| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0484/э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2017-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Б.Б,
хохирогч А.Элбэгдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овгийн Батсүхийн Бадарчид холбогдох эрүүгийн 1711001460004 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хотгойд овгийн Батсүхийн Бадарч, 1983 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ БНХАУ-ын Секе нэртэй боомтод жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 2 дугаар гудамжны 23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар РК83071612.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын хилийн орчим байрлах Секе нэртэй боомт бүхий газарт эхнэр А.Элбэгдэлгэрийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Эхнэр маань жаахан асуудал үүсгэснээс болоод зодсон нь үнэн. Манай дарга, ах, бэр хүртэл хайгаад шөнөжингөө болсон. Гэтэл өглөө нөгөө залуу нь шал согтуу байсан. Миний хувьд архи уусан асуудал байхгүй, тэсэлгүй зодсон. Хадмуудын хооронд мөнгө зээлсэн байсан учраас хохирлын мөнгө өгөөгүй. Энэ зодооны асуудлыг шийдэж байж, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэе гэж бодож байна. Энэ хэргээс хойш уулзаагүй…” гэв.
Хохирогч А.Элбэгдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед нааш цааш явах хүндрэлтэй байсан учраас би дахин дүгнэлт гаргуулаагүй. 3 сээрний яс хугарсан байсан. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлээд зургаа авахуулсан. Мөн зээлтэй байсан учраас ажил хийх яаралтай шаардлагтай байсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.Элбэгдэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нөхөр Б.Б бид хоёр хоорондоо ярилцаад нөхрийн ажилладаг газар болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн орчимд байдаг боомт бүхий газарт очиж тогоочоор ажилд орохоор болсон юм... 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би бэр эгч Сувдаагийн ажилд туслаад байж байтал оройн 22 цагийн үед 21 дугаартай автомашины жолооч болон бусад жолооч нар оройн хоолоо идэх гээд ирцгээсэн... Хоол идэх заванд 21 дугаартай автомашины жолооч залуу надад хандаж манай эгч маргааш явна ш дээ гэж хэлсэн. Би хэлсэн үгийг нь сонсчихоод би дэлгүүр орчихоод ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу за тэгвэл би чамайг хүргээд өгье гэж хэлээд ...орой 22 цаг өнгөрч байхад дэлгүүр рүү тэр залуугаар хүргүүлэхээр машинд нь суугаад явж байтал уг залуугийн гар утас нь дуугараад наад хүнээ аваад ир, гал тогоотойгоо танилцаж, ирж хоолны материалаа ав гэж хэл гэж утасны цаанаас энэ залуугийн бэр эгч нь хэлж байсан. Тэгээд дэлгүүр орчихоод шууд цаашаагаа нөгөө газарт нь очихоор яваад тэр эгчтэй нь уулзсан. Нэрийг нь бас мэдэхгүй байна. Би тэр үед хоолны материалыг нь хүлээж аваад гал тогоотой нь танилцчихаад орой болсон ба шөнийн 02 цаг болчихсон байсан. Тэгээд тэр эгч намайг чи энд хоночихоод яв, цаг орой болсон байна. Маргааш өглөө ажилчид ирэхээс нь өмнө хүмүүстэй хоолыг нь хийж өгөөрэй гэж хэлсэн Энэ эгч өөрөө явах бэлтгэлээ хийнэ гээд гал тогооныхоо өрөөнд хоносон. Харин шөнө 04 цагийн үед миний нөхөр Бадарч өөрийн хадам ах Б.Хадбаатарын хамт ирээд намайг тэр тогооч эгчээс асуусан гэсэн. Тухайн үед нөхөр маань ирэхдээ согтуу байсан гэсэн. Иймд тэр эгч өглөө намайг сэрэхэд танай нөхөр чинь шөнө ирсэн согтуу байсан болохоор нь би чамайг энд байхгүй байна гээд хэлээд явуулсан шүү гэж хэлсэн …өглөө 06 цагийн үед нөхөр ирээд намайг дуудаад явъя гэсэн... тэрээр хэлэхдээ нөгөө Сувдаа эгч чинь төрөх гээд байна чамайг хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй хамт Секе боомт руу машинд суугаад явсан. Тухайн үед нөхөр Бадарч явж байх замдаа зогсоод намайг сууж байхад эхлээд миний гэдэс рүү нэг удаа гараараа цохисон. Дараа нь миний нүүр рүү 2 нүдэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон… дээд уруул руу цохисон. Энэ үед тэрээр надад хэлэхдээ чи намайг доромжилсон 21 дугаартай машины жолоочтой унтсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ чи буруу ойлгоод байна, би ажлын шугамаар л түүнтэй ярьсан ш дээ гэхэд үгүй чи битгий худлаа яриад бай гээд намайг үргэлжлүүлж зодох гээд байхаар нь би машинаас нь буухад араас бууж ирээд миний нүүрэн тус газар цохиод газар унахад миний нуруу руу өшиглөсөн, гарын бугалга, тохой, хоёр хөлийн өвдөг зэрэг рүү хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Мөн миний гуя, өгзөг хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн ...би нөхөр Бадарчаас 500.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь тухайн хэрэг гарсан газраас ирж очихын мөнгө нийлээд 500.000 төгрөг болсон... харин би авсан гэмтлээ бол эрүүл мэндийн даатгалын дэвтрээр улсын эмнэлгээр явж эмчлүүлсэн...” гэжээ /хх-15-18 /.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8258 дугаар дүгнэлтэд:
“1. А.Элбэгдэлгэрийн биед 2 зовхи, алимны салстад цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт, дээд уруулд шарх, 2 хацар, нуруу, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, 2 өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун гуя, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ /хх-20 /.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28-29/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын хилийн орчим байрлах Секе нэртэй боомт бүхий газарт эхнэр А.Элбэгдэлгэрийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овгийн Батсүхийн Бадарчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН