Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0788

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0788

   Улаанбаатар хот

 

 

“А Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “Г М М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0553 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0553 дугаар шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4-д тус тус заасныг баримтлан “А Х” ХХК-ийн гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэр, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 6/6864 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулж, “А Х” ХХК-ийн NE-026814 дугаартай Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 331 дүгээр шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- давж заалдах гомдолдоо:

“... "А Х" XXK нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлоо өөрөө тодорхойлоод албан ёсны цахим хаяг дээр холбогдох мэдээллийг байршуулан зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицолд багтсан Дорноговь аймгийн Алтан ширээт сумын нутагт орших 2627 га талбайд NE-026814 дугаартай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүх холбогдох баримт бичгийн хамт хуульд нийцүүлэн гаргасан. Мөн Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтсан байна.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр "өргөдөлд тусгагдсан талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай хэсэгчлэн давхцалтай" байна гэдэг үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

“Г М М" XXK нь Дорноговь аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд үүний дагуу Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт гаргах үйл ажиллагааны дотоод зааврын 2.5-д заасныг зөрчсөн.

Учир нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн 1986-1989 онд хийсэн 200,000-ны нарийвчлалтай 4377 дугаартай тайлан, 1989-1993 онд хийсэн 50.000-ны нарийвчлалтай 4726 тайлангуудаар тухайн талбай нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой мөнгө, зэс, ниоби, цирконы сарнилын хүрээнүүд бүхий ашигт малтмалын илрэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд талбайн хэмжээнд алт, хар тугалга, цагаан тугалга, мөнгө ванади, вольфрам зэрэг ховор болон холимог металлын геохимийн сарнилын хүрээ, алтны шлихийн хүрээ тогтоогдсон, металл бус ашигт малтмалын хувьд хайлуур жоншны илрэл тогтоогдсон Хар-айргийн хайлуур жоншны бүсэд хамаарч байхад бодит байдалд нийцээгүй, ердийн ашигт малтмалын ордод хамаарах талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгуулахаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан байдаг. Түүнчлэн уг дүгнэлтийг гаргах үед Ашигт малтмалын газар дээрх тайлангуудын талаар мэдэж байсан болох нь "хяналтын хуудас"-нд бичигдсэн байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр "Алтны илрэл давхцаж байгаа нь харагдаж байна. Тухайн талбайд алт, хайлуур жоншны илрэлүүд байгаа зэргээс үзэхэд N-026882 талбайд мөн төрлийн ашигт малтмал байх боломжтой" гэж дүгнэлт гарган тухайн байдлыг тогтоож өгсен.

Улмаар уг бодит бус дүгнэлтийг үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамжаар “Г М М” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус болсон бөгөөд энэ нь зохих журмын дагуу өргөдлөө гаргасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэл болжээ.

Дээрх журамд зааснаас үзэхэд шүүхийн "алтны илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрел өгөхийг хориглоогүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин "тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй" байхыг шаардсан нь түгээмэл тархацтай ашигт малтмалын бус Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын өргөдлийг ойлгохоор байгаа ба мөн хуульд түгээмэл тархацтай болон бусад ашигт малтмалын талбайг давхцуулан олгохгүй талаар заагаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь тухайн талбайд ашигт малтмал эрэх, хайх ажиллагаа явуулахаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн байхад шүүхээс "үйлдвэрийн ач холбогдолгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Үүнээс гадна "Ш О М" XXK нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны едөр буюу "А Х" ХХК-аас 2 хоногийн дараа өргөдлөө гаргасан нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байхад Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасныг хэрэглээгүй нь хууль зөрчсөн гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн.

Мөн нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд заасан талбай нь “Г М М" ХХК-ийн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байхад Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан "давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх" үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарласан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А Х” ХХК-аас “Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/6864 дүгээр дүгнэлт, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, “А Х” ХХК-ийн NE-026814 дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг” ойлгохоор, 5 дугаар зүйлийн 5.2-т “төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.5-д ”ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг” гэж тус тус заажээ.

 “Г М М” ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаснаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/1258 дугаар албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж заасны дагуу хайгуул хийх талбайн давхцалыг хянаж, тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг тогтоолгохоор тус компанийн материалыг хүргүүлсний хариуд Ашигт малтмалын газраас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Өргөдөлд дурдсан талбай нь ... Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлал тогтоогдоогүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэх 6/6864 дүгээр дүгнэлтийг гаргаж Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

Тус дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “А Х” ХХК-аас “...Улсын төсвийн хөрөнгөөр 1986-1989 онуудад 20000-ны хийсэн нарийвчлалтай 4377 дугаар тайлан, 1989-1993 онд хийгдсэн 50000-ны нарийвчлалтай 4726 дугаар тайлангуудыг компанийн зүгээс судалж үзэхэд тухайн талбай нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой ашигт малтмалын илрэл байх бүрэн боломжтой, тухайлбал, мөнгө зэс, ниоби цирконы сарнилын хүрээнүүд тогтоогдсон. Талбайн хэмжээнд хар тугалга, цагаан тугалга, мөнгө, ванади, вольфрам зэрэг ховор болон холимог металлын геохимийн сарнилын хүрээ, алтны шлихын хүрээ тогтоогдсон, металл бус ашигт малтмалын хувьд хайлуур жоншны илрэл тогтоогдсон. Хар-айргийн хайлуур жоншны бүсэд хамаардаг байна. Гэтэл ердийн ашигт малтмалын ордод хамаарах талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгуулахаар дүгнэсэн нь буруу ...” гэх үндэслэлээр Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/6864 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс тус дүгнэлтийг эс зөвшөөрсөн үндэслэлээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбогдуулан маргаагүй харин “тус талбайд өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн судалгаагаар эрдсийн хуримтлалтай гэж тогтоогдсон байхад Ашигт малтмалын газар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд эрдсийн хуримтлалгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй” гэж тодорхойлон маргасан байхад анхан шатны шүүх “...тусгай зөвшөөрөл эзэмшигч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т ...заасан үүрэгтэй, төдийгүй мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т ...үүргийг хүлээж байгаа тул ...6/6864 тоот дүгнэлтийг хууль бус гэж үзэх боломжгүй...” гэж нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байхаас гадна “...тус талбайд мөн төрлийн ашигт малтмал байх боломжтой гэж үзэж байна” гэжээ ... шүүх шинжээчийг маргаан бүхий NE-026882 тоот өргөдлийн талбайд ашигт малтмал байх боломжтой боловч үйлдвэрийн ач холбогдолтой эсэхийг дүгнээгүй...” гэж “эрдсийн хуримтлал байсан ч үйлдвэрлэлийн ач холбогдолтой бол түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” мэтээр хуулиар тогтоогоогүй шаардлагыг хууль ёсны шаардлага мэтээр дүгнэлт хийж нэхэмжлэлийн тус шаардлагыг үгүйсгэх үндэслэл болгосон байна. Үүнээс гадна “...алтны илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон заалт байхгүй...” гэж эрдсийн хуримтлал байгаа талаарх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн атлаа ийм төрлийн эрдсийн хуримтлал байсан ч түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн зөрчилтэй дүгнэлтийг хийж 6/6864 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 1986-1989 онд Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн 200.000-ны нарийвчлалтай 4377 дугаар тайлан[1], 1989-1993 онд хийсэн 50.000-ны нарийвчлалтай 4726 дугаар тайлан[2]-д Геологийн судалгааны төвийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “тухайн талбайд  эдийн засгийн өндөр ач холбогдолтой мөнгө, зэс, ниоби, цирконы сарнилын хүрээнүүд бүхий ашигт малтмалын илрэлтэй болох нь тогтоогдсон, талбайн хэмжээнд алт, хар тугалга, цагаан тугалга, мөнгө, ванади, вольфрам зэрэг ховор болон холимог металлын геохимийн сарнилын хүрээ, алтны шлихийн хүрээ тогтоогдсон, Хар-айргийн хайлуур жоншны бүсэд хамаарч байгаа” гэж дүгнэгдсэн, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7/2856 дугаар албан бичгээр шүүхэд гаргаж ирүүлсэн Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн архивт хадгалагдаж буй 4726, 4377 тоот тайлангууд, түүний хавсралт зурган мэдээлэл[3], ... Түгээмэл тархацтай ашигт малтмалаар олгогдсон ТХ-00049-DG талбайн хойд хэсэг нь 4726 тоот /хавсралт-1/ геологийн судалгаагаар тогтоогдсон ... шлихын сарнилын хүрээ /хавсралт 3/ мөн вольфрам ... висмут ... цагаан тугалга ... цайр ... молибден ...-ын литогеохимийн сарнилын хүрээ /хавсралт-6, 6/1/-тэй давхцаж байна. ТХ-00049-DG талбайн хойд хэсэгт Ашигт малтмалын хэтийн төлөвийн үнэлгээгээр эрэл-шалгуурын ажлыг хийхийг зөвлөмж болгосон /хавсралт-7,8/ талбайтай давхцаж байна. ТХ-00049-DG талбайн хойд хэсэгт алтны илрэл-7 давхцаж байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 7/2856 дугаар албан бичгийн хавсралтуудад дурдсан ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий талбайд ашигт малтмалын эрдсийн хуримтлалтай болох нь тогтоогдсон байна. 

Гэтэл Ашигт малтмалын газраас маргаан бүхий 6/6864 дүгээр дүгнэлтээр “...Өргөдөлд дурдсан талбай нь ...Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлал тогтоогдоогүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 11.1-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд “төрийн захиргааны байгууллага” гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.13-т “улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т ”Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”,  9.1.11-т “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай хамрагдсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7/4217 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн Кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл[4] гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй талбай Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор баталсан өргөдлөөр олгох талбайн солбицол хамрагдаж байгаа  талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Ийнхүү Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тус талбайд өргөдлийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамруулсан, түүнчлэн Улсын төсвийн хөрөнгөөр 1986-1989 онд 200000, 1989-1993 онд 50000 нарийвчлалтай хийгдсэн тайлангуудаар төсвийн эх үүсвэрээр геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа болон геологийн эрэл, хайгуулын ажил хийгдэж, ашигт малтмалын эрдсийн хуримтлалтай болох нь тогтоогдсон байхад “...эрдсийн хуримтлалгүй” гэж бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй байдлаар дүгнэлт гаргаж хүргүүлсний улмаас нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор заасан талбайд багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай давхцуулан Дорноговь аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамжаар “Г М М” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдох нөхцөлийг үүсгэсний улмаас хуульд заасан журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хангагдах үндэслэлгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байна.

Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а-40 дүгээр тушаалаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт гаргах үйл ажиллагааны дотоод заавар”-ыг баталсан байх бөгөөд тус зааврын 2.5-д “Зураг зүйн шүүлт болон Геологийн албаны шүүлтээр өргөдлийн талбай нь ... мөн эрдсийн хуримтлал бүхий талбайтай давхцалтай тохиолдолд өргөдөл хариуцсан мэргэжилтэн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй талаар дүгнэлтийн төслийг ажлын 1 өдөрт багтаан боловсруулна” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт гаргах үйл ажиллагааны дотоод заавар”-ын 2.5-д заасныг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан “Г М М” ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас[5]-т Au ! /1:50000 судалгаа/ гэж тэмдэглэгдсэн нь хэрэгт авагдсан тус хяналтын хуудас гэх баримтаас үзвэл тус өргөдлийг хянах үед хариуцагч нь Улсын төсвийн хөрөнгөөр 1989-1993 онд хийсэн 50.000-ны нарийвчлалтай 4726 дугаар тайлангийн талаар мэдэж байсан гэж үзэхээр байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын    04-ний өдрийн 6/6864 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Ашигт малтмалын газрын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор “өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оор заасан талбайд хамрагдсан, түүнчлэн Улсын төсвийн хөрөнгөөр 1986-1989 онд 200000, 1989-1993 онд 50000 нарийвчлалтай хийгдсэн тайлангуудаар нэгэнт эрдсийн хуримтлалтай болох нь тогтоогдсон байхад “...Өргөдөлд дурдсан талбай нь ...Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлал тогтоогдоогүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэн гарсан байх тул нь “Г М М” ХХК-д тус аймгийн Алтанширээ сумын “Баян ширээ” хэмээх газарт орших 390 га талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаагаар олгож шийдвэрлэсэн Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч  өргөдөл гаргасан цаг хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойно буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын А/572 дугаар захирамжаар “Г М М” ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдох хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газар нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд “Г М М”, “А Х” ХХК-уудын өргөдөлд дурдсан талбайг Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолд заасан өргөдлөөр олгох талбайд хамрагдаж байгааг, мөн улсын төсвийн хөрөнгөөр ашигт малтмалын эрдсийн хуримтлал тогтоогдсон талбай болох талаар судалж мэдэх буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бус харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар шийдвэр гаргах, 6/6864 дүгээр дүгнэлтийг залруулах бүрэн боломжтой байсан байна. 

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газар өргөдөлд заасан талбай Засгийн газрын тогтоолоор заасан өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд хамрагдсан эсэх, мөн улсын төсвийн хөрөнгөөр эрдсийн хуримтлалтай болох нь судлагдаж тогтоогдсон эсэх талаар хянан шалгах үүргээ хэрэгжүүлж, энэ талаарх баримтуудад үндэслэн бодитой үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн бол гуравдагч этгээд “Г М М” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдох нөхцөл байдал үүсэхгүй, улмаар “А Х” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 03-нд тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл хамгийн түрүүлж гаргасан өргөдлийн шаардлагыг хангасан байжээ.

Иймээс хариуцагчийн “... “Г М М” ХХК түрүүлж өргөдөл гаргасан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

“А Х” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2627 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл Кадастрын өргөдлийн бүртгэлийн ХА-019833,  NE-026882 дугаарт бүртгэгдсэнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

3. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 4 сар гаруй хугацааны дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “... хүсэлтэд дурдсан талбай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай хэсэгчлэн давхцалтай ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь буруу байна.

4. Нэхэмжлэгчээс гаргасан ХА-019833, NE-026882 дугаарын өргөдлүүдэд  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 199 дүгээр тус шийдвэрээр татгалзсан харин нэхэмжлэгчээс тус шийдвэрийн NE-026882 дугаарын  өргөдөлтэй холбогдуулан маргасан байх тул шүүх тус шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчээс Кадастрын хэлтсийн даргын 199 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Ашигт малтмалын газар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй холбогдуулан тус зөвшөөрлийг олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргахдаа “...улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн судалгаануудаар ашигт малтмалын эрдсийн хуримтлалтай гэж тогтоогдсон байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохоор дүгнэлт гаргасан, тус дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн манай талбайтай давхцуулан “Г М М” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь улмаар манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай гэж, мөн сүүлд гаргасан “Ш О М” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлгүй” гэж тодорхойлон маргасан байхад анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “ ...өргөдлийг хянаад хэсэгчлэн давхцалтай байна гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, ... “А Х” ХХК-д хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 ... , 19.2.4-д ... өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байна” гэж маргаж буй үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 199 дүгээр шийдвэртэй холбогдуулан “ ...”Ш О М” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр буюу “А Х” ХХК-аас 2 хоногийн дараа өргөдөл гаргасан нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байхад Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасныг хэрэглээгүй, хууль зөрчсөн...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын газар нь анхнаасаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлэхдээ бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт гаргаж хүргүүлсэн, тус дүгнэлтийг үндэслэн “Г М М” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь мөн үндэслэлгүй болсон байх тул Кадастрын хэлтсийн даргын маргаан бүхий 199 дүгээр шийдвэрээр “... түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай хэсэгчлэн давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “А Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна. 

Хариуцагчийн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэртэй холбогдуулан  “... зураг зүйн шүүлтээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан ТХ-0022DG,TX-00049DG дугаартай өргөдлийн талбайтай давхцалтай байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан шаардлагыг хангаагүй, ... Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг 1282.14 гектар бүхий талбайд “Ш О М” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг ... ХА-019833-001 NE /NE-026882 дугаарт бүртгүүлсэн ... тус өргөдөл нь хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг ... хангаж байсан ... хуулийн 19.3-т заасны дагуу тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн ... хуулийн 19.4, 19.6-д заасныг үндэслэн ...хайгуулын XV-019917 тоот  тусгай зөвшөөрлийг олгосон...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч “А Х” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр түрүүлж өргөдөл гаргасан, тус өргөдөл бүртгэгдсэн, улмаар тус өргөдөл шийдэгдээгүй байхад нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай давхцуулан 2 хоногийн дараа өргөдөл гаргасан “Ш О М” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “түрүүлж гаргасан өргөдлийн талбайтай давхцаагүй” гэж үзэж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 199 дүгээр шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасантай нийцээгүй хууль бус байх бөгөөд тус шийдвэрийн улмаас тогтоосон журмын дагуу тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Иймд нэхэмжлэгчид шударга бусаар хандсан, хуульд нийцээгүй Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийн  NE-026882 дугаар өргөдөлд хамаарах хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хар уул нэртэй 1282.14 га талбайд “Ш О М” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...манай компанийн NE-026882 дугаар өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Ашигт малтмалын газар өргөдөл гаргасан байсан, уг өргөдлийн талбайд маргаантай байгааг мэдсээр байж, шүүх дээр маргаж байх хугацаанд манай гаргасан өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцуулж, сүүлд өргөдөл гаргасан “Ш О М” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус ...” гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 19.1.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх”, 19.1.3-т “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.1.4-т “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох” гэж заажээ.

Гуравдагч этгээд “Ш О М” ХХК-ийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Хар уул нэртэй газар 1281 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл,  Ашигт малтмалын газарт 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 44 минутад бүртгэгдсэн болох нь, харин нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн мөн сумын нутагт 2627 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026814 дугаар өргөдөл[6] 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 8 цаг 16 минутад бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан “Ш О М” ХХК-ийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод  хяналтын хуудас[7]”-т “өмнө өгсөн түгээмэл тархацтай өргөдөлтэй давхцалтай, 19833 тоот “А Х” ХХК-ийн өргөдөл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөдлийн бүртгэлээс хасагдсан” гэж тэмдэглэснээс үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь “А Х” ХХК-ийг түрүүлж өргөдөл гаргасныг мэдэж, хүлээн зөвшөөрсөн байх боловч нэхэмжлэгчийн өргөдөлд хүссэн талбай нь бүхэлдээ “түгээмэл тархацтай ашигт малтмалын талбайтай давхцалтай мэтээр, түүнчлэн нэхэмжлэгчээс сүүлд өргөдөл гаргасан байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд “Ш О М” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн NE-026882 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хар уул нэртэй 1282.14 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, 18 дугаар зүйлийн 18.1-т “энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасантай нийцээгүй хууль бус байна.

Тус хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээд “Ш О М” ХХК-аас түрүүлж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуульд заасан журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох  хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “Ш О М”  ХХК-ийн гаргасан өргөдөл хуулийн шаардлага хангасан эсэх талаар дурдан бичиж, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна. 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ашигт малтмалын газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргын 6/6864 дүгээр дүгнэлт, “Г М М” ХХК-д түгээмэл тархацтай, “Ш О М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, нэхэмжлэгч “А Х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр үйл ажиллагаа үндэслэлгүй, хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн NE 026814 дугаар өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Түүнчлэн “А Х” ХХК-ийн өргөдлийн талбай нь “Ш О М”, “Г М М” ХХК-уудын өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай болох талаар Кадастрын хэлтсийн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод тэмдэглэгдсэн атал хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчид давхцаагүй талбайд өргөдөл гаргах боломжтой талаар мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүйг, 

мөн нэхэмжлэгч “А Х” ХХК-ийн гаргасан NE-026814  дүгээр өргөдлийн талбай, гуравдагч этгээд “Г М М” ХХК-ийн ТХ-00049 DG, “Ш О М” ХХК-ийн NE-026882 дугаар өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай болох нь хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/3305 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Кадастрын тойм зураг[8], мөн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6/4307 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Кадастрын тойм зураг[9], “Г М М” ХХК-ийн тайлбарт хавсаргасан тус компанийн ТХ-00049 DG тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын өргөдлийн Кадастрын зураг[10], Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрий 1/682 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт хавсаргасан 19833Х тоот хайгуулын өргөдлийн тойм зураг[11], гуравдагч этгээд “Ш О М” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14/16 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбарт хавсаргасан NE-0268148 NE-026882 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн байршлын зураг[12], Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 7/4217тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тойм зураг[13] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болохыг, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн өргөдлийн талбайнууд давхцалтай талаар хэргийн оролцогчид маргаагүйг тус тус тэмдэглэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.11, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 17 дугаар зүйлийн 17.2.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2, 14.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/6864 дүгээр дүгнэлт, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 199 дүгээр шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 331 дүгээр шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/572 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, “А Х” ХХК-ийн NE-026814 дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮГЧ                                          Ц.САЙХАНТУЯА

                                    ШҮҮГЧ                                          Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                          Н.ХОНИНХҮҮ