Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 26

 

Ц.Б, Д.О нарын нэхэмжлэлтэй, ОА-ийн ЗД, ОА-ийн УБХ-т

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Х.Батсүрэн

                         Б.Мөнхтуяа

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Оийн ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “О аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын дугаар 17-ны өдрийн 206 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод 486 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, О аймгийн Засаг даргын 1997 оны 12 дугаар сард П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”

ОА-ийн УБХ-т холбогдуулан гаргасан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдэл, Ц.Бгийн газар өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Ц.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах”

Ц.Бгийн ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.От холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

ОА-ийн УБХ-т холбогдуулан гаргасан “Маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0562 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:                                              

Нэхэмжлэгч: Ц.Бгийн өмгөөлөгч М.Г, Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар,

Нэхэмжлэгч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 5.1.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Бгийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.От холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Маргаан бүхий газар, газар дээр байрлах 23 м.кв зөөврийн орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдлүүд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Оийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын сарын 17-ны өдрийн 206 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод 486 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, “Орхон аймгийн Засаг даргын 1997 оны 12 дугаар сард П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Бгийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Г.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0562 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Тус хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянаад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0562 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0562 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судлаагүй, болсон үйл баримтад үнэн, зөв дүгнэлт хийгээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй...” гэж дүгнэсэн. Гэвч үүнийг дараах байдлаар эс хүлээн зөвшөөрч байна.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй гэсэн тухайд:

5.1. Нэхэмжлэгч анх 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаар захирамжийн П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод 486 метр.кв газар олгосон гэх хэсгийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба үүний дараа Ц.Бгийн нэхэмжлэл бүхий хэргийг нэгтгэсэнтэй холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Орхон аймгийн Засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Улсын бүртгэлийн 558 дугаар бүхий Иргэний газар ашиглуулах гэрээ, 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Иргэнд газар ашиглуулах тухай 577 дугаар гэрчилгээ олгосон үйлдлүүд болон тухайн гэрээ, гэрчилгээ илт хууль бус болохыг тогтоолгох, П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Ц.Бгийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээг хүчингүйд тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

5.2. Гэвч Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай” 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Орхон аймгийн Засаг даргын 1997 оны 12 сард П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон үйлдэл, Ц.Бгийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Ц.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээг хүчингүйд тооцуулах”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа өөрчилсөн.

5.3. Ингэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “1990 оноос Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газар, түүн дээр байрлах орон сууцанд орж амьдарсан ба одоог хүртэл тус газар болон орон сууцанд амьдарсаар ирсэн. Гэтэл Орхон аймгийн Засаг дарга миний амьдарч байсан газрыг надад болон манай гэр бүлийнхэнд мэдэгдэлгүйгээр 1997 онд П.Цд газар ашиглуулах, улмаар цаашид өмчлүүлэх үйл ажиллагаа явуулсан байна. Энэ талаар би энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Ийнхүү Засаг даргын П.Цд газар ашиглуулах, газар өмчлүүлүүлэхээр явуулсан үйл ажиллагаанууд нь хууль зөрчсөн, миний газар өмчлөх эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа болжээ.

5.4. Мөн Улсын бүртгэлийн байгууллагын П.Ц, Ц.Б нарын газар өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл нь дээрх Засаг даргын хууль бус ажиллагаа шийдвэрүүдийг үндэслэн хийгдсэн, иргэн миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан хууль бус бүртгэл болсон байна” гэж тайлбарласан нь Засаг даргын П.Цд газар ашиглуулсан, өмчлүүлсэн гэх үйлдлүүд, үүний улмаас хийсэн улсын бүртгэл нь нэхэмжлэгчийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот төрөөс хувьчилсан орон сууцны газрыг өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт байсан тухай тайлбарласан гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалттай нийцэж байна гэж үзэж байна. Иймээс Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй байна.

6. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэсэн тухайд:

6.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 дүгээр тоот албан бичгээр Д.О, П.Ц нарын газар өмчлөхтэй холбогдсон бүх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан, мөн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугааар тоот албан бичиг зэргээр Д.О, П.Ц нарт газар өмчлүүлсэн гэх хувийн хэргийг эх хувиар нь холбогдох байгууллагуудаас авч хавтаст хэрэгт хавсаргасан ба тус хувийн хэрэгт Д.О, П.Ц нарын газар өмчлөхтэй холбогдуулан гаргаж өгсөн бүх баримт бичгүүд эх хувиараа байгаагаас гадна өөр бусад байдлаар Д.О, П.Ц нарын газар, үл хөдлөх хөрөнгө ашиглах, эзэмших, өмчлөхтэй холбогдсон бүхий л нотлох баримтууд хангалттай бүрдсэн гэж үзэж байна. Энэ нь дараа дараагийн тайлбаруудаас тодорхой харагдах болно.

6.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар дурдаад “...хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Оээс 2012 онд газар өмчлүүлэх талаар хүсэлт гаргахаас өмнө тус газрыг ашиглах, эзэмших, өмчлөх талаар эрх бүхий этгээдэд хандаж хүсэлт гаргаж байсан эсэх, түүнд газар эзэмшүүлэх, ашиглуулах, талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байсан эсэх нь тодорхойгүйн дээр 2009 онд П.Цд газар өмчлүүлсэн захиргааны шийдвэр түүний эрхийг ямар байдлаар хөндөж байгааг буюу өөрөөр хэлбэл, Д.От газар өмчлөх эрх үүсэхээс өмнө П.Цд газар өмчлүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар шалтгаан үндэслэлээр зөрчиж буй эсэх нь тодорхойгүйн дээр Д.О, П.Ц нарт өмчлүүлсэн газар давхцалтай эсэхийг шүүх тогтоогоогүйн улмаас нэхэмжлэгч нарын маргаж буй захиргааны байгууллага, албан тушаалтны газар эзэмшүүлэх, өмчлүүлэхтэй холбоотой шийдвэр үйл ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй...” гэжээ. Тэгвэл үүнийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн судалж дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

7. Иймээс Орхон аймгийн Засаг даргын П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газрыг ашиглах, өмчлүүлэх талаар гаргасан шийдвэр, үйлдлүүд нь Д.Оийн төрөөс эзэмшүүлж, өмчлүүлсэн орон сууцныхаа газрыг өмчлөх эрхийг хөндсөн хууль бус үйлдэл байсан гэдгийг дараах байдлаар дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй байна. Үүнд:

7.1. Орхон аймгийн Засаг дарга П.Цд газар ашиглуулсан, өмчлүүлсэн гэх үйлдэл нь Д.Оийн газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн. Д.О нь 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс Цагаанчулуут багийн ДЦС-ын 03 тоот орон сууцыг газрын хамт ДЦС-аас олгосон Орон сууц ашиглалтын гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж эхэлсэн байна. Энэ үед тухайн газар нь тухайн байгууллагын шугам сүлжээ бүхий, орон сууцны хамт нэг бүхэл бүтэн цогц үл хөдлөх хөрөнгө байсан. Одооч тухайн шугам сүлжээ бүхий орон сууц хэвээр байгаа ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл бүхий нотлох баримтаар нотлогддог. Эрдэнэт ДЦС ХК-ын захирлын 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 156 дугаар тушаалаар Д.Оийн эзэмшиж байсан орон сууцыг байгууллагын эзэмшлээс Д.Оийн эзэмшилд бүрмөсөн шилжүүлж улмаар уг орон сууцуудыг хувьчлуулах асуудлыг шийдвэрлүүлэхийг эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Ингээд мөн компанийн захирлын 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/410 дугаар албан бичгээр Орхон аймгийн Засаг даргад дээрх орон сууцуудыг хувьчилж өгөхийг хүссэнээр Орхон аймгийн орон сууц хувьчлалын товчооны хурлын 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ДЦС-ын гэх 45 айлын орон сууцыг хувьчилснаас ДЦС-ын 03 тоот 23 м.кв орон сууцыг Д.От хувьчилж Д.О, Д.Д, Д.М, Д.М нарт Орон сууц өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгосон. Д.О нар нь Орон сууц өмчлөх эрхээ 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ү-2101009419 дүгээр улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байдаг. Ийнхүү Д.О нар нь төрийн байгууллагаас 1990 оноос 2004 он хүртэл эзэмшүүлж байгаад дараа нь 2004 онд төрөөс хувьчилсан орон сууцаа хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилж байгаа нь өөрөө тухайн орон сууцны газрыг тэргүүн ээлжид өмчилж авах эрхийг үүсгээд байгаа юм.

7.2. Гэтэл Орхон аймгийн Засаг дарга дээрх эрхийг зөрчин иргэн П.Цд оноос Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод газрыг 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс Иргэний газар ашиглуулах гэрээ, Газар ашиглах гэрчилгээ хууль зөрчин олгосон байдаг. Аймгийн Засаг дарга нь газрыг ашиглуулах дээрх шийдвэрүүдийг гаргахдаа 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар “сум дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил үйлдвэрлэл эрхлэхээр байхын бол аж ахуйн зориулалтаар иргэн аж ахуйн нэгжид газар ашиглуулах шийдвэр гаргадаг эсхүл мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д тусгай хэрэгцээний газрыг иргэн аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах шийдвэр гаргадаг мөн газар ашиглуулахдаа мөн хуулийн 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь хэсэгт заасныг баримтлах байсаар атал баримтлаагүй хуулийн эдгээр заалтуудыг зөрчсөн байдаг. Тухайлбал, П.Цд ашиглуулсан гэх Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газар нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан аж ахуйн зориулалттай үйлдвэрлэл эрхлэх газар биш байсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасан тусгай зориулалтын газар биш харин тухайн үед ДЦС-ын ажилчдын орон сууцанд зориулагдсан, ДЦС-ын зүгээс тухайн орон сууцанд зориулж байгуулсан шугам сүлжээ бүхий газар байдаг. Мөн газрыг ашиглуулахдаа Газрын тухай хуулийн 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар сумын Засаг даргын санал шийдвэрийг огт аваагүй байдаг.

7.3. Ингэснээр Орхон аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйлд заасан тухайн газрыг ашиглах, эзэмших талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулаагүй, ашиглуулж болох эсэх тухай асуудлыг нягтлаагүйгээс байгууллагын мэдлийн орон сууцны газрыг бусдад ашиглуулах гэрээ гэрчилгээ гаргасан хууль зөрчсөн үйлдэл гаргасан байдаг. Дараа нь Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжаар П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот 486 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг ба ингэхдээ дараах баримт бичигт үндэслэн байдаг. Үүнд: Иргэн Г.Гийн П.Цгийн нэр дээр гаргасан /тухайн үед П.Цд газар өмчлөх хүсэл зориг байсан эсэх нь тодорхойгүй/ 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот 942 м.кв. газрыг шинээр анх удаа өмчилж авах өргөдөл олгосон. Д.О нар нь Орон сууц өмчлөх эрхээ 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ү-2101009419 дүгээр улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байдаг. Ийнхүү Д.О нар нь төрийн байгууллагаас 1990 оноос 2004 он хүртэл эзэмшүүлж байгаад дараа нь 2004 онд төрөөс хувьчилсан орон сууцаа хууль ёсны дагуу эзэмшиж, өмчилж байгаа нь өөрөө тухайн орон сууцны газрыг тэргүүн ээлжид өмчилж авах эрхийг үүсгээд байгаа юм.

8. Гэтэл Орхон аймгийн Засаг дарга дээрх эрхийг зөрчин иргэн Цэцгээд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод газрыг 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс Иргэний газар ашиглуулах гэрээ, Газар ашиглах гэрчилгээ хууль зөрчин байж олгосон байдаг. Орхон аймгийн Засаг дарга нь газрыг ашиглуулах дээрх шийдвэрүүдийг гаргахдаа 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар “сум дүүргийн Засаг даргын саналыг харгалзан аймгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий ажил үйлдвэрлэл эрхлэхээр байхын бол аж ахуйн зориулалтаар иргэн аж ахуйн нэгжид газар ашиглуулах шийдвэр гаргадаг эсхүл мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “тусгай хэрэгцээний газрыг иргэн аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулах шийдвэр гаргадаг мөн газар ашиглуулахдаа мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3 дахь заалт, 30, 31 дүгээр зүйлүүдийг баримтлах байсаар атал баримтлаагүй хуулийн эдгээр заалтуудыг зөрчсөн байдаг. Тухайлбал: П.Цд ашиглуулсан гэх Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газар нь Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан аж ахуйн зориулалттай үйлдвэрлэл эрхлэх газар биш байсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д заасан тусгай зориулалтын газар биш харин тухайн үед ДЦС-ын ажилчдын орон сууцанд зориулагдсан, ДЦС-ын зүгээс тухайн орон сууцанд зориулж байгуулсан шугам сүлжээ бүхий газар байдаг.

9. Мөн газрыг ашиглуулахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 30, 31 дүгээр зүйлд зааснаар сумын Засаг даргын санал шийдвэрийг огт аваагүй байдаг. Ингэснээр Орхон аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан тухайн газрыг ашиглах, эзэмших талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулаагүй, ашиглуулж болох эсэх тухай асуудлыг нягтлаагүйгээс байгууллагын мэдлийн орон сууцны газрыг бусдад ашиглуулах гэрээ гэрчилгээ гаргасан хууль зөрчсөн үйлдэл гаргасан байдаг.

10. Дараа нь Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжаар П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот 486 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг ба ингэхдээ дараах баримт бичигт үндэслэсэн. Иргэн Г.Гийн П.Цгийн нэр дээр гаргасан 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот 942 м.кв. газрыг шинээр анх удаа өмчилж авах өргөдөл, Орхон аймгийн Засаг дарга 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс Иргэний газар ашиглуулах гэрээ, Газар ашиглах гэрчилгээний хуулбар, П.Цгийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн нотариатаар батлуулсан Иргэний үнэмлэхийн хуулбар Урт булаг багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, энэ тодорхойлолт нь П.Цг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн биш, Урт булаг багийн 5-24-67 тоотод амьдардаг гэж тодорхойлсон байдаг. П.Цг ДЦС-ын 03 тоотод суудаг нь үнэн гэсэн Баянцагаан багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг үндэслэсэн байдаг.

11. Тэгвэл Орхон аймгийн Засаг даргын газрыг өмчлүүлсэн гэх энэ үйлдэл мөн л Д.Оийн төрөөс хувьчилсан орон сууцны газрыг өмчлөх эрхийг хөндсөн, хууль зөрчсөн хууль бус үйлдэл болсон байдаг. Тухайлбал, Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.6-д зааснаар иргэний газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг хүлээн аваад 3 сарын дотор хянан шийдвэрлэдэг. Харин Иргэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т зааснаар өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй. Тэгвэл Засаг дарга дээрх хуулийн заалтуудын дагуу иргэний бүрдүүлсэн баримт бичгүүдийн үнэн зөв эсэхийг шалгаагүй, хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, П.Цгийн газар өмчлөхөөр хүссэн өргөдөл болон өргөдөлд хавсаргасан баримтууд нь бүгд хоорондоо зөрүүтэй хугацаа дууссан хүчин төгөлдөр бус бодит байдалд үл нийцсэн хууль бус нотлох баримтууд байхад Засаг даргаас нягталж үзэлгүйгээр газар өмчлөх шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл болсон байдаг. Тухайлбал, П.Цгийн гэх газар өмчилж авахыг хүссэн өргөдөл нь Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар баталсан Шинээр газар өмчилж авахыг хүссэн иргэний өргөдөл байсан. Тэгвэл Засаг дарга анх удаа шинээр газар өмчилж авах эрхтэй иргэн мөн эсэхийг, мөн өөр бусад зүйлүүдийг шалгаж нягтлах ёстой байсан атал шалгаагүй байдаг.

12. П.Ц нь дээрх өргөдлийг гаргахаас өмнө нь Орхон аймгийн Баянцагаан багийн 1-4 тоотод 962 м.кв газрыг 1998 оны газар ашиглах гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байгаад 2004 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаар захирамжаар үнэ төлбөргүйгээр гэр бүлийн гишүүдийн хамт өмчилж авсан байсан. Өөрөөр хэлбэл, 2004 онд газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхээ эдэлчихсэн, энэ өмчилсөн байдал нь хүчин төгөлдөр хэвээр байсаар байхад дахин давхар газар өмчлүүлсэн хууль бус үйлдэл болсон. П.Ц газар өмчилж авахыг хүссэн өргөдөлдөө Баянцагаан ДЦС-ын 03 тоот газрыг ашиглах гэрээ, гэрчилгээнийхээ хуулбарыг хавсаргасан байдаг. Тэгвэл эндээс юу ажиглагдаж байна вэ гэхээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т зааснаар эзэмшиж ашиглаж байсан газраа тэргүүн ээлжид үнэ телбөргүй өмчилж авах хүсэлт байна гэж үзэхээр байгаа юм. Тэгвэл Засаг дарга П.Цг үнэхээр тэргүүн ээлжид газраа өмчилж авах иргэн мөн эсэх эзэмшиж ашиглаагүй ч ер нь тухайн газрыг өмчилж авах эрхтэй этгээд мөн эсэхийг шалгах ёстой байсан. Гэтэл мөн энэ байдлыг шалгаж нягтлаагүй байдаг. Яагаад гэхээр П.Цгийн газар ашиглах гэрээ гэрчилгээнийх нь хугацаа 2002 онд дуусчихсан байсан. Сунгасан тухай ямар нэг баримт бичиг байгаагүй. Тэгэхээр П.Ц тэргүүн ээлжид газраа үнэ төлбөргүй газар өмчилж авах эрхтэй иргэн биш байсан.

13. Дараа нь Баянцагаан ДЦС-ын 03 тоот газрыг өмчлөх хүсэлт байсан учраас ДЦС-ын ажилчдын орон сууцны өмчлөгч мөн эсэх, тухайн байранд амьдарч байгаа эсэхийг шалгах ёстой байсан ч шалгаагүй. Учир нь Баянцагаан ДЦС-ын 03-аас 45 хүртэлх бүх орон сууцыг Аймгийн Засаг дарга өөрөө буюу Орон сууц хувьчлах товчооноос тухайн айлуудад нь хувьчлаад өгчихсөн, харин газрыг нь тухайн айлуудад өмчлүүлж байсан. Гэтэл П.Ц энэ өргөдлийг гаргах үедээ ДЦС-ын 03 тоотод огт амьдарч байгаагүй. Амьдарч байгаагүй гэдэг нь Уртбулаг багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолтоор нотлогддог. Тус тодорхойлолтод П.Цг Уртбулаг багийн 5-24-67 тоотод иргэн Г.Гийн хамт амьдардаг гэсэн байдаг. Гэтэл Д.О тус газартаа анх 1990 оноос эхлэн 28 жил амьдарсаар өнөөдрийг хүрсэн, тус газраас холдож байгаагүй байна. Харин П.Ц нь Баянцагаан багийн 1-4 тоотод 962 м.кв газар, Баянцагаан ДЦС-ын 03 тоот 304 м.кв хоёр газрыг 2004 , 2009 онд тус тус давхар өмчилж авсан байдаг. Ийм учраас Орхон аймгийн Засаг даргын 1997 оноос П.Цд газар ашиглуулсан гэх үйлдэл нь 1994 оны Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5, 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт, 2009 онд П.Цд газар өмчлүүлсэн гэх үйлдэл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зүйл заалтыг тус тус зөрчсөн, Д.Оийн төрөөс хувьчилсан орон сууцны газраа эзэмших өмчлөх эрхийг хөндсөн илт хууль бус үйлдэл болох нь харагддаг.

14. Анхан шатны шүүхээс П.Цг маргаан бүхий газрыг 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвшөөрөлтэйгөөр хуулийн дагуу эзэмшиж ашиглаж байгаагүй, түүний газар ашиглах эрх дуусгавар болсон байна. Иймээс П.Цд газар ашиглуулсан гэх Засаг даргын үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж Д.Оийн П.Цд газар ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

15. Харин Д.О төрийн өмчит байгууллагын орон сууцыг газрын хамт хууль ёсоор эзэмшиж байгаад орон сууцаа өмчилж авсны дараа 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр орон сууцны газраа өмчилж авахаар холбогдох байгууллагад өргөдөл хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргаснаар Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 213 дугаар захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот 398 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Дараа нь Д.О нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уг өмчилж авсан газраа улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулахаар өргөдөл, мэдүүлэг гаргасныг Улсын бүртгэл мөн өдөр бүртгэж баталгаажуулж Д.От газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2101010608 дугаарт бүртгэж 000130189 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байдаг. Энэхүү Д.От орон сууц өмчлүүлсэн гэх үйлдэл, орон сууц өмчлөх эрхийг бүртгэсэн үйлдэл, газар өмчлүүлсэн, газар өмчлөх эрхийг бүртгэсэн гэх Засаг дарга болон Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдлүүд нь хууль тогтоомжийн дагуу явагдсан учраас дээрх газар үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

16. Дээрх үйл баримтад дүгнэлт хийхэд П.Ц Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газрыг 2009 онд өмчлөхдөө тухайн газрыг ашиглаж, эзэмшиж байгаагүй мөн тухайн цаг үед өөр газар гэр бүлийн гишүүдийн хамт өмчлөөд авчихсан, газрыг дахин үнэ төлбөргүй өмчлөх эрхгүй этгээд байсан. Харин Д.О 2012 онд газар өмчилж авах үедээ тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг 1990 оноос төрийн өмчит байгууллага, төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж өмчилж байсан байна. Иймээс анхан шатны шүүхээс Д.От газрыг өмчлүүлсэн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна.

17. Иймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс П.Цг маргаан бүхий газрыг 2009 онд П.Ц, 2012 онд Д.О өмчилж авах үед хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах гэрээ хэнд нь ч байгаагүй гэж үзэж уг газар дээр үл хөдлөх хөрөнгө өмчилж, амьдарч байсан Д.От газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 206 дугаар захирамжийн П.Цд холбогдох хэсгийг хууль бус, үүний улмаас нэхэмжлэгч Д.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүх үйл явдалд зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

18. Д.О, П.Ц нарт өмчлүүлсэн газар давхцалтай эсэхийг шүүх тогтоогоогүй гэсэн тухайд талууд маргаж буй газрын байршлын талаар нэг газар гэдгийг хүлээн зөвшөөрч огт маргаагүй. Нэг газар гэдэг нь ч хавтаст хэрэгт авагдсан талуудаас гаргаж өгсөн кадастрын зургаар нотлогддог.

19. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй О.М, О.М нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж нэхэмжлэлийн хувийг гардуулж холбогдох ажиллагааг хийх үүрэгтэй гэсэн тухайд О.М, О.М нар нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргаж “...Ц.Б нь Д.О, О.М, О.М бидний орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа хэдий ч тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийн биеэр оролцохгүй болно. Тус хэрэгт бидний ээж Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулахад татгалзах зүйлгүй” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсээр байхад шүүх тэдгээрийг заавал гуравдагч этгээдээр татах шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчээр татан оролцуулах нь зохимжгүй гэж үзэж байна.

20. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 562 дугаартай магадлал үндэслэл бүхий гарч чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

22. Учир нь, магадлалд заасан “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй” гэсэн үндэслэл нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхөөргүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц үндэслэл биш байна.

23. Тодруулбал, анхан шатны шүүх “Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 206 дугаар захирамжийн П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоотод 486 м.кв. газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “П.Ц нь гэр бүлийн гишүүдийн хамтаар Орхон аймгийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 247 дугаар захирамжаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, 1-04 тоотод байрлах 962 м.кв талбай бүхий газрыг өмчилж авсан, гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар захирамжаар П.Цд маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагчаас өмнө нь газар үнэгүй өмчилж авсан байдлыг тогтоогоогүй, газар өмчилж авах эрхтэй этгээд болохыг бүрэн нотлолгүйгээр дахин үнэ төлбөргүй газар өмчлүүлсэн нь Монгол улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4. “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэснийг тус тус зөрчсөн, П.Ц нь 2001 оноос хойш маргаан бүхий газарт амьдраагүй, харин нэхэмжлэгч Д.Оийн хувьд 1990 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд уг газар дээрх 23 м.кв бүхий орон сууцыг 2004 онд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хувьчлан авсан, иймээс түүний эрх хамгаалагдах үндэслэлтэй” талаар зөв дүгнэсэн байна.

24. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “2009 онд П.Цд газар өмчлүүлсэн захиргааны шийдвэр нэхэмжлэгчийн ямар эрхийг хөндөж байгааг зөрчсөн нь тодорхойгүйн дээр Д.О, П.Ц нарт өмчлүүлсэн газар давхцалтай эсэхийг шүүх тогтоогоогүйн улмаас нэхэмжлэгч нарын маргаж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна” гэсэн нь үндэслэлгүй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-17-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.  

25. Нэхэмжлэгч нарын маргаж буй газар нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот буюу нэг газар бөгөөд П.Ц нь 486 м.кв, Д.О нь 398 м.кв газар өмчлөх эрхтэй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй байхад “маргаан бүхий газар давхцалтай эсэхийг тогтоогоогүй” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ач холбогдолгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 18/ үндэслэлтэй.

26. Мөн Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй О.М, О.М нарыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэсний дагуу гуравдагч этгээдээр татан оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, холбогдох ажиллагааг хийх үүрэгтэй” гэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь О.М, О.М нар нь нэхэмжлэгч Д.Отэй нэгдмэл ашиг сонирхолтойгоос гадна “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, бидний ээж Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар буюу хүсэлтээ илэрхийлсэн байхад шүүх тэднийг заавал гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй. Иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 19-т заасан хяналтын гомдол үндэслэлтэй.

27. Мөн нэхэмжлэгч Д.От маргаан бүхий газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байсан эсэх, мөн газар эзэмших, ашиглах талаар өмнө нь хүсэлт гаргаж байсан эсэх талаар хэргийн бусад оролцогчид, ялангуяа хариуцагчийн зүгээс маргаагүй, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй, Д.О нь 2012 оноос өмнө өргөдөл гаргаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсний зэрэгцээ өнөөдрийг хүртэл маргаан бүхий газарт /хаягт/ буюу газар дээрх өөрийн өмчийн сууцандаа амьдарч байгаа зэрэг үйл баримтаас үзвэл “энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой” гэж үзэхээргүй байна.

28. Харин “нэхэмжлэгч нараас маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч түүнийхээ хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь буруу” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Оийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Бгийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Г.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй /анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1.3-т нэхэмжлэгч Ц.Б гэхийг “Г.Б” гэж алдаатай бичсэн/.   

29. Нэхэмжлэгч Д.Оээс Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зорилго нь түүний газар өмчлөх эрхийг зөрчиж байгаа “Ц.Бгийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулах”-д чиглэгдэж байгаа нь тодорхой бөгөөд нэхэмжлэгч ч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээ “...Ц.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон, шүүх түүнийг хангаж шийдвэрлэсэн байна.

30. Энэхүү маргаан бүхий акт болох Ц.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээ нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон Ц.Бгийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэлд үндэслэгдсэн, хоорондоо уялдаа холбоо бүхий, хамгийн эцсийн эрх зүйн үр дагавар нь Ц.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээгээр илэрч байхад анхан шатны шүүх улсын бүртгэл хийсэн үйлдэл буюу бүртгэлийг нь “илт хууль бус болох”-ыг тогтоож, харин гэрчилгээг нь хүчингүй болгож салгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ маргаан бүхий бүртгэлүүд илт хууль бус болох талаарх хууль зүйн үндэслэлийг /2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлийн аль нь болох талаар/ огт заагаагүй, энэ талаар дүгнээгүй нь буруу юм.

31. Иймд, нэгэнт нэхэмжлэгч Д.О нь дээрх уялдаа холбоо бүхий бүртгэлийн үйл ажиллагааны эцсийн эрх зүйн үр дагаврыг агуулж буй актыг /гэрчилгээг/ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул хяналтын шатны шүүхээс энэхүү шаардлагын хүрээнд өмнө нь хийгдсэн маргаан бүхий бүртгэлүүдийг /үйлдлүүдийг/ “илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “хүчингүй болгох” гэж өөрчлөх боломжтой, ийнхүү өөрчилсөн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, харин ч түүний зорилгод нийцэхээр байна гэж үзлээ.         

32. Маргаан бүхий актууд болох Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Бгийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 206 дугаар хууль бус захирамжид үндэслэгдсэн тул мөн хууль бус болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

33. Харин нэхэмжлэгч Д.Оийн “Орхон аймгийн Засаг даргын 1997 оны 12 дугаар сард П.Цд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн ДЦС-ын 03 тоот газрыг ашиглуулсан гэх үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”, Ц.Бгийн “Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн Д.От холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагын “илт хууль бус захиргааны акт”-д тооцох хууль зүйн үндэслэлийг тодруулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь ач холбогдолгүй, хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна.

34. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа чухал ач холбогдолтой, хэрэв уг хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алдсан бол өөр бусад этгээдэд үүссэн эрхийг хамгаалах зорилгоор мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавартай байдаг.

35. Гэвч энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч нарын хэн аль нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан /ийм ч учир маргаан бүхий актуудыг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх боломжтой/, нэхэмжлэгч нарын газар өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй, хэргийн оролцогчдын хэн нь ч энэ талаар маргаагүй, ийм ч учир шүүхүүд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнээгүйгээс гадна, хэрэв шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал энэхүү маргаантай байдал шүүхээр шийдвэрлэгдэх боломжгүй болж, хэнийх нь ч эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахааргүй үр дагавар үүсэхээр байх тул шүүх энэхүү “онцгой” нөхцөл байдлыг харгалзан хөөн хэлэлцэх хугацааг харгалзалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

36. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0562 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1.3 дахь заалтын ­­­­­­­­­­­­­“П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, Г.Бгийн өмчлөх эрхийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Г.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээг хүчингүй болгосугай.” гэснийг “П.Цгийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ц.Бгийн өмчлөх эрхийг бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, Ц.Бгийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000482357 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                 Г.БАНЗРАГЧ