Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 142/шш2025/00028

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 27 142/ШШ2025/00028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 28 дугаар хороо 10 дугаар хороолол, 45 дугаар байр ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* /регистрийн дугаа:, утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ганзул

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр

Гэрч А.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие 2017 оны 02 сараас 2017 оны 10 сарыг хүртэл Өмнөговь аймаг Ханбогд суманд байрлах Оюутолгой ХХК-ийн харуул хамгаалалтын үйлчилгээг хариуцан ажилладаг Бамбай секьюрити сервис ХХК-д хамгаалагч албан тушаал дээр ажилладаг байсан. Дээрх газарт ажиллаж байх хугацаанд Э. надтай утсаар холбогдож намайг ажлаасаа гараад Орхон аймагт ирж ажиллах санал тавьсан. Үүнийх нь дагуу миний бие харуул хамгаалалтын ажлаас 2017 оны 10 сард гарч, Орхон аймагт очиж Э.тай уулзсан. /энэ үед нөхөр нь болох А. бид 2-ын хажууд байсан/ ба бид амаар дараах байдлаар тохиролцсон. Э.гийн эрхлэн явуулдаг ажлын байр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн ******* тоотод байрлах хонь, ямааны арьс, шир авдаг газарт 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл буюу 2 жилийн хугацаанд туслах ажилтнаар цалин авахгүй ажиллах, ажлын хөлсөнд нь надад Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт байрлах хашаа, өвлийн байшингаа надад өгөх мөн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хүнээр төлж өгөхөөр харилцан тохиролцсон.

Ингээд миний бие дээрх гэрээний дагуу Э.гийн арьс, шир авдаг ажилд 2017 оны 11 сараас 2020 оны 06 сар хүртэл буюу 2 жил 7 сар ажилласан. Тухайн хүний удирдлага дор ажиллаж байх хугацаанд түүний хий гэсэн бүхий л ажлыг хийдэг байсан ба 7 хоногийн 7 өдөр өглөөнөөс орой хүртэл ажилладаг байсан. Арьс, шир авах ажилд туслах ажилтнаас гадна жолооч, зохицуулагч, завсарчин, тооцоо, өглөгийн ажилтан гэх мэт бүх төрлийн ажлыг хариуцдаг байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж буюу маш сайн, үнэнч шударгаар хичээж ажилласан. Гэрээний хугацаанд Э.гийн зүгээс НДШ-ийг цаг хугацаанд нь төлж байсан. Харин гэрээний хугацаа дуусахад гэрээгээр тохиролцсон хашаа, байшингаа өгөхгүй цаг хугацаа хожиж удахгүй өгнө, түр хүлээж бай тийм ажлын дараа өгье гэх мэтээр хандах болсон тул миний бие 2020 оны 07 сараас ажиллахаа больсон.

Ажлаас гараад Э.гаас ажлын хөлсөө авахаар удаа дараа шаардаж очиж уулзаж, утсаар ярьдаг байсан. Тэрээр өгнө л гэдэг байсан. Тэгээд миний зүгээс 2021 онд Э.гийн гэрт нь очиж уулзсан /энэ үед нөхөр нь болох А. байсан/ ба хөлс болох хашаа, байшингаа авмаар байгаагаа хэлсэн. Тэгтэл тэрээр хашаа, байшин өгч чадахааргүй болоод байна, харин түүнтэй дүйцэх мөнгө буюу 15,000,000 төгрөгийг фермерээ зараад өгье гэсэн. Миний бие түүнд нь итгэж зөвшөөрсөн. Э.гийн хувьд мөрөөрөө ажил хөдөлмөр эрхлээд явж байсан намайг удаа дараа гуйж ажлаас минь гаргуулж, сайхан зүйл ярьж гэр оронтой бол гэж ятгаж хашаа, байшин өгнө хэмээн итгүүлж амаар тохиролцож ажиллуулсан атлаа ярьсан хэлсэндээ хүрэхгүй олон жилийн цаг хугацаа, хүч хөдөлмөрийг маань үнэгүйдүүлж хохироож байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна... гэжээ.

2. Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд надад холбогдуулан А.*******эс гаргасан Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 15 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэл үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. А. би Оюу толгой ХХК-ийн харуулын ажилд ажиллаж байхад нь өөртөө ажилуулах зорилгоор ажлаас нь гаргаагүй. Би түүнтэй утсаар ярьж ажлаасаа гарч надад хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж өг гэж огт хэлээгүй. Тэрээр нэхэмжлэлдээ ажлаас нь гаргаж хөлсөөр над дээр ажил гэж тохиролцсон мэтээр худал зүйл бичсэн байна. А.******* нь өөрөө 2017 оны үед архи согтууруулах ундаа байнгын хэрэглэдэг байсан ба Оюу толгой ХХК-ийн харуулын ажилд 3 сар ажиллаад амралтаараа энд ирээд буцаж ажилдаа явахгүй энд архи уугаад яваад байдаг байсан. Би түүнд Булаг багт байрлах өвлийн хашаа, байшингаа өгнө гэж амлаагүй, мөн 15 000 000 төгрөг өгнө гэж огт тохироогүй. Тэрээр эхнэр 10 орчим жил хамт амьдарч байсан ба тэдний дундаас 3 хүүхэд төрсөн. 2015 оны хавьцаа эхнэр хүүхдүүдээсээ салсан. Эхнэр хүүхдээсээ салаад гэр оронгүй, амьдрах газаргүй байсан ба түүний ах дүү нар нь гэр орондоо байлгах дургүй байдаг байсан. Харин би өөрийн гэртээ байлгаж, хоол ундаар хангаж, өмсөх хувцсыг нь авч өгдөг байсан. Би түүнийг өөрийн дүүгээсээ өөрцгүйгээр бодож өдийг хүрсэн байна. Тэрээр манай гэр оронд амьдарч, хоол хүнс, хувцас хунараа авахуулж өмсөж байгаагийн хувьд миний эрхэлж байсан аж ахуйд ажилд хаяа тусалж, манай гэр бүлийн гишүүн шиг л байдаг байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг болохоор байнгын миний ажилд тусалж байгаагүй. Заримдаа олон хоногоор уугаад гэрт ирэхгүй алга болчихдог байсан юм. Гэтэл одоо түүний ах А.тай намайг маргаантай байгааг мэдчихээд гэнэт л хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан хөлсөө гаргуулна гэх нэхэмжлэл гаргасан байна. Би түүнийг өөрийн гэртээ амьдруулж, хоол хүнсээр нь хангаж, хувцас хунар авч өгч байсан мөнгөө огт нэхээгүй. Хүний ёсоор өөрийн төрсөн дүү шигээ л санаж түүнд тус нэмэр болж ирсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-6/, нэхэмжлэгчийн А0924340 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-7/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-8/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-37/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрээ, дэлгэрэнгүй мэдээлэл /хх-46-68/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-80-81/, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүхээс: нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймгийн Нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шитгэл төлсөн талаарх лавлагаа, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.******* нь Э.д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.гийн эрхлэн явуулдаг хонь, ямааны арьс, шир авдаг газарт 2017 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл буюу 2 жилийн хугацаанд туслах ажилтнаар цалин авахгүй ажиллах, ажлын хөлсөнд нь Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт байрлах хашаа, өвлийн байшингаа надад өгөхөөр, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хүнээр төлж өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд би 2017 оны 11 сараас 2020 оны 06 сар хүртэл ажилласан. Э.гийн удирдлага дор ажиллаж, түүний хий гэсэн бүхий л ажлыг хийдэг байсан бөгөөд 7 хоногийн 7 өдөр өглөөнөөс орой хүртэл ажилладаг байсан. Арьс, шир авах ажилд туслах ажилтнаас гадна жолооч, зохицуулагч, завсарчин, тооцоо, өглөгийн ажилтан гэх мэт бүх төрлийн ажлыг хариуцдаг байсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж маш сайн, үнэнч шударгаар хичээж ажилласан. Э. нь нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь төлж байсан. Гэсэн ч гэрээний хугацаа дуусахад гэрээгээр тохиролцсон хашаа, байшингаа өгөхгүй цаг хугацаа хожиж удахгүй өгнө, түр хүлээж бай, тийм ажлын дараа өгье гэх мэтээр хандах болсон тул миний бие 2020 оны 07 сараас ажиллахаа больсон. Ажлын хөлсөө авахаар удаа дараа шаардаж очиж уулзаж, утсаар ярихад өгнө л гэдэг байсан. Тэгээд 2021 онд Э.гийн гэрт нь очиж уулзахад /нөхөр А. нь байсан/ ажлын хөлс болох хашаа, байшингаа авмаар байна гэхэд хашаа, байшин өгч чадахааргүй болоод байна, харин түүнтэй дүйцэх мөнгө буюу 15,000,000 төгрөгийг фермерээ зараад өгье гэсэн. Миний бие түүнд нь итгэж зөвшөөрсөн. Иймд энэ мөнгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А.******* нь өөрөө 2017 оны үед архи согтууруулах ундаа байнгын хэрэглэдэг байсан ба Оюу толгой ХХК-ийн харуулын ажилд 3 сар ажиллаад амралтаараа энд ирээд буцаж ажилдаа явахгүй энд архи уугаад яваад байдаг байсан. Би түүнд Булаг багт байрлах өвлийн хашаа, байшингаа өгнө гэж амлаагүй, мөн 15 000 000 төгрөг өгнө гэж огт тохироогүй. Тэрээр эхнэр 10 орчим жил хамт амьдарч байсан ба тэдний дундаас 3 хүүхэд төрсөн. 2015 оны хавьцаа эхнэр хүүхдүүдээсээ салсан. Эхнэр хүүхдээсээ салаад гэр оронгүй, амьдрах газаргүй байсан ба түүний ах дүү нар нь гэр орондоо байлгах дургүй байдаг тул би өөрийн гэртээ байлгаж, хоол ундаар хангаж, өмсөх хувцсыг нь авч өгдөг байсан. Тэрээр манай гэр оронд амьдарч, хоол хүнс, хувцас хунараа авахуулж өмсөж байгаагийн хувьд миний эрхэлж байсан аж ахуйд ажилд хаяа тусалж, манай гэр бүлийн гишүүн шиг л байдаг байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг болохоор байнгын миний ажилд тусалж байгаагүй. Заримдаа олон хоногоор уугаад гэрт ирэхгүй алга болчихдог байсан. Би түүнийг өөрийн гэртээ амьдруулж, хоол хүнсээр нь хангаж, хувцас хунар авч өгч байсан мөнгөө огт нэхээгүй. Хүний ёсоор өөрийн төрсөн дүү шигээ л санаж түүнд тус нэмэр болж ирсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч А.******* нь 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Э.гийн гэрт амьдарч, түүний эрхэлдэг бизнесийн ажилд тусалж байсныг үгүйсгээгүй байх ба хариуцагч тайлбартаа энэ талаар дурдсан байна.

5. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх, хашаа байшинг ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцсон эсэх, фермерээ зараад ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон эсэх нь марааны зүйл болсон байна.

6. Нэхэмжлэгч А.******* нь 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд хариуцагч Э.гийн гэрт амьдарч, түүний эхэлж байсан арьс, шир авдаг бизнесийн ажилд тусалж, түүнээс цалин хөлс авахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч А.ын мэдүүлгээр нотлогдож байна.

Хэдийгээр талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй ч, хэлэлцэн тохиролцсоны дагуу Э. нь ажиллаж байх хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан нь нотлогдож байх ба, нийгмийн даатгал төлж байсан гэдэг дээр хариуцагч маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.

7. Харин анх ажлын хөлсөндөө Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 1 тоот хашаа байшингаа өгнө гэж тохирсон гэдгийг гэрч А. мөн мэдүүлдэгч хариуцагчийн төлөөлөгч угаасаа ийм хаягт хашаа байшин байгаагүй гэж тайлбарласан бөгөөд А.ын нэхэмжлэлтэй, Э.д холбогдох Гэрлэлт цуцлуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагатай 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт гэрч А. эд хөрөнгийн жагсаалтдаа уг хашаа байшинг оруулсан байдаг. Гэсэн ч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй.

8. Нэхэмжлэгч А.******* нь ажлын хөлсөө нэхэж утсаар ярих, мессеж бичих очиж уулзаж байсан байх ба 2021 онд Э.гийн гэрт нь очиж уулзахад нөхөр А. нь байсан, хариуцагч Э. тухайн үед хашаа байшингаа өгч чадахгүй боллоо, фермерээ зараад мөнгө өгье гэснийг гэрч А. давхар нотолдог.

9. Хариуцагч нь Орхон аймгийн Жаргалант сум 3-р баг Хонгор морьт гэх газарт байрлах 3000 м2 газар бүхий өвөлжөө, хаваржааны зориулалттай фермерийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр С. гэх хүнд 18 000 000 сая төгрөгөөр худалдсан үйл баримт Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Э.гийн Хаан банкны дансны хуулгаар мөн нотлогдож байна.

10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, 78.1.-д Дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно, 78.1.1.-д үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор хуульчилсан бөгөөд Э. фермерийг зараад мөнгөө өгнө гэснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр фермер зарагдсанаар хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

11. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

12. Зохигчид анхнаасаа ажлын хөлсийг мөнгөөр тохиролцоогүй байх ба ажиллаж, ажиллуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг нь үндэслэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хөлсийг тооцон гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2018 онд 240 000 төгрөг, 2019 онд 320 000 төгрөг, 2020 онд 480 000 төгрөгөөр тогтоосон байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарыг хүртэл ажилласан гэдэг ч, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн 2020 оны 02 дугаар сар хүртэл төлсөн байх тул нийт 2 жил 2 сарын хугацааны ажлын хөлс 7 560 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 7 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 135 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.гаас 7 560 000 төгрөг гаргуулан А.*******д олгож, нэхэмжлэлээс 7 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамжаар 135 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА