Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 26

 

 

        Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Хохирогч: С.М,

          Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Б-ын Б-д холбогдох 1835000240029 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 05-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух, З овогт Б-ын. РД:.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 03-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хохирогч С.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт хохирогч С.М зодсон болох нь хохирогч С.М-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 03-ны орой гэртээ нөхөр хүүхдүүд болон нөхрийн эгч Н нарын хамт байсан. Нөхөр Б шөнө 23 цагийн үед нагац ахын уруу явна гээд гадагшаа гарсан. Түүнийг гэрээс гараад удаагүй байтал манай хүүхэд пийшингийн дээд талд байсан данхтай цай татаж асгахад хадам эгч “хүүхдээ харж хандаж бай л даа. Цай асгалаа” гэж надад хэлэхээр нь түүнд “Та нарын хүүхэд харсан чинь хаана байгаа юм бэ?” гэж хэлээд маргалдсан. Тэгтэл нөхөр гаднаас орж ирэхдээ намайг хадам эгчтэй маргалдсан гэж ойлгоод миний араас нуруу руу өшиглөж газарт унагаад дээш харуулж, цээжин дээр өвдөглөж дарж байгаад “Ойрдоо чи их давраад байгаа шүү” гэж хэлсэн. Тэгтэл хадам эгч “Чамайг тэжээх гэж ядарч явж байхад чи нөхөр хүүхдээ харж хандахгүй байна” гэж загнаад байсан. Би галын хайч авч нөхрийнхөө нуруу орчимд нэг удаа цохиод босож зүүн орон дээр хүүхэд тэвэрч суугаад хадам эгчтэй маргалдаж хэрэлдээд “Та нараас их мөнгө нэхэж тэжээлгээгүй, үр хүүхдээ асарч хамгаалаад явж байна” гэх зэргээр хэлсэн. Хадам эгч “Чамайг гараад явсан хойгуур хүүхдийг чинь харж байсан” гэхээр нь би “Танай дүүгийн чинь хүүхэд биз дээ. Би яагаад найз нөхөдтэйгээ уулзаж болдоггүй юм вэ?” гэж хэлснээс болж бид хоёрын хооронд маргаан гарсан. Тэгтэл хадам эгч Н над уруу ирээд намайг заамдаж авахаар нь би түүнийг зөрүүлж үснээс нь зуурах үед Б бид хоёрыг салгаж миний баруун нүд орчимд алгадаж, дахин хоолой боогоод орон дээр дартал хадам эгч ирж салгасан. Би тэр хооронд хүүхдийн хуванцар сандал авч нөхрөө цохих гэтэл Б гараараа хааж сандал хагарсан. Би нөхөртөө “ Чи эгчтэйгээ нийлж намайг дээрэлхэж байна. Би явлаа. Та нар сайхан амьдраарай” гэж хэлээд гэрээс гарч ар талын гудамжинд байдаг нөхрийн хамаатны айлд ороод сууж байгаад толгой эргээд байсан тул гэртээ орсон. Би гэртээ ороод хүүхдээ тэврээд хэвтэж байтал дахин хэрүүл үүсэж нөхөр маань дахин миний хөлийн ул уруу 2 удаа өшиглөх үед эгч нь салгаж авсан. Нөхрөөрөө зодуулсны улмаас миний толгой эргэж, чих шуугиж байсан. Тэр үед миний хамраас бага зэргийн цус гарч тогтсон ба баруун нүдний орчим хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/, гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 03-ны орой Б гурил буулгаад ирлээ гээд их ядарсан байдалтай гаднаас гэртээ орж ирсэн. Гэтэл М нөхрөө хүндлэхгүй ядарсан байхад оройтож ирлээ гэж ууртай байсан. Тэр үед Б уурлаад гадагшаа гараад явсан. Тэр үед дүүгийн нэг нас хүрээгүй хүүхэд нь данхтай цай татаж асгасан тул би М хандаж “Наадах хүүхдээ харж хандаж байгаач, халуун цай байсан бол түлэгдэх байлаа, эхнэр хүн байж нөхөр хүүхдээ харж хандаж, хүндэлж, туслаж, дэмжиж байгаач” гэж хэлсэн боловч М миний үгийг тоож хүлээж авахгүй маргалдаж байсан. Тэгтэл гаднаас Б орж ирээд цай асгарсан байдалтай байгааг хараад эхнэрийнхээ нуруу орчимд цохиж дээшээ харуулж өвдөглөж дарсан. Тэгтэл М галын хайч аваад нөхрийнхөө толгойг уруу цохиьсон. М хүүхдээ орон дээр тэвэрч суугаад дүү бид хоёрыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би түүнийг заамдаж автал тэр миний үснээс зуураад мушгиж татахад би хөдөлж чадахгүй тонгойсон. Тэр үед Б бид хоёрыг салгаж М алгадсан. М орилж гэр орны бүх зүйлийг авч шидэж, хуванцар сандалаар нөхрөө цохисон. Б энэ үед М-н хоолойг боож орон дээр дарсан. Энэ үед би тэднийг очиж салгахад М уурлаад гараад явсан. Б-ийг тайвширсан хойно “Эхнэрээ олж ир. Гадна хүйтэн байна” гэж хэлэхэд гарч яваад арын хамаатны айлд байна гээд орж ирсэн. Удалгүй М гаднаас орж ирээд хүүхдээ унтуулах гээд хэвтэж байхдаа дахин хэрүүл маргаан үүсгэсэн тул Б түүнийг дуугүй бай гэж хэлээд хөлийн ул  уруу өшиглөх үед би боль гэж болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/, гэрч М.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр охин М бага насны хоёр хүүхдээ дагуулж манайд ирсэн. Тэр үед М-ийн нүд нь хөхөрч хавдсан байсан тул би түүнээс юу болсныг асуухад өчигдөр орой миний нөхөр Б намайг зодсон гэж хэлсэн. Би нөхөр үрүү нь утасдаж “Юу болж байгаа юм бэ? Чи надаас эрүүл хүүхэд авчихаад зодоод явуулсан байна. Чамайг цагдаад шалгуулна” гэж хэлэхэд Б.Б урдаас “Цагдаад өг” гэж хэлсэн тул би охиноо дагуулж цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р талд/, гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 1 дүгээр сар 03-ны орой бид орондоо орчихсон амрахаар хэвтэж байтал С.М манайд орж ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад гэрт жоохон маргаан болсон гэж хэлсэн. Би “Б согтуу байсан юм уу?” гэхэд “Эрүүл байна” гэж хэлсэн. Удалгүй Б орж ирээд “Ингэж хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулж яах юм бэ? Гэртээ орьё” гэж хэлээд гараад явсан. Би Б-ийг гадагшаа гарахаар нь  түүнийг гэр үрүүгээ орж байгаа эсэхийг харчихаад орж иртэл М надтай зөрж гараад гэр үрүүгээ явсан. Тэр үед М-ийн биед ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-17-р талд/, шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 1 дүгээр сарын 03-ны орой 21 цаг 30 минутын орчимд Болор дэлгүүр дээр гурил буулгаж байгаад ядраад гэртээ ирэхэд эхнэр уурласан байдалтай цай хийж өгөхдөө асгаад байхаар нь би байнга уурлаж байдаг гэж бодоод гадагшаа гарч тамхи татаад эргээд гэртээ ороход гэрийн хойморт данхтай цай асгарсан, эхнэр, эгч нар маргалдсан байдалтай байсан тул би уурлаад “Яагаад цай асгаад байгаа юм бэ? Энэ хүүхэд мөлхөж байгаад түлэгдэх юм бол яах юм бэ?” гэтэл “Би энэ цайг асгаагүй. Хүүхэд чинь асгачихлаа” гэж хэлээд над уруу угаадас цацсан юм. Тэгэхээр нь би уурлаад М-ийн нуруу уруу өшиглөөд дээрээс нь өвдөглөж дарахад урдаас шүлсээ цацаад нулимаад байхаар нь хоолойг нь боож байгаад босготол эхнэр урдаас хэрэлдээд галын хайч авч намайг цохих үед би ямар нэг үйлдэл хийгээгүй. Тэгтэл Н эгч М-д хандаж “Нөхөр хүүхдээ харж хандахгүй. Халамж анхаарал тавихгүй байна” гэж хэлснээс болж эхнэр эгч хоёр хоорондоо маргалдаж нэг нэгнээ янхан гэх мэтээр дуудан барьцалдаж аваад М Н-ын үснээс татаж дарахаар нь би дундуур нь орж салгаад эхнэр М нэг удаа нүүр үрүү нь алгадаад хоолойг нь боогоод баруун орон дээр дарсан. Тэгтэл Н биднийг ирж салгасан. Энэ хооронд М уурлаж хуванцар сандал авч намайг цохих гэхээр нь би гараар хаатал сандал хагарсан. М гэр орны эд зүйл шидэж байгаад “Эгчтэйгээ нийлж дээрэлхлээ” гэж хэлээд гараад явсан. Хэсэг байж байгаад М хайж арын гудамжинд байдаг айл уруу ороход тэднийг сууж байхаар нь “одоо больцгоо. Гэртээ орьё” гэж хэлээд би гэр үрүүгээ ороход Машлай араас ирж хүүхдээ унтуулахаар орж засаад хэвтсэн. Эхнэр мөн эгч бид хоёрыг хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэхгүй М-ийн хөлийн улны орчимд өшиглөсөн. Гэтэл Н боль гэж хэлээд болиулсан. Маргааш өглөө нь Машлай хүүхдүүдээ аваад аавындаа очино гэж хэлээд явсан. Үд орчимд хадам аав над уруу залгаж “Чамайг цагдаад өгнө” гэж хэлэхээр нь би бухимдаад “ Цагдаад өг” гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Эхнэрээсээ уучлалт гуйж  эвлэрээд одоо хамтдаа амьдарч байгаа. Би дахин ийм явдал гаргахгүй” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.М зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархины доргилт, цээжний зүүн талд 2 нүдний зовхи дээрх хэмжээний хар хөхөрсөн, зөөлөн эдийн няцралт, хүзүү эрүүний хэсэгт улайлт, зөөлөн эдийн гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

             Хохирогч С.М “Шүүгдэгч Б.Б-өөс хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хохирол гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ““гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч З овогт Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ