Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2024/00621

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 148/ШШ2024/00621

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* * дүгээр баг, ******* *-* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ***********/ болон *******тэйн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Монгол Улсын төрд холбогдох,

Хохирол 1,000,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардорж, иргэдийн төлөөлөгч Ю.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Манай *******тэйн ******* ХХК болон захирал Б.******* миний биед хууль бус мод бэлтгэсэн гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2018 оны 02-р сард эрүүгийн хэрэг үүсгэн улмаар 2018 оны 06-р сарын 14-ний Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 127 тоот яллах дүгнэлтээр миний бие болон *******тэйн ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******тэйн ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оруулсан. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 10-р сарын 23-ны өдөр 2018/ЩЦТ/216 тоот цагаатгах тогтоолоор надад болон *******тэйн ******* ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хууль цаазын зөвлөх Д.Нямдэлэг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр дахин давахын шүүх хуралдаан болж 2018 оны 12-р сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүх 2018/ДШМ/83 тоот магадлалаар анхан шатны эрүүгийн шүүхэд буцаасан байдаг. Миний бие үүнийг үл зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргасан. 2019 оны 02-р сарын 20-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд 82 тоот тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Иймд миний бие болон *******тэйн ******* ХХК эрүүгийн хэрэг үүсгүүлэн 3 шатны шүүхээр явахдаа сэтгэл санаа, эд материал, компанийн орлого, мөн нэр хүндээрээ үлэмж хохирлоо. Иймд төрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 2.2-д тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан, 2.3-д тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол арилгах нэхэмжлэлийн шаардлага үүсгэхээр зохицуулж өгчээ. Мөн хуулийн 45.3 дугаар зүйлд Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх гэдэгт 1.1-т хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, 1.2-т хуулийн этгээдийн орлого хэмээн тодорхойлсон байна. Миний бие болон *******тэйн ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******тэйн ******* ХХК-д Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заасан байна.

Мөн *******тэйн ******* ХХК-д тулгасан 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж 20,000 нэгжээс 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн үлэмж хэмжээний торгуулийн ялд унагаж, компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар байжээ. Мөн энэ Эрүүгийн хуулийн улмаас манай *******тэйн ******* ХХК-д нэг жил модны хуваарь олгоогүй таг зогссон. Орлогогүй болгосон гэсэн үг.

Иймээс Б.******* миний бие болон *******тэйн ******* ХХК-ийн хохирол нь миний нэр төр, сэтгэл санаа, олох байсан орлого, эд материалын хохиролд 100,000,000 төгрөг, *******тэйн ******* ХХК-ийн нэг жилийн орлогогүй байсны олох ёстой ашиг 100,000,000 төгрөг нийт 200,000,000 төгрөгийг Б.******* миний бие болон *******тэйн ******* ХХК төрөөс нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9-д хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө. Монгол Улсын Дээд шүүхийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тайлбарт Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.9-д заасан үндэслэлээр гэм буруутай албан тушаалтнаас хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл энэ хуулийн мөн зүйл болон Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1.3, 1.7-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэснийг үндэслэн Улсын тэмдэгтийн хураамжийг энэхүү нэхэмжлэлд төлөхгүй юм байна. Б.******* миний бие *******тэйн ******* ХХК-ийн 70 хувийг эзэмшигч мөн тул Монгол Улсын компанийн тухай хуульд зааснаар саналын эрхийн дагуу дангаараа шийдвэр гаргах эрх эдлэнэ нэхэмжлэл гаргах, учирсан хохирлоо арилгах хууль зүйн үндэслэлтэй тул өөрийн болоод *******тэй ******* ХХК-н үүсгэсэн эрүүгийн хэрэгт хязгааргүй хохирол учирсан тул зайлшгүй нэхэмжлэлээ гаргаж хохирлоо барагдуулах болно. Нэг удаа бус 2018 онд, 2013 онд 2019 онд надад болон *******тэй ******* ХХК-д эрүү үүсгэж удаан хугацаагаар шалгагдаж аж амьдрал, нэр хүнд сэтгэл санаагаар хохирсон. Миний ажил төрлөөр ******* сумын цагдаад 14 хоногоор шалгагдах, үүний улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох үзэгдэл үргэлжилсээр байна. Мөн ******* суманд эрүүдүүлж явсаар байгаад хүмүүс солиотой, Ноён солиот гэж хочилсон байгаа юм. Энэ киноны гол дүр нь. Мөн цагдаагаар хэлмэгдэж сүүлдээ эрүүл бус болж жүжиглэж байгаад амиа авардаг. Энэ дүрийн хочийг намайг цагдаагаар яваад байгаа болохоор надад өгсөн байна. Үүнийг нотолж шүүхэд нэр төрөө сэргээлгэх, үнэлж хохирлоо барагдуулна.

Олон удаагийн эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсаны улмаас 2008 онд сууж байсан эхнэр салж, ажил, төрөлгүй болсон. Хэдэн модноос болж Цагдаа, прокурорынхон хахууль өгөөгүй гэж намайг яллаж, адаг сүүлд нь амьдралгүй болж, хохирсон. Прокурор, цагдаагийн хийсэн ажлаас болж, бид хохирчхоод Зүгээр шалгасан юм гэж яриад сууж байдаг юм байна. Нийслэлийн ерөнхий прокурорт гомдол гаргасан. Өөрийнхөө гаргасан прокурорыг дэмжээд сууж байна. Өнөөдөр улсын ерөнхий прокурорт гомдол гаргах гээд сууж байна. Энэ олон удаагийн хэлмэгдүүлсэнд Б.******* нь амьдралын идэвхтэй хүн. Ном бичиж, сэтгүүлч хийж, залуучуудын холбоонд гүйж байсан. Дандаа хүний асуудлыг үүрэх ч юм уу. Дандаа хэлмэгдэж явсан түүхээ сэтгэл санаагаар унахгүйгээр амьдрахыг хүсдэг. Гэтэл энэ болгонд хариу цохилт ирж байдаг. Би тэрбум төгрөг нэхэмжилж байгаа учир нь олон удаа хэлмэгдүүлэлт байна. Хоёрдугаарт эрүүл мэнд муудсан байна. Нэр төр ч байхгүй боллоо. Иймд *******тэй ******* ХХК болон Б.******* нарын олох байсан орлогод 100,000,000 төгрөг, нэр төрийн хохиролд 300,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 300,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн! гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Тус компанийн захирал Б.******* болон "*******тэйн Буян" ХХК-ыг эрүүгийн 1831000870103 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгасан байна.

Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна. Иймээс тус компанийн захирал Б.*******ээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсаны улмаас гэм хорын хохиролд 200 сая төгрөг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хамт шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон хэргийн материалтай танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч талаас хоёр агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж харж байна. Эхний шаардлагуудаас сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг нэхэмжил байна. Уг хэрэг нь 2 жил явж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс удаа дараа нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх шинжилгээний газар руу албан тоот хүргүүлж ажилласан. Шүүх, шинжилгээний үндэсний газраас нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол тогтоох боломжгүй байна. Учир нь энэ хэргийн хохирогч биш учраас боломжгүй байна гэсэн албан бичгийг ирүүлсэн. Мөн Шүүх, сэтгэц гэм судлалын газраас нэхэмжлэгч Б.******* нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна гэх дүгнэлт гарсан байдаг. Нэхэмжлэгч Б.*******ий зүгээс эрүүдэн шүүсэн гэдэг асуудал яригддаг. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 07 дугаар сард хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гарсан байдаг. Б.*******д сэтгэцэд учирсан хохирол тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэр төрд халдсан. Ард иргэд намайг хочилж дууддаг гэдэг асуудал яригдсан байдаг. Энэ асуудлаар шүүхийн шатанд хэд хэдэн гэрчээс асуусан байдаг. Энэ хүн нь 2018 онд шалгагдахаас өмнө энэ хоч байсан. Тухайн хүний хувийн байдал шударга ярьдаг. Өөрийн зан чанартай холбоотой ингэж хочилдог гэж гэрч нар мэдүүлсэн байдаг. Дараах нэхэмжлэлийн хувьд *******тэйн ******* ХХК нь 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаагийн хувьд прокурор болон цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар тухайн хуулийн этгээдийн эрхийг хүчингүй болгосон асуудал байдаггүй. Мөн хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан баримт хэрэгт байдаггүй. Мөн тухайн компанийн 100,000,000 төгрөгийн орлого олдог байсан гэх баримт байдаггүй. Ямар баримтыг үндэслэж 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Ямар орлого олж байсан нь мөн тодорхойгүй. Тухайн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж хариуцагчийн зүгээс харж байна. 2018 оны хэрэгт шалгагдсан үйл баримт цагаадсан хэргийг аваад үзвэл анхан шатны шүүхээс цагаадсан байдаг. Прокурор шүүхийн байгууллага бол тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлийг үнэлж шийдвэр гаргаж байгаа. Тухайн *******тэйн ******* ХХК-д холбогдох хэрэг нь анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай зарчмыг баримталж, цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхээс дахин шинжээч томилох шийдвэр гарсан боловч тухайн хүн, хуулийн этгээдийн илүүдэл гэсэн гэх хашаанд байсан мод нь үрэгдэж, ачигдсан байсан. Дахин дүгнэлт гаргах боломжгүй гэж хэлсэн. Прокурорын байгууллагаас тухайн хүн, хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлсэн үйл баримт илтэд хууль зөрчиж, хууль бусаар цагдан хорьж шийдвэрлэсэн нөхцөл байдал байхгүй. Б.******* болон *******тэйн ******* ХХК-д холбогдуулан шалгасан асуудал нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан хууль ёсны ажиллагаа тул 200,000,000 төгрөг гаргуулах нь үндэслэлгүй байна гэх тайлбарыг гаргаж байна! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******, *******тэйн ******* ХХК нь Монгол Улсын Төрд холбогдуулан хохиролд 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 800,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг болгож, дээрх 1 тэрбумын хохирлоо компани олох байсан орлогод 100,000,000 төгрөг, нэр төрд учирсан хохирол 300,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 300,000,000 төгрөг, эрүүл мэндийн хохирол 300,000,000 төгрөг гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.******* болон *******тэйн ******* ХХК нарт эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан асуудал нь бүхэлдээ эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан хууль ёсны ажиллагаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

2. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Б.*******, *******тэйн ******* ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/216 дугаар Цагаатгах тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 82 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.*******, *******тэйн ******* ХХК-ийг цагаатгажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн орлогыг, 1.4-д мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг нөхөн төлөхөөр заажээ.

Иймд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан Б.*******, *******тэйн ******* ХХК нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэлд дурдсан хохирол нь нэхэмжлэгч нарт учирсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан албан тушаалтны ямар шийдвэр, үйл ажиллагаанаас улмаас иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулаагүй, ашиг олоогүй болохыг мөн компани олох байсан орлого 100,000,000 төгрөг байсан гэдгийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ хүрээнд нотолж чадаагүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь нэр төр учирсан хохиролд 300,000,000, эрүүл мэндэд 300,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч нэр төр нь гутаагдсан гэдгийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд 300,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээчээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилсон боловч Б.******* нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэрийн оролцогч байх, эсхүл хохирогч байх эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх гэсэн заалтад хамаарахгүй тул шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариуг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13/1216 дугаартай албан бичгээр ирүүлсэн, мөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 548 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.******* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй гэсэн дүгнэлт гарсан байх тул нэхэмжлэгчийн Сэтгэл санаа хохирол 300,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс хоол, бензин, эм тарианы зардалд 7,042,187 төгрөг зарцуулсан гэж тайлбарлаж хэрэгт мөнгөн дүнгийн жагсаалт, харилцах дансны хуулгыг гаргаж өгсөн боловч дансны хуулга дэх зарлагын гүйлгээ нь жагсаалтад дурдсан зардалд зарцуулсан гэдэгт нотлогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******гийн Монгол Улсын Төрд холбогдуулан гаргасан нийт 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дээр дурдсан дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 501 дүгээр зүйлийн 501.2, 505 дугаар зүйлийн 505.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан Б.*******, *******тэйн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Төрд холбогдох 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН

 

Б.БАЯРСАЙХАН