Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайрлага овогт Дашзэвэгийн Батсайханд холбогдох эрүүгийн 201725030483 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хайрлага овогт Дашзэвэгийн Батсайхан, 1956 оны 4
дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд
боловсролтой, хүндийн засварчин мэргэжилтэй, “Өнөр төмөр” ХХК-нд манаач
ажилтай, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-680 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЮ56042817.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Бнь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10-680 тоотод хохирогч Т.Баярсайханыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 02 дугаар сарын 9-ний өдөр дүү бид хоёрыг гэрт байж байхад Уртнасан авгай орж ирсэн. Байр олтол түр байлгаач гэсэн…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Хохирогч Т.Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 9-ний өдөр 10 цагийн үед хадам дүү Халиун нь надруу залгаж "ээжийг та гэртээ түр байлгаад өгөөч, би гадуур хөлсний байр үзээд байж байя" гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 11 цагийн үед хадам дүү Халиунаа нь такситай хадам ээж Уртнасанг авчирсан. Би хамгийн сүүлд хадам ээжтэй 2015 онд уулзсан. Тэрнээс хойш бие нь нилээн муудсан, нүүр, ам халцарсан, юм идэж уухаар шууд доошоогоо гаргачихдаг болсон байсан. Надад Халиунаа нь 20.000 төгрөгийг ойр зуурын юм аваарай гээд өгсөн ба би хүнсний дэлгүүр орж цайны боов, саарал ЛД тамхи, 0.75 грамын Монгол Стандарт архинаас 1 шилийг аваад гэртээ очиж нагац ах Батсайхантай хамт уусан. Бид хоёрыг архи ууж сууж байхад төрсөн дүү Отгонцэцэг надруу манай хүүхдийг цэцэрлэгээс авчихаач дүү нь амжихгүй болчихлоо гэж мессеж бичихээр нь би тэр хоёрыг үлдээгээд явсан. Би дүүгийнхээ хүүхдийг цэцэрлэгээс нь авчихаад гэртээ очиход хадам ээж угаалтуурын саванд баасан, шалан дээр паампарстай баас нь байхаар нь би цэвэрлээд пампарс өмсүүлэхэд хадам ээж надад Батсайхан намайг оролдоод байна гэсэн. Тэгэхэд Батсайхан би ерөөсөө тэгэж хэлээгүй гээд хадам ээжтэй маргалдаад байсан. Би тэгээд Батсайхан ахыг болиулах гээд унт гэсэн чинь орноос босож ирээд гал тогооны шургуулганаас хар иштэй хутга аваад надруу дайрсан. Би гэр тойрч зугтааж байгаад урдаа сандал бариад хутгыг булааж авах гэтэл доогуур хатгасан байсан. Би тухайн үед хутгалуулсанаа мэдээгүй байсан ба хойш зай аваад гараараа тэмтэрч үзтэл нойтон болохоор нь харсан чинь цус гарсан байсан. Тэгээд Батсайхан ах хутгаа хаясан. Би цус нь тогтохгүй болохоор нь түргэн дуудсан.” гэжээ /хх-28/,

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Т.Баярсайхан дахин мэдүүлэхдээ: “...Гэртээ ирсэн чинь Уртнасан авгай түмпэнд баачихсан памперсаа тараагаад хаячихсан, гэрээр дүүрэн өмхий үнэртүүлсэн байсан. Би баасыг нь цэвэрлээд гаргаж хаяхгүй, памперсаа хийхгүй яасан юм бэ гээд Батсайхан, Уртнасан хоёрт уурласан. ...Батсайхан нь Уртнасан чинь памперсийг нь сольж өгөх гэсэн чинь хүчиндэх гэлээ гээд байсан гээд Уртнасантай маргалдаад унт гэсэн чинь унтахгүй уурлаад байсан. Нэг харсан чинь Батсайхан ах хутга барьсан байхаар нь зугтаж байгаад хутгыг нь булааж авах гэсэн чинь хутгалчихсан байсан. Уртнасангийн сэтгэцийн өвчин нь хөдөлсөн юм шиг хүчиндсэн гээд байхаар нь битгий хэрэлд гээд байхад хэрэлдэж байгаад намайг хутгалчихсан. ...надад нэхэмжилж байгаа хохирол байхгүй, цаашид санал гомдол байхгүй...” гэжээ /хх-53, 71/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2757 дугаар дүгнэлтэд: 

“1. Т.Батсайханы биед зүүн гуянд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал  бүхий  гэмтэл  тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40-41/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бнь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10-680 тоотод хохирогч Т.Баярсайханыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Батсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав. 

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Т.Баярсайхан нь “…Батсайхан бол манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Надад нэхэмжилж байгаа хохирол байхгүй, цаашид санал гомдол байхгүй…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Батсайханыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цэнхэр өнгийн цустай даавуу, цустай марл зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурьдсугай. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хайрлага овогт Дашзэвэгийн Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батсайханыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цэнхэр өнгийн цустай даавуу, цустай марл зэргийг устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батсайханд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН