| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0472/э |
| Дугаар | 433 |
| Огноо | 2017-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Д.Дэлгэрмаа,
шүүгдэгч, хохирогч М.Ү, түүний өмгөөлөгч Н.Болормаа,
шүүгдэгч хохирогч О.Ч, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяуд овгийн Мундагбаатарын Үнэнбаяр, Чин овгийн Отгонбаярын Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн 1711000000054 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Баяуд овгийн Мундагбаатарын Үнэнбаяр, 1978оны 7 дугаарсарын 8-ны өдөр Увс аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны 48 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОЭ78070803.
2. Чин овгийн Отгонбаярын Чанцалдулам, 1983 оны 12 дугаар сарын 8-ны өдөрОрхон аймагт төрсөн, 34 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 43 дугаар байрны 25 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ83120826.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Ү, О.Ч нар нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэсийн арал тоглоомын талбайд зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Бид 2 муудалцаад бие, биеэ гэмтээсэн байгаа. 8 дугаар сарын 17-ны өдөр 7 цаг өнгөрч байхад манай гэрт хүн ирэх гэж байсан. Тэгээд манай хүү зайрмаг идмээр байна гэхээр нь би дэлгүүрээс зайрмаг аваад ирэх гэхэд охин маань уйлаад байж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад надтай хүүхэд тоглохгүй гээд зайл гэж хөөсөн. Тэгээд би очоод чи яагаад хүүхэдтэй тоглохгүй байгаа юм бэ гэж чанга дуугаар хэлэхэд уйлаад байсан. Тухайн үед нэг эмэгтэй хүн ирээд чинь миний охиныг загнасан байна гэхээр нь би тоглоомын талбай дээр нэгийгээ хөөж болохгүй талаар хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй миний охинтой тоглох албагүй гэж хэлсэн. Чи чадалтай юм бол хүүхэддээ муур аваад өг гэж хэлсэн. Би хүүхэддээ муур авч өгч тоглуулахгүй гэж хэлэхэд намайг гудамжны халтар авгай гэж хэлсэн. Тэгтэл би яагаад чи ингэж хэлж байгаа юм бэ гээд бид нар уурандаа барьцалдсан байсан. Тэгтэл миний үснээс зулгаагаад газар унагаасан. Тэгтэл тухайн үед хүмүүс боль гэж хэлж байсан. Намайг нэг хүү ирээд зулгаасан. Шүүгдэгч О.Ч миний үснээс зулгаасан. Намайг татаад байсан хүү нилээд өндөр, махлаг хүүхэд байсан. Тэгээд бид нарыг хүмүүс салгасан. Тэгээд миний авсан зайрмаг унасан байсан учир дахиад зайрмагаа авсан. Гэртээ ороод миний хуруу өвдсөн, бие хөндүүр байсан. Удалгүй цагдаа манай гэрт ирээд та хүн зодсонуу гээд ороод ирсэн. Зодоон болсон хэсэгт камерын бичлэг байгаа талаар хэлж байсан гэтэл хавтаст хэрэгт уг бичлэг байхгүй байна. Тэр эмэгтэй намайг хэл амаар доромжилсон учраас маргалдаж, ноцолдсон. Намайг үсдээд дарах үед биеэ хамгаалах зорилгоор гараараа болиулах үед нүүрийг нь маажсан байх. Би энэ эмэгтэйн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч намайг хэл амаар доромжилсон учраас ийм хэрэг гарсан. Бас миний хөл энэ хэргээс хойш өвдсөн. Хэд хоногийн дараа өвдөж эхлэх үед би мэдсэн. Чанцалдулам над руу уучлалт гуйгаад ярих үед хамт эмнэлэг явж үзүүлсэн. Тэгээд хөлөө эмчлүүлэх төлбөрийг өг гэж хэлсэн…”гэв.
М.Ү нь хохирогчоор мэдүүлэхдээ: “…Тухайн үед гэмтэл аваад шүүх шинжилгээний төвд үзүүлсэн. Тухайн үед хуйх, хөл, гар бүгд бадаарсан байсан. Шөнө нь миний хөлөвдсөн. Шөрмөс маань бага хэмжээний гэмтэлтэй байсан. Шүүгдэгч О.Ч надруу залгаад хоёулаа эвлэрье гэж хэлж байсан. Тэгээд надаас уучлалт гуйсан учир маргааш нь уулзъя гэж хэлэхэд маргааш нь шүүгдэгч О.Ч надаас уучлалт гуйсан. Шүүгдэгч О.Чд бас хөнгөн гэмтэл үүссэн байсан. Тэгээд би мөрдөн байцаагч дээр очоод асуудлаа шийдье гэж хэлсэн. Эмчид үзүүлэхэд имрайн аппаратаар харуул гэсэн учир очиж үзүүлэхэд их өндөр үнэхэлэхэд шүүгдэгч О.Ч яваад өгсөн. Би гэмтлийн зэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Эмч надад шөрмөс нь нөхөгддөг эрхтэн биш гэж хэлж байсан. Миний нийт гарсан зардал 222.000 төгрөгийн баримт, зураг авахуулсан 4.000 төгрөгийн баримт байгаа…” гэв.
Шүүгдэгч О.Чшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр миний охин уйлаад ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад уйлаад тэр эгч намайг хүүхэдтэйгээ тоголсонгүй ээ гээд загнаап байна гээд уйлсэн. Тэгээд би шүүгдэгч Үнэнбаяр дээр бага охиноо тэвэрч очоод та яагаад манай хүүхдийг загнасан юм бэ гэж асуухад миний нүүрийг маажсан. Тухайн үед бид хоёрын хүүхэд байсан. Энэ эгч намайг маажаад хохь чинь гээд байсан. Үгийн зөрөөгүй намайг маажаад дайрсан. Үнэнбаярын яриад байгаа шиг тийм аймаар сүртэй зүйл болоогүй. Хэдхэн секундэд л болсон бөгөөд газар унах зэрэг ямар ч зүйл болоогүй. Харин миний нүүр тухайн үед үнэхээр аймар гүнзгий шархалсан байсан. Одоо ч харахад маш тод сорви үүссэн. Үнэнбаяр эгчтэй би уучлалт гуйгаад эвлэрэх талаар санал тавих үед хөлөө үзүүлнэ гээд эмнэлэг явсан. Би хагалгаа хийлгэх үнийг нь хэлэхэд гараад явчихсан асуудал байхгүй, би жаахан хүүхэдтэйгээ явж байсан, хүүхэд маань шээнэ гэхээр нь гараад ариун цэврийн өрөө ороод буцаад ирэхэд Үнэнбаяр эгч өөдөөс гараад ирсэн …” гэв.
О.Ч нь хохирогчоор мэдүүлэхдээ: “…Эмчилгээний зардал 54.000 төгрөг болсон байгаа. Тухайн үед Үнэнбаяр намайг маажсан. Тэгээд эмийн сангаас тос, эм авсан…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10553 дугаар дүгнэлтэд:
“1. О.Чын биед дух, хамар, эрүү, хацар, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-22/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10566 дугаар дүгнэлтэд:
“1. М.Үын биед тархи доргилт, зүүн баруун бугалганд цус хуралт, толгойн хуйх болон зүүн гарын 3-р хурууны зөөлөн эдийн гэмтэл үүсчээ.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35-38/, хохирогчийн эмчилгээний зардлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ү, О.Ч нар нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэсийн арал тоглоомын талбайд зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Ү нь хохирогч О.Чын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Ч нь хохирогч М.Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч О.Ч нь шүүгдэгч М.Үаас нийт 54.150 төгрөг нэхэмжилснийг гаргуулан олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч М.Ү нь О.Чын үйлдлийн улмаас миний баруун өвдөг гэмтсэн, иймд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч түүний баруун өвдөгний гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10566 дугаар дүгнэлтэд дурьдагдаагүй, мөн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу шүүгдэгч О.Чын гэм буруутай үйлдлийн улмаас авсан гэмтэл мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд хохирогч М.Ү нь шинжээчийн дүгнэлттэй 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, хавтаст хэргийн материалтай 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр танилцаад ямар нэгэн санал гаргаагүй хохирогч М.Үын баруун өвдөгний гэмтлийг шүүгдэгч О.Чын үйлдлийн улмаас учирсан гэж үзэх боломжгүй байна.
Харин хохирогч М.Үын нэхэмжилсэн Люкс Мед, Гранд мед эмнэлэгүүдэд үзүүлсний төлбөр болох 222.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч О.Чаас гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь дээрх зардлыг өөрийн эрүүл мэндэд зарцуулсан гэж үзэх боломжтой байна.
Шүүх шүүгдэгч М.Ү, О.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяуд овгийн Мундагбаатарын Үнэнбаяр, Чин овгийн Отгонбаярын Чанцалдулам нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү, О.Ч нар тус бүрийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү, О.Ч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.Үаас нийт 54.150 төгрөг гаргуулан хохирогч О.Чд, шүүгдэгч О.Чаас 222.000 төгрөг гаргуулан хохирогч М.Үт олгосугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ү, О.Ч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН