| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2024/0027/З |
| Дугаар | 123/ШШ2024/0071 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 123/ШШ2024/0071
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, иргэн Н.Болорчулууны нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/72 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч, Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Болорчулууны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/72 дугаар захирамжийг Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Насанжаргал 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 07/660 дугаартай албан бичгээр газрын эрхийг цуцалсан захирамжийг хүчингүй болгож, Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/54 дугаартай захирамжийг сэргээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Болорчулуун нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/72 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, нэхэмжлэгч Э.Болорчулуун нар .... тухай эвлэрлийн гэрээг байгуулж, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн, Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч нь Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/72 дугаар захирамжийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэж бичжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн маргааны улмаас бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Н.Болорчулууны Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/72 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Болорчулууны нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Болорчулуунд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН