Энэ нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооллогоор илэрсэн.
6 дугаарт: Бараа дутагдлын баримт 13 дугаар мөрөнд байгаа цахилгаан төгөлдөр хуурыг Номин Электрониксын хөгжмийн тасагт бараагаараа байсныг завшсан гэж үзэж байна. Учир нь тасгийн цахилгаан төгөлдөр хуурыг тус тасгийн борлуулагч Хүдэрчулуун, Сэлэнгэ нар хариуцдаг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооллогоор уг цахилгаан төгөлдөр хуурын дутагдлыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Төгөлдөр хуурыг савлаад хайрцаглаад гарахад хяналтын камер 1 давхрын хамгаалагч нарт анзаарагдахгүйгээр гарах боломжтой. Яагаад гэвэл хяналтын камер нь олон жижиг хэсэг камертай тэрнийг хянаж байгаа хүн нь 1 хүн байдаг учраас тэрийг тогтож хараад байх боломжгүй. Хамгаалагчийн хаагуур нь ч аваад гарах боломжтой шүү дээ. Борлуулагч Сэлэнгийн хувьд гэвэл 2016 оны 3 дугаар сарын тооллогын дараа над дээр орж ирээд тооллогын баримтыг харж Хүдэрчулууныг баримтанд засвар оруулсныг мөн байхгүй барааг байгаа мэтээр бичсэнийг мэдэж хэлсэн байдаг. Т.Сэлэнгийг бараа материал дутаасан гэж үзэх ямар нэг үндэслэл, баримт байхгүй юм. Бусад төрлийн хөгжим болох бараа дутагдлын баримт 2 дугаар мөрөнд байгаа банзан гитар, 4 дүгээр мөрөнд байгаа гэрийн театр 6 дугаар мөрөнд байгаа даралтат хөгжим, 8 дугаар мөрөнд байгаа бишгүүр хөгжим, 12 дугаар мөрөнд байгаа акустик гитар зэрэг хөгжмүүдийг худалдан авагч худалдан авсны дараа иргэнд очих кассын талоныг авч үлдэн дараа нь кассанд хандан буцаалт хийж мөнгийг өөрөө авсан мөн кассанд мөнгийг тушаалгахгүйгээр өөрөө авч гарсан зэргээр авч завшсан гэж үзэж байна. Яагаад гэвэл Хүдэрчулуун нь дутагдлаа хүлээн зөвшөөрсөн байдаг, ямар нэг байдлаар үрэгдүүлсэн бол тухайн үед шийдвэрлүүлэх боломжтой байсан. Энэ бүгдийг урьд урьдын тооллогуудаар дутагдалгүй тоолуулаад байсан нь Хүдэрчулууны хувьд ямар бараа материал дутааснаа сайн мэдэж байгаа болохоор тооллогын хуудсан дээр дутаасан бараа материалаа байгаа мэтээр тэмдэглэл хийх боломжтой миний хажууд тооллогын хуудас бөглөөд тоог тавиад явдаг боловч энэ тоог нүд хариулан хий тавих тооллогын дараа тоог засварлах үйлдэл хийж байсан байна. Үүнийг борлуулагч Сэлэнгэ ч хэлсэн байдаг. Мөн ижил төрлийн барааны кодыг скайнераар уншуулахдаа дахин уншуулах замаар барааг тоолуулах боломжтой юм. П.Х 21.450.398 төгрөгийн бараа материал завшин үрэгдүүлсэн үйлдэл нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооллогоор илэрсэн боловч завшин үрэгдүүлсэн хугацаа нь анх 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр унадаг дугуй дутааснаар эхэлсэн байдаг. Энэ нь үргэлжлээд дутагдал илэрсэн тооллого хүртэл буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дууссан гэж үзэж байна. П.Хы нийт 21.450.398 төгрөгийн бараа материалын дутагдлаас 1 ширхэг 699.990 төгрөгийн үнэтэй унадаг дугуйг үрэгдүүлсэн, бусад хөгжмүүдийг завшсан гэж үзэж байгаа болно. Учир нь тухайн үеийнхээ тооллогын дутагдалд орчихсон учраас дараагийн тооллогын дутагдалд орох учиргүй...” гэжээ /хх-223-225/.
Гэрч Н.Төрмандах мэдүүлэхдээ: “...П.Хтай хамт ажилладаг байсан. Би 2013 оноос 2014 оны хооронд Улсын их дэлгүүрийн 5 давхарт байрлах Номин электроникс салбарт П.Хы хамтаар хөгжмийн тасагт борлуулагч хийдэг байсан. Манай хөгжмийн тасагт унадаг дугуй зардаг байсан. Тухайн үед хувийн бонустай байсан учраас бид нар борлуулалтаараа цалинждаг тухайн үед 2 ширхэг унадаг дугуйг нь Цэнд гээд менежерийн данс руу нь хийгээд хаалгасан тэгсэн намайг 2015 онд Номин их дэлгүүрт шилжээд ирчихсэн байхад Батсайхан гээд нярав надруу залгаад Цэнд менежерийн дансанд хийгдсэн дугуйн төлбөр нь буцаад манай хөгжим дансанд ороод ирсэн тэр үед байсан борлуулагч нарт өрийг хуваагаад тавигдсан шүү гэж хэлсэн энэ дугуй нь надад ямар ч хамаа байхгүй Цэнд менежерт хүлээлгээд өгчихсөн байгаа яагаад надад хуваарилагдсан гэдгийг нь мэдэхгүй надаас суутгаад авагдаж байгаа. Миний хувьд Хүдэрчулуунтай бүлэглээд эдгээр бараа материалыг дутагдуулсан завшсан зүйл байхгүй...” гэжээ /1-р хх-16/.
Гэрч Г.Хэрлэнбаяр мэдүүлэхдээ: “...Би Хүдэрчулуунтай хамт ажилладаг байсан. Би 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын их дэлгүүрийн агуулахын нярваар томилогдон 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан байна. Агуулахын нярав нь скаладанд суудаг байнга борлуулагч нартай хамт байгаад байдаггүй борлуулагч нарт тавих хяналт бага гэсэн үг. П.Хүрэлчулууны дутагдал гаргасан бараа материалыг шүүж үзэхэд:
1 04С-РNҮНСLР2470РЕ кодтой энэ бараа нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр борлуулагч П.Х нь Протек ХХК дээр өөрөө очиж аваад худалдан авагчийн хаягаар өөрөө хүргэж өгсөн гэсэн утгатай орлого авсан. Худалдан авагч кассан дээр худалдаж авах гэж байгаа барааны мөнгийг төлөлт хийсний дараа борлуулагчийн гэрийн хаягийг нь авч гэрийн хаягаар нь хүргэж өгөх ёстой гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр талоны бичилтгүйгээр гаргасан орлого өгсөн учраас энэ тасагт дутагдал үүссэн байна. Энэ төгөлдөр хуур нь 5.749.990 төгрөгийн үнэтэй, ямар айлд хүргэж өгсөн нь мэдэгдэхгүй байна.
2. ҮNРМҮDР142R кодтой цахилгаан төгөлдөр хуур 2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зарагдаж энэ өдрөө буцаалт хийгдсэн байна. Гэвч тухайн өдөр нь хаягаар гаргасныг Гэрэлмандах нярав орлогод авсан байна. Хэрэв буцаалт хийгдсэн тохиолдолд тухайн төгөлдөр хуурыг айлаас нь авч тасагт нь хүлээлгэж өгөх ёстой.
3. ҮNРМҮDР142R кодтой цахилгаан төгөлдөр хуурыг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улсын их дэлгүүр хаягаар гэсэн утгатай Эрдэнэцэцэг нярав хийсэн орлогоор дутаж байна. Энэ нь тэр өдрөө кассын бичилт байхгүйгээр хаягаар барааг нь гаргасан.
4. ҮNРМҮDР142R кодтой цахилгаан төгөлдөр хуур нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зарагдаж 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бараа буцаагдсан байхад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр орлого хийгдсэн.
5. 04С-РNCLP440В энэ бараа нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр орлого авсан боловч кассын талоны бичилт байхгүй. П.Х нь ажлын байранд заагдаагүй өөрт хамааралгүй ажлыг хийж өөрөө дур мэдэж хаяг явуулах, худалдан авагчийн хаягаар өөрөө машинаар хүргэж өгдөг байсан байна...” гэжээ /1-р хх-17-18/.
Гэрч Н.Батсайхан мэдүүлэхдээ: “...П.Х надтай ажил төрлийн холбоотой. Худалдан авагч борлуулагчтай уулзаад барааны мэдээлэл авсны дараа борлуулагч худалдан авагчийн заасан барааны кодыг жижигхэн талонд бичээд худалдан авагч кассан дээр ирж кодоо өгөөд касс кодыг нь програмд хийгээд касс 2 хувь хэвлэж гаргаад худалдан авагчид өгнө. Нэг дүгээр хувь нь худалдан авагчийн баталгааны хуудас, 2 дугаар хувиараа агуулах буюу миний хариуцсан газраас ирж бараагаа авна. Би худалдан авагчаас 2 дугаар хувийг хураан авч сонгосон барааны кодыг нь тулгаад агуулахаас барааг нь гаргаад 2 дугаар хувиар нь барааг нь тасаг тасаг руу шивж гаргадаг борлуулагчаар гарын зуруулаад нэг өдрийн тайланг бэлэн болгож нягтлан бодогчид өгдөг. Миний хувьд агуулахад байгаа бараагаа бүрэн хариуцдаг өр дутагдал гаргах юм бол өөрсдөө хариуцдаг юм. Агуулахын данс тооцоо бол тусдаа хөгжмийн тасагтай хамааралгүй. Би Улсын их дэлгүүрийн агуулахад 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нярваар томилогдсон энэ үед борлуулагч өөрөө яамаха руу утсаар залгаад худалдан авагчийн гэрийн хаягийг нь мессэжээр явуулдаг байсан...” гэжээ /1-р хх-19/.
"...Цэнд эгч бид хоёр 2014 оны 6 дугаар сард Номин трейдингийн электрониксын салбарт бас ажиллаж байсан юм. Цэнд эгчийн тасгаар бичигдэх ёстой мотортой унадаг дугуйг П.Хы хариуцаж байсан тасгаар 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргасан байсан. Түүнээс хойш дансаа тэглэхгүй явсаар байгаад Цэнд эгчийн дансанд нь нэг дугуйны өр тавигдчихсан тэрийг нь гайхаад баримтаа шүүж үзсэн. Тухайн үед хөгжмийн тасгийн борлуулагч П.Хы тасгаар гарсан учраас энэ талаар тайлбарлаж тухайн үеийн унадаг дугуйны талоныг нь харуулаад талоныг нь шүүж үзээд өөрт нь ойлгуулж хэлсэн П.Х өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Хэрвээ талон нь байсан бол манайх хариуцах ёстой талон нь манай тасагт байсан учраас П.Х хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Тухайн үед 750.000 төгрөгөөр зарагддаг байсан. П.Х, Төрмандах хоёр ажиллаж байсан гэхдээ Төрмандах нь Номин их дэлгүүр рүү шилжчихсэн байсан...” гэжээ /1-р хх-201/.
Гэрч О.Цэрэннадмид мэдүүлэхдээ: “...Би П.Хтай Улсын их дэлгүүрт хамт ажилладаг байсан. 2010 онд Протек ХХК-нд анх ажилд ороод ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сард борлуулалт санхүү хариуцсан менежерээр анх ажилд орсон. Манайх 2012 оноос эхэлж УИД-тэй хамтарч Ямаха хөгжмийн буюу төгөлдөр хуур даралтат хөгжим, гитар зэргийг заруулахаар өгдөг. Манайх цахилгаан төгөлдөр хуур дээр хүргэлт үйлчилгээ үзүүлдэг байсан бусад бараанд хүргэлт байдаггүй юм, бусад барааг худалдан авагч нар нь авч явдаг байсан юм. Жишээ нь: Цахилгаан төгөлдөр хууранд худалдан авагч тухайн кодтой төгөлдөр хуурыг авах боллоо гэхэд УИД-ийн борлуулагч нь тухайн худалдан авагчийн гэрийн хаягийг мессэжээр явуулж манайхаас хүргэлтийг хийдэг юм. Миний мэдэхийн 2015 оны 12 дугаар сарын үед яг өдрийг сайн хэлж мэдэхгүй байна манайхаас хүргэлт хийх боломжгүй болчхоод Хүдэрчулуун борлуулагч ирээд 04С-РNҮНСLР-470 кодтой цахилгаан төгөлдөр хуурыг аваад худалдан авагчид нь хүргэж өгч байсан. Манайхаас одоогоор хэн гэдэг борлуулагч захиалсан гэдгийг нь одоо тогтоох боломжгүй утсанд мессэж ирээд дүүрэхээр нь устгачихдаг юм. Хүдэрчулуун өөрөө утсаар захиалга өгдөг байсан сүүлдээ Сэлэнгэ гэх эмэгтэй захиалга өгдөг болсон...” гэжээ /1-р хх-20/.
Гэрч Т.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 10 дугаар сард Улсын их дэлгүүрийн хөгжмийн тасагт борлуулагчаар ажилд орсон туршлага багатай энэ талаар мэдлэггүй байсан учраас тооллогын хуудсыг барьдаггүй П.Х хариуцаж барьдаг байсан. Манай тасагт сар болгон тооллого явагддаг тооллогоо хийхдээ кассан дээр бичигддэг код, барааны бар код гэж байдаг тэр нь скайнер машинаар уншдаг байсан би бар кодоо уншуулаад П.Х тооллогын хуудастайгаа тулгаад миний скайнераар уншуулсан барааг олоод бөглөөд явдаг байсан ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчилд дутагдал гарч байгаагүй мөн хяналтын тоологч нягтлан давхар тооллого явуулдаг байсан. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр П.Х өөр салбар руу шилжих болсон учраас Хүдэрчулуун нягтлан бид гурав тооллогоо хийсэн. Тооллого хийхэд хуудас өгдөг хуудсан дээр нь миний нэг гээд тоолсон баримтан дээр нэмээд ард нь дахиад нэмэх тавиад нэгийг нэмчихсэн байсан зарим баримтан дээр 2 хүртэл, мөн дуусчихсан бараан дээр хүртэл хоёрыг биччихсэн байсан. Тэгээд нягтланд хэлээд Хүдэрчулууны гаргасан зөрчлийг мэдсэн. Тэгээд би Хүдэрчулуунаас чи яагаад миний тоолсон барим дээр дахиад нэмээд биччихсэн юм бэ гэсэн чинь би өөрөө төлчихнө танд ямар ч хамаа байхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш Хүдэрчулуун ажил дээрээ ирээгүй өөр газар руу шилжсэн боловч ажилдаа ирэлгүй зугтаж явсаар байгаад Солонгос улс руу 3 сарын хугацаатай явсан байсан одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Тооллого болох өдөр нь нягтлангаас тооллогын хуудсаа аваад Хүдэрчулуун бид хоёр тооллогын хуудсан дээрээ тоолчихдог байсан тоолж байхад ямар нэгэн зөрчил дутагдал гарч байгаагүй. П.Х танд хамаарал байхгүй би өөрөө хариуцна, төлнө гэж явсаар байгаад гадаад руу гараад явчихсан байсан. Тооллогын хуудсан дээрээ гарын үсгээ зураад Хүдэрчулуунд өгөөд явуулдаг Хүдэрчулуун нягтлан бодогчид өгдөг байсан ямар нэгэн зөрүү гарлаа гэхэд нягтлангийн компьютерт шүүгээд зөрүүг нь гаргаад ирдэг байсан учраас нээх тоодоггүй байсан нягтлан дээр хүртэл ямар нэгэн зөрүү гарч байгаагүй...” гэжээ /1-р хх-25-26/.
Гэрч П.Отгонтуяа мэдүүлэхдээ: “...Би П.Хтай хамт нэг газар ажилладаг байсан. Би П.Хыг ямар хэрэгт холбогдоод байгааг нь мэдээгүй сураг сонсоход хөгжмийн тасагт борлуулагч хийдэг байсан тэгж байгаад бараа материал дутаасан гэж сонссон. Хүдэрчулуун бид хоёр 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 23-ыг хүртэл хамтарч ажиллаж байсан. Энэ хугацаанд зөрчил дутагдал гаргаж төгөлдөр хуур дутааж байсан тэр үед худлаа үнэн юм яриад аргалж байсан ер нь жаахан зальтай залуу байгаа юм. Манай компани нь Ямаха брэндтэй гэрээ байгуулаад тэдний бүтээгдэхүүнийг нь зарж өгдөг юм. П.Хы хувьд Ямаха брэндийн бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд агуулахын няравт хэлж нярав бараа материалыг Ямахагаас татуулах ажлыг хийх ёстой гэтэл Хүдэрчулуун өөрөө дур мэдэж Ямаха брэндтэй холбогдож захиалга өгдөг байсан юм байна лээ тэрийг нь би сүүлд нь мэдсэн. Ажлын байрны тодорхойлолтод эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд ажилчдын хийх ёстой эрх үүргийг нь тодорхой зааж өгсөн байдаг түүнтэй холбогдуулж гаргасан дүрэм журамд бас зааж өгсөн байдаг энэ дүрэм журмыг зөрчөөд П.Х ямахатай өөрөө харьцаж байсны улмаас дээрх зөрчил дутагдал гарсан гэж үзэж байна. Борлуулагч бол харилцагчтай дотно харьцаа үүсгэх ёсгүй харин нярав Ямаха брэндтэй харьцах ёстой байдаг юм дотоод дүрэмд зааж өгсөн байдаг...” гэжээ /1-р хх-28-29/.
Гэрч Ц.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би УИД-ийн Номин электроникс хөгжмийн тасгаас 2016 оны 01 дүгээр сард он сар өдрийг нь мэдэхгүй би цахилгаан төгөлдөр хуурыг худалдан авч байсан. Тухайн үед би мобайл банк байхгүй байсан учраас найз С.Чулуунтөмөрын дансанд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 9-нд 2.600.000 төгрөг шилжүүлж байсан. Би одоо овог нэр дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Хүргэлтээр ямар ямар хүн ирснийг санахгүй байна 2 залуу ирж угсарч өгчхөөд явсан. Би одоо санахгүй байна. Би буцаалт хийлгэж байгаагүй. Кассанд тушаадаггүй юм гээд хүний дансанд хийлгэж байсан...” /1-р хх-197/.
Гэрч С.Чулуунтөмөр мэдүүлэхдээ: “...Манай найз Болор-Эрдэнэ нь цахилгаан төгөлдөр хуур авч байгаа надад мобайл банк байхгүй байна, чи мобайл банкнаасаа шилжүүлээд өгөөч гээд надад бэлэн мөнгө өгч байсан. Түүнийг нь би өгсөн дансны дугаар руу нь 2016 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр 2.600.000 төгрөг шилжүүлж өгсөн байгаа. Би өгсөн дансны дугаар руу нь мөнгийг хийсэн...” гэжээ /1-р хх-198/.
Гэрч Т.Анарболд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах УИД номин электроникс дэлгүүрийн хөгжмийн тасгаас маркийг нь мэдэхгүй байна цахилгаан төгөлдөр хуур худалдаж авч байсан. Би тухайн үед 2 сая гаруй төгрөгөөр авч байсан шиг санагдаж байна нилээн хэдэн жил болсон учраас хэн гэдэг хүнээс нь авсан гэдгээ мэдэхгүй байна. Би тухайн үед кассанд нь мөнгийг нь өгөөд авч байсан. Би буцалт хийгээгүй одоо байгаа...” гэжээ /1-р хх-199/.
Гэрч П.Цэнд мэдүүлэхдээ: “...Би 2005 оноос 2015 оны 3 дугаар сараас хүртэлх хугацаанд Номин ХХК-нд борлуулалтын менежерийн ажлыг хийж байсан. Том хүний мотортой моторгүй гэсэн 2 төрлийг зардаг байсан. 2014 оны 6 дугаар сард билүү өдрийг нь мэдэхгүй байна манай тасгаас зарагдсан талонтой мотортой дугуйг хөгжмийн тасаг өөрсдийн зарсан бараа гээд тасгийг нь солиулсан байсан тэрийг нь би өөрийн зарсан бараа учраас буцаагаад хөгжмийн тасаг руу барааг нь хийлгэсэн нэг хэсэг хөгжмийн тасгаас манайх хийсэн танайх хийсэн гээд хоёр талдаа өгдөг авалцдаг байсан тэр дугуй нь яаж минийх гэдгийг нь мэдсэн гэхээр талон өгдөг хөгжмийн тасагт талонгүй байсан учраас буцаагаад хийлгэсэн...” гэжээ /1-р хх-200/.
Гэрч Г.Сэргэлэнбат мэдүүлэхдээ: “...Би П.Х гэх хүнийг танихгүй. Би 2015 онд яг сар өдрийг нь сайн санахгүй байна. Номин электроникс дэлгүүрийн хөгжмийн тасгаас цахилгаан төгөлдөр хуур авч байсан. Тухайн үед авч байсан баримт нь байсан гэтэл одоо баримт нь олдохгүй байна. Ямаха брэндээс хүргэлтээр хүргэж өгч байсан 2 хүн ирж байсан шиг санагдаж байна гэхдээ ямар хүмүүс байсан гэдгийг нь танихгүй одоо мэдэхгүй. Би кодыг нь хэлж мэдэхгүй байна хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна, баримтыг нь харах юм бол санах байх. Би хэнд нь өгсөн гэдгийг нь мэдэхгүй байна урьдчилгаа төлбөрөө төлөөд хүргэлтийн дараа нь үлдэгдэл мөнгө өгч байсан шиг санагдаж байна. Тэр хүнд нь үлдэгдэл мөнгө бэлнээр өгч байсан шиг санаад байна. Би буцаалт хийгээгүй...” гэжээ /1-р хх-203/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 30 тоот дүгнэлтэд:
“...Номин холдинг ХХК-ий ДХЭУГ-ын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтэнд П.Х нарын ажил хүлээлцэх 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тооллого тооцоогоор их хэмжээний буюу 13 нэр төрлийн 114 ширхэг 22.200.900 төгрөгийн дутагдал гарсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Харин нийт дутагдлыг Т.Сэлэнгэ 26.600 төгрөг, Н.Төрмандах 466.700 төгрөг, П.Х 21.707.600 төгрөг хариуцахаар хуваарилсныг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.
Шинжилгээ ирүүлсэн баримтын хүрээнд Номин трейдинг ХХК-ний Номин электрониксын салбарын УИД-ийн хөгжмийн тасагт ажил хүлээлцэх 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн тооллого тооцоогоор 22.200.938 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан байна. Энэ нь материалын тооллогын баримтууд, тооллого тооцоо бодсон акт, барааны орлогын баримт, бараа материалын хөдөлгөөн зэрэг баримтуудаар тогтоогдож байна...” гэжээ /хх-47-49/.
2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Аудитын дүгнэлт /хх-59/,
2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Номин электроник УИД салбар Тооллогын тооцоо бодсон акт, Бараа дутагдлын баримт /хх-102,103, 70, 74, 80, 86, 93, 97, 102/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх181/, оршин суух хаягийн тодорхойлолт /1-р хх-67, 180/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос шүүгдэгч П.Х нь 04С-РNCLP440В барааны кодтой, 3.399.990 төгрөгийн үнэ бүхий цахилгаан төгөлдөр хуур, 04ВKYZLD-16 барааны кодтой, 699.990 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мотортой унадаг дугуй зэргийг завшсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж, нийт хохирлоос дээрх бараануудын үнийг хасч тооцох санал гаргасан болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уг саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Х нь Номин Трейдинг ХХК-ний Номин электрониксын салбарт худалдааны зөвлөхөөр буюу бараа материалыг хариуцан ажиллаж байхдаа 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 17.350.418 төгрөгийн бараа материал завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Хыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 17.350.418 төгрөгийг шүүгдэгч П.Хаас гаргуулан Номин Трейдинг ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч П.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, оногдуулсан хорих ялаас чөлөөлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар болон эрхэлж буй ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч П.Хд холбогдох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 21.450.398 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн хохирлоос 4.099.980 төгрөгийг хасч тооцох санал гаргасныг хүлээн авч, хохирлын хэмжээг нийт 17.350.418 төгрөг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Мянгад эмчийнхэн овгийн Пэлжээгийн Хүдэрчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч П.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч П.Хд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Хаас 17.350.418 төгрөгийг гаргуулан Номин Трейдинг ХХК-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Хд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар болон эрхэлж буй ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН