Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

 

 

 

 

 

 2023            4            07                                                    2023/ДШМ/27

 

Г.М, А.Т нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Соёлмаа/цахим сүлжээгээр/,

               Яллагдагч Г.М, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,

               Яллагдагч А.Т, түүний өмгөөлөгч Ж.Төмөрхуяг,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Б.Соёлмаагийн эсэргүүцлээр яллагдагч Г.М, А.Т нарт холбогдох эрүүгийн 2202002860258 дугаар хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, компьютерийн системийн хамгаалал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 43 байрны 40 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

М, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршал таун олимп гудамжны 116 дугаар байрны 212 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

Яллагдагч А.Т нь Г.М-тай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран Америкийн нэгдсэн улсаас шуудан илгээмж ашиглан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан prime гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ /MDA/ гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

Яллагдагч Г.М нь А.Т-тай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран Америкийн нэгдсэн улсаас шуудан илгээмж ашиглан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан prime гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ /MDA/ гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.М, А.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1027 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн 1 дэх заалт “Улсын яллагчийн яллах дүгнэлт ойлгомжтой байх ёстой. Яллах дүгнэлтэд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх нэршилтэй, "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 31 ширхэг, тал 7 ширхэг, нийт 13.4274 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн асуудал яригдаж байгаа боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл байхгүй. Захиалсан бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлээд байгаа асуудал яригдаж байна. Олж авсан шинж байгаа эсэх асуудлыг шалгах хэрэгтэй байна.” гэснийг биелүүлээгүй,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ДШМ/75 дугаартай магадлалаар “...яллагдагч А.Т, Г.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн нэг үндсэн шинж болох “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан" гэх байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй...” шалгаж тогтоолгохоор заасан тул магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Соёлмаагийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар эсэргүүцэлд: “ ...Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлмаа би яллагдагч А.Т, Г.М нарт холбогдох эрүүгийн 2202002860258 дугаартай хэрэгт 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 31 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч А.Тын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, Ц.Мянган нараас гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд шүүгчийн 232 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүх "...дараах нэмэлт ажиллагааг хийлгэвэл зохино. Үүнд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1027 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн 1 дэх заалт "...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл байхгүй. Захиалсан бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлээд байгаа асуудал яригдаж байна. Олж авсан шинж байгаа эсэх асуудлыг шалгах хэрэгтэй байна" гэснийг биелүүлээгүй. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ДШМ/75 дугаартай магадлалаар “... 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн үндсэн шинж болох" хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан" гэх байдал буюу ... гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй..." шалгаж тогтоолгохоор заасан тул магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх..." гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Учир нь:

Яллагдагч А.Т, Г.М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмж ашиглан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин Лenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Яллагдагч А.Т, Г.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн зэргээр нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан.

Өөрөөр хэлбэл яллагдагч А.Т, Г.М нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис гэдгийг мэдсээр байж Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Билгүүтэй гэгчээр "Асралт хөхий" ХХК-ийн хамтран ажилладаг, Чикаго хотод карго үйл ажиллагаа явуулдаг “SB express” гэх улс хоорондын шуудан илгээмжид хийлгэн Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг хамтран үйлдсэн нь нэг мөр тогтоогдсон байхад шүүх "олж авсан шинж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй" гэсэн нь өөрөө үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж чадаагүй, улмаар яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг болон хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж олж авсан үйлдлийг нэмж шалгах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн яллагдагч нарын Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Америкийн Нэгдсэн Улсаас олж авсан нь нэгэнт тодорхой ба хэн, хэзээ, хэрхэн олж авсан үйлдлийг шалга гэж байгаа нь өөрөө боломжгүй ажиллагаа юм. Учир нь Монгол улс Америкийн Нэгдсэн Улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, байхгүй учир Америкийн нэгдсэн улсад үйлдэгдсэн буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан үйлдэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх боломжгүй учир яллагдагч нарын нотлох баримтаар тогтоогдож, яллаж буй гэм буруутай үйлдлийг хянан хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй юм.

2.Яллагдагч А.Т, Г.М нарын Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодист үзлэг, шинжилгээг хийлгэж, хэр хэмжээтэй, хориотой ямар бодис гэдгийг нэг мөр тогтоосон бөгөөд энгийн нүдээр харахад хэрхэн, ямар бодис байдаг болох нь хэрэгт авагдсан баримтууд гэрэл зургийн үзүүлэлтээс тодорхой харагдаж байхад уг бодисыг шүүхэд ирүүл гэж байгаа нь ач холбогдолгүй, үндэслэлгүй байна.

2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаартай прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь хэсэгт "эд мөрийн баримтаар тооцогдсон (1хх-ийн 40-р хуудас) "Prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 32 ширхэг, тал 4 ширхэг, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь 1 дүгээр хавтаст хэргийн 35-38, 2 дугаар хавтаст хэргийн 1-4, 33-35-р хуудсан дахь баримтуудаар үзлэг, шинжилгээ хийгдсэн, мен хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Еренхий прокурорын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246, А/80 дугаартай захирамж, тушаалаар баталсан "Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам"-ын 3.2, 3.4 дэх хэсэгт тус тус зааснаар Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно." гэж тодорхой тусган, энэ талаарх баримтууд болон холбогдох журмыг хүртэл хуулбарлан хэрэгт хавсарган хэргийг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байхад эд мөрийн баримтыг ирүүлэх ёстой гэж шаардлага тавьж хэргийг буцааж байгаа нь хүлээн авах боломжгүй юм.

Иймд хэргийг прокурорт буцаасан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 232 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд /цахимаар/ гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий гарч чадаагүй байна. Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн боломжгүй тул шүүгчийн захирамжийн 2 үндэслэлд бодитой дүгнэлт хийж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Г.М-ын өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийлгэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч А.Т-ын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

Яллагдагч А.Т, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.

Яллагдагч А.Т, Г.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн гэж үзэхээргүй байна.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ДШМ/75 дугаартай магадлалд заасан “...яллагдагч А.Т, Г.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн нэг үндсэн шинж болох “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан" гэх байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй...” гэх байдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгаж тогтоолгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг дахин анхан шатны шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлнэ гэснийг зөрчсөн байна.

Мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1027 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн 1 дэх заалт заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх нэршилтэй, "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 31 ширхэг, тал 7 ширхэг, нийт 13.4274 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг анхан шатны шүүхэд ирүүлээгүй, уг бодисыг олж авсан шинж байгаа эсэх асуудлыг шалгаж тогтоогоогүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний тун, нийт хэдэн удаагийн хэрэглээний байж болох, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлохоос гадна тэдгээр бодисын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг тогтоох асуудал хамаарна. Үүний тулд Нэгдсэн үндэстний байгууллагын Хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх газрын зүгээс зөвлөмж болгон гаргадаг олон улсын хар тамхины хууль бус наймаанд хэрэглэгдэж буй жишиг үнийн мэдээлэл, үүний дотор хөрш орнууд, бүс нутагт хэрэглэгдэж байгаа үнийн мэдээлэл зэрэгт тулгуурлан мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, баримт цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай.

Прокурорын яллах дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан, эсхүл худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалсан үйлдэл байдаг. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр яллах дүгнэлтэд яллагдагч А.Т, Г.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийн алийг хангасан эсэх тодорхойлолгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан шаардлагыг хангахгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    З.ТҮВШИНТӨГС

                                 ШҮҮГЧИД                                    М.МӨНХДАВАА

                                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ