Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/26

 

 

 

 

 

 

 2023            4            06                                                  2023/ДШМ/26       

 

                                            Б.Э-т холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Энхбат,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Намжилцэрэн,

            Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

            Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн 2134000000052 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э, 1968 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, ам бүл ганцаараа Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Баянтуул гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэгт хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Өлгий булаг” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 05-наас 2021 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Энхпүрэвийн цээжин тус газар нь хутгалж алсан,

   мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Өлгий булаг” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Энхпүрэвийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг шатааж устгасан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

Төв аймгийн прокурорын газраас Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ийг хүнийг алах гэмт хэрэг, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг бүгдийг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 /арав/ жил хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 645 /зургаан зуун дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ээс 14,923,364 /арван дөрвөн сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Налайх дүүрэг 5-р хороо Гандан-Уулын 9-23 тоотод оршин суух О /РД:СО84041304/-т олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нэхэмжлэлийн шаардлагаас 2,061,300 /хоёр сая жаран нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон 1,273,302 /нэг сая хоёр зуун далан гурван мянга гурван зуун хоёр/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн 2134000000052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 45 см урттай гар хөрөө, шар өнгийн иштэй, шар эрээн өнгийн иштэй хутга, хар өнгийн хуванцар иштэй 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Хэрэгт Б.Э-ийн өмчлөлийн 472,900 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож гэрийг Б.Э-т буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Б.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О гаргасан давж заалдах гомдолдоо: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О миний бие дараахь үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

Учир нь: Б.Э нь 2021 ны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө миний төрсөн ах Б.Энхпүрэвийн цээжин тус газар нь хутгалж санаатай алж бидний сэтгэл санааг маш ихээр шаналгаж зовоож байгаа билээ.

Гэтэл Б.Э нь ахыг минь алчихаад биднээс уучлалт ч гуйхгүй, оршуулгын зардал ч төлөхгүй үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар шүүх хурал дээр маргаж, тэр ч байтугай өөрийнхөө буруутай үйл ажиллагааг далдлахын тулд цагдаад хүртэл хахууль өгүүлж байсан, үүний дагуу Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа хүртэл явагдсан нь тухайн хэрэгт авагдсан байдаг, мөн ахыг минь удаа дараагийн шүүх хурал дээр гэр бүлийн хүчирхийлэгч байсан мэтээр гүтгэн ярьж, өөрийгөө гэмгүй хэмээн өмөөрч хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр худал мэдүүлж биднийг маш ихээр доромжилж байна.

Б.Э-ийг бусдын санаатай алж, хүний амь нас хохироод байхад анхан шатны шүүх 10 жилийн хорих ял оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй бага ял оногдуулсан гэж үзэж байна.

Иймд Б.Э-т тухайн зүйл заалтад заасан ялыг дээд хэмжээгээр оногдуулж биднийг оршуулгын зардал 14.923.364 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Б овогтой Э миний бие 55 настай эмэгтэй. Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Баянтуулын “Өлийн булан” гэдэг газар оршин суудаг. Энэ хэрэг 2021 оны 02 сарын 05-наас 06-нд шилжих шөнө болсон юм. 02 сарын 05-ны орой 22 цагийн үед гэр бүлийн найзууд гээд Налайх дүүргийн 5 дугаар хороонд оршин суудаг Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрцайх, С.Лхагвасүрэн, Г.Шинэхүү нар нэмээд согтуу Бат-Эрдэнэ хүүгээрээ хүргүүлж ирсэн. Хүү нь би ажилтай гээд хоол идээд явсан. Тэд нар 0,75 л архи, 0,5 архи нэгийг авч ирж бүгдээрээ хувааж уусан. Архи ууж байхдаа би нөхрийгөө чи элэгний эм ууж байгаа болохоороо архи битгий уу гэсэн боловч найзууд ирсэн би ууна чамд хамаагүй гэсэн. Тэгээд бид нар хөзөр тоглосон. Нэлээд удаан тоглоом үргэлжилсэн. 3 хүүхэн нэг тал болж тоглоод хожигдоод тоглоом өндөрлөсөн. Тэгээд би ширээн дээрх юмаа хурааж аваад зуухан дээр саалийн хувинд ус хийж аяга, шаазангаа угаах гээд зогсож байхад хойд орон дээрээс нөхөр маань босож ирээд миний нүд рүү 2 удаа цохиж авсан. Би уурлаад найз нарыгаа ирэхээр дандаа зодож, нүдэж байх юм гээд куртка өмсөөд гараад явсан. Гадаа бие засаад орж ирэхдээ гэрийн хаяанд байсан танпуутай мод аваад ирсэн. Модоо аргалын авдарт хийгээд эргэтэл тотгоны дээр байсан гар хөрөө аваад намайг зүүн ор руу түлхэж нуруу руу 2-3 удаа хөрөөдсөн. Тэгээд би айгаад нэг мэдэхэд гэр дүүрэн өд болсон байсан. Нэг харахад Энхпүрэвийн цээжнээс цус гарч байсан. Дээгүүр өмссөн футволк тайлаад цусыг нь угааж цэвэрлээд лент наасан. За одоо цус нь тогтсон болохоор та нар санаа зоволтгүй унт гэсэн. Найзууд нь унтаад өгсөн. Би тэр хооронд нь гэрээ цэвэрлэсэн. Миний утас цэнэггүй унтарсан болохоор өглөө утсаа цэнэглээд дүү Отгондэлгэрт хэлж эмч аваад ирсэн. Найзууд нь сэрээд одоо хүүгээ дуудаад явна гэсэн. Тэгтэл Энхпүрэв манай дүү эмч аваад ирж байгаа та нар гадаа шугуйд нуугдаж байгаад намайг явахаар орж ирээрэй гэсэн. Шугуйд нуугдаж байгаад Энхпүрэвийг явсны дараа орж ирээд хүүтэйгээ утсаар яриад 10 цаг өнгөрөөд байхад явсан. Энэ 4 гэрч намайг нүд рүү 2 удаа цохиж байхад тотгоноос гар хөрөө аваад зүүн ор руу түлхэж хөрөөгөөр нуруу руу 2-3 удаа хөрөөдөхөд боль гэж хэлээд салгаж болоогүй юм уу. Энэ гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдлээс гарсан байхад намайг санаатай хүн алсан гээд байгаа нь эргэлзээтэй байна. Би одоо 2 жил болоход тэр хүнийг хаана сууж байхад хаанаас хутга аваад алсанаа мэдэхгүй байна. Миний анхны мэдүүлгээр хүн алсан гэж үзээд байна. Намайг гэрчүүдийн мэдүүлэг зөрөөтэй гэж 21 сар цагдан хорьсон байдаг. Энэ 4 гэрчүүд анхнаасаа хэргийн газрыг орхисон мөн сарын дараа анхны мэдүүлэг авсан байдаг. Мөн гэрч Д.Үүрцайх 2021 оны 5 сарын 28-нд надтай утсаар ярихдаа чиний бие гайгүй юм уу түр батлан даалтад гарсан гэсэн нөгөө хохирогчийн талаас Эийг хохирол 13 сая төгрөг гарсан түүний 6 сая төгрөгийг та нар төл гэсэн бид одоо зээл хөөцөлдөх гэж байгаа гэдгээ надад хэлсэн. Тэгэхээр би энэ 4 гэрч хохирогчийн талтай холбоотой хуйвалдаж мэдүүлгээ санаатай, зориудаар худал хэлээд байна. Эд нар хэрэг гарахад байсан яагаад түр саатуулж байцаалт аваагүй юм. Д.Үүрцайх ширээн дээрээс хутга аваад Э нөхөрөө алах гэж байхад яагаад хорьж болоогүй юм, энэ хүн өөрийнхөө иргэний үүргээ биелүүлээгүй өөрсдөө айлд ирж энэ айлын амьдралыг сүйрүүлж 3 удаа мэдүүлэг өгөхдөө хоорондоо зөрүүтэй үгсэн хуйвалдаж байгаад маш их гомдолтой байна. Гэрч Б.Бат-Эрдэнэ 2022 оны 5 дугаар сарын 31-ний шүүх хурал дээр Энхпүрэв нь Эийг доороо хийгээд гар хөрөөгөөр хөрөөдөж байхад би салгасан гэж хэлсэн байдаг. Хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн чинь сая 2023 оны 01 сарын 10-ны хуралд 4 гэрчүүдийг мөн хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулаагүй. Тэдгээрийг прокурор татгалзсан. Цагдаагийн мөрдөн байцаагч, прокурор яагаад нэг талыг барьж яллаад байгаа юм. Би Б.Энхпүрэвтэй 16 жил хамтран амьдарч гэр бүлийн хүчирхийлэлийн бие махбодь болон сэтгэл санааны бүхий л хэлбэрийг амсаж байлаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2019 онд 2 сард миний хүүхдүүдийг ирчихээд байхад архи ууж агсан тавьж та нарыг бүгдийг шатаана гэж миний дээрээс бензин хийж байхад хажуу айлын залуу гарч ирээд салгасан. Тэгээд гэр бүлийн хүчирхийллийн утас руу залгаж дуудлага өгч Төв аймгийн шүүгч Т.Батжаргал шийтгэж байсан. Б.Э гэдэг хүн ер нь гэр бүлийн хүчирхийлэлд байсан юм уу энийг яагаад судлан шинжилж өгөхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл дандаа далд, байнгын санаатай үйлдэгддэг гэмт хэрэг байдаг. Эрдэнэ сумын Баянтуул 3-р багийн иргэд мөн Налайх дүүргийн 5 дугаар хорооны иргэд бүгдээрээ гэр бүлийн хүчирхийлэлд байдгийг бүгд мэднэ. Мөрдөн байцаагч ахмад Эрдэнэбилэг энэ 4 гэрч хохирогчийн талд мөнгө өгсөн, өгөөгүй яагаад тодорхойлж чадахгүй байна. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Намайг хэрэг шийдээгүй байхад хохирогчийн дүү Б.Энхдэлгэр 2022 оны 11 сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд намайг алуурчин элдвээр муу муухай доромжилсон байдаг. Мөн Төв аймгийн цагдаа, прокурор нар ажлаа хийж чадахгүй байна зэрэг цацсан. Бичлэг нь утсан дээр байгаа. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны 1 сарын 10-ны өдрийн №2023/ШЦТ/26 тоотод Иргэдийн төлөөлөгч Т.Нямсүрэн оролцоогүй. Гэрчүүд болон хөндлөнгийн гэрчүүд оролцоогүй. Би олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байсан ба намайг хөрөөдөж байхад маш их айж сандарсан. Жинхэнэ хохирогч би болоод байна. Тэр намайг нүд рүү цохиж, хөрөөдөөгүй бол ийм хэрэг гарахгүй байх. Иймд намайг санаатай алсан гэж ял өгч байгаад маш ихээр гомдож харамсаж байна. Дээр нь бас хэрэг гарсан газраа цэвэрлэсэн, өөрийнхөө өмссөн куртка, мөн нөгөө хохирогчийн цагаан футволк шатаасанд зүйл анги өгч байх юм. Би тэр 4 гэрчүүдийг унтаж байхад гэрээ цэвэрлэсэн гэтэл гэрчүүд биднийг гадаа байхад цэвэрлэсэн гэж худлаа өгсөн байдаг. Яагаад гэрчүүд анхнаасаа худал зөрөөтэй, үгсэн хуйвалдаж, зориудаар хэрэгт саад учруулж байгаад эргэлзээтэй байна. Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрцайх, С.Лхагвасүрэн, Г.Шинэхүү нарт маш их гомдож байна. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар бэхжүүлсэн, хураан авсан, цуглуулсан баримтыг миний хувьд устгаагүй. Би уг нь шүүхийн байгууллагад маш их итгэж байсан юм. Аль ч шатны байгууллагад үнэн шударга, зөв шийдэж өгөхгүй байгаад маш ихээр гомдож байна. Үнэнээс илүү худлаа нь үнэтэй болжээ энэ нийгэмд. Тэгэхдээ би цаашид дээд шатны шүүх, нийслэлийн дээд шүүх, хүний эрхийн комист хандаж үнэнийг эрж хайна. Хамгийн гол нь Б.Э гэдэг хүн хүнийг санаатай алсан уу, аргагүй хамгаалалт хэтэрсэн үү, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан уу үүнийг яаж нотлогдсон байгааг маш нарийн судлан шинжлээгүйд маш гомдож байна. Үүнийг та нар хараат бус, нэг талыг хардаггүй, үнэн зөв шударгаар шийдэж өгөхийг гуйя” гэжээ.

 Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч С.Чинзориг гаргасан давж заалдах гомдолдоо: “... МХХ, МӨХ-ын гишүүн, өмгөөлөгч С.Чинзориг миний бие, шүүгдэгч Батцэрэнгийн Эийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа бөгөөд түүнд холбогдох эрүүгийн 2134000000052 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Шүүгдэгч Б.Эт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дугээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял тус тус оноож нэмж нэгтгэн нийт 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүхийн дээрх тогтоол нь ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлийг хангаж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хангалттай үндэслэл бүрджээ гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийн 1.1-1.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, тухайлбал гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо илтэд зөрүүтэй, бодит байдлыг нуун дарагдуулсан шинжтэй, амь хохирогч Б.Энхпүрэвийн хамт ажиллаж байсан найзууд буюу ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, мөн шүүгдэгч Б.Эийг амь хохирогч Б.Энхпүрэв талийгаач болохоосоо өмнө зодож хүчирхийлэл үйлдэж байсан талаар зориуд нэг ч үг хэлээгүй, гэтэл бодит байдал дээр талийгаачид нүүрэндээ 2 удаа цохиулснаас болж зүүн нүд нь хөхөрсөн гэмтэлтэй цагдан хорих байгууллагад ирж байсан талаарх эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хангалттай тогтоогдож байдаг. Мөн амь хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байсан талаарх цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээлэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож, гэмт хэрэг гарах үед амь хохирогч өөрөө эхлэн шүүгдэгч Б.Эийг гэртээ 4 найз гэрчүүдийн дэргэд зодож хөрөө барин дайрч хөрөөдсөн талаарх мэдээлэл нотлогдож байсаар байхад гэрчүүд үүнийг зориуд санаатай худал мэдүүлсэн болох нь тухайн гэрчүүдийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс тодорхой харагддаг билээ. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг шүүх бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, иргэдийн төлөөлөгчийн саналыг бүрэн тусгаагүй, иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна, хүний амь насыг санаатай бүрэлгээгүй, амь хохирогчийн хууль бус үйлдэл, хүчирхийллээс үүдэлтэй сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж бусдын амь насыг бүрэлгэсэн байх магадлалтай байна гэснийг гуйвуулан зөвхөн гэм буруутай талаар дүгнэлт хэлэхийг шаардаж өөрийнх нь дотоод итгэл үнэмшлийг өөр байдлаар илэрхийлүүлэх шахалт үзүүлсэн гэж ойлгож байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, үүнтэй холбогдуулан Б.Эт оногдуулах ял шийтгэл хөнгөрөх бүрэн боломжтой юм.

2. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй талаар хангалттай үндэслэл бүхий тайлбарласаар байхад энэхүү магадлал хүчин төгөлдөр байсаар байтал Б.Эийг энэхүү зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа бөгөөд хуулийн дагуу хэргийг бүхэлд нь хянаж шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 1.7 дахь заалтуудыг харгалзан үзэж түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийтгэж мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үйлдэлд гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оноосныг хүчингүй болгож, уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ахын маань амь насыг хохироочихоод гэмшсэн шинжгүй, хохирлоо төлөхгүй байгаад гомдолтой. Санаатай алсан нь тогтоогддог тул ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О өмгөөлөгч  Ц.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнд ял шийтгэл өгч байгаад гомдолтой байна. Тэр хүнийг яаж хутгалснаа санахгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Өлгий булаг” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 05-наас 2021 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө өөрийн нөхөр Б.Энхпүрэвийн цээжин тус газар нь хутгалж алсан,

  мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Өлгий булаг” гэх газарт 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн өмсөж байсан өдөн куртик, талийгаач Б.Энхпүрэвийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг шатааж устгасан гэмт хэргийн үйл баримт нь:

Гэрч Д.Үүрцайхын: “2021 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед найз Б.Энхпүрэв рүү залгаад танайх руу бөөндөө яваад очих уу гэхэд зөвшөөрсөн. ... Тэгээд бид шөнийн 04 цаг хүртэл хөзөр тоглосон.  Тэгээд Э хожигдсондоо жоохон уурлаад гэрийн зуухны хажууд байсан том модыг харснаа талийгаач Энхпүрэв рүү чи энэ модыг авч гараад түлшний хайрцагт багтахаар болго гэхэд талийгаач наадах чинь асуудал биш гээд гэрийн тотгонд байсан хөрөөг авч нөгөө модыг гэрээс авч гаралгүй хөрөөдсөн... Тэгээд модоо хөрөөдсөн ба талийгаач хөрөөгөөрөө Э рүү далайж сүрдүүлсэн. Тэр үед Э гарч бие засахдөө өмсдөг улаан өнгийн куртик өмссөн байсан. Э тухайн үед түүний барьж байсан хөрөөг цохисон боловч хөрөөний үзүүр хэсэг шувтрахдаа куртикийг яраад цоолсон. Куртикнээс өд цувж тэр хавиар бөөн өд болсон. Бид нар яах гэж ингэдэг юм гээд би тогоотой хоолноос өдийг нь түүж байх үед манай найз хүүхэн Шинэхүү хүүе чи хүн алчихлаа ш дээ гээд Эт хандаж хэлсэн. Талийгаачийн цээж хэсгээс цус гарч байсан..." гэх /1хх 16-17, 2хх 2-3, 185/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн: “...Тэгээд тэр 2 хөрөөгөө өг гээд талийгаачтай хөрөөгөө булаацалдаж байхаар нь тэр хоёроос хөрөөг нь аваад буцаагаад гэрийн тотгонд тавьчхаад эргээд хартал Э баруун гартаа гадна тал нь жаахан зэвэрчихсэн хутга барьчихсан харин Энхпүрэвийн цээжин талаас нь их хэмжээгээр цус гарч байхаар нь би сандраад Э рүү хүүш чи хүн алчихлаа гэж хэлээд Эийн баруун гараас нь хутгийг нь салгаж шидүүлсэн. Тэгээд манай эхнэр сандраад миний утсаар цагдаа дуудах гэж байсан чинь  Э манай эхнэрийн гараас миний утсыг булааж аваад та бүгд тайван бай энэ гайгүй байх цагдаа дуудаад яах гэсэн юм гээд байсан. ...Тэгээд өглөө нь миний гар утсыг Лхагвасүрэн надад гаргаж өгсөн. Э үүрээр 6 цагийн үед талийгаачийн ах дүү нар руу өөрийнхөө гар утсаар залгаад дуудаад байх шиг байсан.” гэх /1хх 19-20, 2хх 5, 187/,

Гэрч С.Лхагвасүрэнгийн: “...хэдүүлээ хоол хийж цай чанаж ууна гээд Э гэрт байсан 2 том модыг хуваагаадах гэхэд талийгаач энэ асуудал биш гээд гэрийн тотгонд  байсан хөрөөг аваад хөрөөдөх гэхэд Э чи энэ хөрөөгөөр намайг хөрөөдөх нь үү гээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгтэл гэнэт Бат-Эрдэнэ орилохоор нь хартал Э гартаа хутга барьчихсан харин урд нь байсан Энхпүрэвийн цээжин талаас нь их хэмжээгээр цус гарч байсан... Бид нарыг очиход Эийн зүүн  нүдэн тус газар нь бага зэргийн хөхрөлттэй, хавангүй, арилж байгаа юм шиг харагдсан. Түүнээс биднийг байхад цохисон асуудал байхгүй. Мөн талийгаач Эийн нуруун тус газар хөрөөдсөн зүйл байхгүй, мод хөрөөдөх гэж байгаад хөрөөний ирэнд Эийн өдөн куртик нь тээглээд татах үед нь урагдаад өд нь унасан. Талийгаач тухайн үед Эт хутгалуулсаныхаа дараа намайг шаачихлаа гэж хэлсэн." гэх /1хх 22-23, 2хх 191/,

Гэрч Г.Шинэхүүгийн: "...Э цай чанах гээд талийгаачийг мод хөрөөдчих гэж хэлсэн. Тэгсэн талийгаач мод хөрөөдөх гээд гэрийн үүдний унинд байсан хөрөөг аваад гэрийн үүдэнд байх түлээний саван дээр мод хөрөөдөж байх шиг байсан. ...Дараа нь гадаа гараад бие засчхаад ороод ирсэн чинь талийгаач Энхпүрэв, Э нар хэрэлдэж байсан. Э талийгаач Энхпүрэв рүү чи намайг зодсон биз дээ найз нарынхаа дэргэд намайг дарамтлах гээд байна уу гэж хэлээд гартаа хутга барьсан байсан. Тэгтэл бид нар боль гэж хэлээд газраар байсан өдийг түүгээд байж байтал Э талийгаачийн цээж хэсэгт нь нэг удаа хутгаараа далайгаад дүрэх шиг болсон. ...Э би нөхрөө алчих шиг боллоо гээд бид нарыг тэвэрч аваад уйлаад байсан." гэх /1хх 215-216, 245, 2хх 189/,     

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгондэлгэрийн: “2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 08:50 цагийн үед бэр эгч Э ...нь ахын чинь бие муудаад байна, эмч дуудаад ир гэж хэлсэн. ...гэрийн хаалгаар яваад ортол бэр эгч хурдал, хурдал, болохоо болилоо, хутгалчихсан гэхээр нь юу яриад байна, хэзээ юм, архи дарс уусан юм уу гэхэд архи уугаагүй, бид хоёр өчигдөр маргалдаад намайг зодох гээд байснаа өөрийгөө хутгалсан гэж хэлсэн. ...явж байтал ахын хөл гар нь тийчилж сарваганаад, шархнаас нь их хэмжээний цус олгойдож гарахаар нь эмч нэг гарыг нь би хоёр хөлийг нь нэг гартай нь дараад эмч бинт гаргаж ирээд шарх дээр нь дараад явж байтал ах хөдлөхөө болиод байж байтал эмч зүрх нь зогсчихлоо цагаа хар гэж хэлсэн. ...Ах ...Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордокт ирэхээрээ архи уучихдаг, хөдөө гарахаараа огт уудаггүй хүн байгаа. Бэр эгчийн хувьд ааш зангийн хувьд дуу муутай, жоохон ааштай санагддаг. ...Бэр эгчдээ их гомдож байна, өөрөө хутгалсан ч бай, хутгалаагүй ч бай бид нарт хэлэхгүй нуусан байна. Манай бэр эгч ахтай маргалдсан үедээ шууд бид нар руу залгаж ах чинь агсам согтуу тавиад байна, архи уугаад байна гэж хэлдэг мөртлөө ийм хэцүү зүйл тохиолдчихсон байхад огт хэлээгүй нуун дарагдуулсан, орон гэр нь цэвэрхэн, ямар ч цус болсон зодолдсон шинж тэмдэг огт байгаагүй. Би бэр эгчийгээ сэжиглэж байна.” гэх /1хх 27-28, 212-213/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхдэлгэрийн: "2021 оны 02 дугаар сарын 06-ын өглөө 9:30 цагийн үед манай хадам эгч Б.Эийн утсаар миний төрсөн ах Б.Энхпүрэв над руу залгаад ахыгаа ирээд аваарай ах нь тэсэхгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү Эрдэнэдэлгэрийн хамт Налайх дүүргийн эмнэлэг дээр очтол ах нас барсан байсан. Би Э рүү залгаад байсан боловч гар утсаа нэг ч удаа аваагүй. Маш их гомдолтой байна." гэх мэдүүлэг /1 хх 14/, 

Гэрч Г.Батбаатарын: “2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө ...Энхпүрэв ахынд ороход эхнэр нь “танай ах чинь өчигдөр орой надтай хэрэлдэж байгаад өөрийгөө хутгалчихлаа, та нар яасан удаж ирдэг юм энэ хүн чинь хэцүүдээд байна” гэхэд манай эхнэр “та өөрөө ямар сонин юм өчигдөр орой тэр даруй хэлэхгүй яасан юм” гээд уурлаад өөдөөс нь орилоход Э эгч “миний утасны цэнэг дуусчихсан, өглөө утсаа цэнэглэж байж хэллээ” гээд чимээгүй болчихсон. ...Тэгээд манай эхнэр бид хоёр эмчтэй нь цуг Энхпүрэв ахыг өргөөд машиндаа суулгаад Тэрэлжийн шугуй руу дөнгөж орох гээд явж байтал эмч намайг цагаа хардаа гэхээр нь 11:00 цаг болж байна гэхэд эмч “танай ах чинь 11:00 цагт нас барлаа” гэж хэлсэн. ...Энхпүрэв ах Э эгчтэй одоогоос 16 жилийн өмнө танилцаж эхнэр нөхрийн хувиар хамт амьдрах болсон дундаасаа үр хүүхэдгүй. Ер нь хоорондоо их таарамжгүй харилцаатай, юм л бол хэрүүл маргаан хийж Э эгч Энхпүрэв ахыг гэр орноосоо хөөгөөд гаргачихдаг асуудал зөндөө болж байсан...” гэх /1хх 30-31/ мэдүүлгүүд,

Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №12 дугаартай: “1.2.Талийгаач Б.Энхпүрэвийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, үнхэлцэг зүрх, хатгагдсан шарх, цээжний хөндийд цус хуралдалт /3200 мл/, хамар баруун буглаг зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хамар, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. 3.Цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хамар, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 5.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.7.Талийгаач Д.Энхпүрэвийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 8.Талийгаач Д.Энхпүрэв нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх хурц цус алдалтын улмаас нас баржээ. 9.Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүүлсэн ч амь аврагдах боломжгүй.” гэх /1хх 63-64/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 139 дугаартай: "1.Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Б.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3.Б.Э нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 4.Б.Э нь өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. 5.Б.Э нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 6.Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна." гэх /1хх 44-4/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №1131 дугаартай биологийн шинжилгээний шинжээчийн: "1.Шинжилгээнд ирүүлсэн талийгаачийн өмсөж байсан гэх ногоон эрээн өнгийн өмдөн дээр цус илэрсэн, шүлсний ул мөр илрээгүй. Улаан шонхор гэсэн бичигтэй тамхины хайрцаг дээр цус, шүлсний ул мөр илрээгүй. 2.Уг илэрсэн цус нь АВ (IV) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ДНХ-г биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй." гэх /1хх 50-52/,

2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1130 дугаартай биологийн шинжээчийн: 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №2 гэж дугаарласан, 25 см урттай хутган дээр цус илэрсэн. Бусад хутганууд болон гар хөрөөн дээр цус илрээгүй. 2.Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх №2 гэж дугаарласан, 25 см урттай хутган дээрх цус шинжилгээнд тэнцэнэ. 3.Уг илэрсэн цус нь АВ (IV) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ДНХ-г биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй." гэх /1хх 104-106/ дүгнэлтүүд,

хэргийн газар,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 6-12, 65-73/, хар өнгийн иштэй 45 см урттай гар хөрөө, шар өнгийн иштэй, шар эрээн өнгийн иштэй хутга, хар өнгийн хуванцар иштэй хутга 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2хх 108/, Б.Эийн өмчлөлийн 472,900 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаартай тогтоол /2хх 214-215/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эийг хүнийг алах гэмт хэрэг, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг бүгдийг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил хорих ялаар тогтоон уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгод үндэслэсэн, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг, шүүгдэгч Б.Э нар нь хэргийн зүйлчлэлтэй холбоотой, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгондэлгэр нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

          Амь хохирогчийн зүгээс гэмт этгээд болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодийн хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх зэрэг хууль бус үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж юм.

          Гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд амь хохирогч Б.Энхпүрэвийн зүгээс хууль бус, зүй бус үйлдэл хийгдсэн, шүүгдэгч Б.Эийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч сэтгэл санааны хүчтэй цочролд орсон гэх хэргийн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт томьёологдсон нотлох баримт гэх ойлголтод хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт сэлт, мэдээлэл хамаарах бөгөөд түүнийг гаргаж өгөхөөс өмнө урьдчилан үнэлж нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул тийм нөхцөлийг шаардахгүй, харин хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж болдог.

          Шүүгдэгч Б.Э-ийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсны дараа цагдаагийн байгууллага очоогүй байхад өөрийн өмсөж байсан өдөн куртик, амь хохирогч Б.Энхпүрэвийн өмсөж байсан цагаан өнгийн футболк зэргийг устгаж, хэрэг гарсан газрыг угааж цэвэрлэсэн үйлдэл нь хэргийн газрын үзлэг хийх, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэх, цуглуулж бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь эсхүл хэсэгчлэн хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах үндэслэлгүй болгосон байх ба эдгээр нотлох баримтуудыг тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий гэж үзнэ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх ба давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүй байна.

          Өмнө нь прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу шүүгдэгч Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ДШМ/00064 дүгээр магадлалаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг магадлалд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан Нотлох баримтыг устгах гэмт хэргийн үндсэн шинжийн талаар болон анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 1, 2-т заасан мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэснээс өөрөөр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй талаар тайлбарлаагүй байна.

          Мөн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч эд мөрийн баримт дээр шүүгдэгчийн өмгөөлөгчтэй адил саналтай байна. Хүн хутгалсан, нас барсан болохоор шүүгдэгч Б.Эийг гэм буруутай байна гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч шийтгэх тогтоолдоо тусгасан тул иргэдийн төлөөлөгчийн саналыг бүрэн тусгаагүй, шахалт үзүүлсэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ийг гэм буруутай байна гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үндэслэлтэй байна гэж уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ тодорхой тусгасан, мөн түүнд шахалт үзүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Чинзориг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгондэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Э-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                З.ТҮВШИНТӨГС

                                 ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                                      

 

 

 

U6