Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 142/шш2024/01541

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 25 142/ШШ2022/01541

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо ******* ******* хотхон ******* дугаар байр, ******* тоотод байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 21 дүгээр баг ******* ******* ******* тоотод оршин суух, овгийн /регистрийн дугаар /, утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2 175 723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандармаа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нартай гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Д.ын хүсэлтийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19-543 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг 7 сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж авсан болно. Гэтэл иргэн Д. нь тус компаний Зам-Зуур-2 шатахуун түгээх станцаас 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 1 450 482 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн Д.тай холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба Д. нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд Д.аас 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлээр худалдан авсан түлшний 1 450 482 төгрөг, энэхүү Зээлийн гэрээний 2.3-д заасны дагуу алданги (50 хувьд нийцүүлэн тооцов) 725 241 төгрөг, нийт 2 175 723 (хоёр сая нэг зуун далан таван мянга долоон зуун хорин гурван) төгрөгийг гаргуулах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу... гэжээ.

2. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд хянагдаж буй ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардан авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Д. нь тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд 2018, 2019 онуудад нэхэмжлэгч компанитай харилцаатай байсан. Тухайн үед буюу 2018 онд их хэмжээний түлшийг худалдан авч дараа төлбөрийг нь төлж бүх төлбөр тооцоо дууссан. 2019 онд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч их хэмжээний түлш аваагүй. Одоо хэдэн литр түлш авснаа санахгүй байгаа юм. Учир нь 2019 оноос хойш өдийг хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Мөн тухайн үед буюу 2019 онд авсан бага хэмжээний түлш нь бохирдолт ихтэй түлш байсан. Үүнээс болж автомашин бохирдож апартур нь догдолдож хээр олон хоногоор хоносон. Тэгээд тухайн газраас дахин түлш огт аваагүй болно.

Гэрээний 2.1, 2.2-т үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой зааж өгсөн байх ба үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш 4 жил гаруй хугацаа болсон байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж тус тус заажээ. Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэжээ.

Дээрх ******* ХХК-иас Д.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардах эрхийн 3 жилийн хугацаа дуусаад 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Үүнээс улбаалан Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан үр дагавар үүссэн байгаа юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр татгалзаж байх тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4-7/, нэхэмжлэгчийн итгэмжлэл /хх-8/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-9/, ******* ХХК-ийн Хаан банкин дахь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх дансны хуулга /хх-23-27/, хариуцагчийн Хаан банкин дахь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дансны хуулга /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Д.т холбогдуулан шатахуун зээлээр худалдан авсны төлбөр 2 175 723 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөргүй.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ...Д. нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 19-543 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг 7 сарын хугацаатай байгуулж тус компаний Зам-Зуур-2 шатахуун түгээх станцаас 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1 450 482 төгрөгийн шатахуун авсан. Иймд алданги 725 241 төгрөг, нийт 2 175 723 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 452 973 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 749 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч ******* ХХК болон Д. нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч шатахуун зээлээр авч байсан нь нотлогдож байх ба энэ талаар маргаагүй.

5.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

5.3. Хариуцагч Д. 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 684,19 литр дизель түлшийг нэг бүрийн үнэ 2120 төгрөгөөр буюу 1 450 482 төгрөгөөр худалдан авсан болох нь зарлагын падаанаар /хх7/ нотлогдсон. Падаанд хүлээн авсныг баталгаажуулан Д. гарын үсэг зурсан байх ба хариуцагч мөн энэ талаар маргаагүй.

6. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа, ...2018, 2019 онуудад нэхэмжлэгч компанитай харилцаатай байсан. Тухайн үед буюу 2018 онд их хэмжээний түлшийг худалдан авч дараа төлбөрийг нь төлж бүх төлбөр тооцоо дууссан. 2019 онд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч их хэмжээний түлш аваагүй. Одоо хэдэн литр түлш авснаа санахгүй байна. Тухайн үед буюу 2019 онд авсан бага хэмжээний түлш нь бохирдолт ихтэй түлш байсан. Үүнээс болж автомашин бохирдож апартур нь догдолдож хээр олон хоногоор хоносон. Тэгээд тухайн газраас дахин түлш огт аваагүй гэсэн нь гэрээний үүргээс татгалзах үндэслэл болохгүй байхаас гадна хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.

7. Нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн компанийн Хаан банкны дансны хуулгыг гаргаж ирүүлэн Д.ыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500 000 төгрөг төлснийг нотолж, гүйлгээ хийсэн 5033375103 дугаарын дансыг шалгуулахад ын данс мөн байх бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн нэрээр нэхэмжлэгч компанид 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байна.

8. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75.2.1.-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн падаанаар авсан гэрээний хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй.

Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хариуцагч Д. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж төлбөрөө төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7.-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэв.

9. Хариуцагчийн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн 500 000 төгрөг нь 2018 оны үлдэгдэл төлбөр гэсэн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 500 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж 1 675 723 төгрөг болгосон.

11. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-д Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагчийн төлсөн 500 000 төгрөгийг үндсэн үүрэг болох 1 450 482 төгрөгөөс хасахад 950 482 төгрөг болох бөгөөд алданги 475 241 төгрөг, нийт 1 425 723 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 749 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжаар 37 762 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.6, 216 дугаар зүйлийн 216.4. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.аас 1 425 973 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 749 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжаар 37 762 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА