Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 123/ШШ2024/0075

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн би, Т.Билгүүний Газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, газар өмчлөх эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А/567 дугаар захирамж, 2022 оны А/610 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Т.Билгүүний газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг Баянчандмань сумын Засаг дарга нь зохих журмын дагуу бүртгэж, газрын өргөдлийн цахим мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын цахим мэдээллийн санд оруулахыг Баянчандмань сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өргөдөл өгсөн дарааллын дагуу нэхэмжлэгч Т.Билгүүний 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн газар өмчлөх тухай өргөдлийг мэдээллийн санд бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэсний дараа 2022 онд өгсөн маргаан бүхий өмчлөгч нарын асуудлыг зохих хууль тогтоомж журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Т.Билгүүн нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан  Газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, газар өмчлөх эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А/567 дугаар захирамж, 2022 оны А/610 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Т.Билгүүний газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг Баянчандмань сумын Засаг дарга нь зохих журмын дагуу бүртгэж, газрын өргөдлийн цахим мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын цахим мэдээллийн санд оруулахыг Баянчандмань сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Баянчандмань сумын Засаг даргаас М.Алтантуяад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах бүрэн эрхийг итгэмжлэлээр олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн маргааны улмаас бусад этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Т.Билгүүний Газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзсан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, газар өмчлөх эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны А/567 дугаар захирамж, 2022 оны А/610 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Т.Билгүүний газар өмчлөх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг Баянчандмань сумын Засаг дарга нь зохих журмын дагуу бүртгэж, газрын өргөдлийн цахим мэдээллийн санд оруулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын цахим мэдээллийн санд оруулахыг Баянчандмань сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Т.Билгүүний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Билгүүнд олгосугай.  

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

  

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН