Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 123/ШШ2024/0076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Мөнхтулга,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Мөнхтулга, хариуцагч Г.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  иргэн Х.Мөнхтулгаас, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Х.Мөнхтулга тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Мөнхтулга миний бие Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зорилгоор газар эзэмшдэг болно. Миний бие энэ хугацаанд газрын төлбөрөө зохих ёсны дагуу бүрэн гүйцэт тухай бүр төлж байсан бөгөөд энэ хугацаанд тухайн газар дээрээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхлүүлэхээр хөрөнгө оруулалт хайж, холбогдох судалгаа хийж, төсөл боловсруулж байсан. Миний хувьд тухайн газар дээрээ аль болох тухайн сум, аймаг орон нутагт үр өгөөжтэй ажлын байр шинээр бий болгосон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгаа хийж, төсөл боловсруулан ажиллаж байсан юм. Гэтэл Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд нь огт урьдчилан мэдэгдэлгүйгээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаартай захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг цуцалсан болохыг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр газар зохион байгуулагч М.Алтантуяагаас цахим шуудангаар ирүүлсэн захирамжаас мэдсэн болно....Улмаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаах Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдэд заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дээд шатны албан тушаалтан болох Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт бичгээр гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор хариу өгөөгүй, гомдлыг шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.. гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжид гомдолтой байна. Захиргааны хэрэг үүссэнээс эвлэрэн хэлэлцэх асуудал яригдсан боловч дараах шалтгааны улмаас эвлэрэх боломжгүй болсон. Захирамж үндэслэлтэй эсэх газрын асуудал яаж шийдэгдэх талаар судлаад үзэхэд хэд хэдэн засаж залруулах зүйл байна. Нэгдүгээрт Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын захирамжид хэд хэдэн хуулийн заалт дурдсан байдаг. Жишээ нь Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн гэж бичсэн байна. Хариуцагчтай 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 041372020307 дугаартай газар эзэмших гэрээний 6.4 дэх хэсэгт Гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл, эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй болон газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авч шүүхийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Энэ заалтыг харахаар би газрын төлбөрөө жил болгон зохих хугацаанд төлж байсан. Хариуцагчаас газрын төлбөрийн талаар гаргасан нотлох баримтыг харахад төлбөрийн зөрчил байхгүй байна. Тус гэрээний заалтыг харахаар зориулалтын дагуу эзэмшээгүйгээс гадна газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй гэсэн байна. Хүндэтгэн үзэх шалтгааны хувьд дээд шүүхийн тогтоол байдаг юм байна. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл эсхүл байгалийн гамшигт үзэгдэл, бусдын хууль бус үйлдэл зэргийн хүндэтгэн үзэх шалтгаан гэж бичсэн байна. Би хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж харж байна. Газрын гэрээг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Тухайн үед Монгол улсын Засгийн газраас Ковид-19 цар тахлын талаар өндөржүүлсэн бэлэн байдал 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарласны дараа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр сунгаж дараагаар нь Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг хугацаа сунгах тогтоолоор 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан юм байна. Энэ нь гэнэтийн буюу надаас хамаарахгүй гэнэтийн нөхцөл байдал байсан. Хоёрдугаарт энэ хугацаанд миний бие гадаад улс руу суралцахаар явсан байсан. Шууд өөрийн дураар би ирэх боломжгүй байсан. Би Австрали улсад байсан ба хоёр улс мөн адил хилийн хориг саад зэрэг нөхцөл байдалтай байсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь 2022 оны 03 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл үргэлжилсэн. Зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэдгийг Дээд шүүхээс болон гэрээнд тайлбарласан байсан ба хуанлийн 2 жилийн хугацаанд ямар нэг ажил хийгээгүй бол гэж тусгасан. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл надад газар дээрээ юм хийх талаар бодох хугацаа байсан гэж харж байна. Мөн сонсох ажиллагаа явуулсан гэж байгаа боловч миний энэ нөхцөл байдал 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэдэгт хамаарахгүй байна гэж харж байна. Тэхээр хуульд заасан мөн гэрээнд заасан нөхцөлөө хангахгүй байна. Надад мөн улс оронд тодорхой хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан. Газар дээрээ ямар нэгэн зүйл хийгээгүй гэдгийг барилга байгууламж зам талбай бариагүйг ойлгоно гэсэн байна. Энэ газрыг би анх хажуу талын хүнээсээ худалдаж авсан. Тэр хүн хэд хэдэн газар авсан байсан ба дуудлага худалдааны үнээр авсан болохоор тэр үнэ шингэнэ мөн өндөр хүчдэлээс тог буулгах зардал, мөн жимс тарих гэж байгаа учир гүний худаг гаргана тэгэхээр энэ төсвүүдийг шингээгээд надад мөнгөө өг гэж хэлсний дагуу би мөнгө шилжүүлж энэ газрыг авсан. Тэгэхээр миний хувьд газар дээрээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр юм хийгээгүй гэж харж болохгүй гэж үзсэн. Сонсох ажиллагаа зарласан байсан буюу нийт 95 хүнийг дурдсан байсан. Миний хувьд сонсох ажиллагаа явагдаагүй гэж ойлгож байна. Учир нь 20 буюу түүнээс доош этгээдэд сонсох ажиллагаа явуулахдаа этгээд тус бүрд мэдэгдэнэ гэсэн байсан. Газрын гэрээ байгуулахдаа миний гар утасны мэдээлэл, фэйсбүүк хаяг зэргийг авсан байж над руу ямар нэгэн байдлаар мэдэгдэх боломжтой байсан. Гэвч 95 хүний сонсох ажиллагааг сониноор мэдэгдсэн. Энэ нь хуульд заасан сонсох ажиллагааны шаардлага хангахгүй байна. Мэдээллийн үндэслэл хэсэгт юу ч бичээгүй хоосон байна гэдэг нь сонсох ажиллагааны загвар дээр юу юу байх вэ зэрэг сонсох ажиллагаа явуулах шаардлага хангаагүй байна. Сонсох ажиллагааг би мэдээгүй болохоор тайлбар гаргах боломжоо алдсан. Магадгүй би мэдсэн бол тайлбараа гаргах байсан. Төрийн байгууллагаас газар дээр нь очоод юм хийсэн байна уу гэдгийг шалгах ажиллагаа хийх боломжтой байсан боловч хийгээгүй. Би Сонсох ажиллагаа явуулсан талаар миний мэйл хаягаар явуулахгүй байж миний газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг миний мэйлээр явуулсан байсан. Гэрээ байгуулахдаа миний холбоо барих хэрэгслийг авсан байж газрын эрхийг цуцлах буюу сонсох ажиллагаа явуулах үед надад хэлсэн бол ийм зүйл болохгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, тус зүйлийн 27.3 дахь хэсгийн 27.3.4, 27.4.5, 27.4.6 дахь заалтуудад заасан эрх зөрчигдсөн гэж харж байна. 95 аж ахуйн нэгжээс надтай ижил шалтгаантай этгээдийг хамгийн дээрээс хайхад Стимо ХХК-ийн газар цуцлагдсан юм уу гэхээр цуцлагдаагүй байсан. Egazar.mn сайтад нэгж талбарын дугаарыг нь оруулж харахаар хүчинтэй байсан. 71 дэх мөрөнд Цэвэлмаа гэх хүний нэгж талбарын дугаарыг оруулаад үзэхэд газрын төлбөрөө хоёр жил төлөөгүй гэсэн шалтгаантай газрын эрх нь адилхан цуцлагдаагүй байсан. Шалтаг шалтгааныг нь сонсоод газрын эрхийг нь сэргээж байсан юм бол энэ боломж надад олдсонгүй. Нэг талаасаа хууль нэгэн ижил үйлчлэх ёстой. Анх надад газар олгож байх үеийн Засаг дарга Баянчандмань суманд тариалангийн бүсчлэл батлагдана дараагаар газрын гэрээ шинэчлэгдэнэ гэж хэлж байсан. 2019 онд дуудсаар байгаад газрын гэрээ шинэчилнэ гэж байгаад саяны миний дурдаад байгаа заалт орсон. Иргэний журмаар 0.7 га газар авсан бол би ковид 19 цар тахал гарсан гараагүй би тэндээ хэдэн шовгор бариад байж байх байсан. Ковид 19 цар тахал гарснаар Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ба иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллага ямар ямар үйл ажиллагаа эрхэлж болох талаар нарийн зааснаар би үйлдвэрлэл үйлчилгээний ажиллагаа явуулах боломжгүй болсон. Би газар дээрээ огт юм хийгээгүй биш хийсэн. Сонсох ажиллагааг би мэдээгүй. Хууль ялгаатай үйлчилнэ гэж бодохгүй байна. Гэрээнд гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг тодорхойлсон байдаг ба тухайн давагдашгүй хүчин зүйл надад байсан. Харин газрын даамал М.Алтантуяа гэх хүнд миний утас болон холбоо барих бусад хэрэгсэл байсан буюу надад сонсох ажиллагааны талаар мэдэгдэх боломж байсан. Хэрвээ мэдэгдсэн бол би үзэл бодлоо илэрхийлээд тайлбарлах боломж байсан. Энэ боломж надад олгогдоогүй. 2015 оноос 2020 оны хооронд болсон асуудлын хувьд тухайн үеийн Засаг дарга хэлэхдээ үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ерөнхий байдлыг өгсөн одоо Монгол улсын Засгийн газраас тогтоол гарах гэж байгаа дараагаар нь гэрээ шинэчлэгдэнэ гэж байсан. Миний хувьд гүний худаг гаргасан, тогоо татсан юу хийхээ шийднэ гээд хүлээж байсан. Удаагүй ковид 19 цар тахал гарсан. 2020 онд иргэн, аж ахуйн нэгжийн гэрээг шинэчилнэ гээд шинэчилсэн. Одоогийн Засаг дарга миний газрын талаарх маргааныг нарийн сайн мэдэхгүй. Гарын үсэг зурснаараа энд байгаа. Үйлдвэрлэл үйлчилгээний 4 га газрыг цуцаллаа гээд бодит байдал дээрээ гэрээн дээрээ 29976 га бичсэн байсан. Бичиглэлийн алдаа гарсан гэрээг цуцлаад шинээр гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ цааш биелүүлээд явах хүсэл зоригтой байна. Би 14 хоногт засварын ажлыг хийж гүйцэтгэж амжихгүй төрийн санд засварын мөнгийг хийе гэж хэлсэн. Сонсох ажиллагааг би мэдсэн бол гүйгээд очих байсан гол нь би мэдээгүй. Мэдэгдэх боломж байсан юм уу гэхээр байсан харин цуцлах болохоор мэйлээр явуулчихдаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага албан ёсны фэйсбүүк групп дээрээ заралдаг юм байна. Өдрийн сонинг хүн болгон захиалдаггүй, мэдэх хүн мэдэхгүй хүн байдаг. Энэ маргаан надаас хамаараагүй. Газрын даамлын бичвэрийн алдааг байж болох байх гэж бодож байна. Барьцаж байгаа юм биш миний асуудлыг нөгөө талаас нь харж болох байсан. Тухайн үед захиргааны байгууллага сонсоогүй болохоор шүүх байгууллага шийдэж өгнө үү гэж байгаа юм. 2020 оноос өмнө ашиглаагүй байсан надтай ижил хүмүүсийн газрууд одоо хүртэл байсаар байна. Нэгж талбарын дугаараар хайхад гараад ирж байсан. Надад хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг дээр хоёр жил болоогүй байсан.Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэв.

2.2. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Мөнхтулга нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/57 тоот захирамжаар Эрдэнэ 3 дугаар баг, Цагаан чулуутад байршилтай 4 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эрх шилжүүлэн эзэмшсэн байна. Тус газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй 9 жил болсон тул газар эзэмших эрхийг нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамжаар хүчингүй болгосон. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамж нь хууль бус захиргааны акт гэж үзэхгүй байгаа тул захирамжийг хүчингүй болгох боломжгүй. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Өглөөний сонин-д нийт 95 иргэн аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох сонсох ажиллагааны зарыг зарлуулсан. Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааны зарыг хүргэж зохион байгуулсан. Сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамжийг Х.Мөнхтулгад [email protected] хаягаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 57 минутанд хүргүүлсэн.

Энэ маргаан 2015 оноос хойших асуудал. Мөн 2015 оноос 2020 оны хоорондох асуудал яригдахгүй байна. Хуанлийн болон бусад хугацааны аргаар тоолсон ч хангалттай хугацаа байсан. Сонсох ажиллагааны тухайд 20-иос доош иргэд гэж тайлбарлаж байна. Харин 20-оос дээш иргэнд мэдэгдэх бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигладаг. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэгт телевиз болон сошиал орчин ордог. 20-оос дээш 90 гаруй хүний эрх ашиг учир бид сонинд хандсан асуудал. Сонсох ажиллагааны хувьд хүмүүс ирж уулзаж, учир шалтгаанаа ярьж байсан. Бидний зүгээс хүний газрыг хүчээр шийдэх талыг бариагүй буюу хуулийн дагуу бүх процессыг явуулсан гэж ойлгож байна. Ялгамжтай хандсан талаар ямар нэг зүйл байхгүй. Сонин дээрх зарыг хүмүүс хараад ирсэн бид аль болох иргэдэд ээлтэй байдлаар асуудлыг шийдсэн. Нэхэмжлэгчтэй эвлэрэх боломж хайж хамт хоол идэж, эмнэлгийн ажилтны байрны дотор заслын талаар ярилаа. Нэхэмжлэгч болно бүтнэ гэж хэлж байсан. Тухайн үед сумандаа асуудлаа шийдье гэхгүй шууд шүүхэд хандсан. Гэсэн хэдий ч энэ хүнийг хохироогоод яах вэ гээд бүх боломжийг нээж өгсөн. Би эр хүнийхээ хувьд хохироогоод яах вэ гэж бодсон. Шүүхэд ийм зүйл яриад байхаар надад хэлэх юм алга. Миний бие шүүхийн шийдвэрийг дагана гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэн Х.Мөнхтулга нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Хишигмөнх овогтой Мөнхтулгын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар захирамжаар Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан чулуутад байршилтай, үйлдвэр үйлчилгээний зориулаллтай 4 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасны дагуу газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй тул газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгожээ.[1]

3. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/57 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжаар Эрдэнэ багийн нутаг Цагаан чулуутад байрлалтай 3 га газрыг Х.Мөнхтулгад үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.[2]

4. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 57 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18603339279857 дугаар бүхий 3 га газрыг 15 жилийн хугацаатай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгожээ.[3]

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байх бөгөөд Газрын тухайн хуулийн 40.1.6 дахь заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар газар тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг гэж, " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж заажээ.

6. Анх нэхэмжлэгчид Д.Мандал гэх хүнээс 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/57 дугаар захирамжийг үндэслэн газрыг шилжүүлэн эзэмшсэн байх бөгөөд үүнээс хойш 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[4], 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 04137/-2020/00307 дугаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг[5] нэхэмжлэгчтэй газрын даамал байгуулжээ.

7. 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.3-т газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1 40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардана гэж, мөн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 04137/-2020/00307 дугаар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.2-ын е-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардана гэж тус тус заажээ.

8. Х.Мөнхтулга нь тухайн газар дээрээ 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 9 жилийн хугацаанд тухайн газрыг хэрхэн эзэмшиж байсан талаар нотлох баримтыг ирүүлээгй бөгөөд газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан фото зураг, google map-ийн зургаас харагдана.

9. Нэхэмжлэгч уг маргаан бүхий газарт тог татаж, гүний худаг гаргасан гэж байх боловч энэ нь өмнө эзэмшиж байсан эзэмшигчийн хийж гүйцэтгэсэн ажил байх тул нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашигласан гэдэгт хамаарахгүй.

10. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаас үзвэл гэрээ байгуулж гэрчилгээ авснаас хойш хийсэн ажил хамаарна.

11. Мөн нэхэмжлэгчээс Ковидын нөхцөл байдал бий болсон гэж тайлбарлаж байх боловч Засгийн газрын тогтоолоор 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хорио цээр тогтоосон байх бөгөөд 2015 оноос хойш 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 9 жилийн хугацаанд газар эзэмшсэн хорио цээрийн дэглэмтэй 1 жил 9 сарын хугацааг хасахад үлдсэн 7 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байсан байна. Мөн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд ч газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байжээ.

12. Түүнчлэн Австрали улсад суралцахаар явсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт тусгагдсаны дагуу гадаад улсад суралцсан гэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.

13. Нэхэмжлэгчээс маргаан бүхий акт болох 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамжид миний эзэмшил газрын хэмжээг 4 га гэж буруу бичсэн гэж тайлбарлаж байх боловч уг маргаан бүхий актаар 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/57 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь харагдаж байх тул тооны бичиглэлийн алдаа нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

14. Хариуцагчийг газар эзэмших эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Өглөөний сонин-ы 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 110 /3911/ дугаар хэвлэлд[6] газар эзэмших захирамж хүчингүй болгож байгаа талаар мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар сонсох ажиллагаа хийсэн болох нь нотлогдож байна.

15. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж заасны дагуу захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 57 минутад [email protected] хаягаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч тухайн захиргааны актад гомдол гаргах эрхээ эдэлжээ. Иймд Захиргааны актыг гарахаас өмнө болон гарсны дараа мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэсэн хуулийн дагуу үндэслэлтэй гарсан захиргааны акт байх тул нэхэмжлэгч Х.Мөнхтулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Мөнхтулгын Баянчандмань сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтас 58 дугаар тал

[2] 1 дүгээр хавтас 20 дугаар тал

[3] 1 дүгээр хавтас 21 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтас 22-23 дугаар тал

[5] 1 дүгээр хавтас 69-70 дугаар тал

[6] 1 дүгээр хавтас 29 дүгээр тал