| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 123/2024/0013/З |
| Дугаар | 123/ШШ2024/0078 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 123/ШШ2024/0078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Баттуяа,
Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Н.Баттуяа тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нямхүү овогтой Баттуяа миний бие Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Сэргэлэн сумын 1 дүгээр баг 4 дүгээр зөрлөгт хөдөө аж ахуйн чиглэлээр 10 га газрыг, үйлдвэрлэлийн зориулалтаар 5.1 га нийт 15.1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 04167/2018/00179 дугаартай шинэчилж байгуулсан. Газрын мэдээллийн санд 2023 оны 01 дүгээр сард шинэчилж бүртгүүлсэн. Газар эзэмших гэрээ байгуулж үйл ажиллагаа эхлэх цаг хугацаанд дэлхий даяар Ковид-19 цар тахал гарч газар дээрээ үйл ажиллагаа эхлэх нөхцөл бүрдээгүй. Энэ хугацаанд газрын төлбөрийг цаг тухай бүр төлж байсан. Маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай Сэргэлээн сумын Засаг даргын захирамжийн 1 дэх хэсэгт Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, ... 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 тоот захирамжийн Н.Баттуяад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэжээ. Уг захирамжид дурьдсан ...газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Гэтэл зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэдэг нь Газрын тухай хуульд зааснаар газрыг эзэмшүүлэхдээ анх ямар зориулалтаар эзэмшүүлснээс бусад зориулалтаар эзэмшиж, ашигласан байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшсэн байхад газрыг хагалж, хүнсний ногоо, малын тэжээл тарьсан, мөн Засаг захиргааны зүгээс сануулсаар байхад нь өөр зориулалтаар ашигласан тохиолдолд ... газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.. гэж үзэж болохоор байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хйиж, газар эзэмшигчид заавал мэдэгдэх үүрэг хүлээнэ. Сэргэлэн сумын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02/263 дугаартай албан бичгээр 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна гэжээ. Гэвч 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02/263 дугаартай албан бичгийг надад мэдэгдэхээр 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хаяглаж, ирүүлснийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан. Маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамж гарснаас хойш мэдэгдэх хуудсыг хаяглаж ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж сумын Засаг дарга захиргааны акт үйлдсэн байна. Иймд Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Нямхүү овогтой Баттуяад газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Сэргэлэн сумын 1 дүгээр баг 4 дүгээр зөрлөгт хөдөө аж ахуйн чиглэлээр 10 га газрыг, үйлдвэрлэлийн зориулалтаар 5.1 га нийт 15.1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 04167/2018/00179 дугаартай шинэчилж байгуулсан. Газрын мэдээллийн санд 2023 оны 01 дүгээр сард шинэчилж бүртгүүлсэн. Газар эзэмших гэрээ байгуулж үйл ажиллагаа эхлэх цаг хугацаанд дэлхий даяар Ковид-19 цар тахал гарч газар дээрээ үйл ажиллагаа эхлэх нөхцөл бүрдээгүй. Энэ хугацаанд газрын төлбөрийг цаг тухай бүр төлж байсан. Маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай Сэргэлээн сумын Засаг даргын захирамжийн 1 дэх хэсэгт Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, ... 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 тоот захирамжийн Н.Баттуяад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэжээ. Уг захирамжид дурьдсан ...газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Гэтэл зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэдэг нь Газрын тухай хуульд зааснаар газрыг эзэмшүүлэхдээ анх ямар зориулалтаар эзэмшүүлснээс бусад зориулалтаар эзэмшиж, ашигласан байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшсэн байхад газрыг хагалж, хүнсний ногоо, малын тэжээл тарьсан, мөн Засаг захиргааны зүгээс сануулсаар байхад нь өөр зориулалтаар ашигласан тохиолдолд ... газар эзэмших, ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.. гэж үзэж болохоор байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хйиж, газар эзэмшигчид заавал мэдэгдэх үүрэг хүлээнэ. Сэргэлэн сумын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02/263 дугаартай албан бичгээр 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагт Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна гэжээ. Гэвч 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02/263 дугаартай албан бичгийг надад мэдэгдэхээр 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хаяглаж, ирүүлснийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан. Маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай Сэргэлэн сумын Засаг даргын захирамж гарснаас хойш мэдэгдэх хуудсыг хаяглаж ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж сумын Засаг дарга захиргааны акт үйлдсэн байна. Иймд Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Нямхүү овогтой Баттуяад газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2.3. Хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баттуяа нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 дугаартай захирамжаар Төв аймаг, Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөгт хөдөө аж ахуйн чиглэлээр 10 га, үйлдвэрлэлийн зориулалттай 5.1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн байна. Уг захирамжийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаартай захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэжээ. Н.Баттуяа нэхэмжлэлдээ ... гэтэл зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэдэг нь Газрын тухай хуульд зааснаар газрыг эзэмшүүлэхдээ анх ямар зориулалтаар эзэмшүүлснээс бусад зориулалтаар эзэмшиж, ашигласан байхыг хэлнэ гэжээ. Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн тогтоолд ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй/ барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж заасан байгаа. Н.Баттуяа нь өөрийн эзэмшлийн газар дээрээ зориулалтын дагуу буюу хөдөө аж ахуйн чиглэлээр ч үйлдвэрлэлийн чиглэлээр ч ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчсөн. Н.Баттуяад 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн эзэмших эрх олгогдсон ба газар эзэмших эрх хүчингүй болгох хүртэл өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж бариагүй, үйлдвэрлэл эрхлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх-ээр заасан байгаа. Зууны мэдээ сонины 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаарт нээлттэй мэдээлсэн. Иймд Н.Баттуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сэргэлэн сумын Засаг даргын А/1331 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.1, 41.1.6 дахь заалтуудыг үндэслэж иргэн Н.Баттуяаг Газрын тухай хууль тогтоомжид болон гэрээнд зааснаар газраа зориулалтын дагуу хоёр жил буюу түүнээс дээш жил ашиглаагүй гэж үзэж мөн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж тухайн иргэний газар эзэмших эрхийг цуцалсан. Иргэн Н.Баттуяа нь анх 2018 оны 04 дүгээр сард хөдөө аж ахуйн зориулалтаар болон үйлдвэрийн зориулалтаар 15 га газрыг Сэргэлэн сумын 1 дүгээр баг 4 дүгээр зөрлөгт тус газрын эзэмшиж эхэлсэн. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 41672018/00179 дугаартай газар эзэмших ашиглах гэрээ байгуулагдаж анх газар олгосон байдаг. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн газар эзэмших ашиглах үүрэг үүсэж эхэлсэн гэж үзэж байна. Үүнээс хойш 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Уг үндэслэлийг үндэслэхдээ Газрын тухай хууль тогтоомжийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэгт гэрээнд зааснаар зориулалтын дагуу ямар нэгэн үйлдвэр үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж бариагүй байхыг гэж тодорхойлсон. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс газар дээр очиж үзлэг хийсэн. Тус үзлэгийг хийхдээ гэрч байлцуулж хийсэн ба хашаа, барилга байгууламж бариагүй байсан. Түүнээс өмнө сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 549 дугаар захирамжаар Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дээр газар эзэмшиж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдэгт ажлын хэсэг байгуулагдаж хяналт шалгалт хийсэн. Уг ажлын хэсгийн шалгалтаар иргэн Н.Баттуяа нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар газрын зураг болон ажлын хэсгийн тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргагдсан. Иймд иргэн Н.Баттуяа нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй мөн Газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших гэрээнд тусгагдсан эрхээ биелүүлээгүй тул газар эзэмших эрхийг цуцалсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 оны газар эзэмших гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Уг гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, ямар нэгэн QR код болон хоёр талын гарын үсэггүй гэрээ байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 онд газар эзэмших гэрээ байгуулагдсан учир түүнээс хойш эрх үүрэг үүснэ гэж ярьж байна. Харин 2018 онд гэрээ байгуулагдсан. Газрын даамлаас 2021 оны уг гэрээ нь цахим мэдээллийн санд бүртгэлгүй, Egazar.gov.mn сайтаас иргэн хэзээд гэрээ хэвлээд авах бүрэн боломжтой ч уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж боломжгүй талаар хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд манай газрын даамлаас тайлбарласан баримт байдаг. Мөн шүүхээс нотлох баримт гаргуулахаар Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар руу албан тоот хүргүүлсэн. Тус албан бичигт иргэн Н.Баттуяагийн 2021 оны газар эзэмших, ашиглах гэрээ байдаг уу энэ талаар холбогдох материалыг ирүүлнэ үү гэхэд хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирсэн хариу бичигт 2021 онд ямар нэг гэрээ байгуулагдаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 дугаар захирамжаар газар олгогдож, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулагдсан байна гэх хариу ирүүлсэн. Нэхэмжлэгчийн газар эзэмших үүрэг нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үүсч түүнээс хойш хоёр жилийн хугацаанд газар эзэмших, ашиглах үүргээ биелүүлээгүй нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэн Н.Баттуяа нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Нямхүүгийн Баттуяад 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 дугаар захирамжаар Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөгт, хөдөө аж ахуй үйлдвэрийн зориулалттай 15.1 га газрын газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасны дагуу газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй тул газар эзэмших гэрээ болон зөвшөөрлийг хүчингүй болгожээ.[1]
3. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөгт 15 га газрыг Н.Баттуяад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.[2]
4. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/103 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 4109048632 дугаар бүхий 15 га газрыг 15 жилийн хугацаатай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 04167-2018/00179 тоот газар эзэмших гэрээг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч газрын даамалтай байгуулжээ.[3]
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж, 40.1.1 дэх заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж, 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байх бөгөөд Газрын тухайн хуулийн 40.1.6 дахь заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар газар тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд " удаа дараа " гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно гэж, "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэж, "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг гэж, " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.
6. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.3-т газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1 40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардана гэж заажээ.
7. Нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар газар дээрээ ямар үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан ажлын дүгнэлт, тухайн газрын фото зураг мөн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хавсаргасан фото зургуудаар тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04167-2018/00179 тоот гэрээг шүүхэд ирүүлсэн боловч ийм гэрээ хийгдээгүй болох нь гэрчээр оролцсон газрын даамал Б.Халиунаагийн ... уг гэрээ нь Egazar.gov.mn сайтаас татаж авсан гэрээ байсан. 2021 оны 10 дугаар сараас хойш газрын эзэмшигч нь Egazar.gov.mn сайтаас гэрээ татах эрхтэй болсон. Мөн газар эзэмшигч нь 2 жилд 1 удаа газар эзэмшиж байгаа талаар тайлан ирүүлэх ёстой гэвч тухайн иргэн нь тайлангаа ирүүлээгүй. Гэрээ нь цаанаасаа автоматаар үүссэн гэрээ буюу газар эзэмшигч иргэн хүссэн үедээ хэвлээд авах боломжтой болсон. Газар эзэмшигч нь газар эзэмших эрх үүссэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшиж, ашигласан талаар тайлангаа манайд ирүүлсний дараа Egazar.gov.mn сайтаас гэрээгээ татах ёстой, Гэрээ дүгнэсэн актад хоёр жилийн хугацаанд газар дээрээ юу хийсэн талаар тайлан өгдөг, 5 жил тутамд хянан баталгаа хийгдсэн үү, байгаль орчны үнэлгээ хийгдсэн үү, ойр орчмын 20 метр дотор өөрийн газрын хамгаалж мод тарьсан уу гэх асуултаар гэрээг дүгнэдэг болсон. Тус иргэний газар эзэмших ашиглах эрх нь 2020 оны 08 дугаар сард дуусгавар болсон буюу 2020 онд манай дээр ирж гэрээгээ сунгуулаагүй байж 2021 оноос гэрээ татдаг болсон үед гэрээ татсан байна гэсэн үг ... гэх мэдүүлэг болон гэрээний дугаар 04167-2018/00179 байгаа нь 2018 оны газар эзэмших гэрээний дугаартай ижил байгаагаас үзэхэд 2021 онд гэрээ байгуулаагүй болох нь нотлогдоно.
9. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд газар эзэмших гэрээг egazar.gov.mn сайтаас шууд хэвлэх боломжтой гэрээ гэж мэдүүлсэн байх тул газрын даамал болон эрх бүхий албн тушаалтантай хийсэн гэрээ гэж үзэх боломжгүй. Түүнчлэн газар эзэмших, ашиглах гэрээг хийх процесс ажиллагаа гэж байх бөгөөд байгаль орчны үнэлгээ, хянан баталгаа, газрын тэмдэг, тэмдэглэгээ хийж, тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулсан эсэх тайлангаа ирүүлэх шаардлагууд тавигдах бөгөөд эдгээр баримтуудыг нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад ирүүлсэн баримт байхгүй байна.
10. Иймд 2018 оноос хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээ болон газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэсэн хуулийн дагуу үндэслэлтэй гарсан захиргааны акт байх тул нэхэмжлэгч Н.Баттуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 40.2 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Баттуяагийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1331 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ