| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2024/0053/З |
| Дугаар | 123/ШШ2024/0077 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 123/ШШ2024/0077
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Г.Төгөлдөр,
Хариуцагч: Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргалд холбогдох,
Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргалын зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0015710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Г.Төгөлдөр, хариуцагч Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлоор гаргасан гомдлын шаардлага:
1.1. Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргалын зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0015710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1. Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргал нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлээд 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0015710 дугаартай шийтгэлийн хуудас үйлдсэн байна.
2.3. Гомдол гаргагч нь Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргалын зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0015710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.
Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
1. Гомдол гаргагч Г.Төгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төв аймгийн Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хүүхдийн эрхийн улсын байцаагч ажил дээрээ дуудаж утсан дээрээс фэйсбүүк дээрх бичлэг үзүүлсэн. 2024 оны 04 дүгээр сард морины уралдаан болсон байна үүнийг та мэдсэн үү гэхэд надад мэдээлэл байхгүй байсан гэж хэлсэн. Намайг дуудах үед зөрчлийн хэрэг нээсэн байсан. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэсэн мөн Аймгийн засаг даргаас Сумдын засаг дарга нарт албан хариутай бичиг биш үйл ажиллагаандаа мөрдлөг болгох бичиг байсан. Тус бичгийг хүлээж авсан уу гэхэд нь тийм гэхэд холбогдогчоор татаж, мэдүүлэг авна гэсэн, Зөрчлийн хуульд зааснаар шийтгэл ногдуулна гэж хэлсэн. Хэргийн материалтай танилцаад тухайн уралдааныг зохион байгуулсан талаар хүний мэдүүлгийг уншихад надад морины уралдаан зохион байгуулсан талаар надад мөн цагдаагийн газарт мэдээлэл ирээгүй. Суманд хавар буюу 2024 оны 03 дугаар сард уралдаан зохион байгуулсан асуудал гарсан. Тус асуудал дээр аймгаас шалгалт ирж шалгасан. Миний хувьд урьдчилан сэргийлэх ажиллагаа ач холбогдолгүй гэж үзсэн дараагаар 05 дугаар сарын 01-ний өдрөөс хурдан морины үсэргээ, сунгааг хориглосон шийдвэр хүчингүй болж байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс уралдаан зохион байгуулсныг мэдэхгүй гэж хэлсэн. Хурдан морины уралдаан хэзээ хаана болсон талаар надад мэдээлэл ирээгүй. Би тухайн үед суманд байсан. Сэргэлэн сум өөрийн гэсэн онцлогтой буюу морины ажил хийгддэг. Урьдчилан сэргийлэх ажлыг Засаг даргын тамгын газартай хамтран үүрэг зааварчилгаа өгсөн материал байдаг. 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн уралдаантай холбоотой урьдчилан сэргийлэх ажил хийсэн талаар баримт байна уу гэхэд нь байхгүй гэж хэлсэн. Мөн уяач нарийн фэйсбүүк группэд урьдчилан сэргийлэх мэдээлэл нийтэлсэн. Энэ зөрчлийн хэрэгтэй холбоотой урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгээгүй буюу баримт байхгүй. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Ганпүрэв бичлэг хийсэн нь зохион байгуулсан гэдэгт тодорхой болсон гэж ойлгосон. Гэрчийн мэдүүлгийг уншихад мэдэхгүй гэсэн байна. Миний хувьд зохион байгуулсан эсэх нь эргэлзээтэй буюу уралдаан зохион байгуулсан нь эргэлзээтэй байна. Оролцсон бай шагнал хүртсэн хүмүүсийн эх үүсвэр мэдээлэл байхгүй гэж харж байна гэв.
2. Хариуцагч Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүний эрхийн үндэсний комиссоос 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэргэлэн суманд уралдаан болсон талаар бичиг мөн бичлэгийн хамт ирсэн. Хүлээн авч прокурорт танилцуулж зөрчлийн хэрэг нээх явцад бичлэг хийсэн Ганпүрэв гэх хүнийг удаа дараа дуудахад ирээгүй. Хурдан морины уралдаан болсон эсэх талаар тодруулахаар Сэргэлэн сумын багийн Засаг дарга болон нийгмийн бодлогын мэргэжилтнээс хурдан морины бичлэгийг үзүүлж танай сумын хурдан морины уралдааны зам мөн үү гэхэд мөн гэж хариулсан. Үүний дагуу Монгол улсын Засгийн газрын 2009 оны тогтоолд жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хурдан морины сунгаа, үсэргээ, зохион байгуулахыг хориглосон байдаг. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийг хэрэгжүүлэхээр жил болгон аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нарт албан бичиг гаргадаг. Захирамжид тухайн хориглосон хугацаанд ямар нэг сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга нарыг хяналт тавьж ажил гэсэн тодорхой чиглэлийг өгсөн. Албан бичгийн хэрэгжилтийг асуухад тухайн албан хаагчаас хийж гүйцэтгэсэн зүйл байгаагүй. Яагаад Г.Төгөлдөр гэх хүнээс асуусан бэ гэхээр тухайн сумын Засаг дарга нь хэсгийн төлөөлөгч Г.Төгөлдөр гэх хүнд цохоод Г.Төгөлдөр гэх хүн хүлээж авсан байсан. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан учир Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан. Мөн Г.Төгөлдөр нь тухайн сумын хүүхдийн төлөө зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлүүдэд байдаг. Цагдаагийн алба хаагч нь тухайн орон нутгийн гэмт хэрэг зөрчил хуулийн хэрэгжилтийг хангах ёстой хүн болохоор Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан. Урьдчилан сэргийлэх ажиллагаа хийсэн үү гэхэд хийгээгүй гэсэн фэйсбүүк буюу сошиал орчинд мэдээлэл оруулсан гэх боловч байгаа юу гэхэд байхгүй гэж хэлсэн. Өвөл Сэргэлэн суманд болсон уралдаан дээр аймгийн ажлын хэсэгт би орж тус суманд очиж ажилласан ба урьдчилан сэргийлсэн ямар ч ажиллагаа байхгүй байсан. Түүнийг үндэслэж хүний эрхийн үндэсний комиссоос Сэргэлэн сумын Засаг даргад сануулах арга хэмжээ авсан. Сум орон нутаг ямар онцлогтой, сумын Засаг даргад ямар арга хэмжээ авсан талаар та бүгд мэдэж байсан. Өмнө мөн хурдан морины уралдаан болоход тус сумаас нэг удаа таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан. Прокурорын газраас Сэргэлэн сум руу албан бичиг удаа дараа явуулахад ямар ч хариу ирүүлээгүй байсан. Сумын фэйсбүүк группэд урьдчилан сэргийлэх гээд пост оруулснаа урьдчилсан сэргийлэх ажиллагаа гэж үзэх нь эндүүрэл. Төрийн байгууллагын зүгээс цугларсан хүмүүсийг тарааж, хурдан морины гэрүүдээр орж урьдчилан сэргийлэх заавар өгсөн зүйл байхгүй. Энэ асуудлыг сумын Засаг даргад нь хэлэхээр урдаас улс төрийн асуудал ярьдаг. Гэрчийн мэдүүлэгт тухайн өдөр Сэргэлэн суманд хурдан морины уралдаан зохион байгуулсан гэдгийг гэрч өөрөө мэдүүлсэн. Засгийн газрын тогтоолд дурдсан. Хурдан морины үсэргээ гэдэг бол морио уралдаанд бэлтгэх ажил, сунгаа гэдэг нь тухайн хүн морио хэр зэрэг хурдтай байна гэдгийг олон морьдтой уралдуулж үзэж байгаа хэлбэр, эрч уралдаан болсон гэдгийг гэрчилсэн. Сунгаа гэдэг бол хүн өөрийн морио хэр хурдтай байна гэдгийг тодорхойлж байгаа. Гэрч тухайн өдөр хурдан морины уралдаан буюу морины ажил хийгдсэн гэдгийг нотолсон гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Г.Төгөлдөрийн гомдолтой, Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргалд холбогдох гомдлын шаардлага бүхий захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч, хариуцагчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, гомдлын шаардлагаар маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
2.1 Гомдол гаргагчаас шийтгэл оногдуулахдаа хэзээ хаана болсон, ямар үйл явдалд холбогдуулан шалгаж байгаа, хэргийн материал танилцаагүй, шийтгэлийн хуудсанд гарын үсэг зуруулаагүй, хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэж,
2.2 Хариуцагч талаас Монгол улсын Засгийн газрын 2009 оны тогтоолд жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хурдан морины сунгаа, үсэргээ, зохион байгуулахыг хориглосон байдаг. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжид тухайн хориглосон хугацаанд ямар нэг сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга нарыг хяналт тавьж ажил гэсэн тодорхой чиглэлийг өгсөн. Албан бичгийн хэрэгжилтийг асуухад тухайн албан хаагч хийж гүйцэтгэсэн зүйл байгаагүй. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан учир Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулсан гэж тус, тус маргаж байна.
3. Гомдол гаргагч буюу зөрчилд холбогдогч Г.Төгөлдөрт хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 06 сарын 30-ны өдрийн 0015710 дугаар шийтгэлийн хуудсаар:
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хурдан морины уралдаан зохион байгуулагдсан гэх асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох, оногдуулсан шийтгэл 300.000 төгрөгийг төрийн сангийн 100900017401 тоот дансанд шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар төлж биелүүлэхийг даалгаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 10.9.12 дах заалтад хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах гэж хуульчилсан байх тул хариуцагч нь шийтгэлийн хуудас бичих эрх бүхий албан тушаалтан мөн байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж зааснаас үзэхэд цагдаагийн албан хаагч Г.Төгөлдөр нь морины сунгаа, үсэргээ, уралдаан зохион байгуулахгүй байх талаарх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хийсэн байна гэж үзлээ.
Энэ нь хавтас хэрэгт авагдсан Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар хурдан морь уяач нарт өгөх зөвлөмжийг сумын 3 фейсбүүк группт байршуулж, 2024 оны 02 дугаар сарын 10, 2024 оны 02 дугаар сарын 13, 2024 оны 02 дугаар сарын 14, 2024 оны 02 дугаар сарын 16, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд нийт 19 уяач нарт танилцуулж гарын үсэг зуруулсан бүртгэл, илтгэх хуудсаар[1] нотлогдоно.
Хэдийгээр цаг хугацааны хувьд хамаарахгүй ч гэсэн Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 294 дүгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай албан шаардлагыг 2024 оны 06 дугаар сарын 14, 2024 оны 06 дугаар сарын 15, 2024 оны 06 дугаар сарын 16, 2024 оны 06 дугаар сарын 17, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд нийт 37 уяач нарт танилцуулж гарын үсэг зуруулсан бүртгэл, илтгэх хуудас[2] зэргээс үзвэл урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсээр байгаа нь харагдана.
Харин урьдчилан сэргийлэх ажил хийж гүйцэтгэсэн нотлох баримтуудаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх гэж зааснаар улсын байцаагчид гаргаж өгөөгүйн улмаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж шийтгэл оногдуулах үндэслэл болсон байна.
Иймд гомдол гаргагч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй буруутай байх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргалын зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0015710 дугаартай шийтгэлийн хуудсыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Г.Төгөлдөрийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч Г.Пүрэвжаргалын 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0015710 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ