Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Нямсүрэн,

шүүгдэгч Б.С,

хохирогч Л.Гэрэлбадрах,

гэрч М.Лувсандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луваан овгийн Болдпүрэвийн Сугаржаргалд холбогдох эрүүгийн 1711000000043 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Луваан овгийн Болдпүрэвийн Сугаржаргал, 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 28 дугаар гудамжны 758 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЮ89122914.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 4 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фэйс “Face” бааранд тус газрын менежер Л.Гэрэлбадрахын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна…” гэв.

Хохирогч Л.Гэрэлбадрах шүүхийн хэлэлцүүлэгч мэдүүлэхдээ: “...Толгойн зураг авахуулахад төлсөн 120.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй...” гэв.

Гэрч М.Лувсандорж шүүхийн хэлэлцүүлэгч мэдүүлэхдээ: “...Архи зарахгүй гэхээр нь маргалдаад байсан. Сугаржаргал түлхэх маягтай цохисон. Их хүчтэй цохиогүй ээ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Л.Гэрэлбадрах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 4 цагийн үед би баарныхаа хаалгыг хаачихаад хүн оруулахгүй гэсэн чинь хэсэг хүмүүс хүчээр түрж орж ирсэн. Тэгээд манайх хаасан байна гэсэн чинь текэн дээр ирж сууцгаачихаад урд нь зодолдсон хүмүүсийг салгах гэж байгаад уруулсан хувцасыг харчихаад чи наад хувцасаа хараач тайчигч юм уу гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид нар архи уумаар байна, намайг танихгүй юм байна гээд архи өгөхгүй бол та нарыг бүгдийг чинь зодож байгаад авчих уу гээд загнаад байсан. Тэгсэн малгайтай цамц өмссөн залуу миний нүүрэн дээр тулж ирээд чи ямар овоо юм бэ? Яагаад архи өгдөггүй юм бэ? Гээд байж байтал Сугаржаргал хажуунаас босоод ирэх шиг болсон чинь миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би баарнаас гаргахын тулд хоёулаа гарч зодолдоё гээд дагуулаад гарсан. Гадаад гараад маргалдаж байхад манай баарны зөөгч болон баарнаас гарч байсан хүмүүс боль гээд салгасан. Манайд үйлчлүүлж байсан залуучууд тооцоогоо хийгүй маргалдсан учир салгах гэж байгаад фудволкоо уруулсан байсан. Тэрнээс би хүнтэй зодолдож маргалдсан зүйл байхгүй. Хүнээр зодуулсан асуудал байгаагүй. Эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ /хх-17/.

              Гэрч С.Хүрэлшагай мэдүүлэхдээ: “...манай хамгаалагч манайх хаачлаа хаалгаа цоожлох гээд байна гээд очоод хэлсэн чинь шаардлагыг биелүүлэхгүй шууд Гэрэлбадрахыг нүүр рүү нь гараараа нэг удаа цохчихоод Сугаржаргал хамт явсан хүмүүстэйгээ, мөн манай хамгаалагч Гэрэлбадрах, зөөгч Номио, Сараа нарын хамт гарсан. Гараад юу болсон талаар би мэдэхгүй...” гэжээ /хх-20/.  

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10284 дүгээр дүгнэлтэд: 

“1. Л.Гэрэлбадрахын биед тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн ухархай, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ньмохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-24/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30-31/  зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 4 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фэйс “Face” бааранд тус газрын менежер Л.Гэрэлбадрахын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Сд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Л.Гэрэлбадрах нь эмчилгээний зардалд 120.000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Саас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэг бүхий цагаан өнгийн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Луваан овгийн Болдпүрэвийн Сугаржаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Саас 120.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Гэрэлбадрахад олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий цагаан өнгийн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН