Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 668

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны IV  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо. 

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам

Гуравдагч этгээд: “Э” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “1/ Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарласан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/ дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Э” ХХК-ийг ялснаар шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2/ Захиалагчид гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1093 дугаартай зөвлөмж болон Барилга, хот байгуулалтын яам, “Э” ХХК-ийн хооронд 2016.7.29-ний өдөр байгуулсан тендерийн гэрээг тус тус хүчингүй болгуулах, 3/ Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 дугаартай шийдвэрийг биелүүлж тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.И, Ц.М, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: “Манай компани нь Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарласан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/ дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт оролцсон.

Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/861 дугаар бүхий манай компанийн хүргүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзсан албан тоот мэдэгдлийг хүлээн авч бид уг шийдвэрийг хууль бус гэж үзэн Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газарт 2016 оны 6 дугаар дугаар сарын 22-ны өдрийн 669 тоот албан бичгээр зохих тайлбарыг хавсарган хандсан болно. 

Тендер шалгаруулагч нь манай компанийн хүргүүлсэн тендерийг ТОӨЗ. 5.3 (г) заалтын дагуу инженер техникийн ажилтны НД8 маягтыг байхгүй гэж үзжээ. Гэтэл бид ус хангамж, ариутгах татуургын инженер Б.Пийн нийгмийн даатгал төлсөн баримтыг НДҮ цахим машинаас гаргасан лавлагааг хавсаргаж хүргүүлсэн. Сангийн яамнаас үүнийг хянаад “...тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 5.3 (г)-д заасны дагуу ус хангамж, ариутгах татуургын инженер Б.Пийн НДҮ цахим машинаас олгосон лавлагааг ирүүлсэн нь тус заалтад заасан НД8 маягттай нийцэх эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулах нь зүйтэй тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх шаардлагатай” гэж дүгнэсэн болно.

Худалдан авах ажиллагааны газар нь манай ирүүлсэн тендерийн материалыг дахин үнэлж үзээд “Санал болгосон ус хангамж, ариутгах татуургын инженер Б.П сүүлийн 6 сарын нийгмийн даатгалын НД8 маягтад байхгүй бөгөөд цахим машинаас олгосон НДҮ маягтад ажил олгогчид нь өөр өөр байгаа нь тухайн байгууллага буюу “А” ХХК-д сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж ажилласан байх шаардлагыг хангахгүй байна” гэж татгалзсан мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/1044 тоот албан бичгээр дахин ирүүлсэн юм. ТОӨЗ-ийн 5.2 (и)-д тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох ажлын хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас ихгүй байна гэж заасны дагуу манай компани “Т” ХХК-тай хуулийн дагуу туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 11/2016 тоот гэрээ байгуулан оролцсон. 

Санал болгож буй инженер Б.П нь уг "Т” ХХК-д сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан бөгөөд үүнийг нь НДҮ цахим машинаас авсан лавлагаа гэрчилдэг. Түүнчлэн энэ инженерээс гадна ерөнхий инженер, цахилгааны инженер, дулааны инженер (2), барилгын инженер, цахилгааны техникч, дулааны техникч, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер зэрэг голлох инженер техникийн ажилтнуудыг өөрийн боловсон хүчнээс бүрдүүлэн оролцож байгаа юм.

Бид дээрх шийдвэрийн талаар Сангийн яаманд дахин гомдол гаргасны дараа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 дугаартай албан тоотоор Худалдан авах ажиллагааны газарт өмнө хүргүүлсэн албан тоотод дурьдсаны дагуу үнэлгээг хууль журамд нийцүүлэн хэрхэн хийсэн нь тодорхойгүй байх тул Сангийн яамны шийдвэр нь эцсийн шийдвэр болохыг анхаарч тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн хийхийг даалгасан байдаг. 

Гэтэл Худалдан авах ажиллагааны газар болон Барилга, хот байгуулалтын яам нь Сангийн яамнаас өгсөн хяналтын шийдвэрийг үл хэрэгжүүлэн 2016 оны 07 дугаар сарын 29-нд гүйцэтгэгч “Э” ХХК-тай тендерийн гэрээг байгуулсан байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх аливаа ажил үйлчилгээний тендер шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлтийн нэг нь бага үнийн санал байдаг. 

Манай компаниас доогуур үнийн санал ирүүлсэн “Х” ХХК (4,5 тэрбум төгрөг), “О” ХХК (4,2 тэрбум төгрөг) компаниуд нь тендерт шалгараагүй боловч Үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийж өмнөх дүгнэлтээ хэвээр баталсан шийдвэрт гомдол гаргалгүй хүлээн зөвшөөрсөн тул манай компани 5 322 612 547 төгрөгийн хамгийн бага үнийн саналаар шалгарч үлдсэн юм. Гэтэл тендер шалгаруулалтад оролцож 5 723 873 724 төгрөгийн илүү өндөр үнийн санал ирүүлсэн “Э” компанийг шалгаруулж манай компанийг үндэслэлгүйгээр шаардлага хангаагүйд тооцож татгалзсан мэдэгдэл ирүүлснийг бидний эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан “бүх нөхцлийг хангасан байх”, 28 дугаар зүйлд заасан нөхцлүүдийг нэгэн зэрэг хангасан тендерийг захиалагч шалгаруулж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна. Иймээс бид Сангийн яамнаас өгсөн хяналтын дүгнэлтийг зөрчиж гаргасан Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/ ХААГ- 2016/ХБ-78 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Э” ХХК- ийг ялснаар шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний 1/1093 дугаартай зөвлөмж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамнаас "Э” ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 29-нд байгуулсан тендерийн гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгож тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг даалгасан Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 дугаартай шийдвэрийг биелүүлж тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгаж өгнө үү.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үнэлгээний хороо, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, үндэслэлд: “...Барилга, хот байгуулалтын яамнаас 2016 оны 03 дугаар сард эрх шилжиж ирсэн тоот “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/ төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан. 

Үнэлгээний хороо Барилга, хот байгуулалтын яамнаас ирүүлсэн ажлын зураг төсвийн дагуу тендерийг зарласан. Тендерийн баримт бичигт заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендерийн нээлтийг хийх байсан ба, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “ЦГГ” ХХК, “Атилла констракшн" ХХК-иуд гомдол гаргасны дагуу хойшлуулж 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээхэд “Х" ХХК, “О холдинг” ХХК, “Альянс тех" ХХК, “Эс Энд Эй трейд” ХХК, “К” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “М” ХХК, “М" ХК, “Х*******" ХХК, “Сан” ХХК, “ЧММ" ХХК, “Х” ХХК, “С” ХХК, “М*******р” ХХК, “В*******” ХХК, “Ц*******” ХХК, “С*******” ХХК, “Б” ХХК, “ААББ” ХХК, “А*******” ХХК, “И *******” ХХК-иуд саналаа ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын дагуу тендерийн үнэлгээг хийж “хамгийн сайн” үнэлэгдсэн “Э” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг тендерийн хүчинтэй хугацаанд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/882 тоот албан бичгээр хүргүүлсэн. “Альянс-тех” ХХК, “Х” ХХК, “Б" ХХК, “М” ХХК, “С” ХХК-иас гомдол гаргасан тул Сангийн яамнаас 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5/4254 тоот албан бичгээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэхийг мэдэгдсэн.

Сангийн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4600 тоот албан бичгээр “Б” ХХК, “М” ХХК, “О холдинг” ХХК, “К" ХХК-иудын төндерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, “Альяанс тех” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК, “С" ХХК-иудын тендөрээс татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй гэж мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “Х” ХХК нь ТОӨЗ-ны 5.3 (г), ТОӨЗ-ны 5.3 (в) заалтуудыг хангаагүй, “Б” ХХК нь ТОӨЗ-ны 5.3 (г), ТОӨЗ-ны 5.3 (в) заалтуудыг хангаагүй, “Альянс тех" ХХК нь ТОӨЗ-ны 5.3 (г) заалтыг хангаагүй, “К” XXК нь ТОӨЗ-ны 5.3 (г) заалтыг хангаагүй, “М” ХК нь ТОӨЗ-ны 5.3 (г) заалтыг хангаагүй, “Б” ХХК нь ТОӨЗ-ны 5.3 (г) заалтыг хангаагүй, “О холдинг" ХХК нь ТОӨЗ-ны 5.3 (г) заалтыг хангаагүй тул “О холдинг" ХХК, “Альянс тех” ХХК, “К" ХХК, “Б" ХХК, “М" ХК, “Х” ХХК, “С” ХХК, “Б" ХХК-иудын тендерүүдээс тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзаж, “Эй *******” ХХК, “С” ХХК-иуд тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангаж 2 дугаар бүлэгт заасан урьдчилан хянан үзэх шалгуурт тэнцсэн тул тендерийн материалыг нарийвчлан хянан үзсэн. “Эй *******” ХХК, “С” ХХК-иуд нь давуу эрх тооцуулах хүсэлт болон холбогдох материалыг ирүүлсэн бөгөөд Сангийн яамнаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4600 тоот апбан бичигт тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 33.1-д  дотоодын давуу эрх тооцно гэж заасан боловч үнэлгээ хийхдээ харгалзаж үзээгүй байгааг анхаарах нь зүйтэй гэсэн мөн тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 33.1-д “Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол /Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ын дагуу тооцно гэж заасны дагуу тооцож “Эй *******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендөр ирүүлсэн гэж үзэж 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/1056 тоот албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын яаманд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1093 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тендерийн хүчинтэй хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор “Эй *******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн.

1.  Үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 5.3 (г)-д “Голлох инженер, техникийн ажилтнуудын сургууль төгссөн диплом, цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. Дараах хүснэгтэд үзүүлсэн удирдах болон 1 инженөр техникийн ажилтныг ажиллуулах бөгөөд тухайн байгууллагад сүүлийн 6 сар “нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж ажилласан байх, нийгмийн даатгалын НД8 маягтыг ирүүлнэ” гэх заалтыг нэхэмжлэгч "Альянс-тех" ХХК хангаагүй болно. 

"Альянс-тех" ХХК-ийн санал болгосон ус хангамж, ариутгах татуургын инженер Б.П нь нийгмийн даатгалын цахим машины НДҮ маягтаас харахад туслан гүйцэтгэгч “Т*******” ХХК-ийн ажилтан буюу сүүлийн 6 сар ажил олгогч нь өөр байгууллагууд ажилласан нь тухайн байгууллагад сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж ажилласан байх ба нийгмийн даатгалын НД8 маягтыг ирүүлнэ гэж заасан заалтыг хангахгүй болно.

2. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 5.5-д “Тендерт оролцогч чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлоход түүний туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, санхүүгийн нөөц бололцоог харгалзаж үзэхгүй. Харин туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх ажилд тусгай зөвшөөрөл шаардагдах бол туслан гүйцэтгэгч уг шаардлагыг хангасан байвал зохино" гэж зааснаар ус хангамж, ариутгах татуургын инженер нь туслан гүйцэтгэгч “Т*******” ХХК-ийн ажилтан байгаа нь тус заалтыг хангахгүй байна гэж үзэж “Эй *******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзсэн.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт хангаагүй "Альянс-тех" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яам, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, үндэслэлд: “Монгол Улсын 2016 төсвийн тухай хуульд батлагдсаны дагуу “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн/” төсөл, арга хэмжээг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/86 тоот албан бичгээр Худалдан авах ажиллагааны газар (хуучин нэрээр)-т эрх шилжүүлэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болсон. Улмаар Худалдан авах ажиллагааны газартай тус яамнаас холбогдох баталгаажсан ажпын зураг төсвийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээлцсэн байдаг.

Дээрх ажлын зураг, төсөв, сайдын албан бичигт үндэслэн Худалдан авах ажиллагааны газар үнэлгээний хороог байгуулж, тендөрийн баримт бичгийг боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан тухайгаа “Зөвлөмж хүргүүлэх тухай" 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1093 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Тус зөвлөмжид “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулж, “Э” ХХК “хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн бөгөөд 5723’873’724.00 (таван тэрбум долоон зуун хорин гурван сая найман зуун далан гурван мянга долоон зуун хорин дөрөв) төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байсан. Мөн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш болон тендер хүчинтэй хугацаанд (2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр) байгуулах тухай дурдсан байсан.

Дээрх зөвлөмжийн дагуу Барилга, хот байгуулалтын яам “Э" ХХК-тай холбогдох гэрээг байгуулан ажиллаж байгаа тул “Альянс Тех" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, үндэслэлд: “...“Альянс тех” ХХК-иас шүүхэд хандан Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороо болон Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд манай компани уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.  

Манай компани нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам захиалагчтай Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан “Хорооллын гадна инженерийн шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож улмаар уг тендерт шалгарч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамтай №53 дугаартай “Хорооллын гадна инженерийн шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг.

Гэрээний дагуу бид Барилгын хөгжлийн төвтэй хамтран баталсан ажлын нэгдсэн графикын дагуу гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн ба гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэн ажиллаж байгаа болно. Одоогоор манай компани нийт 990 сая орчим төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгээд байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд графикт тусгасан ажлыг хийж дуусгахаар ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үндэслэлийг бид бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан тус компанийн санал болгосон ус хангамж, ариутгах татуургын инженер Б.П нь тус компанийн үндсэн ажилтан биш байгаа бөгөөд энэ нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3-т заасан “Голлох инженер, техникийн ажилтнууд .... тухайн байгууллагад сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж ажилласан байх ба нийгмийн даатгалын НД8 маягтыг ирүүлнэ.....” гэж заасныг зөрсөн нь хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд тодорхой байгаа болно.

Бидний зүгээс нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн хэвийн үргэлжилж байгаа үйл ажиллагаанд зориудаар нөлөөлөх, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилго бүхий үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд “Альянс тех” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Альянс-тех" ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үнэлгээний хороо, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан                “1/ Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарласан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Э” ХХК-ийг ялснаар шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 2/ Захиалагчид гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1093 дугаартай зөвлөмж болон Барилга, хот байгуулалтын яам, “Э” ХХК-ийн хооронд 2016.7.29-ний өдөр байгуулсан тендерийн гэрээг тус тус хүчингүй болгуулах, 3/ Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 дугаартай шийдвэрийг биелүүлж тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах” тухай шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсаны дагуу “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” төсөл, арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яамнаас эрх шилжүүлж, Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зарласан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” тоот ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 22 компани оролцжээ.

Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тендерийг нээж , 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдан 22 оролцогчийн үнийн санал, үнийн хөнгөлөлт тооцох эсэх, тендерийн баталгааны дүн, хугацааг тэмдэглэн, бага үнийн санал ирүүлсэн оролцогчдоос эхлэн үнэлгээг хийж, 13 оролцогчийн тендерийн материалыг мөн өдөр, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бусад 9 оролцогчийн тендерийн материалыг үнэлжээ . 

Үнэлгээний хороо “Альянс-тех” ХХК-ийн тендерийн материалыг үнэлээд “..."Альянс-тех" ХХК-ийн санал болгосон инженер техникийн ажилчдаас НД8 маягтад ус хангамж, ариутгах татуургын инженер Б.П байхгүй байна. Туслан гүйцэтгэгч компанийн инженер техникийн ажилчдыг нэмж тооцдоггүй. Ус хангамж, ариутгах татуургын инженер нь энэ ажлын хувьд гол инженер гэж үзэж байна. Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа голлох инженер техникийн ажилчдыг тухайн байгууллагад сүүлийн 6 сар нийгмийн даатгал төлж тасралтгүй ажилласан байх ба нийгмийн даатгалын НД8 маягт ирүүлнэ гэж заасан. Энэ заалтыг хангахгүй” үндэслэлээр "Альянс-тех" ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж үзсэн, мөн бусад 20 оролцогчийн тендерийн материалыг тодорхой үндэслэлүүд заан “шаардлагад нийцээгүй” гэж үзсэн ба оролцогчдын ирүүлсэн тендерийн материал тендерийн баримт бичгийн аль шаардлагыг хангаагүй талаар тайланд тодорхой тусган , 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1 тоот дүгнэлтээр  нэр бүхий оролцогчдын шаардлага хангаагүй тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар  татгалзсан байна.

Үнэлгээний хороо “Эй *******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг “шаардлагад нийцсэн” гэж үзээд “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлэн 5.723.873.724.00 /таван тэрбум долоон зуун хорин гурван сая найман зуун далан гурван мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1 тоот дүгнэлтээр  “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Эй *******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгчээ. 

Улмаар Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/882 тоот албан бичгээр “гэрээ байгуулах эрх олгох” шийдвэр гарсан талаар болон тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх, гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлж, мөн өдөр бусад оролцогчдод “ирүүлсэн тендер нь шаардлагад нийцээгүй” гэж үзэн татгалзсан Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан, тендерийн баримт бичгийн аль заалтыг  хангаагүй талаар мэдэгдлийг тус бүрт нь хүргүүлжээ. 

“Альянс-тех” ХХК, “Х” ХХК, “Б" ХХК, “М” ХХК, “С” ХХК-иас гомдол гаргасныг Сангийн яам хянаж үзээд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 5/4600 тоот албан бичгээр “Б” ХХК, “М” ХХК, “О холдинг” ХХК, “К" ХХК-иудын төндерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, “Х” ХХК, “Б” ХХК, “С" ХХК-иудын тендөрээс татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй,  “Альяанс тех” ХХК-ийн тендерээс НДҮ цахим машины лавлагаа ирүүлсэн нь НД8 маягттай нийцэх эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулахаар тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй гэж мэдэгдэж , тендерийн хүчинтэй хугацааг сунгасан байна.

Үнэлгээний хороо 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дахин үнэлгээ хийж “...“Альянс тех" ХХК-ийн санал болгосон ус хангамж, ариутгах татуургын инженер Б.П нь нийгмийн даатгалын цахим машины НДҮ маягтаас харахад туслан гүйцэтгэгч “Т*******” ХХК-д сүүлийн 6 сар ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь ТОӨЗ-ны 5.3 (г) “Голлох инженер, техникийн ажилтнуудын сургууль төгссөн диплом, цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. Дараах хүснэгтэд үзүүлсэн удирдах болон инженөр техникийн ажилтныг ажиллуулах бөгөөд тухайн байгууллагад сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж ажилласан байх, нийгмийн даатгалын НД8 маягтыг ирүүлнэ” гэсэн заалтыг хангаагүй гэсэн үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзэн тендерээс татгалзаж, Үнэлгээний хорооны 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2 тоот дүгнэлт гарчээ.  

Үнэлгээний хорооны 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хийсэн дахин үнэлгээгээр тендерийн баримт бичгийг  шаардлагыг бүрэн хангаж, урьдчилан хянан үзэх шалгуурт тэнцсэн “Эй *******” ХХК, “С” ХХК-иудын тендерийн материалыг нарийвчлан хянан үзэж, дотоодын давуу эрх тооцон, “С” ХХК –ийг хамгийн сайн үнэлэгдсэн компаниас “өндөр үнийн санал ирүүлсэн” гэсэн үндэслэлээр татгалзаж, “Эй *******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” гэж үнэлэн Үнэлгээний хорооны 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2 тоот дүгнэлтээр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн байна. 

Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/1056 тоот албан бичгээр “Эй *******” ХХК-нд гэрээ байгуулах мэдэгдэл, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/1093 тоот албан бичгээр захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тендерийн хүчинтэй хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор “Эй *******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг тус тус хүргүүлснээр Барилга, хот байгуулалтын яам “Эй *******” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” ажил гүйцэтгэх 53 тоот гэрээг байгуулжээ.

“Альянс тех" ХХК-ийн санал болгосон ус хангамж, ариутгах татуургын инженер Б.П нь тус компанийн үндсэн ажилтан биш, туслан гүйцэтгэгч “Т*******” ХХК-ийн захирлаар ажилладаг болох нь цахим машины НДҮ лавлагаа, “Т*******” ХХК-ийн НД8 маягтаар тогтоогдож байна. “Альянс тех" ХХК нь дангаараа тендер ирүүлсэн, түншлэлээр оролцоогүй бөгөөд “Т*******” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Туслан гүйцэтгэгчийн гэрээгээр тендерт заагдсан гадна ариутгах татуургын шугамын ажилд туслан гүйцэтгэгчээр /ажлын хөлс нь 110.000.000 төгрөг/ ажиллуулахаар тохиролцсон, ТОӨЗ-ийн 5.2 (и)-д тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох ажлын хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас ихгүй байна гэж заасан хэдий ч “санал болгосон ус хангамж, ариутгах татуургын инженер нь тухайн байгууллагад сүүлийн 6 сар тасралтгүй ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэж үзсэн нь үндэслэлтэй байна. 

Учир нь Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны боловсруулан тендерт оролцогчдод олгосон тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг болох “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.5-д “Тендерт оролцогч чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлоход түүний туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, санхүүгийн нөөц бололцоог харгалзаж үзэхгүй.” гэж заасан, өөрөөр хэлбэл ТОӨЗ-ны 5.3 (г)-д заасан шалгуур үзүүлэлтэд туслан гүйцэтгэгчийн ажлын туршлагыг харгалзахгүй тул  “Альянс тех" ХХК-ийг ус хангамж, ариутгах татуургын инженер санал болгосон  гэж үзэхээргүй байна. Тэр ч утгаараа энэхүү шалгуур үзүүлэлтэд тухайн компанийн НД8 маягтыг шаарддаг байна.  

Түүнчлэн “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” дугаартай ажил нь цэвэр ус хангамж, бохир усны ариутгах татуургын болон дулааны шугам сүлжээний угсралт, дулаан болон бохир усны насос станц, дэд өртөөний барилга угсралтын ажил бөгөөд, уг ажилд ус хангамж, ариутгах татуургын инженер нь голлох үүрэгтэй оролцохоор байна. Гэтэл “Альянс тех" ХХК-ийн “Т*******” ХХК-тай байгуулсан Туслан гүйцэтгэгийн гэрээгээр гадна ариутгах татуургын шугамын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар заасан, гэрчээр Б.П “энэ ажлын хэмжээнд 91 худагтай 4000 м урттай бохир усны шугамын ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан” хэмээн мэдүүлснээс үзэхэд цэвэр ус хангамж, бохир усны ариутгах татуургын шугам сүлжээний угсралт, дулааны болон бохирын насос станц, дэд өртөөний барилга угсралтын цогц ажил гүйцэтгэх голлох инженер техникийн ажилтнууд нь тухайн байгууллагын ажилтан байх шалгуур тавьсан нь, уг шалгуурыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “давуу эрх тооцуулах хүсэлт өгсөн ч үнэлээгүй” гэж маргасан бөгөөд хариуцагчаас нотлох баримтаар CD-д хуулбарлан ирүүлсэн тус компанийн тендерийн баримт бичгээс судлахад давуу эрх эдлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтдээ хавсаргах баримтуудыг ирүүлээгүй, тухайлбал тухайн орон нутгаас ажиллах хүч авах бол Хөдөлмөрийн хэлтсээс нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй тусгай мэргэжил бүхий иргэдийн судалгаа аваагүй, ямар мэргэжлийн хэдий хэмжээний ажиллах хүч авахаа тодорхойлоогүй байгаа нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 33.1-д “Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол /Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ын дагуу тооцно” гэж зааснаар дотоодын давуу эрх тооцох шаардлагыг хангаагүй нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нь Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 тоот албан бичигт “өмнө хүргүүлсэн албан тоотод дурьдсаны дагуу үнэлгээг хууль журамд нийцүүлэн хэрхэн хийсэн нь тодорхойгүй” хэмээн дурьдсанаар Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг хэрэгжүүлээгүй, үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийгээгүй гэх үндэслэлээр “Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 дугаартай шийдвэрийг биелүүлж тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Үнэлгээний хороо 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дахин үнэлгээ хийсэн болох нь Үнэлгээний хорооны 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэл, үнэлгээний тайлан, Үнэлгээний хорооны мөн өдрийн 02 тоот дүгнэлтүүд  зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү “Альянс тех" ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэйн дээр Сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй, дахин үнэлгээг хууль журамд нийцүүлэн хийгээгүй гэх хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул “Э” ХХК-ийг ялснаар шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчид гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1093 дугаартай зөвлөмж болон Барилга, хот байгуулалтын яам, “Э” ХХК-ийн хооронд 2016.7.29-ний өдөр байгуулсан тендерийн гэрээг тус тус хүчингүй болгуулах, Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 дугаартай шийдвэрийг биелүүлж тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолоор эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор мөн өдрөөс өмнө гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг бууруулан зайлшгүй шаардлагатай зардлыг батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэх, мөн өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалт зарлахгүй, гэрээ байгуулахгүй байхаар шийдвэрлэснийг, түүнчлэн энэ сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлж буй ажил нь 1000 айлын орон сууц, дунд сургуулийн байрыг хангах цэвэр, бохир, дулааны шугам сүлжээний ажил тул тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нөхцлийг харгалзан үзсэн болно.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан "Альянс-тех" ХХК-иас  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үнэлгээний хороо, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан “1/ Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарласан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Э” ХХК-ийг ялснаар шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, 2/ Захиалагчид гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1093 дугаартай зөвлөмж болон Барилга, хот байгуулалтын яам, “Э” ХХК-ийн хооронд 2016.7.29-ний өдөр байгуулсан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” ажил гүйцэтгэх 53 тоот гэрээг тус тус хүчингүй болгуулах, 3/ Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 дугаартай шийдвэрийг биелүүлж тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэ

рийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА