Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пообаа овгийн Гэрэлцогийн Баянмөнхөд холбогдох эрүүгийн 1711003430035 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Пообаа овгийн Гэрэлцогийн Баянмөнх, 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймаг, Улаангом 4 дүгээр баг 6-16 тоотод оршин суух,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01 жил 11 сар 14 хоногийн өмнө өршөөн суллагдсан, регистрийн дугаар ОЭ88092679.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Баасандоржтой маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хохиролд 270.000 төгрөг өгсөн. Дээр нь эмчилгээ хийлгэхэд нь туслаж байгаа. Би анх Баасандоржийг ажилд оруулж байсан. Их согтуу байсан учраас юу болсоныг санахгүй байна. Цохиж байснаа  л муу санаж байна. Бид хоёрт бие биедээ санасан зүйл байхгүй. Би ажлаа хийж байгаа, Баасандорж хөдөө явсан байгаа…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч О.Баасандорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажилаасаа орой 20 цаг өнгөрч байхад тараад гэр рүүгээ харихдаа ажлын залуучуудтайгаа хамт ажлын залуугийнхаа машинаар хүргүүлээд би Дэнжийн 1000-н цагаан байрны автобусны буудал дээр буусан. Тэнд би хуучин хамт ажилладаг байсан ахтайгаа уулзана гээд цаг товлосон байсан. Уулзах ёстой байсан ахтайгаа уулзчихаад бид хоёр хоёр тийшээ салаад гэр рүүгээ харих гээд явж байхад манай ажлын залуу Баянмөнх надруу утсаар залгаад хаана байна. Хоёулаа уулзаяа, хаана байгаа газар чинь яваад очъё гэхээр нь би байгаа газраа хэлсэн. Тэгээд бид 32-ын автобусны буудлаас дээшээ Дэнжийн мянгаруу явдаг засмал зам дээр уулзсан. Энэ үед 23 цаг болж байсан. Баянмөнх надтай уулзахаар манай ажлын залуу Отгонбаяртай хамт ирсэн. Тэгэхэд Баянмөнх нэлээн согтуу байсан, бид 3 уулзаад жаахан юм ярьсан чинь Баянмөнх надруу агсраад байсан. Тухайн үед Баянмөнх миний өмсөж явсан цамцны захнаас заамдаад боогоод эхэлсэн. Тэгэхээр нь би болъё би чамтай зодолдохгүй гэж хэлсэн. Тэгсэн Баянмөнх би чамайг зодохгүй гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр хоорондоо маргалдаж байгаад бие биенээ түлхэлцсэн, тэгээд зогсож байсан чинь гэнэт Баянмөнх миний хоёр хөлийг хамаад дээшээ өргөөд газар унагасан. Би газар унахдаа гараараа тулж унсанаас болоод миний зүүн гарын шууны үе мултарсан байсан. Би Баянмөнхөд гар эвгүй болчихлоо гэж хэлсэн чинь хохьчино гээд яваад өгсөн. ...Баянмөнх надад эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн...” гэжээ /хх-4-7/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 9983 дугаар дүгнэлтэд: 

“1. О.Баасандоржийн биед зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-16/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27-28/, хохирогч О.Баасандоржийн гаргасан “Эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг Баянмөнхөөс авсан тул гомдол, санал байхгүй” /хх-36/ гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Баасандоржтой маргалдаж, улмаар түүний зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Г.Бөд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пообаа овгийн Гэрэлцогийн Баянмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зааснаар шүүгдэгч Г.Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бөд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН